Хүн төрөлхтний уран зохиолын сор бүтээл Одиссэйн их хөлгөн тууль эх хэлнээ бүрэн орчуулагдаад зургаан жил өнгөрчээ. Өнөөгөөс 2800 орчим жилийн тэртээ сохор, өвгөн туульч Хомерын бүтээсэн эл агуу бүтээл мянга мянганы турш дэлхийн хүн ардын үлгэр домог, үүх түүх, утга, уран зохиолд үр шимээ өгсөөр ар араасаа үй түмэн олон урлагийн гайхамшгийг дагуулсаар ирсэн байдаг. Алдарт “Синдбад далайчны үлгэр”, “Тэнгэрлэг туульс”, “Үлисс”, “Усан доогуур 20,000 бээр аялсан нь” гээд уг жагсаалтыг үргэлжлүүлбэл дуусашгүй гэхэд хилсдэхгүй. Тэрчлэн хэдхэн хоногийн өмнө алдарт кино найруулагч К.Нолан энэхүү он цагийг элээсэн туульсаас сэдэвлэсэн бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоод буй.
Холбоотой нийтлэл: Эртний Грекийн домогт туульсын нэг "Одиссэй" номын тухай
Холбоотой нийтлэл: Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад дипломатч Д.Цахилгаан
Харин бид өнөөдөр уншигч та бүхэндээ Хомерын Одиссэй хэмээх энэ их хөлгөн туульсаас өнөөгийн бидний амьдралд “хичээл болох” онцлох 10 санааг хүргэхээр бэлтгэлээ.
“Аяа, гэгээн дархи минь, хэлээд өгөөч
Ариун Илион хотыг нурааж эзлээд
Алс одож, сураг тасарсан
Алдар цуут баатар хаа явна?
Хүний газар ядаж явна уу?
Хүйтэн далайд зүдэж явна уу?"
ἄνδρα μοι ἔννεπε, μοῦσα, πολύτροπον, ὃς μάλα πολλὰ
πλάγχθη, ἐπεὶ Τροίης ἱερὸν πτολίεθρον ἔπερσεν:
πολλῶν δ᾽ ἀνθρώπων ἴδεν ἄστεα καὶ νόον ἔγνω,
πολλὰ δ᾽ ὅ γ᾽ ἐν πόντῳ πάθεν ἄλγεα ὃν κατὰ θυμόν,
ἀρνύμενος ἥν τε ψυχὴν καὶ νόστον ἑταίρων.
1. Ξενία буюу Ксениа хэмээх ойлголт
Уншигч таны гэрийн хаалгыг хэн нэгэн тогшоод нэрээ ч хэлэхгүй хэр нь тун соёлтой гэгч нь хоол унд идэж уун, хоног төөрүүлээд явъя гэвэл та зөвшөөрөх үү? Эртний грекүүдийн хувьд үүнийг зайлшгүй зөвшөөрөх “ёс”-той байв. Учир нь тэрхүү үл таних урилгагүй зочин бээр бурхан ч байж мэдэх амуй.
Эртний Грект “Ξενία” буюу Ксениа хэмээх зочин гийчнийг угтах нэгэн өвөрмөц ойлголт байсан аж. Товчдоо, монголчууд бидний аянчин, гийчнийг угтах уламжлалт ёстой зарим шинжээрээ төстэй боловч гол ялгаа нь айлчлан ирсэн зочноос нэр ус, хэрэг зоригийг нь асуулгүй хоол, ор дэр төхөөрч өгөн аюулгүй, тайван үдэж явуулах учиртай. Хариуд нь зочин бээр буусан айлдаа хүндэтгэлтэй хандана. Уг ёсыг хамаг бурхдын оройн дээд Зевс сахин хамгаалдаг гэх агаад зөрчсөн нэгнийг залхаан цээрлүүлдэг хэмээн грекүүд итгэдэг байжээ.
Одиссэйн туульст уг ёсыг эвдсэн хамгийн томоохон жишээ нь далайн бурхан Посейдоны хүү ганц нүдэт циклоп Полифем өөрийнх нь агуйд буудалласан Одиссэйн далайчдаас алж иддэг хэсэг хэмээн үздэг. Үр дүнд нь тэрээр харах нүдгүй болдог бөгөөд үүнд хорссон Посейдон Одиссэйг орон гэрийнхээ барааг харалгүй ахин 10 жил далай тэнгисээр хэрэн хэсүүчлэх хараалаар хараадаг билээ.
