Одоо ч дэлхий дахиныг шуугиулсан хэвээр буй таргалалтын эсрэг оземпик тарилгын араас хөрөнгө оруулагчид үс уналтын эсрэг шинэ эмчилгээний зах зээл рүү шуурч эхэллээ. Сүүлийн 30 орчим жилийн турш энэ салбарт ямар ч шинэ эм, технологи гарч ирээгүй тул хөрөнгө оруулагчид үс уналтын зах зээлийг "дараагийн оземпик" гэж харж байгаа аж.
Америкт гэхэд л удамшлын шалтгаанаар үс нь унадаг 50 сая гаруй эрэгтэй, 30 сая гаруй эмэгтэй байдаг. Энэ том зах зээлийн эзлэхээр үс уналтын эсрэг шинэ эм бүтээж буй Veradermics компанийн хувьцаа энэ оны хоёрдугаар сард хөрөнгийн зах зээлд гарснаасаа хойш бараг 500 хувиар өссөн нь ажиглагдсан юм. Үүн дээр нэмээд хиймэл оюун ашиглан шинэ эм зохион бүтээж байгаа Absci компанийн хувьцааны үнэ энэ жил л гэхэд хоёр дахин нэмэгдсэн. Гэхдээ сонирхолтой нь энэ өсөлт нь шинжлэх ухааны агуу том нээлт гэхээсээ илүүтэй энэ салбарт байгаа ашиг орлогын боломжтой холбоотой байж мэднэ.
Бид өмнө нь оземпик жил гаруйн өмнө тайлбарлаж байлаа. Харин сүүлийн үед энэ эм монголд орж ирээд шуугиан тариад байна. Тэгвэл дараагийн шуугиан тарих эм нь үс уналтын эсрэг эм байх бололтой.
Ozempic буюу тураах тарианы туйлшрал нийтлэлийг энд дарж уншина уу.
Үс уналтын шалтгаан
Удамшлын шалтгаанаар үс унахыг шинжлэх ухаанд "андрогенийн алопеци" буюу удамшлын шалтгаант үс уналт гэж нэрлэдэг. Энэ нь үсний уутанцар нь бие дэх DHT хэмээх гормонд хэт мэдрэг болсноос үүсдэг. DHT гормон нь үсний уутанцрыг бага багаар жижигсгэж, үсийг улам нарийн, улам богино болгосоор эцэст нь үс ургахыг бүрмөсөн зогсоодог байна.
Одоогоор Америкийн Хүнс, эмийн захиргаанаас удамшлын үс уналтын эсрэг зөвшөөрөгдсөн ердөө хоёрхон эм байдаг. Энэ нь хуйханд түрхдэг миноксидил (1988 онд зөвшөөрөгдсөн) болон ууж хэрэглэдэг финастерид (1997 онд зөвшөөрөгдсөн) эм юм. Сонирхолтой нь, энэ хоёр эм хоёулаа анхнаасаа үс ургахад зориулж хийгдээгүй, харин тэс өөр өвчин эмчлэх гэж байгаад тохиолдлоор үс ургуулдаг нь батлагдсан түүхтэй.

