Хүн төрөлхтний оюун ухааны цэнгэлийн манлай болсон Нобелийн шагнал өнгөрөгч долоо хоногт болж өнгөрлөө. Тэртээ 1901 онд Швед улсын химич, инженер, зохион бүтээгч Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу түүний хөрөнгийг физик, хими, анагаах ухаан, утга зохиолын салбар, энх тайвны үйлсэд аливаа хувь хүний болон албан байгууллагын оруулсан хувь нэмрийг үнэлэн олгож байхаар тус шагнал төрсөн түүхтэй. Улмаар тэр цаг мөчөөс хойш Дэлхийн I, II дайны он жилүүдийг эс тооцвол эдүгээ хүртэл тасралтгүй үргэлжилсээр буй уг шагнал хэдийн манай бөмбөрцгийн хамгийн нэр хүндтэй шагнал болсон билээ.
Ингээд энэ жилийн утга зохиол, эдийн засаг, энх тайвны салбарт хэн, юуны учир эл нэр хүндэт шагналын эзэн болсныг багцлан танилцуулъя.
Харин энэ жилийн байгалийн ухааны салбар дахь шинэ Нобельтнуудын судалгаа, нээлтүүдийг та манай бичээч Гэрэлээгийн Нобель 2025-ын эзэд (Байгалийн ухаан): ХЭН? ЯАГААД? нийтлэлээс уншаарай.
Өнгөрсөн жилүүдийн Нобелийн шагналтнуудтай танилцах:
Эдийн засаг
Эдийн засагчдын тухай
Энэ жил Жоэл Мокир, Филипп Агион, Питер Хауитт нар Эдийн засгийн ухааны Нобелийн шагналыг хүртлээ. "Хүн төрөлхтөн сүүлийн хоёр зуун жилд анх удаа эдийн засгийн тасралтгүй өсөлт үзүүлээд буй бөгөөд энэ нь асар олон хүнийг ядуурлаас гаргаж байгаа хэрэг билээ. Харин энэ жилийн Нобелийн Эдийн засгийн шагналыг хүртэж буй эрхэм Жоэл Мокир, Филипп Агион, Питер Хауитт нар нь инновац эл өсөлтийг хэрхэн улам цааш ахиулж болох арга замыг тайллаа" хэмээн Нобелийн шагналын хэвлэлийн мэдээнд онцолсон байв.
Профессор Жоэл Мокир нь 1946 онд Нидерланд Улсад төрсөн бөгөөд 1972 оноос Йелийн Их сургуульд зөвлөхөөр ажлын гараагаа эхлээд 1974 оноос АНУ-ын Northwestern University-д туслах профессорын албыг хашжээ. Тэрээр мөн Принстоны Их сургуулийн хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Economic History of the Western World нэрт цуврал номын ерөнхий редактор, Journal of Economic History сэтгүүлийн хамтарсан редактораар тус тус ажиллаж байв.
Профессор Филипп Агионы хувьд гучин нэгэн настайдаа буюу 1987 онд Харвардын Их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэргээ хамгаалаад улмаар тухайн жилдээ Massachusetts Institute of Technology сургуульд туслах профессорын албаар ажлын гараагаа эхлүүлж байсан аж. Түүний дараагаар тэрээр Английн Оксфорд, Лондоны Их сургуулиудад багшилжээ.
Харин профессор Питер Хауитт University of Western Ontario-д 1972 оноос 1996 он хүртэл, 1996 оноос 2000 он хүртэл Ohio State University-д дөрвөн жил ажиллажээ. Тэрээр 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл Брауны Их сургуульд багшилж байна.
Бүтээлүүд
Профессор Питер Хауиттын голлох бүтээлүүдээс нэр дурдвал Endogenous Growth Theory (Профессор Филипп Агионы хамт), Innovation, Competition and Growth: A Schumpeterian Perspective on Canada’s Economy, Business Cycles with Costly Search and Recruiting зэрэг олон судалгааны ажил, номууд буй.
Профессор Филипп Агионы тухайд сүүлд хэвлүүлсэн, хамгийн алдартай бүтээл нь “The Power of Creative Destruction: Economic Upheaval and the Wealth of Nations” билээ. Уг бүтээл дэх “Creative Destruction” гэх ойлголтыг Шведийн Академиас хэвлэлийн мэдээндээ голлон онцолсон бөгөөд тус нэр томьёог тэрээр 1992 онд Профессор Питер Хауиттын хамт оноож байжээ.
Харин профессор Жоэл Мокирын The Enlightened Economy: An Economic History of Britain, 1700-1850 бүтээл нь хамгийн алдартай бөгөөд уг номыг алдарт Penguin Random House-аас эрхлэн гаргасан байдаг.
Юуны учир
Профессор Жоэл Мокир тогтвортой эдийн засгийн өсөлт хэрхэн энгийн л үзэгдэл болж хувирдгийн цаад шалтгааныг тайлбарлахдаа түүхэн эх сурвалжуудыг ашигласан нь судалгааны онцгой шийдэл болжээ. Тэрээр хэрэв зах зээлд шинэ инновац тасралтгүй, бие даан гарч ирж байдаг гэж үзвэл үүний цаад учир шалтгааныг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах шаардлагатай хэмээн үзсэн аж.
Харин дээр өгүүлсэн “Creative Destruction” гэх математик моделийг тун энгийнээр тайлбарлавал аливаа компани зах зээлд бүтээлч байдлаар инновацлаг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх үед тухайн инновацаас хоцрогдолтой бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлээс түлхэгдэнэ. Энэ утгаараа шинэ инновац зах зээлд гарах бүр хуучин бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээлч байдлаар үгүй хийдэг гэж ойлгож болно. Уг асуудлын цаадах механизмыг профессор Питер Хауитт, Филипп Агион нар тайлбарласан нь эл салбар дахь хамгийн том шагналыг хүртэхэд чухал нөлөө үзүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, дээрх гурван эрдэмтэн өөр өөрийн замаар “Creative Destruction” нь зайлшгүй шийдвэрлэх ёстой зөрчил, ашиг сонирхлын мөргөлдөөн үүсгэдгийг тайлбарлажээ. Түүнчлэн, хэрвээ эдгээр зөрчлийг бүтээлч, зөв арга замаар удирдан зохицуулахгүй бол шинэ инновацыг хуучин тогтсон компаниуд болон ашиг сонирхлын бүлгүүд хааж боох аюултайг эдгээр бүтээлүүд харуулсныг Шведийн Академиас онцоллоо. Харин юуны учир эл гурван эрхэмд Нобелийн шагнад хүртээснээ Академийн зүгээс “Инновацад суурилсан эдийн засгийн өсөлтийг тайлбарласны төлөө” Нобелийн шагнал олгов хэмээжээ.
Утга зохиол
Зохиолчийн тухай
Унгарын нэрт зохиолч Ласло Краснахоркай 1954 оны гуравдугаар сарын 5-нд Гюла нэрт жижиг хотод төржээ. Зохиолчийн хүүхэд нас үзэл суртлын хатуу ширүүн он жилүүдэд өнгөрсөн бөгөөд дунд сургуулиа төгссөнийхөө дараа 1978 онд Будапешт хотын Лоран Этвёшийн нэрэмжит Их сургуульд элсэн, хууль, уран зохиолын чиглэлээр суралцсан байна.
Тэрээр 1970-аад оноос уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн боловч ЗХУ-ын үзэл суртлын нөлөөн доорх Унгар Улс түүний бүтээлүүдийг хашиж хавчих, “цензурдэх” явдал бишгүй байв. Улмаар Ласло Краснахоркай 1987 онд анх удаа коммунист Унгараас гарч, Баруун Германд жил гаруй хугацаанд амьдарчээ. Сонирхуулахад, 1990 онд Зүүн Азийн орнуудаар аялахдаа Монголд ирж байжээ. Ийн тэрээр Монгол Улсаар аялж байхдаа “Өргөө хотын хоригдол” (Der Gefangene von Urga) бүтээлийнхээ санааг олсон гэнэ. Харамсалтай нь тус роман нь одоогоор англи хэл рүү орчуулагдаагүй байгаа аж.
Бүтээлүүд
Зохиолчийн анхны роман “Sátántangó” (1985) нь Унгарын социалист нийгмийн задрал, ард түмний найдвар ба төөрөгдлийг гүн уянгын, басхүү урт өгүүлбэр бүхий өвөрмөц хэв маягаар дүрсэлсэн бүтээл бөгөөд 1994 онд найруулагч Бела Тарр уг романаар ижил нэртэй кино бүтээсэн нь тэр даруй шуугиан тарьсан байна.
Үүний дараа “Az ellenállás melankóliája” (The Melancholy of Resistance, 1989) бүтээлдээ тэрээр итгэл найдварын тухай өгүүлдэг бол “Háború és háború” (War and War, 1999) романдаа хүн төрөлхтний түүхийн төгсгөл, бичгийн мөнхийн үнэ цэнийг эргэцүүлдэг аж.
Мөн “Seiobo There Below” (2008) бүтээлдээ зохиолч шашин, урлаг, гэгээрэл, гоо зүйн тухай гүн ухааны өгүүлэмжийг Япон, Грек, Испани зэрэг олон соёлоос үүтгэн сүлсэн байдаг. Түүний ихэнх бүтээлийг орчуулагч Оттили Мулцет англи хэлнээ буулгасан бөгөөд зохиолчийн бүтээлүүд The New York Times, The Guardian зэрэг дэлхийн нэр хүндтэй олон сонин, хэвлэлүүдээс болон шүүмжлэгчдээс ч өндөр үнэлгээ авч байжээ.
