Өнөөгийн бидэнд үндэсний бахархал болсон Монгол бичгээ сурах гэсэн ч эл бичгээрээ унших, шинэ мэдээ мэдээлэл, мэдлэг авах гарын доорх эх сурвалж өдрийн од. Ялангуяа өдөр тутам гар утаснаасаа монгол бичгээр цахимд унших эх сурвалж олно гэдэг тун бэрх. Гэтэл бидэнд монгол бичгээр бичсэн зузаан, цаасан ном үүрч явах боломж тэр бүр таарахгүй бөгөөд үүнээс үүдэн эл бичгээрээ унших дадал тогтолгүй, монгол бичгээ сурах, улам ахиулан лавшруулахаас халшрах тохиолдол олонтоо.
Өмнө нь бид уншигч танд монгол бичгээ сурахыг хүсвэл заавал татах 5 аппыг санал болгож байсан бол энэ удаа цахимд Монгол бичгээ сурах, унших боломжтой, ёстой л эрээд олдохгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд мэт 8 эх сурвалжийг хүргэж байна.
Цахимд Монгол бичгээр унших эх сурвалжууд улам олон болох болтугай.
1. News.mn
Бидний сайн танил News.mn маань Монгол бичгээрээ мэдээ, мэдээлэл давхар нийтэлдгийг бид тэр бүр мэддэггүй. Гэтэл уг сайт Монгол бичгээр шинэ соргог мэдээ, мэдээлэл хүргэсээр даруй 10 жилийн нүүрийг үзээд буй аж.
Сайтын Монгол бичгийн хувилбар нь үндсэн сайттайгаа төстэй өнгө төрхтэй боловч арай цөөн буюу улс төр, нийгэм, эдийн засаг, спорт, соёл гэсэн 5 булантай. Мөн үндсэн сайтынхаа нийтэлсэн нийтлэлүүдийг л Монгол бичгээр хөрвүүлэн нийтлэх бус тусдаа мэдээ мэдээлэл, нийтлэл хүргэдэг бие даасан сайт гэж хэлж болохуйц. Өдөр тутам эх оронд болон дэлхий дахинд өрнөж буй мэдээ мэдээллээс эхлээд төрөл бүрийн сонирхолтой сэдвээр монгол бичгээрээ унших боломж олгодог нь тус сайтын үнэхээр олзуурхууштай тал нь.
Түүнчлэн уг сайтын нийтлэл, мэдээ сэлт нь тун богинохон. Ердөө нэг хоёр өгүүлбэрээс эхлээд хоёр гуравхан л цогцолбороос нэг мэдээ бүрдэх тул та өдөртөө хэдхэн минутыг зарцуулахад л монгол бичгээ давтах, унших, нүдлэх боломжтой гэсэн үг.
2. Цахим номын сан
Дотоодын уран зохиолын бүтээлүүдийг монгол бичгээрээ унших боломжтой захиалгат үйлчилгээний (subscription) сайт. Энэ сайтын нийтийн уншлагын булан, монгол бичгээр зохиол унших цэсээс Монголын нууц товчоог бүрэн эхээр нь уншиж болохын сацуу өөр олон утга зохиолын өгүүллэг, туужтай танилцах боломжтой.
Захиалгын үнэ нь нэг сарын 5000, улирлын 10000, жилийн 30000 төгрөг гэсэн гурван сонголттой. Түүнчлэн хүүхдийн уншлагын хэсгээс олон үлгэр, домгийг Монгол бичгээрээ унших боломжтой нь бүх түвшний уншигч нарт унших эх сурвалж олгосон давуу талтай.
3. Хүмүүн бичиг
“Хүмүүн бичиг” сонин нь монгол бичгээр гардаг долоо хоног тутмын цорын ганц тогтмол хэвлэл гэдгээрээ онцгой. 1992 оны 5-р сарын 10-ны өдөр анхны дугаараа гаргаснаас хойш тасралтгүй 30 жилийн турш шинэ дугааруудаа уншигчдын хүртээл болгосоор буй. Энэ хугацаанд тус сонин нь монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, түүнд суралцах, хэрэглээг нь нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн байдаг.
“Хүмүүн бичиг” сонины цахим хувилбараас монгол бичгээр бичигдсэн олон төрлийн нийтлэл, мэдээ, мэдээллийг унших боломжтой бөгөөд тус сайт нь монгол бичгийн ямар ч түвшинтэй хүнд унших эх, бичвэр олоход хамгийн тохиромжтой платформ. Сонины нийтлэлүүд нь үндэсний бичгийг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхэд түлхэц болж, цахимаар унших боломж олгодог нэгэн томоохон орон зай гэдгээрээ онцлууштай.
