Дэлхийн эдийн засаг, технологи, шинжлэх ухааны чиг хандлагыг тодорхойлогч томоохон уулзалтуудын нэг бол яах аргагүй “Зуны Давос” билээ. Төр засгийн тэргүүнүүд, дэлхийн хэмжээний бизнес эрхлэгчид болон ирээдүйн залуу манлайлагчдыг нэг дор цуглуулдаг уг чуулга уулзалт энэ жил 17 дах удаагаа зохион байгуулагдаж буй.

Энэ удаад тэд “Инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдвийн хүрээнд инновацын хөгжил, эдийн засгийн өөрчлөлт болон ирээдүйн боломжийн талаар үзэл бодлоо хуваалцаж, олон улсын түвшинд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцжээ. 

Дэлхийн 90 гаруй орны 1,800 гаруй шилдэг төлөөлөгчийг эгнээндээ нэгтгэсэн уг уулзалтад манай улсаас ч мөн төлөөлөгчид оролцсоны нэг нь Глобал Шейперс нийгэмлэгийн гишүүн Э.Маралмаа юм. Ингээд түүний сурч мэдсэн зүйлс болон хуримтлуулсан туршлагаас нь хуваалцаж байна. Залуу мэргэжилтний нүдээр “Зуны Давос” хэрхэн өрнөдөг бол? 

ЭХЛЭХИЙН ӨМНӨ: ЗУНЫ ДАВОС ГЭЖ ЮУ ВЭ?


Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт гэхээр олон хүний толгойд Швейцарын Альпын нуруунд болдог Давосын чуулга уулзалт буудаг биз ээ. Уг уулзалт нь өвлийн улиралд зохион байгуулагддаг бөгөөд том гүрнүүдийн бодлого, геополитик болон эдийн засгийн томоохон сорилтуудыг хэлэлцдэг уламжлалтай.

Харин “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” нь Дэлхийн эдийн засгийн форумын санаачилгаар 2007 оноос хойш БНХАУ-ын Далянь болон Тяньжин хотуудад зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү уулзалтаар хурдацтай хөгжиж буй технологи, хиймэл оюун, шинэ үеийн бизнесүүд болон залуу манлайлагчдын шинэлэг санааг голлон танилцуулдаг гэдгээрээ онцлогтой.

Өөрөөр хэлбэл, Швейцарт болдог Давосын уулзалт нь ирэх нэг жилийн дэлхийн улс төр, эдийн засгийн чиг хандлагыг хэлэлцдэг бол “Зуны Давос” илүү урт хугацааны буюу ирэх арван жилийн хөгжлийн дүр зургийг тодорхойлоход чиглэдэг байна. Энэ жилийн зуны уулзалт БНХАУ-ын Далянь хотноо зургаадугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм.

УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ, ӨӨРИЙГӨӨ СОРИХ НЬ


Дэлхийн хэмжээний томоохон уулзалтад оролцож, олон улсын залуу манлайлагчидтай туршлага солилцох хүсэлтэй хэдэн мянган залуус бий. Тэдний мөрөөдлийг бодит болгож,
дэлхийн түвшний боломж руу хөтлөх гүүр нь болж буй нэгэн байгууллага бол Глобал Шейперс олон улсын нийгэмлэг юм.

Тус нийгэмлэг нь Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэд 2011 онд байгуулагдсан бөгөөд 18-27 насны залуу манлайлагчдаас бүрддэг. Өдгөө 155 орны 470 гаруй салбарт 11,000 гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж буй.

Глобал Шейперсээс жил бүр “Зуны Давос”-т оролцох хүсэлтэй гишүүдийн дунд сонгон шалгаруулалт зохион байгуулж, шалгарсан залууст чуулга уулзалтад бүрэн санхүүжилттэйгээр оролцох боломж олгодог. Ингэснээр залуус дэлхийн хэмжээний уулзалтад оролцож, өөр өөр салбар, улс орны төлөөлөлтэй танилцахын зэрэгцээ өөрийгөө сорих боломжтой болдог билээ. Энэ жил тус нийгэмлэгийн 400 гаруй гишүүн “Зуны Давос”-т оролцох хүсэлт гаргаснаас 60 залуу мэргэжилтэн шалгарчээ. Тэдний нэг нь Э.Маралмаа юм.

Ташрамд дурдахад, Global Shapers Ulaanbaatar Hub нь шинэ гишүүний элсэлтээ зарласан бөгөөд өргөдлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

“ЗУНЫ ДАВОС” ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ? 


