Энэхүү нийтлэл нь Unread Today сонины 22 дахь дугаарын 12-р нүүрт анхлан нийтлэгдсэн.
Ирээдүйд ямар мэргэжил эрэлттэй болохоос өгсүүлээд манай улс оронд ойрын хэдэн жилд ямар эрсдэл тохиож буй хүртэлх бүхий л мэдээллийг тооцоолон гаргасан тайлан бол Дэлхийн Эдийн Засгийн Форумаас жил бүр гаргадаг "Future of Jobs" болон "Global Risk". Тэгвэл энэхүү хоёр тайлангаас хамгийн сонирхолтой бөгөөд Монгол улсад хамгийн их хамаатай тоо, баримтыг энэхүү нийтлэлээр танилцуулья.
2030 онд хамгийн өндөр эрэлттэй болон бууралттай байх мэргэжил

1. Хиймэл оюун ухааны хэмжээлшгүй их боломж
2030 он гэхэд хиймэл оюун ухаантай холбоотой ажлын байр 35 хувиар өсөж, дэлхий даяар 97 сая шинэ хиймэл оюун ухааны мэргэжлийн ажлын байр бий болох төлөвтэй байна. Судлаачдын таамаглаж буйгаар 2030 он гэхэд одоогийн нийт ажлын байрны 14 хувьтай тэнцэхүйц 170 сая ажлын байр цоо шинээр үүснэ гэнэ. Энэ жилийн тухайд хамгийн эрэлттэй ажлын байрны жагсаалтыг их тоон өгөгдлийн инженерүүд тэргүүлжээ. Сүүлийн гурван ч удааагийн тайланд их өгөгдлийн инженерүүд тэргүүлж байгааг онцлууштай. Эхний 20 байрт блокчэйн инженер, сэргээгдэх эрчим хүчний инженер, робот зэрэг инженерчлэлийн мэргэжилтнүүд гол байрыг эзэлсэн бол хүнд тэрэгний жолооч, хүргэлтийн жолоочид мөн бичигдсэн нь сонирхолтой.
2. Ногоон эдийн засаг руу нийтээрээ чиглэх нь
Ногоон эдийн засаг руу дэлхий даяараа шилжиж буй бидэнд тогтвортой хөгжлийн чиглэлийн ажлын байрын хэрэгцээ эрчимтэйгээр нэмэгдэж буй. Тайланд дурдсанаар 2030 он гэхэд тогтвортой хөгжил, байгал орчинтой холбоотой мэргэжлийн эрэлт 28 хувиар өсөж, 24 сая гаруй шинэ ажлын байр бий болно хэмээн тооцоолжээ.Тухайлбал нарны хавтан угсрагч мэргэжилтэн, салхины эрчим хүчний инженер, тогтвортой хөгжлийн зөвлөх зэрэг ажлын байрууд хамгийн хурдан өсөж буй мэргэжлийн чиглэлд тооцогдож байна. Нөгөө талаар энэ өсөлт нь сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд дэлхий нийтээрээ амлалт өгч, байгаль орчныг хамгаалах хууль, журмыг чангатгасантай мөн холбоотой.

3. Эгэл мэргэжлийн эрэлт буурав
Эсрэгээрээ одоогийн зах зээл дэх ажлын байрны 8 хувь буюу 92 сая ажлын байр устаж үгүй болох төлөвтэй байгааг тодотгожээ. Үүнээс хамгийн хурдтайгаар эрэлт нь буурч буй мэргэжлийн жагсаалтыг шууданчийн орон тоо тэргүүлсэн байна. Энэ нь шуудангийн салбар автоматжиж, бусад салбаруудтай уялдаж холимог байдлаар хөгжих болсонтой холбоотой. Мөн Банкны теллер, кассын ажилтан, тасалбар борлуулагч, нарийн бичиг, хэвлэлийн ажилтнуудын эрэлт хамгийн хурдтайгаар буурч байгаа жагсаалтанд бичигджээ. Топ 15 байрт нягтлан бодогч, график дизайнер, автобусны кондуктор зэрэг нийтлэг албан тушаалууд мөн багтсан байна. Судалгааны төгсгөлд одоо ажлын байранд ашиглагдаж буй ур чадварын 39 хувь нь 2030 он гэхэд хуучрах учраас ажилчдаа шинэ ур чадварт сургах, технологид дасан зохицох чиглэлд анхаарах ёстойг анхааруулжээ.
4. Хүргэлтийн жолоочдын хэрэгцээ нэмэгдэв
Цахим худалдааны эрчимтэй өсөлт хүргэлтийн үйлчилгээний хэрэгцээг улам бүр нэмэгдүүлж байна. Тухайлбал, АНУ-д хүргэлтийн үйлчилгээний зах зээл 2023 онд 150 тэрбум долларт хүрсэн бол 2030 он гэхэд энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Харин олон улсын хэмжээнд тээвэр болон логистикийн салбар 2030 он гэхэд 5.4 хувийн өсөлттэй байх төлөвтэй бөгөөд зах зээлийн хэмжээ 3.4 их наяд долларт хүрэхээр тооцогдоод буй. Түүнчлэн АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Товчооны (BLS) мэдээлснээр, хүргэлтийн үйлчилгээний жолооч болон борлуулалтын жолооч нарын ажлын байрны тоо 2023-2033 оны хооронд 9 хувиар өсч, жилд дунджаар 183,800 шинэ ажлын байр бий болох төлөвтэй байгаа нь бусад мэргэжлүүдтэй харьцуулахад харьцангуй хурдан өсөлттэй байгааг харуулж байна.
Дэлхийн богино болон урт хугацааны эрсдэл