2. Νόστος буюу Ностос хэмээх ойлголт
Өнгөрснөө дурсан санах, дурсамж сэдрэхийг англи хэлнээ “nostalgia” хэмээх үгээр илэрхийлдэг бол эл үгийн эх үндэс нь мөн л грекүүдтэй холбоотой. Уг англи үгийн язгуур нь “Νόστος” (ностос) буюу “гэртээ харих” хэмээх утга бүхүй грек үг агаад Одиссэйн туульсын гол амин сүнс нь билээ. Тодруулбал, Эртний грекүүдийн хувьд аливаа хүний хэн бэ гэдгийг “οἶκος” (ойкос) буюу эд хөрөнгө, гэр орон, гэр бүл нь тодорхойлдог байсан тул Одиссэйн гэртээ харих аян нь “өөрийнхөө эрэлд яваа аян” гэхэд хилсдэхгүй. Гэтэл түүний эзгүйд “οἶκος” нь сүйрч, сүйдэж буй. Эхнэрийг нь элэг барьсан эрчүүд, хүүг нь хөнөөх хар санаа орон гэрийг нь эзлэн сууна. Харин үүнтэй нэгэн зэрэг хорвоогийн нөгөө захад, хөвөө хязгаар нутагт үзэсгэлэн төгс Калипсо лус өөртэй нь үүрд хамт амар жарган сууваас үхэлгүй мөнхийн хутгыг өгнө гэж Одиссэйд амлажухуй.
Гэвч Одиссэй өдөр бүр далайн мухар сахиж, үнэнч гэргий Пенелопагаа санан санан уйлан хайлан сууна. Ийнхүү тэрээр долоон жилийн турш өөрийнхөө мөнх бус, эгэл жирийн амьдралаа үгүйлэн санасаар тэнгэр бурхны ивээлээр Калипсогоос холдон оддог билээ. Түүний эл сонголт өнөөгийн бидэнд мөн нэгийг бодогдуулах биз ээ.
3. Μῆτις ба βία хэмээх ойлголт
Хомерын Одиссэйн их хөлгөн туульс нь угтаа Трой хотын дайны тухай өгүүлдэг Илиада хэмээх туульсын үргэлжлэл юм. Дайн тулааны тухай өгүүлдэг Илиада тууль гадаад хүчин чадал, бяр бялдарт шүтсэн өгүүлэмжтэй (Μῆτις-Метис) бол Одиссэй түлхүү нарийн ур ухаан (βία-Биа)-д түшиглэснээрээ ялгардаг. Эл шинж нь уран зохиолын утгаараа хожмын зохиолч, бичээч нарт хичээл болсон нь алдарт М.Сервантесийн “Кихот ноён” романы хоёр ботиос харагддаг гэхэд дэгсдүүлсэн хэрэг болохгүй болов уу. Дээрх хоёр ойлголтыг мөн монголчууд бидний “арга, билиг”-тэй дөхүүлж ойлгож болно.
Орон гэрийг нь эзэлж, эхнэр хүүхдийг нь эзгүйчилсэн эрчүүд рүү Одиссэй шууд дайрч ороод илдээ сугалан байлдаж эхэлдэггүй бөгөөд түүний оронд ядуу гуйлгачны дүрээр ирдэг. Үр дүнд нь юу болдог тухай уншигч та номоосоо уншихыг зөвлөе. Өдөр тутам тохиолддог саад бэрхшээлүүдийн шийдэл магадгүй Одиссэйд ч бий юм бил үү.

4. Ὕβρις буюу Хюбрис хэмээх ойлголт
Хүн бүхэнд алдаа дутагдал бий. Олимп уулын бурхдаас эхлээд орчлон ертөнцийн дайчин баатрууд хүртэл сул талтай. Тэдгээрийн нэгэн жишээ нь Ὕβρις буюу Хюбрис хэмээх ойлголт буюу бардам зан юм. Посейдоны хүү циклопын нүдийг сохлох санаатай дарсаар согтоохдоо Одиссэйгоос нэрийг нь асуухад “Οὖ τις” буюу “хэн ч биш” хэмээдэг. Чингээд нүднээсээ хагацсан циклоп орилон уурсахдаа хэн нүдийг нь сохолсон бэ гэхүй “Хэн ч нүдийг минь сохолсонгүй!” хэмээсээр үлддэг.
