Дэлхийн өнцөг булан бүрд олон сая жилийн өмнөх дэлхийн түүхийг хадгалсан геологийн тогтоц бүхий газрууд бий. Ийм бүс нутгийг шинжлэх ухаан, боловсрол, соёлын ач холбогдлоор нь үнэлэн ЮНЕСКО-гийн “Дэлхийн геопарк”-аар бүртгэдэг бөгөөд одоогийн байдлаар 48 улсын 213 бүс уг статустай байна. 

Харин энэ жил ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөлөөс Грек, Малайз, Ирланд тэргүүтэй улс орнуудын 12 бүс нутгийг “Дэлхийн геопарк”-аар бүртгэжээ. Үүнд манай улсаас Өмнөговь аймгийн Ханбогд-Шар цав багтсан байна. Шар цавыг геопаркаар бүртгэсэн нь Монголын говийн үлэг гүрвэлийн мөр болон эртний хосгүй тогтцыг дэлхийн түвшинд хамгаалах, цаашлаад аялал жуулчлалаар дамжуулан орон нутгийн эдийн засгийг дэмжих том боломж болж байгаа билээ. 


Холбоотой нийтлэл: Галбын говь дэлхийн тайзнаа: "Ханбогд-Шар цав" геопарк үүдээ нээлээ

ДЭЛХИЙН ГЕОПАРК ГЭЖ ЮУ ВЭ?


ЮНЕСКО-гийн Дэлхийн геопарк нь геологийн өвөөрөө олон улсын ач холбогдолтой бүс нутгийг хамгаалах, судлах, олон нийтэд таниулах зорилготой статус юм. Геопарк болохын тулд тухайн газаргеологийн онцлог тогтоцтой байхаас гадна түүнийг хамгаалах тогтолцоо бүрдүүлсэн, боловсрол, аялал жуулчлал, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлдэг байх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, байгалийн ховор тогтцыг хадгалан хамгаалаад зогсохгүй, түүнд түшиглэн орон нутгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой цогц “амьд музей” хэмээн томьёолж болно.

Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО байгууллага хооронд 2022-2029 онд хамтран ажиллах тухай санамж бичигт Монгол Улсын анхны геопаркийг байгуулах ажлыг зорилтдоо тусгасан. Өнөөдөр бид энэхүү зорилтыг биелүүлэх ажлыг бодитоор эхлүүлж байна. Ханбогд Шар цавын нутаг дэвсгэрт бидэнд өвөг дээдсээс уламжлан ирсэн байгаль орчин, геологи, палеонтологийн хосгүй үнэт өвтэй ариун дагшин газар юм. Энэ нутагт дэлхийн геопарк болсон Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтний нийтлэг өвийн сан хөмрөгт хүндтэй байр суурийг эзлэх юм.

Гадаад хэргийн сайд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг

МОНГОЛЫН АНХНЫ ГЕОПАРК: ханбогд-ШАР ЦАВ 


Нэгэн цагт үлэг гүрвэлүүдийн өлгий нутаг байсан, олон зуун сая жилийн настай боржин чулуун уулс болон түүхэн дурсгалт хийдүүдийг өөртөө агуулсан энэ нутаг нь байгаль, соёлын хосгүй цогцолбор гэдгээрээ онцлогтой. ЮНЕСКО-гийн олон улсын шинжээчид 2018 онд анх тус бүс нутагт судалгаа хийхдээ “Эртний амьдралын өлгий” хэмээн онцлоод, Ханбогд, Шар цав болон Дэмчогийн хийд орчмын газар нутгийг геопарк болгон хөгжүүлэх бүрэн боломжтойг тэмдэглэж байв.

Энэхүү алсын харааг ажил хэрэг болгохын тулд Монгол Улс 2023 онд Геопаркийн үндэсний хороог байгуулж, геологи, палеонтологи болон соёлын өвийг хамгаалах, судлах ажлыг төрийн бодлогын түвшинд эхлүүлсэн юм. Үүнтэй зэрэгцэн ЮНЕСКО болон “Рио Тинто Монгол” компанийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төсөл нь геопаркийн бүтээн байгуулалт, дэд бүтцийг шинэ шатанд гаргасан байна.

Ийнхүү олон улсын дэмжлэгтэйгээр, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд өдгөө Монгол Улс анхны Дэлхийн геопаркийг нээх томоохон болзлуудыг хангаж, хүсэлтийг албан ёсоор илгээхэд бэлэн болжээ.