5. Хуурамч мэдээллийн горыг хоёр жилд амсах уу?
Дараагийн хоёр жилд буюу богино хугацаанд тулгарах хамгийн том эрсдлийг уг тайланд “хуурамч мэдээлэл” хэмээн тодорхойлсон байна. Судалгаагаар, хүмүүсийн 58 хувь нь худал мэдээлэлд ямарваа нэг байдлаар өртөж байсан ба 2027 он гэхэд энэ үзүүлэлт илүү өсөх хандлагатай байна. Худал мэдээлэл нь сонгууль, засгийн газрын бодлого, эрүүл мэндийн салбарт хүмүүсийн итгэл алдрахад хүргэж улмаар нийгэмд зөрчилдөөн үүсгэх эрсдэлтэй. Мөн хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн deepfake дүрс, аудио нь бодит болон хуурамч мэдээллийг танихад улам хэцүү болгож байгаа юм. Хамгийн сүүлд Meta компани хуурамч мэдээллийн эсрэг бодлогодоо томоохон өөрчлөлт хийж, баримт шалгах хөтөлбөрөө зогсоох шийдвэр гаргасан. Энэ мэт шийдвэрүүд нь хэт туйлширсан болон нэг талыг баримталсан агуулгыг хяналтгүйгээр цацах боломжийг нэмэгдүүлж, мэдээллийн замбараагүй урсгал хэрэглэгчдийн гарт шүүлтүүргүйгээр очих эрсдлийг үүсгэж байна хэмээн тайланд дурдсан байна.
6. Дэлхийн дулаарал дараагийн арван жилд
Нийт судалгаанд оролцогсдын 62 хувь нь ирэх арван жилд дэлхийн нийгэм, эдийн засгийн харилцаанд томоохон нөлөө үзүүлэхүйц эрсдлүүд тохионо гэж үзэж байгаагаа илэрхийлсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 10 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлт байв. Экспертүүдийн тодорхойлсноор ирэх арван жилийн эхний дөрвөн байрыг эзлэх эрсдэл нь бүгд байгаль орчин, экосистемтэй холбоотой байгаа юм. 2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил хэмээн зарлагдсантай холбоотойгоор уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хамгийн том эрсдлийг дагуулна хэмээн тайланд тусгасан нь гайхах зүйлгүй биз ээ. “Биологийн олон төрөлт хүчин зүйл, экосистемийн доройтол” болон “эх дэлхийн систем дэх томоохон өөрчлөлт”, “байгалийн баялгийн хомсдол” зэрэг эрсдлүүд нь ирэх арван жилийн бидний дэлхий даяараа анхаарч шийдэх ёстой нэн тэргүүний асуудлууд ажээ.

7. Агаарын бохирдлын аюул төсөөлснөөс ч ойр
Тайланд агаарын бохирдлыг богино хугацааны хамгийн ноцтой эрсдэлүүдийн нэгээр нэрлэжээ. Жил бүр 7 сая хүн агаарын бохирдлоос шалтгаалсан өвчнөөр нас барж, дэлхийн хүн амын 99 хувь нь ДЭМБ-ын стандартаас давсан бохирдолтой агаар амьсгалж байна. Тайлангаас үзэхэд, аж үйлдвэржилт, хот суурин хэв маяг, түлшний хэрэглээ өссөн нь агаарын бохирдолд хамгийн их нөлөө үзүүлж буй нь ялангуяа бага орлоготой улс орнуудад томоохон хүндрэл учруулж байгааг дурджээ.
8. Ажиллах хүчний хомсдолд анхаарах нь
Ажиллах хүч, ур чадварын хомсдол нийт хүн амын 20-оос дээш хувь нь 65 болон түүнээс дээш насныхан эзэлдэг нийгэмд тулгамдсан асуудал болоод буйг уг тайланд дурджээ. Хэдий Монгол харьцангуй залуу хүн амтай боловч дэлхийн авьяас, ур чадварын тайлангийн 2024 оны эрэмбэд 67 орноос 67 дугаарт бичигдсэн юм. Үүнээс харвал ойрын жилүүдэд Монголчуудын хувьд ажиллах хүчний эрсдэл хамгийн том эрсдлийн нэгт зүй ёсоор тооцогдоод буй.
Түүнчлэн Үндэсний Статистикийн хорооны тайлангаас харвал 2024 оны IV улирлын байдлаар ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 19.2 хувиар өсөж, улмаар ажилгүйдлийн түвшин 6.1 хувь болж нэмэдсэн. Харин ажиллах хүчний оролцооны түвшин өнгөрсөн улиралд хамгийн дээд буюу 63 хувьд хүрсэн нь бидний хувьд хамгийн түрүүнд анхааралдаа авах ёстой асуудлын нэгт орох биз ээ.
Сэтгэгдэл бичих

