Төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөр амжилттай хэрэгжиж, оюутнууд батламжаа гардан авсан тухай нийтлэлийг бид цөөнгүй бичиж байсныг манай үнэнч уншигчид анзаарсан нь лавтай. Харин тухайн тэтгэлэг яван явсаар бодитоор хэрхэн хэрэгждэг вэ гэсэн сониучирхал, ажлын байран дээр кофе, цай зөөлгөөд байдаг юм биш биз гэх хардалт олон хүнд төрдөг байх. Тэгвэл бид энэ удаа дотоодод хэрэгжиж буй томоохон тэтгэлгүүдийн нэг болох Голомт банкны "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-т тэнцсэн оюутнуудын төлөөлөл болгож, 2024 оны хөтөлбөрөөс шалгарсан 100 оюутнаас дараах 10 оюутныг оролцууллаа. Тэд тэтгэлэгт оюутан болсон сэтгэгдэл, хүртэж буй үр өгөөж, ажилтай, тэтгэлэгтэй гэх тодотголтойгоор Голомт банкны эд эс болон ажиллах ямар байгаа тухай хуваалцсан юм.   

1. Утсан борлуулалтын ажилтан Б.Биндэрьяа 


Нэг өдөр хичээлийн танхимд лекц сонсоод сууж байх үед Голомт банкнаас дуудлага ирлээ. Багшийн зөвшөөрлөөр түр ангиас гараад утсаа автал намайг тэтгэлэгт тэнцсэн тухай мэдээ дуулгав. Тухайн үедээ даруухнаар баярлалаа гээд утсаа салгасан ч дотроо маш их баярлаж байсан болохоор ээж рүүгээ залгаад шууд л уйлчихсан.

Би 2023 онд уг тэтгэлгийн шалгаруулалтад орж байсан ч сүүлийн шатнаас хасагдаж байсан юм. Харин өнгөрсөн жил тэтгэлгийн шалгаруулалт бага зэрэг өөрчлөгдөж, анкет, шалгалт, бүлгийн ярилцлага, ганцаарчилсан ярилцлага гэх дөрвөн шаттай болсон байна билээ. Бас өмнөх жилүүдэд мөнгөн тэтгэлэг олгож, хөгжлийн хөтөлбөрт хамруулдаг байсан бол энэ удаа Голомт банканд ажиллаж, туршлага хуримтлуулах боломжтой болсон.

Миний хувьд шалгалт болон ганцаарчилсан ярилцлага хамгийн сорилттой санагдсан. Ярилцлагын үеэр Биндэрьяа гэх хувь хүний сонирхол, зорилго, хүсэж буй ажлын байр зэргийг асууж, харин би хариуд нь хамт олны уур амьсгал таатай байвал ямар ч ажлыг доод шатнаас нь эхлэн хийж, суралцахыг хүсдэг тухайгаа хэлэхэд, надаас ярилцлага авч байсан Зээлийн газрын удирдлага “Тийм шүү, ялангуяа банкны ажлыг багаас нь эхэлж сурвал салбарынхаа эд ширхэг бүрийг дэс дараатай ойлгож чадна” гэж хэлсэн.

Миний ажиллаж буй орчин маш тухтайн дээр хамт олны уур амьсгал ч бас халуун дулаан, яг л найзууд шиг байдаг. Анх мэдэхгүй зүйлсээ санаа зоволтгүй асууж, тэд ч төвөгшөөж цааргалалгүй зааж өгдөг байсан бол одоо харин ажил маань хэдийн гарт орчихсон. Тэтгэлэгт оюутнууд хичээлийн хажуугаар ажилладаг болохоор ачаалал ихтэй байдаг юм шиг ойлгогдож магадгүй ч миний хувьд зөвхөн ажлын цагтаа ажиллаад бусад үед нь хичээлдээ цаг гаргах боломжтой байдаг. Би энд ажиллаад хэдийн дөрвөн сар өнгөрсөн байна. Энэ хугацаанд сурч мэдсэн туршлага, тусалж дэмжсэн хамт олон, байгууллагын соёл зэргийг дотроос нь мэдэрсний хувьд ирээдүйгээ энэ л банканд ажиллаж буйгаар төсөөлдөг болсон.

