Монгол хэл, бичгийн шалгалт хаяанд ирлээ. Энэ нийтлэлийг уншиж байгаа та магадгүй шалгалтдаа хэрхэн бэлдэхээ мэдэхгүй, эсвэл хараахан бүрэн гүйцэд бэлдсэн мэт мэдрэмжгүй, сандарсан, тэвдсэн, зөвлөгөө эрж буй болов уу. Хэрэв тийм бол та яг зөв нийтлэлээ унших гэж байна. Учир нь бид энэ нийтлэлээрээ Монгол хэл, бичгийн шалгалтын жишиг даалгавар дээр ажиллан, түүнээсээ танд хэрэг болох шигшмэл 7 зөвлөмжийг хүргэхээр бэлтгэсэн юм.
(Нийтлэлдээ 2018 оны МХБШ-ын жишиг даалгаврыг авч ашигласан болно)
1. Монгол ахуйтай холбоотой үгийн сангаа нэмэх
Шалгалтын жишиг даалгавар дээр ажиллахаасаа өмнө тоглоомын дүрмээ ойлгоцгооё. Товчдоо, МХБШ-ын сэдэв даалгаврын бүтэц нь монгол хэл, уран зохиол хичээлийн агуулгын хүрээнд нийцсэн байхаас гадна монгол бичгийн унших чадварыг сорьсон байж болох ба тест даалгаврын олон хэлбэрийг ашиглаж боловсруулагддаг. Харин шалгалтын материал нь хоёр хэсэгтэй байх бөгөөд нэгдүгээр хэсэг нь олон хариултаас сонгох хэлбэрийн (даалгавар тус бүр 2 оноотой), хоёрдугаар хэсэг нь задгай хэлбэрийн (эх зохиох, богино хариултаар нөхөх гэх мэт даалгавруудаас бүрдэх бөгөөд тус тус 5, 5, 20 оноотой) даалгавруудаас бүрдэнэ. Шалгалтыг гүйцэтгэх хугацаа 100 минут байна.
Шалгалтын эхний хэсэг өгөгдсөн эхийг анхааралтай уншаад асуултад хариулах, даалгавар гүйцэтгэх хэсэг байдаг учир эхлээд сайн анхааралтай унших хэрэгтэй. Доор 2018 оны МХБШ-ын жишиг даалгаврын В хувилбарын унших эхийг орууллаа.

Эхийг анхааралтай уншсаны дараа хамгийн эхний даалгавар нь тухайн эхэд гарч буй тодорхой үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийг олох даалгавар байдаг. Энэ хэсэгт төдийлөн хэцүү үгс орж ирдэггүй ч ихэвчлэн монгол ахуй, малчин ахуйн үгс орж ирэх өндөр магадтай байдгийг онцлууштай. Тиймээс хэрэв та монгол ахуйтай холбоотой үгс төдийлөн сайн мэдэхгүй бол урьдаар хамгийн өргөн хэрэглээний, энгийн үгсээс сурч бэлдсэн байх нь зүйтэй. Харин үнэхээр мэдэхгүй үг байвал өгүүлбэрийн хам утга болон урд ба хойно нь орсон өгүүлбэрээс тухайн үгийн утгыг олох боломжтой. Гэхдээ хэрвээ та монгол роман, уран зохиолын бүтээлүүд сайн уншдаг бол энэ даалгаварт төдийлөн санаа зовох хэрэггүй. Жишээ болгон дээрх эхэд орсон тодорхой үгсийн утгыг тайлцгаая.

Өгөгдсөн үгс нь “хөдөс, хамхуул, эцгэр, сөл, хөрзөн”. Хэрвээ та эдгээр үгсийн утгыг мэдэж байвал шууд зөв хариуг сонгож болно. Харин мэдэхгүй байгаа тохиолдолд эдгээр үгсийн эхэд орсон өгүүлбэрүүдийг эргэж харах хэрэгтэй. Жишээ болгон гурван үгийн тайлбарыг үзүүлье:
Ховор цагийн туух хамхуул ч үгуй сувай салхи газрын элэг шиншлэн гүйнэ - Энэ өгүүлбэрээс харахад хамхуул нь салхинд туугдах, туугддаг ямар нэгэн зүйл болох нь илэрхий харагдах бөгөөд даалгаврын зөв хариултаас “1. хатахдаа үндэснээсээ салж бөөрөнхий бут болон салхинд хийсэх өвс ургамал” нь эл үгийн утгатай хамгийн их ойрхон тайлбар болох юм.
