Гэгээн хайрын Валентины өдрийг тохиолдуулан бидний хэлж заншсанаар “хайрын даавар” хэмээн нэрлэдэг окситоцин дааврыг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлахаар бэлдлээ. Окситоцин даавар хайр дурлалд ямар үүрэгтэй оролцдог юм бол? Хайр дурлалаас өөр ямар үед энэ даавар ялгардаг вэ? Окситоцин дааврыг цацлага, бэлдмэлээр ялгаруулах боломж бий юу? Зэрэг асуултад уг нийтлэл хариулах болно. 

Хайрын урвал

Хэрэв хайрыг химийн томьёогоор яг таг илэрхийлэх боломжтой байсан бол окситоцин даавар тэр томьёоны хамгийн чухал хувьсагч нь байх байлаа. "Хайрын даавар", "тэврэлдэхэд ялгардаг химийн бодис" гээд янз янзаар нэрлэдэг энэхүү даавар нь “нейропептид” бөгөөд даавар ба нейротрансмиттерийн аль аль нь болж ажилладаг. Ингэснээр хүн хоорондын холбоо, харилцааг үүсгэж бэхжүүлэхэд чухал үүрэгтэйгээр ажилладаг гэсэн үг. Анхны харцаар хэн нэгэнд татагдах тэр мөчөөс эхлээд удаан хугацааны гүн гүнзгий сэтгэл хөдлөл бүхий харилцаа бий болох хүртэл окситоцин тархинд их хэмжээгээр ялгарч, итгэлцэл, хайр, халамжийг нэмэгдүүлдэг. Тиймээс зарим эрдэмтэд окситоциныг "хайрын цавуу" гэж нэрлэдэг бөгөөд нэг ёсондоо хүмүүсийг хоорондоо “наалдахад” нь тусалдаг гээд буй хэрэг.


Эх сурвалж: BBC Science Focus Magazine

Хайрыг ихэвчлэн галзуу хулгана шиг дээш доош савлагаатай, тогтворгүй мэдрэмж гэж хүмүүс үздэг. Харин окситоцин энэ сэтгэл хөдлөлийн хэлбэлзлийг жигд зөөлрүүлэх үүрэгтэй. Энэ даавар биеийн хүрэлцэхүйц харилцааны үед их хэмжээгээр ялгардаг бөгөөд тэврэлт, үнсэлт, бэлгийн харилцааны үеэр хамгийн өндөр түвшинд хүрдэг. 2013 онд "Psychoneuroendocrinology" сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаагаар хосууд бие махбодын илэрхийлэл буюу тэврэлдэх, үнсэлцэх, бэлгийн харилцааны давтамж өндөр байх тусам окситоциний түвшин нь өндөр, сэтгэл зүйн холбоо нь бат бөх байх хандлагатай болохыг тогтоосон.


Эх сурвалж: ResearchGate

Гэхдээ окситоциний үүрэг зөвхөн богино хугацааны таашаалаар хязгаарлаж ойлгох нь өрөөсгөл. Судлаачид окситоциний энэ үүргийг нэг хамтрагчтай байдаг ховорхон хөхтөн амьтад болох талын хулгана (prairie voles) дээр ажигласан байдаг. Хэрэв тэдний тархин дахь окситоциний рецепторуудыг хаавал тэд өмнөх шигээ үнэнч хосын харилцаатай байх чадвараа алддаг болох нь уг судалгаагаар тогтоогдсон. Бидний тархи хамтрагчийнхаа сайн талыг илүү тод санах хандлагатай байдаг учраас харилцаанд тулгарсан бэрхшээлийг даван туулахад окситоцин мөн л чухал.

