Өнөөгөөс зуун нэгэн жилийн өмнө тэнгэрт хальсан нэгэн герман хэлт, Чехийн зохиолч сүүлийн үед Z үеийн залуусын сонирхлыг онцгой татаж, TikTok-д түүний нэрийг дурдсан богино бичлэгүүд хэдэн зуун саяас нэг тэрбум хүртэл үзэлт цуглуулах болсон талаар дэлхийн томоохон хэвлэлүүд бичих болов. Тэр зохиолч бол алдарт Франц Кафка юм.
“Хувирал”, “Шүүх ажиллагаа”, “Мацаг баригч”, “Цайз” зэрэг олон алдартай бүтээлээрээ уран зохиолын ертөнцөд өөрийн гэсэн томоохон орон зайг бүтээсэн түүний үе үеийн уншигчдад нөлөөлөх цар хүрээ асар өргөн байх нь дамжиггүй. Гэвч түүнтэй адил нэр нөлөө бүхий зохиолчдын тоо гарын арван хуруунд багтахгүй олон байтал залуус чухам юуны учир Ф.Кафкатай илүү “ойртох” болов?
"Дэлхийн Философийн өдөр”-ийг тохиолдуулан уншигч танд эл өргөн, басхүү харанхуй ертөнцийн бүтээгч, хүн төрөлхтний хамгийн ээдрээтэй зохиолчдын нэгийн өнөө цагийн бидэнтэй улам бүр “ойлголцох” болсны цаад учрыг өгүүлэхээр энэхүү нийтлэлээ бэлтгэлээ.
“Kafkaesque” ба өнөөгийн хамгийн ганцаардмал үе
“Нэгэн өглөө Иозеф К. ямар ч буруугүй атлаа баривчлагдав. Хэн нэгэн түүнийг гүтгэснээс зайлахгүй.” хэмээсээр “Шүүх ажиллагаа” нэрт зохиолчийн амьд ахуйдаа дуусгаагүй роман эхэлдэг. Тус романд зохиолын гол дүр болох Иозеф К. юуны учир баривчлагдсанаа, мөн хэрхэн шүүгдсэн учраа огт мэдэлгүй байсаар эцэстээ цаазлуулдаг. Энэ төрлийн зохиолын сюжет Ф.Кафкагийн бүтээлүүдэд түгээмэл ашиглагддаг бөгөөд үүгээрээ зохиолч өөрийн гэсэн онцгой гарын үсгийг бүтээж чадсаны тод илрэл бол “Kafkaesque” хэмээх нэр томьёо юм.
Яг л “Шүүх ажиллагаа” зохиолын Иозеф К.-д тохиолдсон явдал адил төлөвлөсөн төлөвлөгөө нь нурж, юмс өөрийн удирдлагаас нь алдарсан ч хүн бууж өгөлгүй өөрт буй бүхий л хүчээ шавхан тэмцсээр эцэстээ гарах гарцгүй мэт мэдрэх, нөхцөл байдалд орохыг судлаачид “Kafkaesque” гэх үгээр илэрхийлдэг аж.
Ф.Кафкагийн дүрүүд ихэнхдээ логик ухаанаар тайлбарлагдах боломжгүй, давагдашгүй мэт аварга том хүчтэй нүүр тулдаг. Гэтэл тэр хүч нь угтаа учир утгагүй хүнд суртал, ганцаардал, хүнийсэл (alienation буюу бусдаас тусгаарлагдах, шахагдах мэдрэмж), дүрийн дотоод зовнил (anxiety) байх нь олонтоо.
Өнөөдөр бид үүнтэй төстэй мэдрэмжийг технологийн алгоритм, цахим орчноос бараг өдөр тутам мэдрэх болсон гэхэд хилсдэхгүй. Ганцхан жишээ дурдахад, 2023 оны судалгаагаар Z үеийнхний TikTok-оос хамаарах хамаарал дээд үеэсээ өндөр, мөн нийгмээс тусгаарлагдах, “хүнийсэх” нь ч түгээмэл болох нь батлагдсан байна. Түүгээр ч тогтохгүй, өөр нэгэн судалгаагаар Z үеийг өнөөгийн хамгийн ганцаардмал үе хэмээн нотолсон байдаг.
Мөн бидний амьдралд Instagram, YouTube, Facebook зэрэг олон сошиал платформ томоохон байр суурь эзлэх болсноор бусдын амьдрал ахуйг гар утаснаасаа л үзчих боломж бүрдсэн билээ. Энэ нь нэг талаараа мэдээллийн хурдыг нэмэгдүүлж буй сайн талтай боловч, нөгөө талаараа бусадтай өөрийгөө харьцуулах, улмаар өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун бус болох тохиолдлыг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг мартаж болохгүй. Ингээд л бид нэг өглөө босоод л “ямар ч буруугүй атлаа” бусдын амьдралд “баривчлагдах” болсон гэж хэлж болно.
