Нэг жаран гэдэг хэр их хугацаа вэ? Мэдээж нэг мянган, нэгэн зууны дэргэд харьцангуй богинохон хугацаа байж магадгүй. Гэхдээ хүн төрөлхтний түүхэнд нэгэн жаранд ямар ямар үйл явдал тохиож амждаг бол? 

Хязгааргүй мэт он цаг, тооллын эхнээс улс гүрнүүд мандаж мөхөж, соёл иргэншил үүсэж бас устаж явахад хүн төрөлхтний оюуны бүтээлүүд л үргэлж түүхийн нугачаанд дарагдан хоцордог ч он цагийн эрхээр эргэн мандаж хойшдын олон үедээ гэрлээ туяаруулдаг билээ. Цаг хугацааны шуурганд хүний нас мөхөс ч нэгэн хүмүүний үйлс хэрэг, бүтээл, санаа огт үнэ цэнээ алддаггүй жамтай. 

Монголчууд бидний тэртээ нэгэн мянганы өмнөөс тоолж ирсэн жарны тооллын жаран бүрд тохиосон онцлох түүхэн үйл явдлууд, шинжлэх ухааны нээлтүүдийг энэ удаагийнхаа нийтлэлээр хүргэхээр бэлтгэлээ. Та анхаарлаа хандуулна уу. 

Жарны тооллыг тун товчхон өгүүлбэл 


Жарны тооллын зарчим нь маш энгийн. 12 жил таван махбодын дагуу таван удаа эргэхэд нэг жаран болно. Тодруулбал, дорнын ухаанд таван махбодын тухай ойлголт байдаг бөгөөд тэдгээр нь мод, гал, шороо, төмөр, ус болно. Мөн эл таван махбодыг тус бүрийн өнгөөр нь төлөөлүүлнэ. Модыг хөх, галыг улаан, шороог шар, төмрийг цагаан, усыг хар өнгө төлөөлнө.


зургийг: Britannica

Түүнчлэн махбод бүрийг эр, эм болгон ангилж хөх (эр), хөхөгчин (эм), улаан, улаагчин, шар, шаргачин, цагаан, цагаагчин, хар, харагчин хэмээн нэрийддэг. Ийнхүү 12 жилийн жил тус бүр таван махбодын дагуу нэг бүтэн эргэхэд нэгэн жаран болно. Айлчлан ирж буй Элдэв эрдэнэт хэмээгч могой жил нь модон махбодтой тул хөх өнгөтэй болох ба эм учир хөхөгчин болж буй нь ийм учиртай.



Жарны тоолол Аргын 1027 онд эхэлсэн хэмээн үздэг. Энэ жаранд олон чухал онцлог үйл явдал дэлхийн түүхэнд болж өнгөрсний нэг нь бидний сайн мэдэх Викинг аймгууд өнөөгийн Английг өөрсдийнхөө мэдэлд оруулжээ. Тус үйл явдал Английн улс төрийн системийг өөрчлөн халж, феодалын нийгмийг бүтээхийн зэрэгцээ англи хэлний хувьсалд тун онцгой өөрчлөлтийг (жишээ нь, англи хэлний хүнд хэцүү дүрэмтэй байсан нэр үгийн олон тооны хувирлыг өөрчлөн гагцхүү -s дагавар залгах дүрмийг тус үеэс түлхүү баримталж эхэлсэн байдаг) дагуулсан түүхтэй. Мөн Англитай холбоотой нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь өдгөө ч оршин хэвээр буй Лондоны цамхаг чухам энэ жаранд шаваа тавьж сүндэрлэн боссон ажээ.


зургийг: Historic UK

Гэхдээ эл жарны хамгийн чухал үйл явдал бол анхны үсгийг нь сольж, хөдөлгөх боломжтой хэвлэгч бүтээгдсэн явдал юм. Аргын 1040 оны үед Хойд Сүн улсын зохион бүтээгч Би Шэн хуучин олон зуун модон бараар хэвлэх явдлыг халж анхны үсгийг нь солих боломжтой барыг бүтээсэн байна. Уг нээлт олон зуун мянган судар бичгийг илүү хурдан, амар хялбар хуулан, олшруулах боломжийг нээсэн хэдий ч шоо дөрвөлжин жижигхэн шаварт нэг ханз сийлдэг байсан нь тун хэврэгхэн эд байсан гэдэг.