2023 оноос хойш ЮНЕСКО, Рио Тинто компани Монгол орны соёл, байгалийн өвийг хамгаалж, тогтвортой хөгжил, орон нутгийн иргэдийн оролцоог хангах зорилгоор хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан. Энэ хүрээнд Ханбогд Шар цавын геопарк маань өөрийн өнгө төрхөө олж эхэлж байгаад баяртай байна. Өнөөдөр бид Ханбогд Шар цав гээд газар орныг зүгээр нэг хамгаалалтад авч буй тухай бус, харин Монгол орны геологийн гайхалтай өвөрмөц тогтоц, баялаг соёлыг хадгалж хамгаалах замаар тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах шинэ боломжуудыг бий болгож байгаа гэж бодож байна.”

“Рио Тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал

БАЙГАЛИЙН ӨВ 


Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай болон Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах сумдын нутгийг хамарсан энэ бүс нутаг нь байгаль, түүх, шинжлэх ухааны олон сая жилийн ул мөрийг нэг дор хадгалсан онцгой тогтоцтой. Нийт 300 сая жилийн түүхийг агуулсан 25 дурсгалт газар энд багтдаг байна. Эдгээрээс онцолбол, Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дахь Шар цавын орчимд 5–6 төрөл зүйлийн 13,600 гаруй үлэг гүрвэлийн мөрний хэв хадгалагдан үлдсэн нь палеонтологийн хувьд өндөр ач холбогдолтойд тооцогддог. Мөн Ханбогд сумын нутагт орших Ханбогд шүлтлэг боржингийн массив нь ирмэглэсэн хүрээ бүхий цагариган бүтэцтэйгээрээ онцлог бөгөөд геологийн өвөрмөц тогтцын нэг юм.

Дорноговь аймгийн Мандах суманд байрлах Сүйхэнтийн чулуужсан ой нь 156 сая жилийн өмнөх үеийн амьдралын ул мөрийг хадгалж үлдсэн бол мөн аймгийн тэгш өндөрлөг бүсэд 30 сая жилийн өмнөх байгалийн тогтоц, амьдралын шинжийг илтгэх ул мөрүүд илэрдэг. Харин Хатанбулаг сумын нутагт орших Эргэлийн зоо нь мөн геологийн судалгааны чухал дурсгалт газрын нэг юм.

Эдгээр байгалийн болон геологийн үнэт дурсгалуудыг нэгтгэн “Ханбогд–Шар цав” хэмээн нэрлэж, ЮНЕСКО-гийн Дэлхийн геопаркийн шалгуурт нийцүүлэн хөгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Тус бүсийг ирэх жилүүдэд албан ёсоор Дэлхийн геопаркаар бүртгүүлэх зорилт тавиад байгаа аж.


Энэ нь зөвхөн байгалийн тогтцыг хамгаалах тухай ойлголт бус. Харин иргэдэд шинэ боломж бололцоог нээх тухай асуудал юм. Тогтвортой аялал жуулчлал, амьжиргааны шинэ эх үүсвэр, боловсрол, шинжлэх ухааны нээлтүүдээр дамжуулан алслагдсан болон хөдөө орон нутгийг инновац, бахархлын төв болгон хувиргаж, газар нутагтаа мөнхрөн үлдсэн түүхийг хамгаалж болдгийг харуулж байгаа юм.

НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап ван Хиерден

ЯМАР БОЛОМЖ, ДАВУУ ТАЛ НЭЭГДЭХ ВЭ?


ЮНЕСКО-гийн Дэлхийн геопаркийн статустай болох нь тухайн бүс нутгийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхээс гадна олон талын боломжийг нээдэг. Юуны өмнө Ханбогд–Шар цавын нэр хүнд олон улсын хэмжээнд өсөж, гадаад болон дотоодын жуулчдын сонирхлыг татах нөхцөл бүрдэнэ. Үүнийг дагаад орон нутгийн аялал жуулчлал хөгжиж, үйлчилгээний салбар тэлснээр иргэдийн орлого нэмэгдэх, шинэ ажлын байр бий болох боломжтой.

Мөн геологийн өв, байгалийн тогтоц, түүх соёлын дурсгалыг олон улсын стандартад нийцүүлэн хамгаалах, судлах, олон нийтэд таниулах ажил илүү системтэй, өргөн хүрээнд хэрэгжих нөхцөл бүрддэг. Ингэснээр тухайн бүс нутгийн үнэ цэнэ олон улсын түвшинд улам бүр танигдаж, тогтвортой хөгжлийг дэмжих чухал суурь болох юм.