“Ажлаас халшрахуй” ба цахим ертөнц дахь “өөр би”
Өнгөрсөн онд TikTok-д Ф.Кафкатай холбоотой бичлэгүүдээрээ олны анхаарлыг татсан Маргарита Моука The New York Times-д өгсөн ярилцлагадаа “Грегор Замза (“Хувирал” зохиолын дүр)-д тулгарсан хамгийн хэцүү даалгавар нь орноосоо босох байсан. Манай үеийн ихэнхэд нь түүнтэй яг ижил мэдрэмж төрдөг болов уу. Надад ч гэсэн тийм үе байсан.” гэжээ. Үнэхээр Ф.Кафкагийн зохиол бүтээлүүдэд ажил албын тухай өгүүлэх нь элбэг.
Түүний хамгийн алдартай бүтээл болох “Хувирал”-д л гэхэд зохиолын гол дүр Грегор Замза өглөө сэрээд өөрийгөө аварга том шавж болон хувирсан гэдгээсээ илүү ажлаасаа хоцрохоос айдаг. Улмаар гэр бүлээ нуруундаа үүрч явдаг асан Грегор Замза “хөдөлмөрийн чадвараа алдсан”-аасаа хойш гэрийнхэндээ адлагдаж, төрсөн эцэгтээ дэвсүүлэхдээ тулдаг. Эл зохиолын ёгт утга санааг тайлбарласан олон шүүмж, судалгаа, лекц байдаг ч Грегор Замзад тохиолдсон явдлыг нэг талаасаа манай үед нүүрлэж буй ажлаас халшрах хам шинжтэй холбон тайлбарлах боломжтой ч байж магадгүй.
Холбоотой нийтлэл: Ажлаас халшрах хам шинжтэй холбоотой 4 үнэн, 4 ташаа ойлголт
Нөгөө талаас The New York Times-ийн бичсэнээр интернэтэд бид өөрсдийн өөр нэгэн “би”-гээ бүтээх ёстой болсон нь үнэндээ хүнийг өөрөө өөрийгөө “алдах”-д хүргэж буй гэнэ. Тодруулбал, өнөөдөр бидний цахим профайл дахь “би” бодит амьдрал дээрх “би”-гээс өөр хүн байж таарах нь тийм ч гайхаж цочирдом зүйл байхаа нэгэнт болиод буй. Энэ тухай өнөөгөөс зуу гаруй жилийн өмнө Ф.Кафка хэдийн бичиж байсан нь түүний “Надад өөртэйгөө адилхан юм бараг л үгүй.” гэх эшлэлээс тодхон харагдана. Мөн “Шүүх ажиллагаа” романы гол дүр болох К.-гийн адил үл үзэгдэгч “шүүгчид” бидний алхам бүрийг “үл мэдэх” шүүлтүүрээр шүүх болсныг уншигч та юу эс андах билээ.
Түүнчлэн, Ф.Кафкагийн үеийн хөдөлмөрийн мөлжлөг өнөөгийн цахим эринд хүний олон нийтийн сүлжээнд хуваалцаж, нийтэлж буй бүхэн нэгэн төрлийн “тарах цаггүй” хоёр дахь ажил болон хувирсан хэмээн The New York Times онцолжээ. Тодруулбал, өмнө нь зар сурталчилгааны ажил тодорхой бүлэг хүмүүсийг хамарсан албан ёсны ажил байсан бол өнөөдөр нийгмийн сүлжээг хэрэглэж буй хүн бүр “сайн дураар” ямар нэгэн байгууллагын сурталчилгааг хуваалцаж, олон нийтэд түгээн “өөрийн мэдэлгүй” зогсолтгүй ажиллах болсон юм.
Ф.Кафкагийн хүнийсэл, үл үзэгдэх, учир нь үл олдох, давагдашгүй хүчний тухай хүчирхэг хүүрнэлүүд өнөөгийн алгоритмд суурилсан дижитал нийгмийг дэргэдээс нь хараад биччихсэн аятай таарч буй нь тус нийгэмд төрж, өсөж буй дэлхийн хамгийн анхны үе болох Z үеийн бид түүнтэй илүү “ойртох” болсны цаад шалтгаан болов уу. Үүнээс гадна “бүтээмж тэнцүү өөрийгөө үнэлэх үнэлэмж” гэх тэнцэтгэлийн дагуу амьдрах болон бүр эсрэгээр нь амьдрахын хоёр туйл манай үеийнхнийг хувааж буй энэ цагийн нэгэн том “Kafkaesque” болоод байна.

Сэтгэгдэл бичих