Түүнчлэн тус жаранд анхны дарийг Хятадын лам нар хүний насыг уртасгах унд бүтээхээр туршиж байхдаа олж нээсэн түүхтэй. Тэгэхдээ тун шатамхай бодисууд болох шүү (калийн нитрат), хүхэр, модны нүүрсийг хооронд нь хольж бүтээсэн байдаг нь хойшдын олон зуунд цэрэг дайны ажиллагаанд хэрэглэгдсээр ирсэн.



Дараагийн жаранд бүтэн хоёр зууны турш Христийн ертөнц болон Исламын ертөнцийн дунд гал өрдөж олон зуун мянган хүний аминд хүрсэн Загалмайтны аян дайн эхэлсэн юм. Тус дайныг чухам “аян дайн” хэмээн нэрийдсэн нь тун учиртай. Учир нь тус аян дайн нь нийтдээ 9 удаагийн их аяныг өрнүүлж, Европ тивийн газар бүрээс Загалмайтны ариун хот болох Иерусалимыг Исламын шашинтнуудаас салган авах үйлсэд энгийн сүсэгтнээс эхлээд хүлэгт баатар хүртэл алс дорнод руу дайчлагдаж байв. Тус аян дайн нь 1096 онд эхэлж жирийсэн хоёр зууныг давж сая 1291 онд төгсгөл болсон бөгөөд Хүлэгү хааны удирдлага доорх Их Монгол улс Исламын ертөнц рүү хүчтэй довтлон Багдад хотыг эзэлж, хожуу Загалмайтны аян дайнд дам нөлөө үзүүлж байсан байдаг.


зургийг: The Conversation

Мөн энэ жарны хамгийн онцлууштай үйл явдлын нэг бол Өрнийн ертөнцөд (Дэлхийн хамгийн анхны их сургууль хэмээн олон судлаачид үздэг ч хамгийн анхны их сургуулийг НТ 427 онд байгуулагдсан Наландагийн Их сургууль хэмээн үзэх эрдэмтэд ч бий) анхны их сургууль болох Италийн Болонья хотын Их сургууль 1088 онд байгуулагдав. Тус үйл явдлаас 8 жилийн дараа Английн Оксфордын Их сургууль байгуулагдсан түүхтэй.

Түүнээс гадна энэ жарны орхиж болохгүй нээлт бол мэдээж анхны соронзон луужин. Тус жаранд Хятад ба Европын далайчид нэг нь нөгөөгөөсөө үл хамааран анхны соронзон луужинг зохион бүтээсэн байдаг. Тэгэхдээ хүхрийн оршдсыг нарийнхан саваан дээр тогтоогоод усанд тавивал тухайн саваа үзүүрээ хойд зүг рүү хандуулдгийг ажиглан түүнд тулгуурлан луужин бүтээсэн байна.


зургийг: Britannica


Гуравдугаар жаранд Чингис хаан бүх монгол аймгийн эзэн хаанаар өргөмжлөгдөн Их Монгол улсаа байгуулав. Яг энэ үйл явдлаас зургаан жилийн өмнө буюу Аргын 1200 онд Францын Парис хотын Их сургууль байгуулагджээ.

Мөн Италийн математикч Пиза хотын Леонардо буюу Фибоначи өөрийн “Liber Abaci” бүтээлээ хэвлэн 1-10 хүртэлх тоонд тулгуурласан Араб тоог анхлан өрнө дахинд нэвтрүүлж, Европын математик, шинжлэх ухаанд цоо шинэ өөрчлөлт авч ирсэн юм.


зургийг: Mongolianz


Английн эзэн хаан Жон аргын 1215 оны зургаадугаар сарын 15-ны өдөр “Magna Carta” (Их тунхаг) хэмээх тунхаг бичигт гарын үсэг зурснаар хүн төрөлхтний анхны хүний эрхийн бичгийн нэг албан ёсоор мэндэлжээ. Тус бичигт Английн барон нарыг хууль бусаар хорихыг халж, шашны эрхийг хамгаалан, феодалын алба гувчуурыг хязгаарлан тогтоосон байдаг аж.


