Тэртээ 1934 онд Их Британийн хэвлэн нийтлэгч Аллен Лэйн зохиолч найз Агата Кристийнхээ гэрээс гарч яваад Exeter St Davids-ийн галт тэрэгний буудал дээр чанаргүй хэр нь өндөр үнэтэй номуудтай таарсан байна. Тэгээд “хайрцаг тамхи шиг авсаархан, хүн бүхэн худалдан авах боломжтой хямдхан” ном бүтээх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн 1935 онд Penguin Books-ийг байгуулж байжээ. Түүнээс дөрвөн жилийн дараа буюу 1939 онд түүний үүсгэн байгуулсан хэвлэлийн газар АНУ-д анхны салбараа нээсэн түүхтэй.
Харин энэ үйл явдлаас найман жилийн өмнө АНУ-д 27 настай Беннетт Серф, 23 настай Дональд Клопфер нар хамтран Random House-ийг үүсгэн байгуулсан байлаа. Тэд нэгэнтээ “Бид хоёр ямар ч хамаагүй (random) цөөн хэдэн ном л хэвлэе гэсэн юм” хэмээн компанийнхаа үүслийн тухай өгүүлж байв.
Өмнө нь бид Японы алдарт анимэ студи болох Ghibli-гийн тухай Ghibli-гийн ид шид: Япон тэнгисийг давсан соёлын хүч нэрт нийтлэл бичиж байсан бол энэ удаа дэлхийн хамгийн том хэвлэлийн газруудын нэг болох Penguin Random House-ийн түүхийг өгүүлэхээр бэлдлээ. Атлантын хоёр эрэг дээрх тус хоёр хэвлэлийн газар хэрхэн нэгдэж, дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий хэвлэлийн газар болсон тухай өгүүлэх түүх оршвой.
Цаг хугацааны товьёг
Penguin болон Random House хоёр тусдаа, өөр өөр түүхтэй хэвлэлийн газрууд байсан ч 2013 онд нэгдэн Penguin Random House болжээ. Уг түүхэн үйл явдлаас өмнөх болон дараах үйл явдлуудын товч цаг хугацааны товьёгийг харвал:
1927 - Америкт Random House үүсгэн байгуулагдав. Тэд анхны номоо “санамсаргүйгээр” (random) хэвлэж эхэлсэн түүхтэй.
1935 - Их Британид Penguin Books байгуулагдаж, чанартай уран зохиолыг хямд үнээр олон нийтэд хүргэх зорилго тавив.
1980-аад - Penguin олон оронд салбар нээж, дэлхийн тоглогч болох алхмуудыг хийв.
1990 - Random House, Knopf, Vintage, Doubleday, Bantam зэрэг томоохон хэвлэлийн үйлдвэрийг худалдан авч, Америкийн зах зээлд ноёрхох болов.
1998 - Bertelsmann AG нь Random House-ийг худалдан авч, Европын медиа аваргад нэгдэв.
2013 - Bertelsmann болон Pearson групп хамтран Penguin болон Random House-ийг нэгтгэн дэлхийн хамгийн том хэвлэлийн группийг байгууллаа.
2020 - Bertelsmann нь Penguin Random House-ийн 100 хувь эзэмшигч болов.

“Random” ном хэвлэж эхлээд “Үлисс”-ээр тэсрэлт хийсэн түүх
Өнөөдрөөс 98 жилийн өмнө буюу 1927 онд зохиолч, хэвлэн нийтлэгч Беннетт Серф, Дональд Клопфер нар АНУ-ын Нью-Йорк хотод “Random House” нэртэй жижигхэн хэвлэлийн газар байгуулжээ. Тэд 1925 онд “The Modern Library” нэртэй хэвлэлийн үйлдвэр худалдаж аван, хожим нь “санамсаргүйгээр” буюу “random” байдлаар янз бүрийн номуудыг хэвлэж эхэлсэн байна. Үүнээс л дэлхийн ирээдүйн хамгийн нэр нөлөө бүхий хэвлэлийн газар болох “Random House”-ийн нэр төрж, тухайн үедээ Америкийн уран зохиолын салбарт эргэж буцалтгүй хүч түрэн орж ирсэн гэдэг.
Гэхдээ хэвлэлийн газрын хамгийн том эргэлтийн цэг нь Ирландын алдарт зохиолч Жеймс Жойсын Үлисс романыг АНУ-д анхлан хэвлэсэн явдал юм. Тус роман нь 1922 онд Франц Улсад анх хэвлэгдсэн ч АНУ-д тухайн цаг үедээ ёс бус хэллэг, үйл явдлуудаараа нэлээд цензурт өртөж байсан тул бүтэн хэвлэгдэхгүй хориглуулж байснаар зогсохгүй, тус улсын шуудангийн алба уг бүтээлийг “садар самуун агуулгатай” хэмээн хураан авч, олон нийтэд тараахыг хориглосон юм. Гэвч Беннетт Серф, Дональд Клопфер нар уг романыг хэвлээд зогсохгүй, утга зохиолын эрх чөлөөний төлөө тэмцэн шүүхэд зарга мэдүүлжээ.