2. Программ хөгжүүлэгч Д.Балжинням 


Найз маань янз бүрийн тэтгэлэгт хөтөлбөрт байнга оролцож явдаг идэвхтэй нэгэн л дээ. Тиймдээ ч намайг энэ удаа өөрийгөө сориод үзээч гэж зөвлөсний үндсэн дээр би энэхүү тэтгэлэгт хамрагдах үүд хаалгаа нээж байсан юм. Миний хувьд англи хэлний шалгалт хамгийн хялбар байсан бол ганцаарчилсан ярилцлагын шатанд бага зэрэг сандарсан. Улмаар тэтгэлэгт тэнцсэн гэдэг мэдээг сонсоод хажууд байсан төрсөн ахдаа хамгийн түрүүнд хэлж, хийж байсан ажлаа хүртэл орхиод хөөрцөглөөд алга болсон гээч. Ах маань баярласандаа намайг ажлаас чөлөөлсөн нь тэр л дээ.

Өмнө нь стартап компанид ажиллаж байхад мэдэхгүй зүйлээ асууж, шинийг суралцахын тулд 100 хувь өөрөө хүчин чармайлт гаргаж байсан бол Голомт банканд ажиллаж, хамт олны нэг хэсэг болсноор эерэг талаараа огт өөр мэдрэмжийг авсан. Би оюутан болсноосоо хойш тасралтгүй ажил хийж байгаа ч энэ удаагийнх яг зөв цаг нь юм шиг санагдаж байгаа. Учир нь би тэтгэлэгт хамрагдаж, ажлын туршлага суугаагүй байсан бол сургуулиа төгсөөд ажилд орохдоо эхний хэдэн сарыг дадлагажих журмаар өнгөрүүлэх байсан шүү дээ.

Манайх сар бүр сагсан бөмбөг, шатар гэх мэт тэмцээн зохиож, баг хоорондоо өрсөлддөг. Анх орж ирэхдээ л эдгээр тэмцээнд багаараа оролцоод эхэлчихсэн болохоор уусан нэгдэхэд маш дөхөм байсан. Бас тэтгэлэгт оюутнуудын дунд зохион байгуулсан өдөрлөгийн үеэр олон найзтай болсон.

3. Хуульч Э.Оюунбилэг 


Гуравдугаар курст байхдаа энэ тэтгэлгийн талаар мэдсэн ч анкет илгээх хугацаа нь хэдийн дуусчихсан байсан болохоор эхний удаад боломжоо алдчихсан. Харин энэ удаа мөнгөн тэтгэлгээс гадна ажиллах боломж нэмэгдсэн учраас миний сонирхлыг улам бүр татаж, тэтгэлэг зарлагдмагц нь анкетаа илгээж байлаа. Ажлын байранд суурилсан тэтгэлэгт хөтөлбөр хэд хэд байдаг ч Голомт банк 30 жилийн түүхтэй, байгууллагын өндөр ёс зүйтэй гэдгээрээ онцлог санагддаг. Ажлын эхний өдөр сандарч, биеэ барьж байсан ч хэлтсийн ахлах маань намайг бүгдэд нь танилцуулж, “Тэтгэлэгт тэнцсэн оюутан маань бидэнтэй хагас жилийн турш ажиллана. Бүгдээрээ найрсгаар хүлээж аваарай” гэж хэлсэн. Харин бусад хүмүүсийн надад хэлсэн хамгийн эхний үг нь “Тусалж дэмжих зүйл гарвал санаа зоволтгүй хэлж болно шүү” гэх үг. Гэхдээ тэд намайг тусламж хүсэх үед тусалдаг биш, надад тусламж хэрэгтэй байгааг түрүүлж анзаараад тусалдаг хүмүүс гэдгийг энэ хугацаанд мэдэрч байна.

Тэтгэлэгт оюутан, дадлагажигч оюутныг бусад ажилтнуудын хувийн ажилд зарагдаж, кофе зөөгөөд л байж байдаг гэх туйлширсан ойлголт байдаг. Оюутнууд ч тийм бодолтой байж магад. Миний хувьд Голомт банканд ажиллаж эхэлснээс хойш үндсэн мэргэжлээрээ ажиллаж, туршлага мэдлэгээ дээшлүүлж байгаа. Кофе харин зөөсөнгүй шүү. Тиймээс “Бүх газар ижил биш шүү” гэдгийг хэлмээр байна.