Нөгөөтээгүүр окситоцин "мөнхийн хайр"-ыг амлах ид шидийн зүйл биш. Учир нь уг даавар хайр, халамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сөрөг сэтгэл хөдлөлийг ч хүчтэй болгож чаддаг. 2014 онд хийгдсэн нэгэн судалгаагаар окситоцин нь хардалт, өмчлөх сэтгэлийг ч нэмэгдүүлэх магадлалтай болохыг тогтоосон. Тиймээс хайр зөвхөн биохимийн процесс биш бөгөөд сэтгэлзүй болон нийгмийн харилцааны нэгдэл гэвэл илүү онох болов уу.

Хайраас ч чинад 

Окситоциний үйл ажиллагаа мэдээж зөвхөн романтик хайраар хязгаарлагдахгүй. Окситоциний хамгийн чухал үүргүүдийн нэг нь төрөлт болон эх, үрийн холбоо тогтоох байдаг. Төрөх үед окситоциний хэмжээ огцом нэмэгдэж, умайн агшилтыг өдөөж, хүүхдийг төрөхөд тусалдаг гэдгийг өмнөх “Тогтвортой сэтгэлзүйн жор: D.O.S.E” нийтлэлээс уншигч та мэдэж авсан биз ээ. Хүүхэд төрсний дараа окситоцин нь хөхний сүү ялгаруулах үйл явцыг идэвхжүүлж, эх, хүүхдийн хоорондох сэтгэлзүйн болон бие махбодын холбоог улам бэхжүүлдэг.

Эх сурвалж: Nature

Окситоцин даавар яг л нийгмийн харилцааны архитектор гэсэн үг. Хүмүүс бие биедээ итгэж, хамтарч ажиллах сүлжээг окситоцин “зурдаг”. Судалгаагаар окситоцин даавар нь өглөгч зан, бусдыг ойлгох чадварыг нэмэгдүүлж, урт хугацааны харилцааг хадгалахад чухал нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон. Nature сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар хүмүүс окситоцин агуулсан үнэрт нэгдлээр амьсгалснаар санхүүгийн гүйлгээ, төлбөр тооцоо хийхдээ илүү итгэлтэй болж байсан нь тогтоогджээ. Тэгэхээр нэг ёсондоо өндөр окситоцин хүмүүстэй харилцахад ялгарч байна гэдэг нь харилцаа сайн тосолсон машины араа шиг жигд, асуудалгүй ажиллаж байна л гэсэн үг.

Зарим талаараа окситоциний үйл ажиллагааг "хоёр иртэй сэлэм" шиг гэж хэлж болно. 2011 онд хийгдсэн судалгаагаар окситоциний өндөр түвшинтэй хүмүүс танил, дотнын хүмүүстэйгээ илүү ойр дотно байж, харин гаднын хүмүүсийг илүү сэжиглэж, ялгаварлах хандлагатай байдаг аж. Өөрөөр хэлбэл, окситоцин биднийг дотносоход тусалдаг боловч хэт их хэмжээгээр ялгарвал гаднын хүмүүсийг үл ойшоох сэтгэлгээ бий болгож логик гаргалгаа ашиглан хэн нэгнийг шүүн тунгаах чадварыг бууруулдаг байх жишээтэй.

Хайрыг хайрцаглаж болох уу? 

Хэрэв та тик ток ашигладаг бол гадуур таарсан хүмүүстээ шинэ бүтээгдэхүүн танилцуулж аманд нь нэг зүйл дусааж эсвэл үнэртүүлж буй бичлэгийг үзсэн байж магадгүй. Окситоцинтой цацлага, дусаалга зэрэг бүтээгдэхүүнүүд хэн нэгнийг өөртөө татахад эсвэл бүр ичимхий хүмүүсийг нээлттэй болгоход тусална гэж сурталчилдаг. Гэхдээ энэ үнэхээр боломжтой юу? Хариулт нь бага зэрэг төвөгтэй.