Гэвч циклопын арлаас яван одохдоо Одиссэй өөрийн гярхай ухаандаа эрдэж, бардам зандаа баригдан үнэн нэрээ хэлчихдэг бөгөөд үүний үрд Посейдон бурхан түүнийг орон гэрээс нь даруй арван жилээр хагацуулдаг авай.

5. Одиссэйгээс ухаалаг нэгэн
Трой хотыг булаалдсан арван жилийн дайнаас хойш тэнгис далайгаар арван жил бэдсэний хойно Одиссэй эцэст нь гэртээ ирдэг билээ. Түүний эзгүйд өөрийнх нь араас булаалдсан эрчүүдийг Пенелопа бээр нарийн ухаанаа сийлсээр давж гарч чадсан байдаг.
Чингээд бүх овилгогүй муу эрсийг хөнөөсний дараа Одиссэйг үнэн төрхдөө буцахад гэргий нь эцсийн нэгэн шалгалтаа авдаг. Өнөөх нь зарцдаа гагц хоёр биеийнхээ мэддэг нууцыг цухуйлгах төдий болдог бөгөөд хариуд нь Одиссэй уур омогтоо баригдаж өөрийн мэдэлгүй өөрийгөө үнэн Одиссэй гэдгээ баталчихдаг. Ийнхүү хорин жилийн турш элдэв мангас, чөтгөр, бурхан, хүмүүнийг ухаанаараа ялж ирсэн баатар эр эхнэрийнхээ аргад унадаг нь Хомерын зохиомжийн нэгэн гайхамшиг юм.

6. Нас биед хүрэхүй
Одиссэйн туульсын хамгийн чухал боловч даруухан агаад сэтгэл хөдөлгөм өгүүлэмж бол гол баатрын хүү Телемахын түүх. Туульсын эхний дөрвөн хайлаан бүхэлдээ Телемахын аян зам, адал явдлыг хүүрнэдэг. Эцгийнхээ сүүдэрт дарагдсан, дээрэлхүүлж, доромжлогдсоор бага, балчир насаа өнгөрөөсөн Телемах эрийн цээнд хүрч эцгийнхээ сургийг гаргахаар алс замд оддог нь уран зохиол дахь хамгийн анхны “нас биед хүрэхүй”-н тухай өгүүлэмжүүдийн нэг гэж хэлж болно.
Телемахаас бид эцэг хүүгийн харилцаа, нэр төр, өсөж том болох, хариуцлага үүрэх, өөртөө итгэх, зоримог шийдэмгий байх гээд олон амьдралын эрдмийг олж харах боломжтой билээ. Бид бүгд нэгэн цагт Телемахын туулсныг туулдаг жамтай ажгуу.
7. Өөрөө өөртөө эзэн болохуй
Одиссэйн аян зам эхнээсээ эцэс хүртлээ дайснаа дарж, саднаа тэтгэдэг энгийн өгүүлэмжийг дагадаггүйгээрээ тун онцлогтой. Цаг хугацааны хувьд урагш, хойш шилжихээс эхлээд олон уран зохиолын хэрэглүүрийг ашигласан байдаг. Түүний зэрэгцээ төрөл бүрийн ёгт санааг агуулсан бэлгэдлээр баялаг.
Одиссэй баатрын замд Сиренүүд, Цирцея, Калипсо гээд шунал, хүсэлд урин дуудсан олон үйл явдал, бурхан буг тохиолдоно. Гол дүүр бээр тэдгээрийг төрөл бүрийн арга ухаанаар давж гарах боловч хамгийн чухал зэр зэвсэг нь үргэлжид сахилга бат, өөрөө өөртөө эзэн болох чадвар байдаг билээ.
8. Хувь тавилан ба сонголт
“Газрын хүмүүс хачин юм
Гай барцад бүхнээ
Тэнгэрийн биднээс боллоо гэх юм.