Гэнэтхэн нүүдэл хөдлөхөөс өмнө бууриа цэвэрлэж байхдаа охиноо хөхүүлээд, хураалттай хөрзөнгийн нөмөрт хэвтүүлж байснаа саналаа - Энэ өгүүлбэрийн хувьд таслалын өмнөх “бууриа цэвэрлэж байхдаа” гэх дүрийн үйл хөдлөл эл хөрзөн хэмээх үгийн утгыг тодруулахад тусална. Мөн “хураалттай” хэмээх тэмдэг нэр тус үгийн утгыг бүр ч илүү тодруулах бөгөөд үүнээс зөв хариулт нь “4. хонь, ямааны баас шээс дагтаршиж тогтсон нь” болно.
Тэн тохироогүйгээс ч тэр үү хоёр муу эцгэр тэмээ нь байсхийгээд гунганатал буйлаад хэвтчихнэ - Энэ өгүүлбэр дэх “эцгэр” үгийн утгыг “Тэн тохироогүйгээс ч тэр үү”, “байсхийгээд гунганатал буйлаад хэвтчихнэ” гэх хоёр илэрхийлэмжээс илэрхий ойлгож болно. Эл үгтэй хамгийн ойрхон утгын тайлбар тэгэхээр “5. маш туранхилан арьс яс төдий болсон нь” болох юм. Эсвэл эл үгийн язгуураас нь мөн утгыг нь олж болно. “Эц” хэмээх язгуураас “эцэх, эцэнхий” зэрэг өргөн хэрэглээний үгс гарах бөгөөд үүнээс тус үгийн утга бүр ч илүү тодорхой болж байна.
2. Ном унших
МХБШ-д бэлдэх хамгийн үр дүнтэй арга бол унших. Эх хэл дээрээ үндэснийхээ болон орчуулгын хэд хэдэн роман уншаад хэрэв мэдэхгүй, шинэ үгтэй таарвал тухайн үгийнхээ тайлбарыг нь олж мэдээд тэмдэглэх нь тун үр дүнтэй арга болно. Учир нь шалгалтын эхний хэсэг бүхэлдээ өгөгдсөн эх дээр ажиллах, түүнийг задлах даалгаврууд байх тул анхааралтай, тогтож унших, уншсанаа ойлгох л чадварыг шалгах юм.
Жишээ нь жишиг даалгаврын нэгдүгээр хэсгийн дөрөв дэх асуулт “Сийлэг охиноо үгүйлэх болсны учир юу вэ?” гэхэд хариултын сонголтууд хоорондоо тун төстэй, басхүү аль нь ч байж болох юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ асуултаа дахиад сайтар анхааралтай уншвал тус асуулт тухайн дүрийг буюу Сийлэгийг охиноо үгүйлэхэд хүргэсэн анхдагч үйл явдлыг асууж нь буй нь тодорхой харагдана. Тиймээс зөв хариулт нь В буюу “Хөх дэлэн нь чим чим хатгуулж, халуун сүү хэвлийг нь даган урссан учраас” болно.
3. Яруу хэрэглүүр, уран дүрслэлийн талаар судлах
Уран зохиолын хичээл дээр бид бүгд ёгтлол, багасгал, хэтрүүлэл, хүншүүлэл, адилтгал, егөөдөл зэрэг дүрслэх хэв маяг, яруу хэрэглүүрүүдийн талаар сонсдог. Гэхдээ чухам эдгээрийн аль нь уран зохиолд ямар үүрэгтэй болохыг тэр бүр нарийн ялгадаггүй. Ерөнхийдөө үгийн утгаар нь багасгал гэж аливааг багасгаад байгаа, хэтрүүлэл нь хэтрүүлээд (бараг худлаа ярихыг дүйцүүлж ойлгох хандлагатай) биччихийг хэлээд байгаа мэт ойлгох нь ажиглагддаг. Гэтэл бид химийн Натри хлорид (NaCl)-ыг баримжаалаад давс бил үү, сахар бил үү гээд сууж байгаад химийн ЭЕШ өгдөггүй шүү дээ. Үүнтэй адил бид уран зохиолын ч нарийн дүрслэлийн хэв маяг, онолын мэдэгдэхүүнийг чухалчлан үзэх хэрэгтэй.
Жишээ нь дээрх эхийн “хоёр муу тэмээнийх нь бөх хажуу тийш богцтой ганзагалаа мэт налмайн унжсан нь..." гэсэн өгүүлбэрийн дүрслэх ур маяг нь адилтгал болно.