зургийг: Britannica

Мөн энэ жаранд Францад алдарт Парисын дарь эхийн сүмийг барьж дуусгасан бол дорно дахинд Хубилай хаан өөрийн гүрэндээ цаасан мөнгийг гүйлгээнд нэвтрүүлжээ (1260 он).


Хубилай хааны цаасан мөнгө


Хорвоогийн сонин хачныг өрнийн ертөнцөд авч ирэн, тухайн үеийн хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргасан Марко Пологийн их аялал тавдугаар жарны нэгэн өглөө Венецийн эрэг дээрээс эхлэв. 17 настай Марко Поло хүү хожим хэзээ ч нэрийг нь дуулж байгаагүй алсын их гүрний хааны итгэлт шадар түшмэл болох хувь заяагаа магад огтхон ч таамаглаагүй биз ээ.

Марко Полог Венецээс хөдөлснөөс даруй 28 намрын дараа хожим Дэлхийн нэгдүгээр дайны гол тоглогч болсон Османы эзэнт гүрэн байгуулагджээ. Энэ жаранд мөн анхны харааны нүдний шилийг Италийн Тоскана мужийн Пиза эсвэл Флоренц хотын аль нэгд бүтээсэн гэж үздэг бөгөөд түүгээр ч зогсохгүй анхны механик цаг ч энэ жаран жилийн хооронд мэндэлсэн түүхтэй.


зургийг: World History Encyclopaedia


Тухайн үеийн Европ тивийн нийт хүн амын тэн хагасыг нь арчиж хаясан гэгддэг Хар үхэл нэрт тахал Европ тивд тархлаа. Уг тахал өвчнөөр нийт 75-200 сая хүн амиа алдсан гэдэг бөгөөд тус тахал нь нохой бөөсөнд шимэгчилж амьдардаг Ерсиниа пестис (Yersinia pestis) хэмээх бактериас анх халдварлан тархжээ. Энэ тахлаас хүнийг дөч хоног тусгаарлах “quarantenа” (дөч гэсэн утга бүхий үг) буюу карентин хэмээх ойлголт өрнийн анагаах ухаанд анхлан үүссэн гэдэг.


Хар үхэл тахал

Харин дорно дахинд анхны буу (fire lance) Хятадад бүтээгдэн улмаар монголчуудын ноёрхлыг зогсоох Улаан алчууртны бослого дэгдсэн байна. Улмаар 1368 онд Хятад дахь монголчуудын ноёрхол бүр мөсөн төгсөж монголчууд уугуул нутагтаа буцаж иржээ.


Улаан алчууртны бослого


Аргын тооллын 1440 он, билгийн тооллын төмөр бичин жил Германы уран дархан, зохион бүтээгч Й.Г.Гүтенберг анхны хэвлэх төхөөрөмжийг зохион бүтээсэн нь хожмын ном, сонин, сэтгүүл гээд хэвлэмэл бүхий л зүйлсийн эх үндсийг бат нот тавьсан байна. Тус үйл явдлаас 11 жилийн дараа анхны ойрын харааны шилийг мөн Германы нэгэн лам бүтээжээ.

Түүнчлэн эл жаранд шашны хэт хамаарал, мухар сүсэгт идэгдсэн Харанхуй эрин үе (Dark ages) буюу Дундад зуун төгсгөл болж, эртний их соёл иргэншил болох баруун Ромын эзэнт гүрний уналтаас хойш даруй нэг мянганы дараа хүн төрөлхтөнд сая гэрэл гэгээ тусаж Сэргэн мандалтын шинэ эрин үүд хаалгаа нээв.


Й.Г.Гүтенберг анхны хэвлэх төхөөрөмж


Сэргэн мандалтыг даган олон гайхалтай зохион бүтээгч, уран бүтээлч нар төрсний нэг нь их хүмүүн Леонардо Да Винчи юм. Түүний нисэх төхөөрөмж (ornithopter), байлдааны машинууд, хадаасгүй гүүр зэрэг олон нээлтүүд тухайн үедээ цаг үеэсээ хэт түрүүлсэн бүтээлүүд байлаа. Мөн түүний олон гайхалтай урлагийн бүтээлүүд одоо ч хүн төрөлхтний гайхширлын төвд байсаар буй. Түүний алдарт Мона Лиза бүтээл VIII жарны усан гахай жилд төржээ.