1933 онд гарсан “United States v. One Book Called Ulysses” нэртэй энэхүү шүүхийн хэрэгт АНУ-ын дүүргийн шүүх Үлиссийг уран зохиолын бүтээл хэмээн хүлээн зөвшөөрч, садар самуун гэх үндэслэлийг няцаасан түүхэн шийдвэрийг гаргасан билээ. Энэхүү ялалт нь зөвхөн “Random House”-ийн төдийгүй, нийт ном хэвлэлийн ертөнцийн хувьд эрх чөлөө, шинэ хил хязгаарыг нээж өгсөн чухал үйл явдал болсон байна.
Энэхүү шүүхийн ялалт нь хэвлэлийн газрын хувьд хэд хэдэн чухал үр дагавартай байснаас дурдвал:
“Random House” нь зохиолчдын эрх чөлөөг хамгаалж чаддаг, төрийн цензуртэй шууд тэмцэх чадвартай, утга зохиолын “жинхэнэ үнэт зүйлийг” хамгаалагч байгууллага хэмээн хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн.
Маргаантай номын эргэн тойрон дахь анхаарал нь уншигчдын сонирхлыг татаж, Үлисс роман арилжааны хувьд ч мөн чамлалтгүй амжилт олсон бөгөөд ийнхүү “Random House”-ийн санхүүгийн нөхцөл байдал илүү бат бөх суурьтай болов.
Тус хэвлэлийн газар нь утга зохиолын эрх чөлөөг хамгаалдаг хэвлэлийн газар гэдгээрээ олон улсын нэр хүндтэй зохиолчдыг татах шалтгаан болжээ.

