Манай улсын тэргүүлэх салбаруудын нэг болсон уул уурхай үүсэн хөгжөөд өдгөө 102 жилийн нүүрийг үзэж байгаа аж. Илүү тодруулбал, тэртээх 1922 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Налайхын уурхайг улс мэдэлдээ авч, уурхайн дүрмийг баталснаар орчин үеийн уул уурхайн салбарын эхлэл тавигджээ. Өдгөө эл салбарын томоохон тоглогчдын нэгээр “Оюу толгой” компани зүй ёсоор тооцогдож байгаа ба бид өмнөх нийтлэлдээ тэдний хэрэгжүүлж буй “Байгаль орчныг хамгаалах, сайн туршлага хуваалцах хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл хүргсэн. Тэгвэл энэ удаа “Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтсийн хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг танилцуулж байна.

Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах

Ташрамд дурдахад тус хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 4-ний өдрөөр хаагдах тул оролцох хүсэлтэй уул уурхайн компанийн байгаль орчны мэргэжилтнүүд амжиж бүртгүүлээрэй.

ЭНД дарж бүртгүүлнэ үү.

ЗЭРЛЭГ АМЬТНЫ СУДАЛГАА, ХАМГААЛАЛ

“Оюу толгой” компани 2013 оноос хойш Өмнийн говийн хэмжээнд хулан, хар сүүлтийн тоо толгойн судалгааг тогтмол хийж буй. Энэхүү судалгааны үр дүнд зэрлэг амьтдын орон зайн байршил, шилжилт хөдөлгөөний хэв маяг, хамгаалах шаардлагатай амьдрах орчныг тогтоох; бүс нутгийн баригдсан болон баригдаж буй хатуу хучилттай автозам болон төмөр замын нөлөөг тодорхойлох, улмаар үзүүлж буй сөрөг нөлөөллийг нь бууруулах арга хэмжээг боловсруулах ач холбогдолтой.

Тухайлан жишээ дурдваас, шувуудад хамгийн эрсдэлтэй гэгдэх цахилгаан шугамуудыг ээлтэй болгон өөрчилж, уурхайн орчимд шувууд цахилгаанд цохиулж эндэх эрсдэлийг 90 гаруй хувиар бууруулжээ. Ингэснээр жилд 1,000 гаруй идлэг шонхрыг эндэх эрсдэлээс хамгаалж буй.

ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАЛ

Хулгайн антай тэмцэх төсөл: Өмнийн говийн тодорхой бүс нутагт хууль бус агнуурыг бууруулах, зэрлэг амьтад ялангуяа хулан, хар сүүлт зээрийн тоо толгойн зүй бус хорогдлыг сааруулах зорилгоор хэрэгжүүлэв.

“Зэрлэг амьтдад ээлтэй төмөр зам” төсөл: Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр зам дагуу зэрлэг амьтдын нүүдэл, төмөр зам хөндлөн гарч буй эсэхийг баталгаажуулах камерын тусламжтай хийсэн судалгаагаар аргаль, хар сүүлт, цагаан зээр, хулан зэрэг ховор амьтад төмөр замын тор авсан хэсгээр нэвтэрч буй таатай үр дүн гарсан. Энэ нь “Дэлхийд үнэлэгдсэн 100 төсөл”-ийн нэгээр шалгарсан юм.

Нөхөн сэргээлт ба ногоон байгууламж: Дүйцүүлэн хамгааллын хүрээнд 2016-2020 оны хооронд Ухаа загийн хоолойд 30 га талбайд 13,512 заг тарьсан ба Төлөгийн тал болон Бор-Овоогийн задгайд нийт есөн га талбайд бэлчээрийн ургамлын 6,810 ургамлыг тариалсан.



ШИМТ ХӨРСНИЙ ХАМГААЛАЛТ, МОНИТОРИНГ

Шимт хөрс нь уурхайн явцын нөхөн сэргээлт болон хаалтын нөхөн сэргээлтийн хамгийн чухал бүрдэл бөгөөд “Оюу толгой” компани 2011 оноос эхлэн шимт хөрсийг стандартын дагуу хуулан, хадгалж буй. Энэ хүрээнд уурхайн талбайд явцын болон хаалтын нөхөн сэргээлтэд ашиглах урт хугацааны шимт болон шимэрхэг хөрсний овоолгыг хадгалж байгаа ба байнгын хяналт, мониторинг хийж байгаа аж.



УСНЫ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ

  • 2013 онд Ундайн сайрыг хамгаалах, голын голдиролд хэсэгчилсэн тохируулга, Бор Овоогийн булгийн нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн.
  • Ханбогд болон Манлай сумын нутагт байрлах цооног, малчдын гар худаг, булаг зэрэг 308 цэгт усны түвшний хяналт шинжилгээ хийж байна.
  • 2023 оны 4-р улирлын байдлаар үйлдвэрлэлд ашиглаж буй усны дунджаар 86 хувийг дахин ашиглаж байна.
  • Нэг тонн хүдэр боловруулах нөхөн сэлбэлтээр 0.39 м.куб буюу дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтаас дунджаар гурав дахин бага ус ашиглаж байна.
  • 2013 оноос 2023 оны 4-р улирлын байдлаар ус ашигласны төлбөрт 171 тэрбум төгрөг төлсөн.

ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 

  • “Оюу толгой” компани хог хаягдлыг 50 орчим нэр төрөлд ангилан ялгаж байна.
  • 2023 оны байдлаар хог хаягдлын нийт 68 хувийг дахин боловсруулж байна.
  • Хог хаягдлыг дахин боловсруулах, ашиглах үндэсний 18 компанитай хамтран ажиллаж, дахин боловсруулах хог хаягдлаа нийлүүлж байна.
  • Монголд хамгийн анхны олон улсын стандартын хог хаягдлын менежментийн төвийг байгуулсан.
  • 2018 оноос эхлэн хүнсний хаягдлаар бордоо хийж эхэлсэн ба үр дүнд нь Ландфиллын ашиглалтын хугацааг 14 хувиар уртасгаж байна.


ГАЗАР АШИГЛАЛТ, НӨХӨН СЭРГЭЭЛТ

  • Байгалийн ургамлын үржүүлгийн газрыг 12 дахь жилдээ ажиллуулж, говийн бүс нутагт ургадаг 41 зүйлийн ургамлыг үрээр амжилттай тарьж, нөхөн сэргээлтэд ашиглаж байна.
  • Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Цогт-Овоо, Ханбогд сумдуудад шинээр мод үржүүлгийн төв байгуулав.
  • 2010-2023 оны хооронд нийт 1,835 га газарт техникийн, 609 га газарт биологийн нөхөн сэргээлт хийжээ.
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд бичил уул уурхайн улмаас эвдэрсэн нийт 400.4 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийв.