Оюутан, сурагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх үйл явцад тэтгэлэг, мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрүүд чухал дэмжлэг болдог. Эдгээрээр дамжуулан сургалтын төлбөртөө нэмэрлэхээс эхлээд мэргэжлээрээ ажиллах, туршлага хуримтлуулах бүрэн боломжтой. Жилээс жилд оюутан, сурагчдыг дэмжих олон төрлийн тэтгэлэг, хөтөлбөр нэмэгдэж байгаа нь сайшаалтай.
Бид энэ удаагийн нийтлэлдээ залуусын ирээдүйд өнгө нэмж, чадварлаг мэргэжилтэн болоход нь бодитой хувь нэмрээ оруулж буй Голомт банкны тогтмол хэрэгжүүлдэг тэтгэлэг, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Энэ жил тус байгууллагын 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд улирч буй 20 гаруй жилд нь оюутан залууст зориулсан тэтгэлэг, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд олон залуус банканд мэргэжлээрээ дадлага хийж, үндсэн ажилтан болсон байна.
ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Зорилго
Оюутан залууст санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын байраар хангах, боловсролыг нь дэмжих зорилготойгоор уг хөтөлбөрийг 2003 оноос эхлэн санаачлан, хэрэгжүүлж эхлээд буй. Харин энэ онд 21 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд шилдэг 1,900 гаруй оюутанд 1.3 тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгожээ.
Давуу тал
Энэхүү хөтөлбөр өмнө нь зөвхөн сургалтын тэтгэлэг гардуулдаг байсан бол 2024 оноос эхлэн “Ажилтай, тэтгэлэгтэй оюутан” агуулгын хүрээнд банканд ажиллах урилга өгч эхэлжээ. Ингэснээр тэтгэлэг хүртсэн оюутнууд сурч байх хугацаандаа Голомт банканд мэргэжлийн чиглэлийн дагуу хагас болон бүтэн цагаар ажиллахаас гадна, төгсөөд ч үргэлжлүүлэн ажиллах бүрэн боломжтой юм.
Тавигдах шалгуур
Бусад тэтгэлэгт хөтөлбөрт давхар хамрагдаагүй
Хариуцлагатай, манлайлагч оюутан байх
Оюутны суралцаж буй мэргэжлийн чиглэл харгалзахгүй
Тэтгэлгийн хэмжээ: Жилийн хоёр сая төгрөг
Хамрах хүрээ: Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн III, IV курст сурч буй оюутнууд
Боломжит оюутны тоо: 100
Бүрдүүлэх материал: Их, дээд сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуулбар
Одоо зарлагдсан байгаа эсэх: Тэтгэлгийн материал авах сүүлийн хугацаа 2025 оны 09-р сарын 28-ныг дуустал.
Материалаа энэ холбоосоор илгээгээрэй.
АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Зорилго
Оюутан залуусыг ажлын байраар хангах, хичээлийнхээ хажуугаар мэргэжлээрээ ажиллах боломжийг олгож буй эл хөтөлбөр 2021 оноос эхлэн хэрэгжиж байна. Энэ хугацаанд магадлан итгэмжлэгдсэн долоон их, дээд сургууль /СЭЗИС, ОТИС, Мандах Их Сургууль, ХААИС, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, ИЗОУИС, МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургууль/-ийн 300 гаруй оюутныг ажлын байраар хангаад байна.
Давуу тал
Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд зургаан сарын турш Голомт банканд үндсэн ажилтны статустайгаар ажиллах юм. Тэд хичээлээс олж авсан онолын мэдлэгээ практикт амжилттай хэрэгжүүлэн оюутан байх хугацаандаа ажлын байран дахь мэргэжлийн чиг баримжаа авч, хичээлийн кредит тооцуулж болдгоороо давуу талтай.
Мөн банкны үндсэн ажилтны жишгээр цалин, урамшуулал авах, НДШ төлөх, ажилласан хугацаанд ээлжийн амралт авах, Голомт банкнаас зохион байгуулж буй сургалт, хөтөлбөрүүдэд ч хамрагдах боломжтой. Үүнээс гадна цагийн менежмент, илтгэх, багаар ажиллах, ажлын байранд дасан зохицох ур чадвар, үүрэг хариуцлага хүлээх чадвар зэрэг олон чухал ур чадваруудыг эзэмшиж, хувь хүний хөгжилдөө ахиц дэвшил гаргах бүрэн боломжтой болж байгаа юм.
