Жил бүрийн есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гаргийг НҮБ-аас “World Cleanup Day” буюу “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Тус өдрөөр дэлхий нийтээрээ гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн, голын эрэг, ой мод зэрэг нийтийн эзэмшлийн болон байгаль орчны бүсийн хог хаягдлыг түүж, цэвэрлэдэг. 

Манай улсын хувьд ч энэхүү өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд JCI Progress-ийн хэрэгжүүлдэг “CleanUP Mongolia” төслийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ жилийн “CleanUP Mongolia” арга хэмжээ есдүгээр сарын 19-ний өдөр болж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, сургууль, аж ахуйн нэгжүүд зэрэг нийт 70 гаруй байгууллага хамтран зохион байгуулжээ. Тус арга хэмжээ Улаанбаатар хот болон 21 аймгийг хамарсан бөгөөд нийт 16,000 гаруй хүн оролцсон өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсан юм. 

“WORLD CLEANUP DAY”-ИЙН ТУХАЙ 


“World Cleanup Day” буюу “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” нь дэлхий нийтээрээ хог хаягдлын асуудалд анхаарал хандуулж, амьдарч буй орчноо цэвэрлэн, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхийг уриалдаг олон улсын томоохон санаачилгын нэг юм.

Дэлхий нийтийг хамарсан энэхүү санаачилга анх Эстони Улсаас үүдэлтэй. Тодруулбал, 2008 оны тавдугаар сарын 3-нд Эстони Улсын 50 мянга гаруй иргэн “Let’s Do It!” хөдөлгөөний хүрээнд нэгдэж, улс орон даяар их цэвэрлэгээ зохион байгуулжээ. Тухайн үед тус улсын нийт хүн амын дөрвөн орчим хувь нь энэхүү цэвэрлэгээнд оролцсон бөгөөд ердөө таван цагийн хугацаанд 10 гаруй мянган тонн хог хаягдлыг цуглуулсан байна. Улмаар энэхүү санаачилга бусад улс оронд түгэн дэлгэрч, олон мянган хүн нэгдэн оролцох болжээ. Ийнхүү 2018 оноос “World Cleanup Day” нэрээр дэлхийн хэмжээний цэвэрлэгээ зохион байгуулагдаж эхэлсэн ажээ.

Харин НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2023 онд жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрийг “World Cleanup Day” буюу “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” болгон тэмдэглэхээр тогтоол баталсан түүхтэй.

МОНГОЛ УЛС ХЭЗЭЭНЭЭС НЭГДЭВ? 


Монгол Улс 2020 оноос эхлэн “World Cleanup Day” хөдөлгөөнд нэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, JCI Прогресс салбар байгууллагын “CleanUP Mongolia” төслийн хүрээнд “Clean Up Day”-ийг зургаа дах жилдээ зохион байгуулж байгаа юм. Уг төслөөр дамжуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгдсэн цэвэрлэгээнд уриалан оролцуулж, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хог хаягдлаа бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьдог байна.

НЭГ ӨДӨР, НЭГЭН ЦАГТ


Уг арга хэмжээ нь дэлхийн улс орнуудад нэг өдөр, нэгэн цагт зэрэг зохион байгуулагддагаараа онцлогтой. Энэ жилийн “World Cleanup Day”-д дэлхийн 190 гаруй улс нэгэн зэрэг нэгдэн оролцож байгаа аж.

Манай улсын хувьд өнгөрсөн онд эл арга хэмжээг зохион байгуулахад нийт 11,000 гаруй хүн оролцсон нь тухайн жилийн өндөр үзүүлэлтүүдийн нэгээр тодорсон бөгөөд энэ жил оролцогчдын тоо 16,000 гаруйд хүрч, өмнөх жилийн үзүүлэлтээ илт давамгайлжээ.

Түүнчлэн өмнөх жилүүдэд үйл ажиллагааг голчлон Улаанбаатар хотод төвлөрүүлэн зохион байгуулдаг байсан бол энэ жилээс эхлэн цар хүрээгээ өргөжүүлж, нийслэлээс гадна Монгол Улсын 21 аймгийг хамруулж буйгаараа онцлогтой. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, сургууль, аж ахуйн нэгжүүд зэрэг нийт 70 гаруй байгууллага нэгдэж буй.


Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Н.Булгантамир

"Одоогоос хэдхэн жилийн өмнө олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахад байгууллага, төрийн байгууллага, эсвэл аль нэг байгууллагын гишүүнчлэлээр дамжуулан хүмүүсийг оролцуулах тохиолдол түгээмэл байсан. Харин өнөөдөр “CleanUP Mongolia”-д нэгдэж буй хүмүүс өөрсдийн хүсэл, сонирхлоороо бүртгүүлж, сайн дураараа оролцож байгаа гэдгийг онцлох нь зүйтэй.