Голомт банк ажиллахад таатай газраар гурван жил дараалан тодорсон болоод ч тэр үү, алба хэлтсээрээ ууланд алхах, өөр албадтай танилцаж, хамтдаа зураг зурах, тэтгэлэгт оюутнуудын дунд спорт өдөрлөг зохиох гэх мэт хамт олныг идэвхжүүлэх олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг юм байна. Зөвхөн тухтай оффист сууж, чанартай тоног төхөөрөмж хэрэглэх нь ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхгүй нь мэдээж. Гагцхүү хамт олны уур амьсгал, ажлаас гадуурх үйл ажиллагаа маш чухал, бүр хамгийн чухал санагдсан.

4. Харилцагчийн зөвлөх Г.Намжилдорж 


Би өмнө нь огт тэтгэлэгт оролцож байгаагүй л дээ. Энэ удаа найз охинтойгоо хамт анкетаа илгээж, хэрвээ тэнцвэл гэр бүлдээ гэнэтийн бэлэг барья гэсэн бодолтой байсан юм. Нэг орой гэрийнхэнтэйгээ хоол хийгээд байж байтал Голомт банкнаас залгаж, тэтгэлэгт тэнцсэн тухай хэлэхэд гэрийнхэн маань маш их баярласан.

Шалгаруулалтаас багийн ажиллагааны даалгаврууд хамгийн сонирхолтой санагдсан. Тухайлбал, баг тус бүрд бичгийн цааснууд өгөөд хамгийн өндөр цамхаг барьсныг нь шалгаруулах гэх мэт. Заавал төгссөнийхөө дараа ажиллах бус суралцах явцдаа онолын мэдлэгээ практик дээр ашиглаж, банк гэдэг зүйлийг ойлгон аль чиглэлээр ажиллах нь өөрт тохиромжтой гэдгийг олоод мэдчихвэл цаг хугацааны хувьд хэмнэлттэй санагдсан.

Миний одоо ажиллаж буй харилцагчийн зөвлөх гэх албан тушаал нь харилцагчдыг хамгийн түрүүнд угтаж авч, зөвлөгөө мэдээллээр хангах үүрэгтэй. Тэр ч утгаараа миний ажлын эхний өдөр банкны үйл ажиллагаатай сайтар танилцаж, теллер, зээлийн эдийн засагч нараас мэдэхгүй зүйлээ асууж өнгөрсөн. Ингэж хамт олонтойгоо танилцах явцдаа тэд бусдыгаа шинэ, хуучин гэж ялгалгүй, ижил тэгш хандаж, нэгнийгээ хэзээ ч орхигдуулалгүй ажилладаг юм байна гэдгийг анзаарсан. Мөн байгууллагын дотоод уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор цасны баяр, спортын тэмцээн, явган аялал зохион байгуулахын сацуу ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт, семинарт тогтмол хамруулдаг юм билээ.

5. менежер Б.Учрал 


Жилийн өмнөөс Голомт банканд гэрээт ажилтнаар ажиллаж эхэлсэн ба тэр хооронд энэхүү тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж таарсан. Үүнийг би банкандаа үргэлжлүүлэн ажиллах боломж гэж үзэн анкетаа илгээсэн нь одоо бодоход маш зөв шийдвэр байсан болов уу. Тэтгэлгийн шалгаруулалтын хувьд бүтээлч сэтгэхүй, сэтгэн бодох чадвар, асуудлыг шийдвэрлэх чадвар зэргийг сонирхолтой аргаар сорьж байсан нь бусад тэтгэлгээс онцлогтой санагдсан. Тэтгэлэгт тэнцсэн тухай мэдээгээ хамгийн түрүүнд хэлтсийнхэндээ дуулгахад “Чамайг тэнцэнэ гэдгийг мэдэж байсан юм аа” гэхэд нь их хөөрхөн санагдсан шүү.