4. Зөв бичгийн дүрмээ давтах
Шалгалтын хоёрдугаар хэсэгт зөв бичгийн алдаатай үг олоод засах даалгавар ирдэг. Тиймээс зөв бичгийн дүрмээ эхнээс нь нэг хараад авах хэрэгтэй. Хэрэв зөв бичгийн дүрмийн журамласан толийг сөхөх боломж, цаг завгүй бол бидний хамгийн их түгээмэл алддаг алдааны тухай бичсэн Алдаагүй бичихэд туслах анхан шатны 6 дүрэм нийтлэлийг минь гүйлгээд хараарай.
Жишээ болгон жишиг даалгавар дээр ажиллая:
Намрын мөнгөн өглөө гэрээс гархад нар нүдэн дээр хүүхдийн инээд шиг наадав. Би нарыг алгаараа хаан, нүдээ аньхад шижир туяа нь хурууны завсраар алтан хараацай шиг шургана. Навчин дээр шүүдэр хоночихсныг хараад хөл нүцгэн гүйхэд таатай сайхныг мэдрэнэ. Хүүхэд насны түүхэт он жилүүдээ эргэн дурсахад сэтгэлд дотно.
Эдгээр тодруулсан үгс алдаатай болно. Үг бүр дээр нэг бүрчлэн тайлбарлавал:
Гархад - Үйл үгийн “-х”-гийн өмнөх эгшгийг гээдэггүй дүрэмтэй.
Аньхад - Тус үг нь үйл үг учир дагавар залгах хэлбэр нь “ань” (захиран тушаах хэлбэр) бус “аних” байна. Тиймээс “анихад” гэж бичих нь зөв.
Хоночихсныг - Тус үгийг “хоночихсоныг” гэж бичих нь зөв. Учир нь Монгол хэлний үйл үгийн өнгөрсөн цагаар тодотгон холбох нөхцөл (- сан4)-ийн араас заах тийн ялгал шууд залгагдах үед эгшиг гээгддэггүй.
Мэдрэнэ - Үйл үгийн одоо, ирээдүй цагийн “-на4” дагаврыг үйл үгийн захиран тушаах хэлбэрт холбодог. Жишээ нь, сонс-сонсоно, мэдэр-мэдэрнэ, бод-бодно, хичээ-хичээнэ гэх мэт.
Түүхэт - Түүх+т хэмээн залгахад “-э” эгшгийн шаардлагагүй, шууд залгана.
5. Үндэсний бичгээ давтах
МХБШ-ын хоёрдугаар хэсгийн үндэсний бичгээс кирилл бичиг рүү хөрвүүлэх ажил (зөв бичгийн алдаа олох даалгавартай адил) нь 5 оноотой буюу уг шалгалтын нэгдүгээр хэсгийн хоёр зөв хариултаас ч илүү өндөр оноотой. Тиймээс шалгалтаас өмнө үндэсний бичгээрээ түгдрэлгүй унших, кирилл үсэг рүү хөрвүүлэх бэлтгэл хийх шаардлагатай. Жишээ болгон жишиг даалгаврын эхийг кирилл үсэг рүү хөрвүүлье.

"Буга орой дуудвал, намрын гандсан өвс хэнзэлбэл, тоодог өвөлжвөл өн болно. Тарвага эрт ичвэл, хангайд зээр үзэгдвэл, өвсний толгой эрт хүрэнтвэл, туулай, бор гөрөөсний бөөрний өөх их байвал зуд болно гэж үздэг байсан уламжлалтай ажээ."
Үндэсний бичгээс кирилл үсэг рүү хөрвүүлэхэд нэгэн бяцхан зөвлөмж (tip) хэлэхэд өнөө цагийн монгол хэлэнд урт эгшиг үндэсний бичгээр ЭГЭ (эгшиг, гийгүүлэгч, эгшиг) хэлбэрт бичигддэгийг санууштай. Жишээ нь дуудвал гэх үгийг үндэсний бичгээр дагудабал (мөн гөрөөсний, бөөрний) хэмээн бичсэн байна. Мөн үндэсний бичгээ бэлдэхэд уламжлалт, өвөрмөц бичигддэг үгсийг нүдлэх нь их хэрэгтэй. Жишээ нь гүү гэх үгийг үндэсний бичгээр гэгүү, гууль гэх үгийг гаули, гэнэт гэхийг гэнэтдэ (дэвсгэр -т болон сүүлэн -э) гэх мэтчилэн өвөрмөц бичдэгийг нүдлээд авах нь зүйтэй.