Э.Маралмаагийн тухай товч танилцуулахад тэрээр АНУ-ын Рочестерийн их сургуулийг Дата Шинжлэх Ухаан болон Бизнесийн Санхүүгийн чиглэлээр давхар бакалаврын зэрэгтэй төгссөн нэгэн бөгөөд Нью-Йорк болон Лондон хотууд дахь Дойче банкны хөрөнгө оруулалтын банкны салбарт ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ. Өдгөө Стэнфордын Их Сургуульд шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалахаар зэхэж байгаа аж. Ингээд дэлхийн хэмжээний энэхүү чуулганаас түүний хуримтлуулсан туршлага, сурч мэдсэн зүйлсийг нь сонирхуулъя.

1. Нөхөрлөл, холбоо тогтоох нь


Давосын албан ёсны хөтөлбөр эхлэхээс хэд хоногийн өмнө Глобал Шейперс нийгэмлэгийн бусад төвүүдийн гишүүд маань хоорондоо танилцсан юм. Бид тухайн улс орны иргэдийн аж ахуй, амьдрах орчин, соёлтой нь танилцаж, ирээдүйн хамтын ажиллагааны талаар олон яриа өрнүүлсэн. Мөн далайн эдийн засаг, цахилгаан автомашины үйлдвэр зэрэг орон нутгийн залуусын хэрэгжүүлдэг сонирхолтой төслүүдтэй танилцаж, туршлага солилцсон нь их таалагдсан шүү. Манай Улаанбаатар төвийнхөн ч мөн өнгөрсөн зургаадугаар сард болсон бүс нутгийн уулзалтын үеэр инновацын шагнал хүртсэн “Улаанбаатар төгөл” төслөө танилцуулсан юм.



Холбоотой нийтлэл: Глобал Шейперс нийгэмлэгийн халаасны цэцэрлэгт хүрээлэн + Хойд Азийн бүсийн чуулга уулзалт

Чуулга уулзалтын үеэр Оксфордын их сургуулийн профессор, “The Four Workarounds” номын зохиогч Пауло Савагетын хичээлийг сонсох завшаан тохиосон юм. Хамгийн сонирхолтой нь, тэрээр манай нийгэмлэгийн төгсөгч байсныг би хожим мэдсэн. Үүнээс дүгнэн харахад, ийм том чуулганд туршлагатай ахлах мэргэжилтнүүдтэй холбоо тогтоохоос гадна хажууд сууж буй үе тэнгийн залуус буюу маргаашийн удирдагчидтайгаа найзалж, нөхөрлөх нь чухал юм билээ. Учир нь эдгээр залуус ирээдүйд улс орон эсвэл томоохон байгууллага, нийгэмлэгийг удирдах манлайлагчид болох бүрэн боломжтой хүмүүс шүү дээ.


2. Боломжийг ашиглах нь


Чуулганд оролцож буй бүх хүн гар утасны апп ашиглан бусад оролцогчдынхоо мэдээллийг харах, хоорондоо танилцаж, мессеж илгээх, уулзалт товлох товчломжтой байсан нь энэхүү уулзалтын хамгийн том давуу тал болов уу. Түүнээс гадна хэсэг хэсгээрээ ярилцаж суух, олноороо харилцах, уулзах боломжтой өрөөний сонголтууд их байдаг юм билээ. Иймэрхүү арга хэмжээний нэг сайхан тал нь ажил, амьдрал дээр төдийлөн уулзах боломж олдоггүй мэдлэг, туршлага арвин өндөр албан тушаалтай хүмүүстэй ярилцахад асуудалгүй байсан нь их хялбар санагдсан. Зарим Шейперсийн оролцогчид маань бүр хөрөнгө оруулалт, ажлын санал ч авсан шүү.

Түүнчлэн дараагийн нэг чухал хэсэг нь илтгэл байв. Илтгэл бүрийн дараа 15 минутын асуулт хариултын цаг болно. Үүгээр оролцогч бүр өөрсдийн сонирхсон асуултаа асуусан. Тэр дундаа Глобал Шейперсийн залуучууд маш олон асуулт асууснаар ахлах түвшний оролцогчдын олонх нь манай нийгэмлэгийн нэрийг мэддэг болчихсон. Улмаар энэ нь цаашид тэдэнтэй дахин холбогдох хүмүүст маш том суурь болж өгсөн.


