Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт Шведийн нийслэл Стокгольм хотод зохион байгуулагддаг Нобелийн шагналтныг зарлах үйл ажиллагаа уламжлал ёсоор энэ сарын 2-ноос 9-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Уг үйл ажиллагаагаар хүн төрөлхтний хөгжлийг түвшин ахиулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдийн ололт нээлт, оролдлого зүтгэлийг үнэлэн физиологи-анагаах ухаан, физик, хими, утга зохиол, энх тайван, эдийн засаг гэсэн зургаан салбараас шагналын эздийг тодруулдаг билээ. Ингээд хамтдаа дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналыг хүртсэн эрхмүүдтэй танилцъя.
2022 оны Нобелийн шагналтнуудтай танилцах:
Эйнштейний эндүүрэл буюу 2022 оны Нобелийн физикийн шагналыг тайлбарлах нь
Нобелийн 2022 оны физиологийн шагналын эзэн + 40 мянган жилийн настай ясны ДНХ
Молекулуудыг удирдах арга буюу 2022 оны Нобелийн химийн шагналыг тайлбарлах нь
ФИЗИОЛОГИ БУЮУ АНАГААХ УХААН
Унгарын биохимич Katalin Karikó | Америкийн дархлал судлаач Drew Weissman
Энэ жил физиологи буюу анагаах ухааны салбарын онцлох нээлтээр мРНХ технологийн суурь судалгаа шалгарсан юм. Товчхондоо дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлыг намжаах шинэ “зэвсэг” болсон вакциныг хөгжүүлэхэд тэд томоохон хувь нэмэр үзүүлжээ. Асар хурдан хугацаанд үржих чадвартай вирус гээч зүйлтэй хүн төрөлхтөн бид нэлээд эртнээс танилцаж, түүнээс шалтгаалсан томоохон хор хохиролтой учирсаар ирсэн. Хамгийн ойрын жишээ нь Ковид-19 байсныг та бид мэдэж буй. Гагцхүү тэдний хийсэн суурь судалгааны ачаар, басхүү генетик инженерчлэл, молекул биологийн хөгжлийн үр дүнд уламжлалт вакцинаас ялгаатай вакцины шинэ төрлийг богино хугацаанд гарган авч чадсан юм. Уг мРНХ технологийн эхний практик хэрэглээ нь вакцин бөгөөд цаашид олон төрлийн эмчилгээнд ашиглагдах боломжтой аж.
ФИЗИК
Квант оптик чиглэлийн физикчид Pierre Agostini | Ferenc Krausz | Anne L’Huillier
Тэд 0.0000000000000001 секунд бүхий аттосекундын лазерийг бүтээжээ. Ийм богино хугацаагаар бид юуг хэмжих боломжтой вэ? Ертөнц дээрх хамгийн хурдан материйн нэг болох электроны хөдөлгөөнийг хэмжиж болох юм. Нэг хэсэгтээ бид электроныг хэтэрхий хурдан хөдөлдгийг үл мэдэн огт хөдөлдөггүй гэж эндүүрч байлаа. Гэвч одоо электроны ертөнцөд хөл тавих боломж нээгдсэн төдийгүй үүний тусламжтайгаар электроны хөдөлгөөнийг хэзээ ч хэмжиж байгаагүйгээр нарийн хэмжиж, өмнө нь харж байгаагүй зүйлсээ ойлгож эхлэх боломжтой болж буй. Жишээ нь Альберт Эйнштейнд Нобелийн шагнал авчирсан фотоэлектрикийн нөлөөг судалж болно. Үүний үр дүнд илүү хурдан электроник төхөөрөмжүүд зохион бүтээгдэж, анагаах ухаан, нанотехнологийн салбарт үсрэлт хийгдэх мөч ойртох юм.
ХИМИ
Нанотехнологийн эрдэмтэд Moungi G. Bawendi | Louis E. Brus | Alexei I. Ekimov
Квант цэг хэмээх нанокристалыг бүтээхэд тэдний хийсэн суурь судалгаа хувь нэмрээ үзүүлсэн юм. Сүүлийн үед 8K нягтаршилтай QLED дэлгэц, нугардаг дэлгэцтэй гар утас, итгэмээргүй бага энерги зарцуулалттай цахилгаан төхөөрөмж, илүү өндөр бүтээмжтэй нарны хавтангууд эрчимтэй хэрэглээнд нэвтэрч буй. Харин энэ бүхний цаана квант цэг хэмээх нанокристалууд бий. Хэдийгээр квант гэж байгаа боловч тэгтлээ жижиг биш бөгөөд дээр дурдсан аттосекундтэй харьцуулах боломжгүйг дурдах нь зүйтэй.