Сэргэн мандалт

Мөн энэ зуунд зүүн Ромын эзэнт гүрэн буюу Византын эзэн гүрэн Османд бүр мөсөн хүчин мөхсөдөж Дундад зуун албан ёсоор дуусгавар болов. Түүнчлэн Османы эзэнт гүрэн хуучин Византын нийслэл болох Константинополь хотын нэрийг Истанбул болгон өөрчилжээ. Харин энэ хооронд алдарт аялагч Кристофер Колумб шинэ тив, шинэ ертөнцийг нээсэн бөгөөд тэрхүү нээлт нь хожмын колоничлолын эхлэлийг тавьж, хорвоо ертөнцийн хувь тавиланг нэг мөсөн өөрчилж орхив.


зургийг: BBC


Парацельс буюу Теофраст фон Гогенхайм гэгч Германы шашны номлогч, физикч нэгэн рилү бүтээхүйн ухаан (алхим)-ыг зөвхөн алт олох бус хүний эрүүл мэндэд ашиглах гоц санааг анхлан сэджээ. Тэр бээр эрдэс бодис хэмээх ухагдахууныг анагаах ухаанд анх нутагшуулж хүхэр, мөнгөн ус, давсыг аливаа маттерын гол гурван бодисоор нэрийдсэн байна. Түүнчлэн тус гурван эрдсийн хэмжээ, тунг нь тохируулж чадвал хүний биеийг анагаах боломжтойг нээсэн ажээ.


Парацельс буюу Теофраст фон Гогенхайм

1543 он. Брюссель хотын залуухан мэс заслын профессор хүний бие анатомийн тухай тун нягт нямбай атлас зохион хэвлүүлсэн нь анагаах ухаанд хүний биеийг харах өнцгийг томоос том тэлж өгөх нь тэр. Тэр хүнийг Андреас Везалиус гэдэг байв. Тэрээр эртний ном, бичгүүдийг давтан өгүүлэхийн оронд өөрийн ажиглалт, судалгаандаа суурилан хүний биеийн бүтцийн тухай бүтээлээ туурвисан нь анатомийн ухааныг анх удаа анагаах ухааны нэгэн салбар болгон бойжуулсан түүхтэй.

Мөн энэ жаранд анхны халаасны цаг бүтээгдсэнийг дурдалгүй өнгөрч болохгүй.


зургийг: World History Encyclopedia


Тэнгэр өөд сониучирхан ширтэх балчирхан хүн төрөлхтний дундаас холыг ойртуулж, хязгааргүй олон од эрхсийг алган дээрээ анхлан тавьсан эрхэм X жаранд төрсөн юм. Түүний нэрийг Галилео Галилей гэдэг байв.

Аргын 1610 оны нэгдүгээр сарын 7, пүрэв гараг, 17 цагийн орчим. Флоренцийн Вант улсын математикч, физикч Г.Галилей хойд Италийн Падова хотоос өөрийн цоо шинэхэн бүтээсэн телескопоороо хүн төрөлхтний түүхэнд анх удаа Бархасбадь гараг руу дуранджээ. Чухам түүний энэ үйлдэл, мөн нарийхан урт саваа нь хүн төрөлхтний түүхийн хуудсанд үлэмж том нөлөөг авч ирсэн юм.


Галилео Галилей

Иоханнэс Кеплер. Г.Галилейн мөр зэрэгцсэн эрдэмтэн, математикч, астрономич, астрологич суут нэгэн. Мөн л хязгааргүй од эрхэс рүү ширтээд тэдгээр алсын алсаас гэрэлтэн харагдах өнгөт оддын хөдөлгөөнийг тооцох гайхалтай басхүү сүрдэм санааг олсон нэгэн. Түүний гарагийн хөдөлгөөний гурван хууль шинжлэх ухаанд огт үзэгдээгүй сод нээлт байлаа.