3. Гэнэтийн уулзалтууд


Нөгөөтээгүүр, төлөвлөсөн уулзалтуудаас гадна санамсаргүй, гэнэтийн учралууд ч бас чухал юм билээ. Ус уух, хоол авахаар оочирлож байх үедээ хэн нэгэнтэй ярилцах эсвэл цайны завсарлагаар зогсох зуур хүнтэй танилцах боломж маш их гарч байв.

Миний хувьд ариун цэврийн өрөөнд дугаарлаж зогсохдоо MIT-ийн төгсөгч, одоо синтетик өөх тос үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж буй нэгэн эмэгтэйтэй танилцаад амжсан. Тэрээр бүр монгол хүргэн ахтай юм байна лээ. Үүнээс гадна илтгэл сонсож суухдаа хажууд сууж буй хүмүүстэй танилцана. Гэтэл тэд яг л миний уулзахыг хүсэж байсан хүмүүс байсан. Ингээд харахад эл чуулга уулзалтын орчин тэр чигтээ хүмүүсийг хооронд нь танилцуулах, ярилцах боломж олгосон хэсгүүд ихтэй байсан. Гэхдээ юу юунаас илүүтэйгээр өөрөө зориг гарган эхлээд мэндэлж, санаачилга гарган яриа өрнүүлэх нь хамгийн чухал.


4. Далянь хотын соёл ба үйлчилгээ


Далянь хот зохион байгуулагчийн хувьд нэлээдгүй өндөр түвшинд ажилласан санагдсан. Биднийг онгоцноос буумагц л чуулганы тэмдэглэгээ, далбаа, сурталчилгаа хаа сайгүй угтаж, хот тэр чигтээ энэ үйл явдлаар амьсгалж буй мэт л байв.

Үдшийн арга хэмжээ гэхэд л 100 гаруй шилдэг тогооч уригдаж, тус хотын алдартай амтат далайн бүтээгдэхүүнүүдээр дайлсны сацуу амьд хөгжим, бүр роботуудын оролцсон сонирхолтой үзүүлбэрүүдтэй байсан нь оролцогчдод таалагдсан нь лавтай. Чуулганы дараа бид чөлөөт цагаараа хоттой танилцаж, Хятадын уламжлалт анагаах ухаантай танилцахын зэрэгцээ тус улсын анхны далайн эргийн давхар дүүжин гүүр, дэлхийн хамгийн том хотын талбай зэрэг үзэсгэлэнт газруудаар аялсан.



Мөн зохион байгуулагчид байгаль орчинд ээлтэй байх зарчмыг хатуу баримталж, гол арга хэмжээний байрыг бүхэлд нь сэргээгдэх эрчим хүчээр ажиллуулан, барилгын материалын 85 гаруй хувийг дахин боловсруулсан түүхий эдээр шийдвэрлэсэн нь биширмээр санагдсан шүү.


5. Глобал Шейперсийн гишүүн байхын үнэ цэн


Энэ удаагийн чуулганаар өдрөөс өдөрт эрчимтэй хөгжиж буй хиймэл оюун ухаан, робот техник, батерей, сансар дахь технологи гэх мэт сэдвүүдээс гадна байгаль дэлхий, хүн төрөлхтний ирээдүйн хувь заяаны талаар гурван өдрийн турш нийт 135 сонирхолтой хэлэлцүүлэг өрнөжээ.

Аз болоход, чуулганы хуралдаан, хэлэлцүүлэг бичигдэж үлддэг бөгөөд Глобал Шейперс нийгэмлэгийн гишүүд үүнийг хүссэн үедээ үзэх бүрэн боломжтой байдаг. Энэ бол манай нийгэмлэгийн гишүүн байхын хамгийн сайхан давуу талуудын нэг билээ. Энэ бүх гайхалтай туршлага, үнэ цэнтэй зүйлсийг би Шейперсийн гишүүн байсныхаа л ачаар олж авч чадсан юм.

Хэрвээ та ч гэсэн дэлхийн хэмжээний чуулга уулзалтад оролцож, олон улсын найз нөхөдтэй болон, танилын хүрээгээ тэлэхээр төлөвлөж байгаа бол энд дарж бүртгүүлээрэй. Элсэлт наймдугаар сарын 9-нд хаагдана. Улаанбаатар төвийн элсэлтийн өргөдөл жилд ганцхан удаа нээгддэг тул боломжийг бүү алдаарай.