Нэг квант цэг дотор ойролцоогоор 100-100 мянган ширхэг атом оршдог ба тэднийг нэг төрлийн атом гэхэд хэцүү. Тодорхой хэдэн элементээс лабораторийн түвшинд зохион бүтээсэн, атомтой төстэй онцлогийг үзүүлж чаддаг “хиймэл атом” гэж болохуйц тогтоц юм. Ялгаатай нэг зүйл нь бид эдгээр хиймэл атомуудын хэмжээг өөрчилж болох ба үр дүнд нь түүний оптик буюу гэрэлтэй харилцан үйлчлэх шинж чанар өөрчлөгддөг. Энэ зарчмын дагуу дээр дурдсан олон технологийн үүд хаалгыг нээгдэж буй бөгөөд цаашид ч бидний төсөөлөлд хараахан буугаагүй байгаа олон нээлтийн үндэс болж мэднэ.
ЭНХ ТАЙВАН
Хүний эрхийн төлөө тэмцэгч Narges Mohammadi
Иран дахь эмэгтэйчүүдийн дарангуйллын эсрэг тэмцэл хийгээд хүн бүрийн эрх, эрх чөлөөний тэмцлийнх нь төлөө түүнд Нобелийн шагнал гардуулсан юм. Түүний хувьд сүүлийн 20 гаруй жилийн хугацааны дийлэнх үед шоронд хоригдсон ба шагнал хүртэх үедээ ч мөн хоригдож байжээ. Тодруулбал, үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж, төрийн эсрэг суртал ухуулга явуулсан хэргээр түүнд арван жил, есөн сарын хорих ял оноосон аж.
Наргесийг Нобелийн шагналын эзнээр өргөмжлөх болсон гол шалтгаан нь 2022 оны есдүгээр сард хижаб зүүгээгүйгээс болж амиа алдсан Махса Аминисийн шударга бус үхлийн төлөөх жагсаалд хувь нэмрээ оруулахын сацуу, одоогийн хоригдож буй шоронд нь эмэгтэйчүүдийн эрх зүй бусаар зөрчигдөж байгаа үнэнийг илчилсэн явдал байсан юм.
УТГА ЗОХИОЛ
Жүжгийн зохиолч Jon Fosse
Өдгөө 64 настай Норвегийн зохиолч Ёон Фоссед дуугарах боломжгүй хүмүүсийн дуу хоолой болсон шинэлэг жүжгийн зохиол бичсэнийх нь төлөө Нобелийн шагнал хүртээсэн юм. 12 настайгаасаа утга зохиолд шимтэн бичих их үйлд шамдсан тэрээр одоогоос 40 жилийн өмнө анхны зохиолоо хэвлүүлж байжээ. Түүний хувьд 40 орчим жүжиг, роман, богино өгүүллэг, хүүхдийн ном, яруу найраг, эсээ бичсэн туршлагатай зохиолч юм.
ЭДИЙН ЗАСАГ
Америкийн эдийн засгийн түүхч Claudia Goldin
Харвардын их сургуулийн профессор түүнд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлийн үр дүнгийн талаарх ойлголтыг нэмэгдүүлсэн хувь нэмрийг нь үнэлэн шагнал олгосон билээ. Илүү тодруулбал, эмэгтэйчүүд яагаад эрчүүдээс бага орлоготой, ажил эрхлэлтийн хувьд доогуур байдгийг сүүлийн 200 жилийн өгөгдөлд суурилан тайлбарласан юм. Тэрээр судалгаандаа 20-р зууны сүүлийн хагаст эмэгтэйчүүдийн боловсролын түвшин нэмэгдэж, гэрлэх дундаж нас өсөн, жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглээнд нэвтэрсэн зэрэг нь жендэрийн ялгаатай байдлыг бууруулахад эергээр нөлөөлсөн гэдгийг тусгажээ.