Товчхондоо, Үлиссийг хууль ёсны эрхтэйгээр хэвлэн, шүүхийн ялалт байгуулсан нь “Random House”-ийг жирийн нэгэн хэвлэлийн газраас утга зохиолын түүхийг өөрчилж чадах хэмжээний тоглогч болгон өсгөсөн стратегийн шийдвэр болсныг онцлууштай. Уг ялалтын дараагийн жил буюу 1934 онд Үлисс бүрэн эхээрээ АНУ-ын уншигчдын хүртээл болжээ.
Үүнээс хойш “Random House” нь 1949 оны утга зохиолын Нобелийн шагналт Уильям Фолкнерээс эхлэн Салман Рушди, Майя Анжелоу, Мүраками Харүки зэрэг олон нэр хүндтэй зохиолчийг дэлхийн өнцөг булан бүрийн уншигчтай танилцуулсан “аварга” болсон билээ. Харин “санамсаргүй хэвлэлийн газар”, "оцон шувуу" хоёр хэрхэн нэгдэн, бөмбөрцгийн хамгийн амжилттай хэвлэлийн газар болсон тухай дараагийн бүлгүүдэд өгүүлнэ.
Vintage Books-ийг худалдаж авсан нь
1960 онд Random House Vintage Books-ийг худалдан авсан нь тэдний хамгийн алсыг харсан хөрөнгө оруулалтын нэг болов. Анх 1954 онд хэвлэн нийтлэгч Альфред А.Кнопфын байгуулсан тус байгуулга нь уран зохиолын өндөр чанартай бүтээлүүдийг хямд өртөгтэй, зөөлөн хавтастай хувилбараар дахин хэвлэж, олон нийтэд хүргэх зорилготой байжээ.
Энэ нь тухайн үед хатуу хавтастай, өндөр үнэтэй ном давамгайлж байсан АНУ-ын хэвлэлийн салбарт шинэлэг бөгөөд хүртээмжтэй загвар болж байсан бол Penguin-тэй нэгдсэнээр Vintage нь уран зохиолын шилдэг бүтээлүүдийг цаашид олон удаа хэвлэх, уншигчдад цаг хугацааны шалгуурыг давсан чанартай уран бүтээлүүдийг санал болгох зорилготой трэдмарк болсон ба томоохон “брэнд” болж өргөжжээ.
Vintage Books-ийг худалдаж авснаар Random House дараах гурван чухал стратегийн ашиг хүртсэн байна. Тодруулбал, тухайн үед зохиол бүтээл нэгэнт худалдаанд гарсан л бол “ашиггүй” ном гэж тооцогддог байв. Харин Vintage Books нь уран зохиолын цаг хугацааны шалгуурыг давсан бүтээлүүдийг дахин зах зээлд гаргах замаар уншигчдын дунд “урт настай” соёлын үнэт зүйлсийг сэргээж, шинэ үеийн уншигчдад танилцуулах орон зайг бий болгожээ. Үүгээрээ Random House зөвхөн шинэ ном гаргадаг хэвлэлийн газар бус, уран зохиолын өвийг хадгалж хамгаалдаг “номын санч” болон өргөжив.
Түүнчлэн Vintage Books нь Random House-д багтсанаар тухайн компанитай гэрээ байгуулсан зохиолчид зөвхөн шинэ номоор биш, өмнөх бүтээлүүдээрээ дахин олны хүртээл болох боломжтой болсон байна. Энэ нь зохиолчдын хувьд тун итгэл төрүүлсэн алхам болсон бөгөөд бүтээлийг нь олон удаа дахин хэвлэх боломж зохиолчид эдийн засгийн хувьд ч, нэр хүндийн хувьд ч урт хугацааны үр өгөөж авчрах болсон юм.
Мөн Vintage Books нь өөрөө “брэнд” болсон цөөн хэвлэлийн нэг байв. Зөөлөн хавтастай, уран сайхны загвар бүхий өнгөт хавтаснууд нь номын дэлгүүрийн тавиур дээрээс ялгардаг байсан бөгөөд цаг хугацааны уртад уншигчид “Vintage” шошготой номыг хараад л “чанартай уран зохиол” хэмээн хүлээн зөвшөөрдөг болсон нь зах зээлийн сэтгэл зүйн асар том давуу тал болж чаджээ.
Үүгээрээ Random House нь уран зохиолын “түр зуурын тренд” хөөсөн хөнгөн хэвлэлийн газрын нэг бус, харин уншигчийнхаа төлөө ажилладаг соёлын байгууллага болж, олон сая уншигчийн итгэлийг хүлээсэн байна.
Penguin, Random House хоёр нэгдэв
2013 онд номын ертөнцийн түүхэнд тэмдэглэгдэхүйц том үйл явдал болж өнгөрчээ. Их Британийн алдарт Penguin Books болон Америкийн хүчирхэг Random House хоёр нэгдэж, дэлхийн хамгийн том хэрэглэгчдэд чиглэсэн (consumer publishing) хэвлэлийн газар болох Penguin Random House (PRH)-ийг байгуулав.
1935 онд сэр Сайр Алън Лэйн анхны Penguin Books-ийг үүсгэн байгуулж байхдаа “шинжлэх ухааны болон уран зохиолын чанартай номыг хямд үнээр, хүн бүрд хүртээмжтэй хүргэнэ” гэсэн үзэл санаанд тулгуурлаж байв. Тухайн үед галт тэргээр аялж буй жирийн ажилчин ч Фройд, Хемингуэй, Орвеллийн бүтээлийг 6 пенсийн үнээр авч уншдаг болсон нь жинхэнэ хувьсгал байлаа.
Харин Атлантын далайн нөгөө эрэгт, Random House нь Америкийн уран зохиолын ноён оргилуудыг дэлхийд таниулсан хэвлэлийн газар байсан бөгөөд Ж.Жойсын Үлисс романаас эхлэн У.Фолкнер, Т.Моррисон, Х.Мүраками зэрэг зохиолчдыг зах зээлд гаргаж, уншигчдад чанартай уран зохиолын үнэ цэнийг хүргэж ирсэн “аварга” байв.
Penguin Random House-ийн хамгийн гол зарчим нь зохиолчийг бизнесийн түнш бус, уран бүтээлч гэдэг утгаар нь хүндэтгэх явдал гэж хэлж болно. Тэд зохиолчдод бүтээн туурвих эрх чөлөөг нь бүрэн олгож, санхүүгийн хувьд ч, уран бүтээлчийн хувьд ч урт хугацааны дэмжлэг үзүүлдгээрээ тун онцлогтой бөгөөд энэ нь тэдний урт хугацааны амжилтын нууц ч байж магад.
Энэ бодлогын ачаар Жон Грин, Коллин Гувер, Элизабет Гилберт зэрэг орчин үеийн шилдэг зохиолчдын итгэлийг хүлээн, дэлхийд алдартай Салман Рушди, Тони Моррисон зэрэг зохиолчидтой хамтарч ажилласан хэвээр буй. Түүнчлэн Penguin-ийн эхлүүлсэн “хүн бүрд унших боломжийг олгох" философи нь нэгдсэн Penguin Random House-ийн гол чиг шугам хэвээр үлдсэн төдийгүй аливаа бүтээлийг 40 гаруй хэлээр эрхлэн гаргахын сацуу уншигчдад үнийн хувьд ч олон сонголтыг санал болгодог билээ. Чухамхүү тэд уран зохиолыг бүх нийтийн “оюуны хөрөнгө” болгон хувиргаж чадсанаараа онцлогтой.
Мөн Penguin Random House нь дижитал ном, аудио номын зах зээлийг тэргүүлж, хэрэглэгчийн унших дадалд тохирсон шинэ платформуудыг хөгжүүлж буйгаараа олон хэвлэлийн газрыг хошуучилж байна.

Сэтгэгдэл бичих (1)


B Bayasaa 2025.07.30 210.157.202.148
Гоё нийтлэл бичжээ. Байнга нүдэнд харагдаад уншигдаад байдаггүй үг хэллэг ашигласан нь уншихад таатай байлаа. Амжилт хүсье.