Хүн гэдэг түм буман химийн урвалдаа захирагдаж амьдардаг өчүүхэн амьтад ажээ. Тэдгээрийн тэнцвэрийг олох гэж дэмий туучихгүй, тэдэндээ дарлуулж шаналахгүйн тулд эдгээр бодисын үйл ажиллагааг тодорхой хэмжээнд ялгаж салгадаг байх нь чухал.
Энэхүү нийтлэлээрээ бидний хаа нэгтээгээс сонсож байсан ч яг яадгийг нь төдийлөн мэддэггүй допамин, окситоцин, серотонин болон эндорфин (D.O.S.E) бодисуудын ялгааг тайлбарлан бэлдлээ.
1. ДОПАМИН
Хувьслын явцад хөхтөн амьтад амиа зогооход өнөөдөр дурдах бодисууд ихээхэн чухал байлаа. Хоол хүнсээ олох, аюул ослоос өөрийгөө сэргийлэх, орогнох газраа олох гээд төрөл бүрийн нөхцөлд янз янзын бодис ялгардаг байв. Эдгээрээс хамгийн түрүүнд бидний нэрлэж заншсанаар “аз жаргалын гормоны” талаар хэлэлцье.
Бид допаминийг ямар нэгэн үйлдэл хийх үед таашаалын мэдрэмж төрүүлдэг бодис гэж үздэг. Гэвч допамин нь зөвхөн үйлдлийнхээ төлөө шагнагдаж буй мэдрэмж гэхээс илүүтэй тухайн зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэл, зориг, сэдэлтэй холбоотойгоор ялгардаг. Өөрөөр хэлбэл биднийг хөдөлгөгч хүч бол допамин.
Амттай хоол идэх, дасгал хөдөлгөөн хийх, хайртай хүмүүстэйгээ ярилцах, видео тоглоомд ялах, цахим орчинд лайк авах зэрэг энгийн үйлдлээс өгсүүлээд зорилгодоо хүрэх, даалгавар гүйцэтгэх, амжилт гаргах зэрэг янз бүрийн үед допамин ялгардаг билээ.
Допамины зохистой хэмжээ
Допамин их хэмжээгээр тасралтгүй ялгарах үед сэтгэл ханамжийг зохицуулдаг тархины хэсгүүд болох "nucleus accumbens" болон "ventral tegmental area" (VTA) хэсэгт допамины молекулууд очиж, рецепторуудыг идэвхжүүлдэг. Хэрэв энэ хэсэгт байнга эсвэл хэт их допамин очоод байвал “downregulation” буюу допамины рецепторуудын тоо багасдаг. Ингэснээр хүн өмнө нь таашаал авдаг байсан үйлдлээсээ таашаал авахаа больдог. Яагаад гэхээр допамины молекул тархинд очоод байгаа боловч түүнийг нь боловсруулах рецепторууд хэт ачаалалтай байгаа учраас молекул тус бүрийг боловсруулж чадалгүй алгасдаг. Тиймээс тэдгээр рецепторуудад илүү хүчтэй, давтамж өндөртэй өдөөлт шаардлагатай болно. Ийнхүү үргэлжилсээр байвал анхаарал байнга сарних эсвэл сэтгэл гутралтай болох магадлалтай.
Сонирхолтой судалгаа
2020 онд Брауны Их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар допамин хувь хүний зорилгыг үнэлэх чадвар буюу тус зорилгын төлөө хичээх үү? Үгүй юу? гэдгийг шийддэг болохыг баталсан байна. Тус судалгаанд 18-43 насны 50 хүн оролцсон бөгөөд оролцогчдын тархины стриатум хэсгийн байгалийнх нь буюу тухайн хүний допаминий хэмжээг хэмжив.
Дараа нь тэдэнд янз бүрийн цээжлэх даалгавруудыг өгсөн ба ингэхдээ илүү хэцүү цээжлэх даалгаврууд нь илүү өндөр мөнгөн шагналтай гэдгийг анхааруулжээ. Туршилтын үр дүнгээс харахад допаминий хэмжээ өндөр хүмүүс хүндэвтэр даалгаврыг сонгохдоо мөнгөн урамшуулалд илүү анхаарч байсан бол допаминий түвшин байгалиасаа бага хүмүүст даалгавар хэр хүнд байгаа нь илүү хамаатай байв. Харин дараа нь оролцогч нарт допаминий түвшнийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй эм өгөхөд допаминий түвшин бага байсан хүмүүс хүнд даалгаврыг сонгож өөрийгөө илүү сорьж үзэх хандлагатай болсон нь ажиглагдав.