Хамрах хүрээ
Голомт банктай хамтран ажиллаж буй их, дээд сургуулиудын бүх оюутанд нээлттэй.
Боломжит оюутны тоо: 2024-2025 оны хичээлийн жилд 42 оюутан хамрагдсан.
Одоо зарлагдсан байгаа эсэх: Үгүй.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.
INTERNSHIP - СУДЛААЧ ОЮУТНЫ ХӨТӨЛБӨР
Зорилго
Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Internship - Судлаач оюутны хөтөлбөр нь оюутан залуусыг мэргэжлийн туршлага хуримтлуулах, өөрийгөө хөгжүүлэхэд чиглэсэн цогц хөтөлбөр юм. Эл хөтөлбөрийг 21 жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд оюутан залууст зуныг үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодог.
Сонирхуулахад мэдээлэл, технологийн чиглэлээр дадлагажигч хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын 60 хүртэлх хувь нь сургуулиа төгсөөд Голомт банканд ажилладаг гэсэн тооцоо байдаг аж.
Давуу тал
Энэхүү хөтөлбөр нь хичээлийн хажуугаар бус зуны турш үргэлжилдэг гэдгээрээ бусад тэтгэлгээс давуу талтай. Тэтгэлэг авсан оюутнууд зуны гурван сарын турш цалинтай дадлага хийхээс гадна өөрийн сонирхож буй мэргэжлийн төсөл дээр ажиллах, ментороос чиглүүлэг, зөвлөгөө авах, сурч хөгжих бүрэн боломжтой.
Хамрах хүрээ
Банк, санхүү, IT, бизнесийн удирдлага, мэдээлэл, технологийн чиглэлээр суралцдаг II, III курсийн оюутнууд
Боломжит оюутны тоо: Энэ зуны хөтөлбөрт мэдээллийн технологийн чиглэлийн 21 оюутан хамрагдсан.
Одоо зарлагдсан байгаа эсэх: Жил бүрийн дөрөв, тавдугаар сард зарлагддаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай
VOLUNTEER ХӨТӨЛБӨР
Зорилго
Голомт банкнаас ахлах, дунд ангийнханд зориулан сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход уриалах, тэднийг дэмжих зорилгоор энэ жилээс эхлэн “Volunteer” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхлээд буй. Хөтөлбөрийн эхний арга хэмжээг байгаль хамгаалах зорилгоор “Eco Volunteer” сэдвийн хүрээнд зохион байгуулж, Голомт банкны ажилтны хүүхдүүд хамрагдсан байна. Хүүхдүүд Туул голын ай сав, Хөлийн голын нэг км орчмын бохирдол ихтэй бүсэд нэг тонн орчим хог хаягдал цэвэрлэжээ.
Харин дараагийн хөтөлбөрт 17-оос доош насны 75 хүүхэд сайн дураараа нэгджээ. Тэд Баянзүрх дүүрэг дэх Туул голын ай сав газарт хоёр ээлжээр хуваагдан цэвэрлэгээ хийж, орчны бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн төлөө өөрсдийн чадах хувь нэмрээ оруулсан байна.
Давуу тал
“Volunteer” хөтөлбөрт оролцсоноор хамт олонтой болох, өөрийгөө хөгжүүлэх багаар ажиллах, шинэ зүйлс сурч, мэдлэгээ тэлэх зэрэг олон талын ур чадварыг эзэмших боломжтой. Мөн хүүхдийг өөрийнх нь чадах хэмжээнд ажлын туршлагатай болгохоос гадна нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж, түүнийгээ шийдвэрлэхийг эрэлхийлэхэд эергээр нөлөөлдөг.
Хамрах хүрээ: Ахлах болон дунд ангийн сурагчид
Боломжит сурагчдын тоо: Сайн дурын ажилтан хийх хүсэлтэй ахлах болон дунд ангийн бүх сурагчдад нээлттэй
Одоо зарлагдсан байгаа эсэх: Жилд намар болон хаврын улиралд хоёр удаа зохиогддог. Намрын бүртгэл энэ сарын 19-нд дууссан.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.