Юуны учир
Шведийн Академиас “Цөвүүн цагийн айдас хүйдэс дунд ч урлагийн хүчийг дахин нотлон тунхаглаж, цуцашгүй хүчирхэг, холч мэргэн зохиол бүтээлүүд туурвисных нь төлөө” түүнд энэ нэр хүндтэй шагналыг олгов хэмээжээ.
Цагийн зөрүүнээс болоод Studio Ghibli-гийн найруулагч Х.Мияазаки өмнө жил Оскарын эзэн болсноо мэдэлгүй гэртээ нойрсож байсантай адил Ласло Краснахоркай ч мөн Нобелийн шагналын эзэн болсноо мэдээгүй байтал найз нь уг мэдээг дуулгахаар шөнө дүлээр гэрт нь очсон байна.
Энх тайван
Шагналтны тухай
Мария Корина Мачадо нь Венесуэлийн улс төрч, инженер мэргэжилтэй, ардчилал, хүний эрхийн төлөө олон жил тууштай тэмцсээр ирсэн сөрөг хүчний удирдагч эмэгтэй юм. Тэрээр 1967 онд Каракас хотод төрсөн бөгөөд 2000-аад оноос эхлэн Венесуэлийн ардчилсан хөдөлгөөний тэргүүн эгнээнд гарч ирсэн Мачадо “Súmate” хэмээх төрийн бус байгууллагыг байгуулж, сонгуулийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг удирдаж эхэлжээ.
Мөн тэр бээр Үндэсний ассамблейн гишүүнээр сонгогдож, улмаар Николас Мадуро болон түүний дэглэмийн эсрэг хамгийн нөлөө бүхий сөрөг хүчний дуу хоолой болсон байна. Ард түмнийхээ эрх чөлөө, шударга ёсны төлөө тууштай дуугарч ирсэн тэрээр олон удаа улс төрийн дарамт, заналхийлэлд өртсөн ч бууж өгөлгүй, Венесуэлийн ардчиллын төлөө цуцалтгүй тэмцсээр буй.
Идэвх зүтгэл
Тэрээр социалист дэглэмийг сөрж, Ноколас Мадурогийн удирдсан дарангуйллын эсрэг ард иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх болон сонгуулийн эрх чөлөөг хамгаалах үйлсэд олон жил идэвхтэй оролцож иржээ.
Түүнчлэн, Мачадо олон удаа баривчлагдаж, сонгуульд нэр дэвших эрхээ хасуулж, гадаад орнуудтай харилцах эрхээ хүртэл хязгаарлуулсан ч өөрийн байр сууриа орхилгүй, энх тайвны тэмцлийн зарчмаар ардчиллыг сэргээх үйлсээ үргэлжлүүлсээр ирсэн байна. 2023 онд тэрээр сөрөг хүчний урьдчилсан сонгуульд ялалт байгуулсан нь олон улсын анхаарлыг татаад зогсохгүй, Венесуэлийн ард түмэнд итгэл найдвар төрүүлсэн чухал үйл явдал болж өнгөрсөн билээ. Түүний хорь гаруй жилийн тууштай, хүчирхийллээс ангид тэмцэл, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн манлайлал нь энэ цаг үед Өмнөд Америкийн хүний эрх, эрх чөлөөний хамгийн хүчтэй дуу хоолой болж чадсан юм.
Юуны учир
Нобелийн хорооноос “Венесуэлийн ард түмний төлөөх мятаршгүй тэмцэл, дарангуйллаас ардчилалд шударга, энх тайван замаар шилжихийг уриалсан үйл хэрэгт нь энэхүү шагналыг олголоо” хэмээн мэдэгджээ. Түүгээр ч зогсохгүй түүнийг А.Нобелийн гэрээслэлдээ Энх тайвны шагналыг хүртэх хүнд тавьсан гурван шаардлагыг гурвуулыг нь бүрэн хангасан хэмээн мэдэгдсэнийг ч дурдууштай. Нобелийн хорооны хэвлэлийн мэдээг эшилбэл тэдгээр нь:
Тэрээр эх орныхоо сөрөг хүчнийг нэгтгэсэн. Венесуэлийн цэргийн дэглэмийн эсрэг тууштай тэмцсээр ирсэн. Мөн энх тайван замаар ардчилалд шилжих үйл хэргээсээ хэзээ ч гуйвж байгаагүй юм.
Ингээд энэ жилийн Нобелийн нийтлэлээ жаргаая. Харин та ирэх онд хэн, хэн тус нэр хүндэт шагналын эзэд болно гэж таамаглаж буйгаа, энэ жилийн таамаглаж байсан хүмүүсээ ч мөн сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.