Монгол Улс өнөөдөр 3.5 сая орчим хүн амтай. Харин энэ жилийн “CleanUP Mongolia” төсөлд 16,000 гаруй хүн бүртгүүлсэн нь нийт хүн амын 0.4 орчим хувьтай тэнцэх үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, 1,000 хүн тутмын дөрөв нь өнөөдөр эх дэлхийгээ цэвэрлэх үйлсэд сайн дураараа нэгдэж байна гэсэн үг. Энэ бол өмнө нь байгаагүй чухал амжилт.

Зарим хүмүүс “Та нар цэвэрлээд л байдаг, гэтэл хүмүүс хогоо хаясаар байна шүү дээ” гэж биднээс их асуудаг л даа. Гэхдээ бидний зорьж байгаа нэг зүйл нь өнөөдөр хэдэн тонн хог хаягдал цуглуулах биш, үүнд оролцож байгаа ирээдүй хойч үе, залуустаа зөн хандлага, хүмүүжил төлөвшүүлэх юм. Өнөөдөр энэхүү арга хэмжээнд маань оролцоод өөрийн биеэр хог түүж байгаа хүмүүс чинь дараагийн удаад өөрсдөө хог хаяхгүй, найз нөхөд, бусдадаа ч зөвлөнө. Тийм л сэтгэлгээг бүтээх гээд байгаа юм."

Энд хүрэлцэн ирсэн хүмүүсийг ажиглаад байхад бүгд л баяр хөөртэй, идэвхтэй оролцож байна. Хэн нэгэн уурлаж, дургүйцсэн зүйл огтхон ч алга. Ангиараа, найз нөхдөөрөө, хамт олноороо нэгдэж, хамтдаа цэвэрлэгээ хийж байна. Тэр ч байтугай Улаанбаатар хотод зохион байгуулж буй арга хэмжээнд оролцохоор Дорноговь аймгаас хүүхдүүд зориод ирсэн. Энэ нь уг үйл ажиллагаа хүмүүсийн хувьд ямар үнэ цэнтэй болж байгааг илтгэж байгаа биз ээ.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Н.Булгантамир

САЙН ДУРЫН АЖИЛТАН ЗАЛУУСЫН ОРОЛЦОО 


Энэ жилийн “CleanUP Mongolia” төслийн үйл ажиллагаанд нийт 60 гаруй сайн дурын ажилтан залуус зохион байгуулалтын багт ажиллажээ. Тэд оролцогчдыг бүртгэх, маршрутын дагуу зохион байгуулах, цэвэрлэгээний явцыг хариуцах зэрэг олон чиглэлд ажиллаж, арга хэмжээг хэвийн зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.


2026 оны CleanUP төслийн Ерөнхий зохион байгуулагч Б.Билгүүн

“Би одоо ШУТИС-ийн 3 дугаар курсийн оюутан. “CleanUP Mongolia” төслийг анх зохион байгуулагдаж эхэлсэн үеэс нь эхлэн оролцож ирсэн. Эхний жилүүдэд оролцогч гишүүний хувиар ажиллаж байсан бол энэ жил төслийн ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар энд нийт 60 гаруй сайн дурын ажилтан залуус ажиллаж байгаа. Өмнөх жилд 30-40 орчим залуусыг сайн дурын ажилтан оролцдог байсан бол энэ жил тоогоо хоёр дахин нэмэгдүүлж, илүү олон залууст оролцох боломж бүрдүүллээ. Мөн эдгээр залуустаа англи хэл дээрх олон улсын сертификат олгож байгаа юм. Гадагшаа олон улсад сургуульд сурах өргөдлөө илгээхэд ийм төрлийн сертификат их хэрэг болдог шүү дээ.

Нөгөөтээгүүр, энд ажиллаж буй залуус маань сайн найз нөхөдтэй болох, хүрээллээ тэлэх боломжтой нь хамгийн том давуу тал. Зарим хүүхэд сайн дурын ажилд оролцохдоо “таних хүнгүй, ганцаараа очоод яах бол” гэж эмээгээд бүртгүүлдэггүй юм билээ. Тиймээс би тэдэнд “Зүгээр ээ, хүрээд ирээд бидэнтэй нэгдээрэй” гэж хэлдэг. Харин үйл ажиллагаа дуусахад хүүхдүүд маань шинэ найз нөхөдтэй болж, өөрийн гэсэн хүрээлэлтэй болчихсон буцаж байгааг харах нь бидний хувьд энэ төслийн бас нэгэн сайхан үр дүн юм.