Шинжлэх ухаан цэцэглэн хөгжсөн X жаранд анхны термометр (дулааныг хэмжих багаж) болон микроскоп мөн бүтээгдэв. Хүн төрөлхтөн эх дэлхийгээсээ халин гарч сансар огторгуйг дурандаж, басхүү дэлхий доторх хязгааргүй бичил ертөнц рүү ч аялж эхэлжээ. Аравдугаар жаран яахын аргагүй шинжлэх ухааны жаран байв.


зургийг: Big Think


Г.Галилей болон И.Кеплер нарын үйл хэргийг үргэлжлүүлэн Английн их эрдэмтэн Исаак Ньютон Бүх ертөнцийн таталцлын хуулиа боловсрууллаа. Аргын тооллын 1666 оны зуны адаг сарын нэгэн өдөр И.Ньютон модноос алим унахыг ажиглан суужээ. Чухам эл энгийн ажиглалтаас Бүх ертөнцийн таталцлын хууль мэндэлсэн түүхтэй. Хожим түүний эгч уг түүхийг илүү сонирхолтой болгох үүднээс дүүгийнхээ толгой дээр алим унасан мэтээр ярьсан гэдэг.


зургийг: la Repubblica


Дээрх явдлаас 46 жилийн өмнө анхны шумбагч онгоцыг Голландын зохион бүтээгч, инженер Корнелис Дреббел зохион бүтээжээ. Харин И.Ньютоныг цэцэрлэгтээ алим унахыг ажиглан суусан тэр өдрөөс 10 жилийн хойно Ойрадын Зүүнгарын хаант улс байгуулагдсан байдаг.


Ойрадын Зүүнгарын хаант улс Манж Чин гүрэнтэй байлдаж буй нь


XII жаран гарч өрнө дахинд Гэгээрлийн үе эхэллээ. Алдарт философичид болон их сэтгэгч нар болох Жон Локк, Вольтер, Жан Жак Руссо, Дэни Дидро нар өөрсдийн суут бүтээлүүдээ туурвин таван жарны өмнөх Сэргэн мандалтаас хойш хүн төрөлхтөн оюун санааны хувьд ахин цоо шинэ шатанд гарч ирэв.

Мөн утга, уран зохиолд олон арван гайхалтай бүтээлүүд шил дараалан төрсөн байдгийн дотроос хамгийн онцлууштай нь Английн зохиолч Жонатан Свифтын алдарт Гулливерийн аялал юм.


Гэгээрлийн үе


Арван гуравдугаар жаранд дэлхий дахинаа гурван томоохон хувьсгал дэгдэж хүн төрөлхтний ирээдүйг цоо шинээр өөрчлөн бичсэн бол Монголын сүүлчийн хүч Зүүнгарын хаант улс Манж Чин гүрэнд бүрэн ялагдаж монгол түмний хувь заяа тэс өөр эргүүлэгт орон Монгол улс газрын зургаас арчигдан алга болжээ.

Аргын тооллын 1775 он. Хойд Америк дахь Их Британийн ноёрхол ганхаж эхлэв. Их Британийн эзэмшлийн нутаг дэвсгэрт хувьсгал гарч улмаар АНУ-ын үндэс тавигдлаа. Тус хувьсгалыг түүхэнд Америкийн хувьсгал хэмээн тэмдэглэн үлдээв.


зургийг: History.com

Америкийн хувьсгалаас 14 жилийн хойно Францийн хувьсгал дэгдэж улмаар эзэн хаан XVI Луиг цаазаар авч улс төрийн эрх мэдэл, ард түмний үүрэг оролцоонд тэс өөр түүхийг дэлхийн өмнө харуулсан явдал болов.

Энэ жарны гурав дахь том хувьсгал бол мэдээж Аж үйлдвэрийн хувьсгал. Үйлдвэрлэл, шинэ техник технологи хүн төрөлхтний гарт орсноор хойчийн бидний ирээдүйн хувь заяа, тухайн үеийн хүмүүсийн өдөр тутмын амьдралыг эргэж буцалтгүй өөрчилжээ.


Францийн хувьсгал


XIV жаранд Хойд Америкт Америкийн иргэний дайн дэгдэж, Манж Чин гүрэнд Тайпигийн бослого гарч 20-30 сая хүн амь насаа алдаж, Хар тамхины дайн эхлэн дэлхий дахин ороо бусгаа байлаа. Харин яг энэ үед Чарльз Дарвин гэх эрхэм Гараг ертөнцийн үүсэл номоо туурвиж хүн төрөлхтний тархинд ёстой л их тэсрэлт авч ирэв.