Тэгэхээр допаминий хэмжээг өндөр байлгах тусам илүү чадвар сорьсон даалгаврыг биелүүлэх урам зоригтой болоод зогсохгүй өөртөө шинэ боломжуудыг бий болгож, амжилтаа ахиулах давуу талтай гэсэн үг. Нөгөөтээгүүр цахим орчинд хүмүүс цагийг ихээр өнгөрөөх болсонтой холбоотой сүүлийн арван жилд анхаарал төвлөрөл 25 хувиар багассан байна. Тиймээс орчин үед допамин мацаг гэх ойлголт үүсчээ. Тухайлбал 2018 оны судалгаагаар дэлгэцийн хэрэглээг өдөрт ердөө 30 минутаар багасгасан хүмүүсийн сэтгэл ханамжийн түвшин нэг сарын дотор 25 хувиар өссөн байна. Түүнчлэн гар утасны хэрэглээгээ хязгаарласнаар ажилчдын ажлын гүйцэтгэл 20 хувиар нэмэгдсэн байна. Гэхчлэн өнөө цагт бидэнд допаминийг аль болох танах, хязгаарлах, чанартай эх сурвалжаас олж авах зэрэг хэрэгцээ үүсээд байна.
2. Окситоцин
Окситоцинийг “хайрын гормон” хэмээн нэрлэж, эмэгтэйчүүдтэй холбож ойлгодог нь эмэгтэй хүн төрөх болон хүүхдээ хөхүүлэх үед их хэмжээгээр ялгардагтай нь холбоотой. Төрөх үед эхийн умайн булчингийн хүчтэй агшилт суналтыг окситоцин өдөөж, төрөх процессыг хурдасгах, аюулгүй төрөхөд тусалдаг учраас эмнэл зүйн аргаар синтетик окситоцин (Pitocin) ашиглах нь ч нийтлэг болсон билээ.
Окситоцин нь утга учиртай яриа өрнүүлэх, магтаалын үг хэлэх, талархах, дасгал хийх, гэрийн тэжээвэр амьтантайгаа тоглох, тэврэх, үнсэх, хөтлөлцөх, бэлгийн харилцаанд орох үед ялгардаг ажээ. Мэдээж энэ нь зөвхөн эмэгтэй хүнд ялгардаг гормон биш бөгөөд эрэгтэй хүмүүст ч мөн адил нийгмийн харилцаанд орох үед, хайртай нэгнээ халамжлах үед ялгардаг байна.
Окситоциний зохистой хэмжээ
Окситоциний хэмжээ хэт бага байгааг нийгмийн харилцаанд орох чадвар муудах, сэтгэл хөдлөл тогтворгүй болж ганцаардах, стресс нэмэгдэх зэргээр мэдэж болно. Нөгөөтээгүүр, окситоциний хэмжээ хэт их байвал хэт итгэмтгий болгож, хортой харилцаанд ороход хүртэл нөлөөлж болзошгүй аж.
Сонирхолтой судалгаа
Тархины амигдала хэсэг яг л галын дохио мэт айдас, түгшүүр мэдрэх үед окситоцин идэвхждэг. Харин энэ үед тэврэлт, халуун дулаан үг сонсоход окситоцин ялгарч түгшүүр намдаж, тайвширдаг байх нь.
Сонирхуулахад гэмтэл ба гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD) өвчний үед окситоцин агуулсан хамарт цацаж хэрэглэх эмийг судлаачид туршиж байгаа юм. PTSD нь ихэвчлэн сэтгэлзүйн хүнд гэмтэл эсвэл гэнэтийн, аймшигт үйл явдлын дараа үүсдэг. Улмаар тухайн гэмтэлтэй холбоотой мэдрэмжийг дахин мэдрэх үед тархины амигдала хэсэг хэт идэвхжиж, байнгын айдас, түгшүүртэй байх, хэт мэдрэг болох, нойргүйдэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Түүнчлэн байгууллагын зан төлөвийн судалгаагаар багийн гишүүдийн жижиг амжилтыг үнэлж, анзаарах нь ажилчдын бүтээмж, оролцоог нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Ийнхүү магтаал хэлж, амжилтыг нь үнэлж буй нь окситоцины хэмжээг нэмэгдүүлэх нэг хэлбэр бөгөөд хүмүүсийг илүү том зорилго руу тэмүүлэх урам зоригийг өгдөг ажээ.
3. Серотонин
Хувьслын явцад хөхтөн амьтад дайсан ирэх үед хэт айж, бодлогогүй үйлдэл хийхээс сэргийлэхэд тусалдаг бодис нь серотонин байжээ. Уг бодис сэтгэл санаагаа удирдах, нийгмийн бүлэгт дасан зохицох, стрессээс ангижрахад тусалдаг. Дасгал хийх, нарны гэрэлд байх, триптофан их хэмжээгээр агуулсан хүнс буюу төрөл бүрийн мах болон самар идэх үед серотонин ялгардаг ажээ. Энгийнээр биднийг тайван, тогтуун байлгадаг бодис бол серотонин. Түүнчлэн серотонин нь зөвхөн стрессийг багасгахаас гадна, бидний нийгмийн харилцааг сайжруулах, итгэлцэл нэмэгдүүлэх зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдгийг батлаад байна.