Миноксидилийг анх 1960-аад онд ходоодны шарх эмчлэхээр судалж байсан гэдэг. Гэвч зүрх судас тэлэх үйлчилгээтэй байсан тул 1971 оноос цусны даралт ихсэх өвчнийг намдаахад зориулж уух эм болгон хэрэглэж эхэлсэн байна. Энэ үед өвчтөнүүдийн бие болон толгой дээр үс хэт ихээр ургах гаж нөлөө ажиглагдсан тул үс уналтын эсрэг хэрэглэх судалгааг эхлүүлжээ. Улмаар 1988 онд хуйханд түрхдэг Rogaine брэндийн 2%-ийн шингэн уусмал болгон зөвшөөрч, хожим нь үр дүнг нь сайжруулахын тулд эрчүүдэд зориулсан 5%-ийн хөөсөн болон шингэн хувилбарыг гаргав.
Миноксидил үсийг хэрхэн ургуулдаг вэ?
Эмч нар миноксидилийг олон жил хэрэглэж байгаа ч яг яаж үс ургуулаад байгаа нарийн учрыг одоо хүртэл зуун хувь олж тогтоогоогүй гэвэл яах уу? Гэхдээ дараах таамгууд бий:
Цусны урсгалыг сайжруулж: Миноксидил нь хуйхны цусны судсыг тэлдэг. Ингэснээр үсний уутанцарт цусны урсгал сайжирч, үс ургахад хэрэгтэй хүчилтөрөгч болон шим тэжээлийг илүү ихээр хүргэдэг.
Унтаа байдлаас сэрээнэ: Үс ургах идэвхтэй хугацаа буюу анаген үе шатыг уртасгаж, ургахаа болиод унтаж байсан үсний үндсийг сэргээн идэвхжүүлдэг.
Үсийг өтгөрүүлнэ: Шинээр ургах үсний ширхгийг илүү өтгөн, бүдүүн болгож ургахад тусалдаг.
Хамгийн гол нь миноксидил эм өөрөө шууд үс ургуулдаггүй. Хүний хуйханд байдаг сульфотрансфераза хэмээх тусгай фермент буюу идэвхжүүлэгч бодисын тусламжтайгаар миноксидил нь миноксидил сульфат гэдэг идэвхтэй хэлбэр рүүгээ хувирч байж үсийг ургуулдаг. Тиймээс хуйханд нь энэ фермент их хэмжээгээр байдаг хүмүүсийн үс миноксидил хэрэглэхэд маш хурдан бөгөөд сайн ургадаг гэж ойлгож болно.

Өнөөгийн эмчилгээнүүд яачихсан хэрэг вэ?
Одоо ашиглаж байгаа үс уналтын эсрэг эмүүд хэд хэдэн сул талтай:
Финастерид эмийн гаж нөлөө: Тус эм нь DHT гормоныг зогсоож үс уналтын эсрэг сайн нөлөөтэй ч эрчүүдэд бэлгийн дуршил буурах, шодой хөвчрөхгүй болох зэрэг гаж нөлөөтэй. Түүнчлэн жирэмсэн эмэгтэй хэрэглэвэл урагт гажиг үүсгэх маш өндөр эрсдэлтэй тул жирэмсэн болон хүүхэд төрүүлэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд уухыг хатуу хориглодог.
Өдөр бүр түрхэх бараг боломжгүй: Шингэн эсвэл хөөсөн миноксидилийг өдөрт хоёр удаа хуйхандаа түрхэнэ гэдэг бараг боломжгүй шүү дээ. Мөн түрхэхэд үс байнга тослогдож харагдах, харшил өгөх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Үүнээс болоод түрхдэг эм хэрэглэж эхэлсэн хүмүүсийн 86 гаруй хувь нь эхний нэг жилийн дотор хэрэглэхээ бүрмөсөн больдог гэнэ.
Хэрэглэхээ зогсоовол буцаад унана: Миноксидил нь үс уналтыг бүрмөсөн эмчилдэггүй. Хэрэв түрхэхээ зогсоовол шинээр ургасан үснүүд 3-4 сарын дотор буцаад унаж, үс тань урьдынхаасаа ч илүү шингэрэх эрсдэлтэй. Иймээс бараг насан туршдаа хэрэглэхээс өөр аргагүй болдог байна.