Оюутнууд хичээлийнхээ дундуур хагас цагаар мэргэжлээрээ ажиллах боломж хомс байдаг. Тиймээс энэхүү тэтгэлэг мэдлэг, туршлага дулимаг ч гэсэн суралцаж хөгжихөөр тэмүүлж байгаа бидэн шиг залуусыг мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, салбартаа ажиллаж үзэх боломжоор хангаж байгаа нь талархмаар. Тэр ч утгаараа бидний ажлын цагийн хуваарь нэн уян хатан. Хичээлийн хуваариас шалтгаалан ажилдаа ирэх, тарах цаг харилцан адилгүй байж болох ба шаардлагатай тохиолдолд чөлөө хүсэж болно. Мөн манай хэлтэс ажлаас гадуурх үйл ажиллагаа сар бүр зохион байгуулдаг нь Голомтын аль ч салбар, хэлтэст хэдийн тогтчихсон соёл юм билээ. Тун удахгүй зохион байгуулагдахаар тодорхой болсон байгаа нь спортын өдөрлөг болон movie night.

6. Дата инженер Б.Золжаргал 


Миний хувьд өмнө нь ажил хийж байсан болоод ч тэр үү ганцаарчилсан ярилцлагын шатанд чөлөөтэй, нээлттэй яриа өрнүүлж чадсан. Одоо ажиллаж эхлээд хоёр сар орчмын хугацаа өнгөрсөн байна. Ажлын эхний өдрөөс эхлээд л манай хамт олон маш найрсгаар угтаж авсан болохоор хурдан дотносож, мэдэхгүй зүйлээ санаа зоволтгүй асууж, суралцаж байгаа.

Хамт олны уур амьсгалыг бэхжүүлэх чиглэлээр олон төрлийн өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулдаг. Тухайлбал, ирэх амралтын өдрөөр ууланд алхахаар болсон. Бид олон салбар, нэгжтэй томоохон компанид ажиллаж байгаа учраас бүх ажилтантай өдөр бүр харилцаж, нэг өрөөнд сууж чадахгүй шүү дээ. Тиймээс биднийг хоорондоо танилцаж, найзалж нөхөрлөхөд эдгээр арга хэмжээ тусалдаг гэж боддог.

7. менежер Б.Өлзийдаваа


Банкны менежментийн хичээл үзэж байхдаа энэ салбарыг нэлээд сонирхож, багшийнхаа зөвлөсний дагуу тэтгэлэгт хамрагдахаар шийдэж байлаа. Миний хувьд эсээ бичихэд хамгийн их цаг орсон бөгөөд бүртгэлийн хугацаа дуусах өдөр анкетаа амжиж илгээсэн. Харин дараа дараагийн шатуудаас хамгийн сорилттой санагдсан нь багаар ажиллах даалгавар байсан болов уу.

Мэдээж хичээлийн явцад ажлын туршлага маш их хэрэг болж байна. Бас өмнө нь үзсэн хичээлүүдээ илүү цэгцтэй, дэс дараатай мэдлэг болгон тархиндаа суулгаж, өмнө нь ойлгосон гэж бодсон хичээлүүдээ жинхнээсээ ойлгож эхэлсэн. Миний хувьд анх хамт олонтойгоо ойртож дотносох, мэдэхгүй зүйлээ асуух тал дээр маруухан байсан болохоор тэд өөрсдөө надтай элгэмсгээр ярилцаж, хичээл сайн байгаа эсэх, ажлаа сурч байгаа эсэхийг асууж, анхаарал тавьж байсан нь одооноос би энэ газар харьяалагдана шүү дээ гэх мэдрэмжийг төрүүлсэн.

8. Программ тестлэгч т.дэчиннямбуу
 


Хэдий тэтгэлэгт оюутан ч гэсэн бид ажил, хичээлийн цагийг зөв хуваарилж чадвал алийг нь ч цалгардуулалгүй авч явах боломжтой. Мэдээж давуу талын хувьд сургуулиа төгсөхдөө давхар ажлын туршлагатай болж, хамт төгсөж байгаа үеийн залуусаас нэг алхам илүү гарах боломжийг өөртөө бий болгож байгаа. Өмнө нь би стартап компанид ажиллаж байсан бөгөөд байгууллагын соёл болон оффисын тохилог байдлын хувьд том ялгаа мэдрэгдсэн.