4. Монгол бичиг
Энэ сайт нь Монгол бичгээр эх, бичвэрүүд унших боломжтойгоос гадна Монгол бичгийн дүрэм, дасгал, цагаан толгой зэргийг ч багтаасан гэдгээрээ онцлог. Уг сайт Монгол бичиг анхлан сурах гэж буй болон сэргээн санах гэж буй хүмүүст илүү тохирох бөгөөд үсэг, цагаан толгой, дүрэм зэргийг богино, ойлгомжтой байхаар кирилл үсгээр тайлбарлаж хавсаргасан.
Мөн үндсэн сайтаас нь ӨМӨЗО-д монгол бичгээр хэвлэгдэж байсан Голомт сэтгүүлийн бүх дугаарыг унших боломжтой. Хүний эрх, эрх чөлөөг боогдуулсан хэвлэл мэдээллийн хязгаарлал дор хашигдан татагдсан уг сэтгүүлийн бүх дугаарыг Өвөр Монголын Хүний эрхийн мэдээллийн өртөө өнөөгөөс 18 жилийн тэртээ буюу 2007 онд цахим хувилбарт шилжүүлсэн байдаг аж. Доор Голомт сэтгүүлийн бүх дугаарын холбоосыг орууллаа.
5. Дани Улсын Үндэсний номын сан
Дани Улсын Үндэсний номын сангийн цахим номын сан хөмрөгт хэд хэдэн Монгол бичгээр бичигдсэн эх сурвалж бичгүүд орсон байдаг байна. Тухайлбал, “Хутагт их хураангуйд Молон Тойн бодисад эхийн ач тусыг хариулсан намтрын судар оршвой” (мөн “Их хувилгаант Молон Тойн эхийн ачийг хариулсан тууж бүлэг” хэмээх хувилбар ч бий) “Арван зүгийн эзэн Гэсэр хааны тууж оршвой” зэрэг ховор нандин сурвалжууд Монгол бичгээр цахимд унших боломжтой байдаг аж.
Эдгээр судар бичгүүдээс Монгол бичгийн гар бичмэл болон монгол хэлний уламжлалт, дээд найруулга зэргийг судлан харах боломжтой бөгөөд үндэсний бичгээ улам гүн гүнзгий эзэмшихэд тань нэн чухал судлагдахуун эх болох боломжтой.
6. Монгол бичиг блог
Энэ блогоос та төрөл бүрийн сэдвийн, янз бүрийн эх бичвэр, судар номыг монгол бичгээрээ унших боломжтой. “Эрдэнийн сан Субашид”-аас эхлээд Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Пүрэвдорж гуайн “Тусгаар тогтнол” шүлгийн хэсгийг ч монгол бичгээр олж уншина. Тус блогийн нэгэн онцлогтой тал нь аливаа унших эх, бичвэр нь тун богино, хэдхэн минутын л ажил шаардах тул хүн хүлээж суух зуураа, автобусанд явах зуураа нэг эх уншаад авах бүрэн боломжтой юм.
7. Wikibilig
“...Mонгол бичиг шинжлэх ухааны бичиг мөн, эрдэм мэдлэг дэлгэрүүлэх хэрэгсэл байж чадна гэдгийг батлан үзүүлэх хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй. Хүн төрөлхтний аливаа хэл, тэр хэлтэйгээ хамт хөгжсөн бичиг нь мэдлэг, мэдээлэл тээх зорилготой байдаг төдийгүй тухайн нийгмийнхээ хөгжлөөс шалтгаалаад ямар төрлийн мэдлэг дамжуулах нь тодорхойлогддог…”
хэмээн манай “Бид монгол бичгээ ингэж ашигладаг” нийтлэлд оролцсон Wikibilig цахим нэвтэрхий толийн Ерөнхий редактор Н.Гантуяагийн санаачлан хэрэгжүүлж, эрхлэн явуулж буй эл цахим нэвтэрхий толь бол бидэнд мөн монгол бичгээрээ цахимд “унших юм” бүтээж буйн онцлох жишээ. Түүнчлэн Wikibilig нь чөлөөт нэвтэрхий толь учраас хэн бүхэн бүртгүүлэн өөрийн сонирхдог сэдвээрээ нийтлэл бичин монгол бичгээрээ унших эх, бичвэрийн тоог нэмэх боломжтой билээ.
8. bicilken
Эцэст нь дурдах нэгэн онцлууштай цахимд унших сурвалж бол “bicilken”. Энэ хаягаас Монгол бичгээр энгийн, өдөр тутмын, хамгийн гол нь орчин үеийн бидний хэлний хэрэглээнд ойртуулсан бичвэр, тун бүтээлч постуудыг унших боломжтой бөгөөд Монгол бичгээ илүү амьд, илүү эгэл, тэртээх хэдэн зууны өмнөх их түүхийг л бичих, эсвэл хэл зүйн томоохон судлагдахуунд л хэрэглэгддэг бичгийг биш, хэн бүхний сэтгэлд ойр байж чадах тэр л Монгол бичгийг олж харах боломжтой.
Унших тусам урагшилна!