Хэрцгий мунхаг үйлийн үр
Хэзээд эргээд өөрт нь тусдагийг
Үйлдсэн аллагын үр төлөөс
Үхлийн барьцаатай толгойд буудгийг
Өөрсдөө тэд мэдмээр л юм даа…”
хэмээн Зевс бурхан Эхэн хайлаанд хамаг бурхдын дунд өгүүлдэг. Хэдийгээр туульсын туршид Афина, Посейдон, Зевс зэрэг олон бурхад эгэл хүмүүсийн хэрэг явдалд оролцож, гаднаас нөлөөлдөг боловч эцсийн үр дүн бүхэн баатруудын өөрсдийн үйлдэл, сонголтоос хамаардаг. Магадгүй Хомер үүгээрээ бурхдын оролцоогоор хувь тавиланг, баатруудын үйлдлээр хүний сонголтыг илэрхийлсэн байж мэдэх юм.
Түүнчлэн Афина хэдий Телемахын замд туслах боловч эцгийнх нь анд нөхөр Ментор (орчин цагийн “ментор” хэмээх ойлголт мөн эл туульсаас гаралтай гэж үзэж болох)-ын дүрээр дэргэд нь аянчлахаас бус, ид шид, илбэ зэрэглээгээр гай зовлон, барцад саадыг арилгадаггүйг санууштай.
9. Амьдрахуйн тухай
“Анд минь чи намайг одоо
Аргадаж, үхлийг өмөөрөх хэрэггүй ээ
Амьд яваа сан бол би
Хамгийн ядуу тариачны
Хамжаа зарц болоод
Хөлсөө гоожуулж газар хагалаад
Өл залгаж явсан ч баярлах байсан
Харин энд хий сүнснүүдийн дунд
Хаан шиг байлаа гээд юуны тус!
Халуун аминаас илүү юм гэж байх уу даа!?”
хэмээн алдар цуут Ахиллес баатар Арваннэгдүгээр хайлаанд тамын оронд Одиссэйтэй уулзахдаа хэлдэг. Трой хотын их дайн тулаанд нэр алдраа мандуулсан Ахиллес баатар тэр бүхнээ хөсөр орхиод эгэл жирийн ч болов амьдрахыг л чин сэтгэлээсээ хүсэж буйг харуулсан эл мөртүүд магадгүй Хомерын туульсыг хоёр мянганыг давахад нөлөөлсөн ч байж мэднэ.
Ийн эрэлхэг баатрын эгнэшгүй туульс амьдрал болоод амьдрахуйн үнэ цэний тухай өгүүлж буй нь өнөө цагийн завгүй биднийг ганц хором ч атугай саатаад өнгөрөн одох мөч бүхнээ хайрлахыг сануулах мэт.
10. Нөхөрлөлийн тухай
Уртаас урт, жирийсэн хорин жилийн хойно Одиссэйг эх нутаг болсон Итакадаа эргэн ирэхэд тун чиг онцгой нэгэн угтдаг нь түүний өтөл нохой Аргус байдаг. Босож ч чадахгүй болсон нохой нь эзнээ нь хэн хүнээс түрүүлж таньдаг бөгөөд туульсын хамгийн өр өвтгөм мөрүүд Аргустай холбогдоно.

“Энэ агшинд эвий хөөрхий Аргус нохой
Эзнээ хорин жилийн дараа үзэж таниад
Хэргээ бүтээсэн хүн шиг, хэвтэртээ нүд анив.”
Энгийн нохой хорь гаруй жил наслах боломжгүй. Гэвч Аргус эзнээ хүлээсээр, магадгүй эргэж уулзах итгэлээ алдалгүй тэссээр байсан нь жинхэнэ нөхөрлөлийн бэлгэдэл гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ.
“Нүдний булангаар Одиссэй түүнийг хараад
Нулимсаа нууж арчаад, Евмей-д хандаж:
“Үхрийн баасан дээр хэвтэж байгаа тэр нохой
Үүлдэр сайтай, үлэмж хурдан амьтан байж дээ…”
хэмээн Одиссэй шүлэглэдэг нь магад туульсын хамгийн аниргүй хэсэг болов уу.
Эцэст нь нийтлэлээ хөлгөн туульсынхаа жаргаах мөрүүдээр өндөрлүүлье. Уншигч та Хомерын Илиада, Одиссэй хэмээх хоёр их хөлгөн туульсаас төрсөн сэтгэгдэл, таалагдсан санаагаа бидэнтэй хуваалцаарай.
“Өргөн түмэн, эзэн хааны хооронд
Үл тасрах эвийн чагтагыг чангалан бөхөлж
Өнөр олноороо амар сайхандаа жаргаж гэнэ ээ.”
Сэтгэгдэл бичих