Эх сурвалж: The Transmitter

Окситоцинтой хамрын цацлага лабораторийн орчинд итгэлцэл болон нийгмийн холбоог түр хугацаанд нэмэгдүүлэх нөлөөтэй болох нь тогтоогдсон ч бодит амьдрал дээрх үр дүн тодорхойгүй. Cудалгаагаар окситоциний үйлчлэх байдал нь тухайн хүний сэтгэл санаа, нийгэмд өөрийгөө хэрхэн илэрхийлдэг мөн тухайн хүнтэй хэр дотно зэрэг нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг болохыг илрүүлсэн. Өөрөөр хэлбэл, аль хэдийн нэлээд дотно хүмүүст уг цацлага ямар нэг өөрчлөлт үзүүлээгүй бол, бага зэрэг олны дунд байхаас айж, түгшдэг хүмүүсийн нийгмийн харилцаанд илүү мэдэгдэхүйц дотносох байдал илэрсэн байна. Тэгэхээр окситоцин огт байхгүй зүйлээс харилцааг таатай, дотно болгодоггүй харин тодорхой хэмжээнд дотно харилцааг илүү сайжруулдаг л гэсэн үг. Тийм ч учраас согтууруулах хэрэглэх үед хүмүүс илүү өөрийгөө нээж ярилцаж улмаар илүү дотно болдог гэж ярьдаг. Учир нь согтууруулах ундаа хэрэглэх үед окситоцин ихээр ялгардаг гэдэг. Гэхдээ согтууруулах ундаа окситоцин ялгаруулдаг гэж үзэх хэсэг судлаачид байхад нөгөө талаар харин ч эсрэгээрээ үйлдвэрлэлийг нь урт хугацаанд багасгадаг гэж үздэг судлаачид ч бий гэдгийг санууштай.

Үүнээс гадна, окситоцинтой бүтээгдэхүүнүүд эм шиг үйлчлэхгүй. Учир нь даавар цусанд маш хурдан задардаг бөгөөд тархи-цусны барьерийг тийм ч сайн давж чаддаггүй учраас окситоцинийг гаднаас нэмэлтээр хэрэглэлээ гээд бие махбодод удаан хугацааны өөрчлөлт авчрах боломжгүй. Өөрөөр хэлбэл, окситоцинтой цацлага нь түр зуур сэтгэл санааг өргөж болох ч ч хайр, итгэлцэл болон харилцаанд урт хугацааны бодит өөрчлөлт авчрахгүй.

Хайранд нууц жор гэж бий юу?
 

Эх сурвалж: Health Matters

Окситоцин хос хоёрыг дотносуулдаг нь үнэн ч үнэнч байдал, урт хугацааны итгэл зэрэг мэдрэмжийг тодорхойлох даавар биш. Судалгаагаар, насан туршдаа нэг хостойгоо амьдардагаараа алдартай “prairie voles” хэмээх мэрэгч амьтад зөвхөн окситоцин бус, вазопрессин дааврын нөлөөгөөр энэ холбоогоо хадгалдаг болох нь тогтоогдсон.

Тэгвэл найз залуу/бүсгүйгээсээ хайраа батлах том бэлэг сэлт, үнэт эдлэл хүсэхээс илүүтэй тэврэлт, инээд хөөр, чин сэтгэлийн яриа, хамтдаа цаг өнгөрүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд анхаараарай. 2015 онд хийгдсэн нэгэн судалгаагаар хөтлөлцөх, нүдээрээ харилцах зэрэг өчүүхэн боловч халуун дулаан үйлдлүүд хүртэл окситоциний ялгаралтыг өдөөдөг болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, бат бөх харилцааны нууц ямар нэгэн том сюрприз, аз жаргалтай болгох тусгай болзоо зэргээс бус өдөр бүр бие биетэйгээ хуваалцдаг дулаан, дотно мөчүүдэд оршдог ажээ. Учир нь хайр гэдэг зүгээр нэг химийн урвал биш харин олон хувьсагч бүхий тэгшитгэл бөгөөд окситоцин бол тэр тэгшитгэлийн зөвхөн нэг хэсэг нь билээ.