Сонирхолтой судалгаа
Серотонин нь нойр болон хоолны дуршилд нөлөөлдөгийг хүмүүс тийм ч сайн мэддэггүй. Гэхдээ серотонин нь нойрны мөчлөгийг зохицуулдаг мелатонин хэмээх бодисын урьдал бодис учраас гүн нойрсолтын үеийг зохицуулдаг. Жаахан ойлгомжгүй байвал нэг ёсондоо биний нойрыг хүргэдэг мелатонин гэх бодис ялгарахын тулд бидний биед хангалттай хэмжээний серотонин хэрэгтэй юм аа. Тархины гипоталамус дахь серотонины 5-HT2C рецепторууд нь цадсан мэдрэмжийн дохио өгдөг тул серотонин нь мөн хоолны дуршлыг зохицуулдаг аж. Серотонин цадсан мэдрэмж төрүүлэх дохиог дангаараа хариуцахгүй ч ходоодноос ирсэн дохиог тархинд хөрвүүлэн дамжуулахад тусалдаг бодис гэж ойлгож болох юм.
4. Эндорфин
Эндорфинийг байгалийн өвчин намдаагч гэдэг. Учир нь уг бодис нь тархины опиоид рецепторуудтай холбогдсоноор өвдөлтийн дохиог блоклож, аз жаргалын мэдрэмж төрүүлдэг аж. Хүчтэй өвдөлт, стресс, хүнд дасгал хийх үед ялгарахаас гадна инээх, хөгжим сонсох, эсвэл халуун ногоотой хоол идэх үед мэдрэгддэг.
Сонирхолтой судалгаа
Судалгаагаар эндорфин нь дасгал хийх үед “euphoric” буюу сэтгэл сэргээсэн, хөөрлийн байдалд оруулж сэтгэл түгшүүрийг бууруулахад нөлөөлдөг болохыг тогтоожээ. Үүнийг судлахдаа судалгаанд оролцсон хүмүүсийг хол зайд гүйлгэж, дараа нь тархиных нь зургаас нь ажиглахад тэдний опиоид рецепторуудын идэвхжил нэмэгдсэн байгааг ажиглав. Энэ рецепторууд идэвхтэй байна гэдэг нь эндорфинийг их хэмжээгээр боловсруулж, ачаалаасан байна гэсэн үг. Харин энэ нь бидний амьдрал дээр илрэхдээ дасгал хийх үед идэвхтэй, урам зоригтой, дуусгачхаад гэртээ очоод хамаг амьдралаа өөрчилмөөр мэдрэмж төрүүлэх байдлаар илэрдэг аж. Тиймээс урт хугацаанд стрессээ зөв зохицуулж, хүчтэй сэтгэлзүйтэй болоход эндорфиноо ялгаруулах нь чухал.
Эцэст нь энэ дөрвөн бодисоос гадна өөр олон химийн бодис, урвал сэтгэл санаанд нөлөөлдөг гэдгийг санууштай. Ядаж л хамгийн түгээмэл эдгээр дөрвөн бодисыг таниж мэдэх нь эрүүл амьдралын хэв маяг хэрэгжүүлэхэд гарцаагүй туслах буй заа.
З Зочин 2024.10.22 103.57.95.81
Сонирхолтой мэдээлэл байна. Баярлалаа. Надад энэ мэдээллийн дунд байрлуулсан хөдөлгөөнт зургууд унших явцад нүдэнд төвөгтэй, зарим тохиолдолд анхаарал сарниулаад байдаг.
З Зочин 2024.10.21 24.80.180.240
Тархины нарийн төвөгтэй үйл ажиллагааг ойлгомжтой, уншихад төвөггүй маш сайн бичжээ. Энэ хэмжээнд бичиж чадаж байгаа хүн үгийн сонголт, жижиг үг үсгийн алдаагаа хянаад хэвлүүлж байвал бүр төгс болно.
З Зочин 2024.10.19 66.181.190.32
Ямар сонирхолтой нийтлэл вэ ийм үнэ цэнтэй нийтлэлүүдийг эрж хайж олох үнэхээр хэцүү юм аа нэр зоогоод зарим хүммүүст явуулмаар бн
Т Т.Күнайым 2024.10.18 202.131.238.226
Маш хэрэгтэй мэдээлэл агуулсан нийтлэл байна. Бидний амьдралын хэв маяг хэрэгтэй бодисуудыг ялгаруулахад, нэмэгдүүлэхэд, бууруулахад маш их нөлөөтэй байдаг юм байна гэдгийг ойлголоо. Яагаад тэгдэг бол, ингэдэг бол гэж гайхдаг байсан зүйлсүүдийн учрыг энэхүү нийтлэлээс уншиж танилцлаа. Баярлалаа.
О ОДко 2024.10.17 218.235.241.119
Сонирхолтой нийтлэл байна. Баярлалаа. яагаад заримдаа сэтгэгдэл ороод заримда ордоггүй юм бэ, энийгээ зас л даа