Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монголын хамгийн том хөгжмийн наадам бол “Playtime Festival” билээ. Хөгжимд хайртай залуус, уран бүтээлчдийг нэгэн дор цуглуулж, дөрвөн өдрийн турш дуу хөгжмийн хэмнэлд хөгжилддөг тус фестиваль жилээс жилд хамрах цар хүрээ, чанар чансаагаа ахиулсаар буй. Тэгвэл энэ удаад тэд фестивалийн хамгийн чухал хэсэг болох тайзны дизайн, визуал консепц, гэрэлтүүлгийг дэлхийн жишигт хүргэхээр олон улсын нэр хүндтэй продакшн багуудтай хамтран ажиллаж байгаа гэнэ.
Ингээд энэ удаагийн нийтлэлээр тус фестивалийн онцлог болон наадмын өнгө төрхийг дэлхийн түвшинд шинэчлэхээр хамтран ажиллаж буй олон улсын продакшн багуудыг танилцуулж байна.
Холбоотой нийтлэл: Playtime Festival: Хөгжмийн хэмнэлээс хальсан хариуцлага
“PLAYTIME FESTIVAL” НААДМЫН ЭНЭ ЖИЛИЙН ОНЦЛОГ

Азийн ТОП 5 хөгжмийн наадмын нэг болох зорилт тавин ажиллаж буй Playtime нь 2002 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа билээ. Жил бүр л үзэгчдэдээ үргэлж гэнэтийн бэлэг барьж, чанараа ахиулсаар ирсэн тус фестиваль энэ удаад өнгө төрх, хамрах цар хүрээгээ улам тэлж, дэлхийн хэмжээнд зохион байгуулагдахаар төлөвлөжээ. Үүний тулд дэлхийн алдартай шоу, наадамд оролцдог олон улсын шилдэг продакшн, багуудтай хамтран ажиллаж буй нь энэ жилийн хамгийн том онцлог юм.
ХАМТРАН АЖИЛЛАХ ПРОДАКШН БАГУУД
Энэ удаагийн наадамд олон улсын нэр хүндтэй хоёр том продакшн баг хамтран ажиллаж буй. Тодруулбал, “SOIHOUSE” баг фестивалийн тайз болон орон зайн ерөнхий архитектур, төлөвлөлтийг хариуцаж байгаа бол, “rene.studio” тайзны дүрслэл болон фестивалийн визуал хэсэг дээр хамтран ажиллаж байгаа гэнэ.
1. АЗИЙН НААДМЫН ӨНГӨ ТӨРХИЙГ ТОДОРХОЙЛОГЧ SOIHOUSE

Тус студийг Японы архитектор, гэрэлтүүлгийн дизайнер Жиро Эндо үүсгэн байгуулжээ. Тэрээр Азийн хамгийн том хөгжмийн фестивалиудын нэг болох Тайландын “Big Mountain Music Festival”-ийн дизайны удирдагчаар 10 жилийн турш ажилласан туршлагатай нэгэн бөгөөд дэлхийд алдартай Wonderfruit Festival-ийн “The Quarry” тайзны орон зай, гэрэлтүүлэг, дүрсний шийдэл, лазер болон дууны системийн концепцыг анхны жилээс нь эхлэн хөгжүүлж иржээ. Тус тайз нь олон улсын электрон хөгжмийн фестивалийн хамгийн өвөрмөц, шинэлэг тайзны бүтээлүүдийн нэгт тооцогддог аж.
Мөн Кени Улсын “Kaleidoscope Festiva”, Бангладешийн “Burningcrab Festival”, Вьетнамын “UNMUTE Hanoi” зэрэг олон улсын фестиваль болон клубийн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн. 2025 онд Osaka-Kansai Expo-ийн “Future of Life” павильоны архитектурын удирдагчаар ажиллан “Good Design Award 2025” шагнал хүртсэн байна.
2. ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ШОУ ВИЗУАЛЫН БАГ RENE.STUDIO

Харин rene.studio-ийн хувьд Нидерландын Амстердам хотод байрлалтай, визуал уран бүтээлч Рене ван Дейк-ийн үүсгэн байгуулсан дижитал арт болон дизайн концепцын алдартай студи юм. Тэд дэлхийн хэмжээний хөгжмийн наадмууд, супер оддын аялан тоглолтын визуал контент, гэрэлтүүлэг болон тайзны график дизайныг гардан гүйцэтгэдэг салбартаа тэргүүлэгч баг билээ. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, 3D мэппинг болон женератив артыг төгс хослуулдгаараа алдартай.
Rene.Studio өмнө нь дэлхийн цахим хөгжмийн соёлын оргил болсон “Tomorrowland presents: CORE”, техно хөгжмийн хатан хаан гэгдэх “Charlotte de Witte World Tour”, Бельгийн алдарт “Rave Rebels” фестиваль, тэр ч байтугай загварын ертөнцийн сор болсон “Louis Vuitton Men’s FW24” шоу зэрэг олон улсын томоохон төслүүдийн визуалыг хийж байсан асар туршлагатай баг хамт олон аж.
+ ШИЛДЭГ СИСТЕМИЙН ИНЖЕНЕРҮҮД
Гайхалтай тайз засалт, нүд баясгам визуал гэрэлтүүлэг байлаа ч түүнийг амилуулах хамгийн чухал зүйл бол яах аргагүй дуу гаргалт буюу дууны систем билээ. Тэгвэл энэ жилийн “Playtime Festival 2026”-ын олон улсын багт дэлхийн шилдэг системийн инженерүүд болох Томас болон Роберт де Врис нар нэгджээ.
БИД ЮУГ ХҮЛЭЭХ ВЭ?

“Playtime Festival 2026” наадамд олон улсын шилдэг продакшн багууд нэгдэж буй нь тус фестиваль зөвхөн хөгжмийн цугларалт бус, орон зайн урлаг, гэрэл, дүрслэл, технологийн гайхамшгийг хослуулсан олон улсын соёлын нэгдсэн том талбар болж буйг илтгэх биз ээ. Тэр ч утгаараа бид энэ удаагийн наадмаас өмнө нь мэдэрч байгаагүй тэс өөр орчин, шинэ түвшний шоуг хүлээж болно. Хараа булаам өвөрмөц тайз, хөгжмийн хэмнэлд тааруулан үелзэх гайхалтай гэрэл, дүрслэлийн гайхамшгийг бид нүдээрээ үзэх юм. Түүнчлэн дэлхийн шилдэг инженерүүдийн дууны систем нь хөгжмийн аялгуу бүрийг хүн бүрд маш тод, амьд мэдрүүлэх учиртай.
Одоо бид дэлхийн хэмжээний фестивалийг дэргэдээс нь үзэх л үлдлээ. Бэлэн үү?

Сэтгэгдэл бичих