Учир нь түүний эл бүтээл хүмүүсийг бурханд тэрслүүлж, улмаар философич Ф.Ницше өөрийн алдарт “Бурхан үхсэн” хэмээх үгээ эл жаранд хэлэв. Түүнчлэн түүний энэ л номоос үүдэн урлагт хүртэл “Натурализм” хэмээх тэс өөр урсгал мэндлэх нь тэр. Нэгэн хүний түүхэн дэх нөлөө гэж энэ буй за.


Чарльз Дарвин


XV жаранд дэлхий дахины ирээдүйг нэг мөр шийдсэн хоёр чухал үйл явдал болсны нэг нь 1917 оны Октябрийн хувьсгал, ЗХУ-ын эхлэл юм. Чухам энэ үйл явдлаас үүдэн манай улс БНМАУ улсаа байгуулж 70 жилийн турш социалист хөгжлийн замаар замнасан түүхтэй.


Октябрийн хувьсгал

Харин нөгөө үйл явдал нь 40 сая хүний амь насыг авч одсон Дэлхийн нэгдүгээр дайн байв. Энэ дайнаас үүдэн 1922 онд Османы эзэнт гүрэн нуран унасан бол 1921 онд Монгол улс тусгаар тогтнолоо ахин олж авсан билээ. Мөн энэ жаранд манай улс дөрвөн жарны нүүр үзсэн Манжийн дарлалаасаа салж, аргын 1924 онд анхны Үндсэн хуулиа баталсан юм.


Дэлхийн нэгдүгээр дайн


XVI жаранд мөн хоёр томоохон үйл явдал болсны нэг нь бүтэн арван жилийн турш үргэлжилсэн Их хямрал (The Great Depression) бол нөгөөх нь мэдээж түүнийгээ шил даран дагасан 85 сая орчим хүний амийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайн. Дэлхийн хоёрдугаар дайн араасаа Хүйтэн дайныг дагуулж Солонгос, Вьетнам, Афганистан зэрэг дэлхийн олон газарт дайн дэгдэж байлаа.


зургийг: History on the Net

Харин энэ жаранд хүн төрөлхтний бүтээсэн зүйлсийг дурдвал зурагт, компьютер, интернэт гээд өдгөө ч бидний өдөр тутмын хэрэглээнд буй олон техник, хэрэгслүүд бий. Түүнээс гадна энэ жаранд хүмүүний бүтээсэн хамгийн хөнөөлт зэвсэг болох атомын бөмбөг ч мөн бүтээгдсэн билээ.

Энэ жарны бас нэгэн онцлууштай үйл явдал бол мэдээж НҮБ байгуулагдаж БНМАУ гишүүн орон болсон түүхэн үйл явдал тохиосныг орхиж болохгүй.


НҮБ


Эцэст нь бидний амьдарч буй XVII жаран. Энэ жаранд одоогоор Дэлхий дахиныг хоёр дээвэрт хуваагаад байсан Хүйтэн дайн эцэс болж, Берлиний хана нурж, ЗХУ улс задран унав. Мөн Сарс, Ковид зэрэг цар тахал гарч олон сая хүний аминд хүрсэн халдварт өвчин ч гараад амжлаа. Мөн манай улс эл жаранд Ардчилсан хувьсгалаа өрнүүлэн албан ёсоор ардчилсан улс болсон билээ.

Түүнчлэн техник технологи урьд урьдынхаасаа ч илүү эрчимтэй хөгжиж хиймэл оюун, олон шинэ төрлийн нийгмийн сүлжээ, ухаалаг гар утас, дижитал хувьсгал өрнөсөөр буй.


зургийг: Medium

Өдгөө XVII жарны жин үдийн нар нь голлоод байна. Энэ жаран маань 2047 онд өндөрлөнө. Тэр өдөр дэлхий хаана хүрсэн байх бол? Шинэ жарны босгон дээр Монгол улс, монгол хүн хаана зогсож байх бол? Түүнийг зөвхөн өнөөдрийн та бид л тодорхойлж чадна.