Манай хэлтэс сар бүр шатар, испорт зэрэг төрөл бүрийн чиглэлээр тэмцээн, арга хэмжээ зохион байгуулдаг ба бидний мэргэжлийн ур чадварыг ахиулахын хувьд систем, программ хөгжүүлэлтийн сургалт мөн орж байсан.

9. Харилцагчийн зөвлөх Б.Нандин-Уянга 


Өмнө нь сургуулиас зарлагддаг тэтгэлгээс бусад тэтгэлгийг огт сонирхдоггүй, магадгүй зориглодоггүй байсан юм. Харин өнгөрсөн жил энэхүү тэтгэлэг зарлагдахад “Удахгүй төгсөх юм чинь яагаад үзээд алдаж болохгүй гэж” гэж бодоод анкетаа илгээсэн минь оносон. Би өмнө нь албан ярилцлагад орж байсан туршлагагүй болохоор ганцаарчилсан ярилцлага хамгийн сорилттой санагдсан. Гэхдээ ярилцлагын дараа өөрийгөө илүү ихээр ойлгож, дотогшоогоо өнгийж чадсан болохоор нэг талаараа өгөөжтэй ярилцлага болсон ч гэж хэлж болох.

Тэтгэлэгт оюутан болсноор өмнө нь зөвхөн харилцагчийн өнцгөөс ханддаг байсан банк гэх газар чухам хэрхэн ажилладгийг ойлгохын зэрэгцээ хамт олны зохион байгуулалтад орж, шинэ туршлагуудыг цуглуулж байна. Өмнө нь “Голомт банк ажилтандаа чиглэсэн үйл ажиллагааг хамгийн их зохион байгуулдаг, ажилтан төвтэй банк” гэдгийг хүмүүсийн ярианаас л сонсож байсан бол энд ажиллаж эхэлснээр бодитоор мэдэрч байгаа.

Сонирхуулахад, миний хувьд Голомт банкны лигт тоглож байгаа болохоор бусад салбарын ажилтнуудтай танилцаж, олон талт харилцаа үүсгэх боломжтой болсон. Мөн хувийн банканд чиглэсэн төрөл бүрийн сонирхолтой сургалтыг зохион байгуулдаг нь таалагддаг.

10. Зээлийн судалгааны менежер А.Лхагвадарь
  


Гуравдугаар курстээ энэхүү тэтгэлэгт анкетаа илгээж байсан ч харамсалтай нь сүүлийн шатнаас хасагдаж байсан юм. Харин төгсөх курстээ ангийнхаа найзтай хамт оролцож, хамтдаа тэнцэж чадсан. Би ганцаараа тэнцсэн бол гэр бүл, найз нөхөдтэйгөө баяраа хуваалцаад өнгөрөх байсан ч найзтайгаа хамт тэнцсэн гэж бодохоор амьдралд хамт алхах хүнтэй болсон мэт санагдаж, бүр ч их баярладаг юм билээ.

Ажлаа ямар ч асуудалгүй сурчихна, сургуульд үзсэн зүйлээ л практик дээр хэрэглэчихнэ гэж бодсон ч бодит байдал төсөөлснөөс тэс өөр байлаа. Ажлын эхний өдрөөс компьютертай хэрхэн харилцах, биеэ хэрхэн зөв авч явах зэрэг шинээр сурах зүйлс маш их байсан. Улмаар эхний нэг сарыг ажлаа ойлгож, бүрэн танилцахад зарцуулж, дараа нь үндсэн ажилдаа бүрэн төвлөрч эхэлсэн. Өмнө нь энэ газарт зуны гурван сар дадлага хийхдээ бүгдтэй нь танилцчихсан болохоор урьдынх шигээ л харилцаатай байна гэж бодсон ч энэ удаа үндсэн ажилтан гэх статустай болохоор бүр илүү дотно болсон юм шиг санагдсан. Тэтгэлэгт оюутан болсноор “Би бусад оюутнаас арай илүү зүйлсийг сурч, таньж мэдэж байгаа. Энэ боломжийг надад олгох газар нь Голомт банк юм шүү” гэсэн бодол тээгээд ирэхээр хүн цаанаасаа илүү их хичээх хүсэл эрмэлзэл бадраад ирдэг юм байна.