Төслийнхөө хүрээнд бид голын эрэг, хөвөө зэрэг харьцангуй эрсдэлтэй хэсгүүдэд цэвэрлэгээ хийдэг учраас 15-аас дээш насны иргэдийг хамруулдаг юм. Гэхдээ харгалзах хүнтэй бол үйл ажиллагаанд нэгдэх боломжтой.”

JCI ПРОГРЕСС БА БАЙГАЛЬД ЧИГЛЭСЭН САНААЧИЛГА 

JCI Mongolia нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг JCI байгууллагын үндэсний байгууллага бөгөөд нийт 17 салбар байгууллагатай. Үүний нэг болох JCI Прогресс салбар байгууллага нь энэ онд нийгэм, олон нийтэд чиглэсэн нийт 10 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний нэг нь “CleanUP Mongolia” юм.

Дэлгэрүүлж унших: JCI Прогресс салбар байгууллагын хамт олон


JCI Прогресс салбар байгууллагын 2026 оны Ерөнхийлөгч Ү.Амарбат

“JCI байгууллага нь жил бүр Ази, Номхон далайн бүсийн болон дэлхийн хэмжээний хурал, чуулганы үеэр салбар байгууллагуудын шилдэг төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулдаг. Өнгөрсөн хавар Япон Улсад болсон JCI-ийн Азийн чуулганы үеэр “CleanUP Mongolia” төсөл дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 5,000 гаруй JCI байгууллагын дунд 2026 оны “Шилдэг олон улсын хүмүүнлэгийн төсөл”-өөр шалгарсан.

“CleanUP Mongolia” төслийн хувьд хамгийн чухал анхаардаг зүйл бол ус. Бид төвлөрсөн хогийн цэг болон хотын төвийн хог хаягдал ихтэй хэсгүүдэд төвлөрөхөөс илүүтэйгээр гол, усны сав газар, тэдгээрийн эрэг орчмын бүсийг дагаж цэвэрлэгээ хийдэг юм. Учир нь хүн амын суурьшил ихтэй газруудад холбогдох байгууллагууд үндсэн чиг үүргийнхээ хүрээнд тогтмол цэвэрлэгээ хийж байгаа шүү дээ. Харин голын хөндий, сав газар, эрэг орчмын зарим хэсэгт тогтмол цэвэрлэгээ төдийлөн хийгддэггүй учраас бид энэ бүсүүдэд түлхүү анхаарч ажиллаж байна.

Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд Туул, Сэлэнгэ, Улиастай, Толгойт, Наран, Дунд гол зэрэг голын хөндий, эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэсэн бол энэ удаад мөн адил тус голын дагуух, ойролцоох бүс нутгуудад цэвэрлэгээ хийлээ. Ус бол хүний амьдралыг тэтгэж, байгаль дэлхийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй нөөц. Тиймээс бидний хувьд гол, усны сав газрыг хамгаалж, цэвэр байлгах нь төслийн гол зорилгуудын нэг.”

ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ТООН ҮЗҮҮЛЭЛТЭЭР 


Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын есөн байршилд 11,800 хүн нэгдэж, нийт 87 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Харин орон нутгийн хэмжээнд 21 аймгийн 45 цэгт 7,681 хүн оролцож, 367 тонн хог хаягдлыг цуглуулан цэвэрлэгээ хийжээ.

Ийнхүү энэ удаагийн арга хэмжээнд 16,000 орчим хүн оролцож, нийт 454 тонн хог хаягдлыг цэвэрлэн, нийслэл болон орон нутгийн байгаль орчныг цэвэр, цэгцтэй байлгахад бодит хувь нэмэр орууллаа.


ЦААШИД ЯАХ ВЭ? 


“CleanUP Mongolia” төслийг цаашид ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд нэг дор олон мянган хүнийг төвлөрүүлэхээс илүүтэйгээр Улаанбаатар хотын олон жижиг хэсэгт, тэр дундаа хотын захын гол, усны сав газрын ойролцоох бүсүүдэд цэвэрлэгээ хийхэд анхаарах аж. Өөрөөр хэлбэл, 10,000 хүнийг нэг цэгт төвлөрүүлэхээс илүүтэйгээр оролцогчдыг олон байршилд мянга мянгаар нь хуваарилан ажилласнаар илүү өргөн хүрээг хамарч, цэвэрлэгээний үр нөлөөг нэмэгдүүлэх боломжтой.