"VDPHL01" капсул
"VDPHL01" капсул
Түрхдэг миноксидилд итгэл нь алдарсан хүмүүст зориулж арьсны эмч нар сүүлийн үед миноксидилийг маш бага хэмжээгээр (өдөрт 0.25-аас 5 мг) уух эм болгон бичиж өгөх арга хэрэглэж эхлээд байна. Яах вэ, өдөр бүр үсэндээ нэг юм түрхээд байхгүй амар ч гэсэн уусан эм нь зөвхөн хуйханд биш, бүх биед нөлөөлдөг тул зүрх дэлсэх, даралт буурах, толгой эргэх, бие хавагнах зэрэг зүрх судасны асуудал үүсгэж болзошгүй.
Харин эдгээр асуудлыг арилгахаар Veradermics компани VDPHL01 гэдэг шинэ эмийг хөгжүүлж буй. Энэ эм нь миноксидилийн 8.5 мг-ийн тунтай боловч биед маш алгуур шингэдэг (extended-release) капсул эм.
Гол онцлог нь ходоодонд ороод гол бодис цусанд шууд орохгүй, өдрийн турш маш бага багаар алгуур ялгардаг гэсэн үг. Ингэснээр зүрхэнд огцом ачаалал өгөхгүй тул зүрх дэлсэх, толгой эргэх гаж нөлөө гарахгүй аюулгүй бөгөөд үсний үндсийг өдрийн турш тогтвортой тэжээж ургах боломжийг олгодог.

VDPHL01-ийн туршилтын үр дүн
Эрчүүдийн дунд хийсэн том хэмжээний клиник туршилтад үс уналттай 519 эрэгтэйг хамруулж, гурван хэсэгт хуваан 6 сарын турш ажиглажээ.
- Өдөрт нэг удаа VDPHL01 уусан бүлэгт 1 см² талбайд дунджаар 30 шинэ үс ургасан.
- Өдөрт хоёр удаа уусан бүлэгт 1 см² талбайд дунджаар 33 шинэ үс ургасан.
- Харин ямар ч үйлчилгээгүй хуурамч эм уусан бүлэгт 1 см² талбайд ердөө 7 шинэ үс ургасан байна.
Ажиглалтаар өдөрт нэг удаа ууж байсан эрчүүдийн 79 хувь, өдөрт 2 удаа ууж байсан эрчүүдийн 86 хувь нь сайжирсан гэсэн бол хуурамч эм уусан хүмүүсийн дөнгөж 36 хувь нь л сайжирсан гэв. Мөн энэ зун явуулсан эмэгтэйчүүд дээр хийсэн туршилтад 10 эмэгтэй тутмын 9 нь үснийх нь халзралт багасаж, өтгөрсөн гэж хариулсан юм. Хэрэв FDA энэ эмийг зөвшөөрвөл үс уналтын эсрэг зөвшөөрөгдсөн дэлхийн хамгийн анхны дааврын бус уух эм болно.
Ирээдүйн эмчилгээ хааш чиглэж байна вэ?
Миноксидилоос гадна өөр хэд хэдэн сонирхолтой эмчилгээнүүд хийгдэж байгаагаас:
Clascoterone (Cosmo Pharmaceuticals): Энэ эм нь хуйханд түрхдэг бөгөөд үсний уутанцарт очих DHT гормоныг шууд хаах үйлчилгээтэй. Cosmo компани 2027 оны эхний улиралд FDA-аас зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын шинжээчид энэ эм гарвал жилд 3 тэрбум долларын борлуулалт хийх боломжтой гэж тооцоолоод байна.
ABS-201 (Absci): Хиймэл оюун ашиглан бүтээсэн тарилга бүхий бүтээгдэхүүн. Гэхдээ Absci компанийн энэ эм одоогоор хүний биед үс ургуулж чадсан бодит туршилтын дата байхгүй, зөвхөн 32 эрүүл сайн дурын хүмүүс дээр аюулгүй байдлын анхан шатны сорил хийсэн шатандаа яваа тул хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэлтэй бүтээгдэхүүн болоод буй.

Үс уналтын эсрэг эмийн судалгаа ирээдүйтэй боловч яг батлагдчихсан дата, судалгаа хомс хэвээр байна. Тиймээс энэ төрлийн эмийг шууд туршиж үзэх гэж яаралгүй шинэ мэдээлэл, судалгаанд шүүмжлэлт сэтгэлгээгээр хандаарай.
Сэтгэгдэл бичих