6. Эх зохиох дадлага хийх
Шалгалтын хамгийн чухал буюу хамгийн өндөр оноотой даалгавар бол өгөгдсөн сэдвийн дагуу эх зохион найруулах. Тиймээс шалгалтаас өмнө янз бүрийн сэдвээр хэд хэдэн эх зохиож бэлдэх хэрэгтэй. Тэгэхдээ эхийн бүтэц (эхлэл, дунд хэсэг, төгсгөл), найруулга, утга санаагаа цэгцтэй илэрхийлэх, алдаагүй зөв бичих зэрэг олон шаардлагыг хангаж буй эсэхээ нягтлах, багшаасаа зөвлөгөө авах, өөр хүнд уншуулж үзэх нь чухал. Мөн үүн дээр монгол хэл дээр бичигдсэн ба орчуулагдсан эсээ унших нь тун үр дүнтэй бэлтгэл болно. Жишээ нь Л.Өлзийтөгс зохиолчийн “Үзэхийн хязгаар”, Л.Түдэв гуайн “Үгэн бороо”, М.Монтений “Сонгомол эсээнүүд” зэргийг унших нь тус даалгаварт тун үр дүнтэй бэлтгэл болох юм.
7. Цагаа сайн тооцоолох
Аливаа шалгалт өгөхдөө хамгийн сайн анхаарах ёстой, хүн бүрийн өгдөг зөвлөгөө бол мэдээж цагаа зөв, сайн тооцоолох. Шалгалтын хамгийн сүүлийн даалгавар 200-250 үгтэй эх зохиох даалгавар байдаг тул цагаа зөв тооцох нь нэн чухал. Учир нь шалгалтын сүүлээр цаг бага байхад эх зохиох нь эхийн зохиомж, найруулгад сөргөөр нөлөөлдөг. Тиймээс эх зохиох дадлага хийхдээ хэр хугацаанд бичиж буйгаа хянахыг зөвлөе.
Мөн таны бичсэн эхийг дараах шалгуураар шүүхийг анхаараарай. Үүнд:
- Үндэслэл, сэдэв зорилгоо хангаж буй чадвар (5 оноо)
- Баримт мэдээллээр баяжуулах чадвар (2 оноо)
- Бичлэгийн хэлбэр, төрлийг ашиглах чадвар (2 оноо)
- Бүтэц (2 оноо)
- Найруулга (3 оноо)
- Үгийн тоо (2 оноо)
- Зөв бичгийн дүрмийн алдаа (3 оноо)
- Бичгийн хэв (1 оноо) зэрэг орно.
Эцэст нь Монгол хэл бичгийн шалгалт нь таны эх хэлний мэдлэгийг шалгах, хамгийн гол нь монгол хүний хамгийн чухал үнэт зүйл болох монгол сэтгэлгээг шалгахад оршиж буйг онцлохыг хүслээ. Бид гадаад хэлний IELTS, TOEFL, JLPT, TOPIK, HSK зэрэг олон шалгалтад хичээнгүйлэн олон сар, жилээр бэлддэг хэр нь ээ эх хэлнийхээ шалгалтыг огт хайхардаггүй мэт. Тиймээс ЕБС-аа төгсөж буй уншигч танаас МХБШ-даа сайн бэлдэж, өндөр оноо авахыг хүсье. Энэ нь эх хэлээ хайрлаж буйн хамгийн том хэлбэрийн нэг юм шүү.

Сэтгэгдэл бичих (6)


L Letu 66.181.177.176
Margaash shlgttai shalgltndaa zvrh setgelee zoriuln ogh bolnoo ail boloh 700+avna tanrt ch bas amjilt
M Medkue 183.177.110.157
Uuriiguu Hel bicig dre unacih bolov uu , unahgui bolov uu, shalgalt duhuh dusam uriiguu chamalj uurtuu hamgiin iheer uram hugarc bna . Zarimdaa uriigu uramshuulj het uriigu duviilgud baigan yum shig ene comment iig Hel bicgee ugj duusad edged unsh ba hhe
l lostjargl 103.229.120.234
4.10nd boloh shalgltnda beldj l suundaa araic unachgv blgvde gel bodjin bas bascihgvihenshg sain beldj baigaa ondor onoo awndaa
I IOI 103.57.94.170
mongol hun ged shalgaltanda beldehgu tenegtwee joohon jijig sajig zuils haraarai AMJILTT GUYS HICEEGEREII
З Зочин 202.179.3.216
Энэ шалгалтад унасан ч дахин боломж байгаа гэдгийг битгий мартаарай. Тэглээ гээд хөнгөн хуумгай хандах зүйл ч биш юм шүү. Шалгалт өгөх гэж байгаа бүх арвандолоотонгууддаа амжилт хүсье ! ! !
k kkee 202.9.46.166
zza tgd ugnudu mongl hun bnda te arai ch mingol heldee unahgui blgude te tiin zza gl all whtu gudfyu