Өнгөрсөн долоо хоногт Олон улсын ойн өдөр, Дэлхийн усны өдөр, Наурызын баяр, монгол хүн анх сансарт ниссэн өдөр гэхчлэн олон тэмдэглэлт өдрүүд боллоо. Энэ дунд дарагдсан байх магадлалтай өөр нэг өдөр бол 3-р сарын 20-нд тохиодог Дэлхийн амны хөндийн эрүүл мэндийн өдөр юм.
Энэ өдөр манай редакцын итгэлт түншүүдийн нэг Prodent шүдний эмнэлэг AiDent, eSchool, Ариун брэндүүдтэй хамтран ЕБС-ийн 24, 61-р сургууль, Veloo foundation дээр өдөрлөг зохион байгуулж, 500 гаруй хүүхдэд үнэгүй амны хөндийн үзлэг оношилгоо хийж, гарын бэлэг өгчээ. Энэхүү “Эрүүл шүд, Эрүүл хүүхэд” аяны үеэр мэргэжлийн эмч нараас хүүхдийн шүд арчилгааны зөвлөгөө авснаа уншигч тантай хуваалцаж байна.

Учир нь эрүүл шүд бол зөвхөн харагдах байдал, өөртөө итгэх итгэл, бус хоол боловсруулах эрхтэн тогтолцооноос эхлээд биеийн дархлаа, хэл ярианы хөгжилд ч чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
Холбоотой нийтлэл: AiDent брэндийн үүсгэн байгуулагч, нүүр амны их эмч Э.Ануударь
Хүүхдийн шүд хамгаас чухал
Хүн амьдралдаа хоёр удаа шүдэлдгийг бид мэднэ. Хамгийн анхны шүд 4-6 сартайд цухуйгаад 2-3 настайд бүрэн ургаж гүйцдэг. Үүнийг бид сүүн шүд гэж нэрлэдэг бөгөөд энэ үедээ хүүхэд дээрээ 10, доороо 10 шүдтэй болсон байдаг. Харин 5-7 настайд эдгээр шүднүүд унаж хоёр дахь шүдэлгээ эхлэх ба ийнхүү 12-13 насандаа 28 шүдтэй болдог байна.
Өөрөөр хэлбэл, 5-7 наснаас эхлэн тухайн хүүхдийн насан туршдаа “ашиглах” шүд бүрэлдэхийн зэрэгцээ насан туршдаа мөрдөх амны хөндийн арчилгааны дадал зуршил нь бүрэлддэг. Энэ чухал үед нь эцэг эх, гэр бүлийнхэн нь анхаарлаа сайтар хандуулах нь ирээдүйд тухайн хүүхдийн эрүүл мэнд ихэд нөлөөтэй байх нь ойлгомжтой. Гараа сайхан бол бариа сайн гэдэг дээ.
Нэгэн нийтлэг ташаа ойлголтыг энд дурдъя: Байнгын шүднээс хамгийн эхэнд 6-р том араа шүднүүд сүүн шүднүүдийн ард ургадаг байна. Энэ арааг эцэг эхчүүд сүүн шүд гэж андууран “нэгэнт л ахиад ургачихна” гээд цоороход нь эмчлүүлэхгүй явсаар эцэстээ авхуулж таардаг. Гэтэл энэ шүд нь ахиж ургадаггүй бөгөөд авхуулснаар шүдний гажиг, согог үүсэх цаашлаад эрүүний хөгжилд ч муугаар нөлөөлдөг байна.
Хүүхдийн шүдийг хэрхэн арчлах вэ?

Юун түрүүнд хүүхдийн насанд тохирсон зөөлөн үстэй шүдний сойз сонгох нь чухал гэнэ. Нярай хүүхдийн амыг ялангуяа хөхүүлж, хооллосны дараа зөөлөн маарал тэргүүтэй даавууг усаар норгон цэвэрлэх бол 6 сартайгаас нь эхлэн зөөлөн үстэй зориулалтын сойзоор өдөрт хоёр удаа угаах хэрэгтэй.
Мэргэжлийн эмч нар хүүхдийн шүдийг 5-6 нас хүртэл эцэг эх нь өөрсдөө угааж өгөхийг, мөн хүүхдийн шүдний сойзыг сонгохдоо үүдэн хоёр шүдний хэмжээтэйг сонгон авах ба 3-4 сарын дотор сольж байхыг зөвлөдөг байна. Мөн хүүхэд тань ялангуяа амьсгалын замын өвчин туссан бол сойзыг нь заавал солих хэрэгтэй гэнэ. Учир нь сойзон дээр өвчний нян бактери үлдсэн байдаг бөгөөд эргэн тусах магадлалыг нь нэмэгдүүлдэг ажээ.

Хүүхдийг нэг нас хүрэх үед нь хүүхдийн оо хэрэглэж эхлэх нь зүйтэй. Харин гурван наснаас эхлэн фтортой оогоор угааж болно. Ооны зохистой хэмжээ нь шүдний сойзны 1/3-тэй тэнцэх бөгөөд энэ нь 1-3 насанд цагаан будааны хэмжээтэй, 3-аас дээш насанд шошны хэмжээтэй гэсэн үг. Хүүхдийн шүдийг угаахаас гадна хэлийг нь оогүй сойзоор нь хойноос нь урагш сойздож байх нь амны хөндийд бактери үүсэхээс сэргийлдэг байна.
Энэ ташрамд, “Эрүүл шүд, Эрүүл хүүхэд” аянд хамтарч буй, ургамлын гаралтай Dabur оог Ариун брэнд Энэтхэгээс албан ёсны эрхтэй борлуулж байгаа ажээ.

Хүүхдийнхээ шүдийг 6 сар тутамд шүдний эмчид үзүүлэх нь үүсэж болзошгүй асуудлуудыг урьдчилж илрүүлэх, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Мөн шүдний эмчийн үзлэг болон зөвлөгөө нь хүүхдийн шүдний эрүүл ахуйн талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, багаасаа зөв дадал зуршилтай болоход тусална. Ингэснээр хүүхэд том болсон ч ам хөндийн эрүүл мэнддээ анхаарал тавьдаг, шүдний эмчээс айж жийрхдэггүй болох билээ.
Сүүн шүдний цоорол, өвчлөл байнгын шүдийг бодвол хурдан явагддаг тул нярай байх үед нь 6 биш 3 сар тутам эмчид очиж урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх нь илүү үр дүнтэй байдаг гэнэ шүү.

Элсэн чихэр багатай, шим тэжээлтэй хооллолт бол бүхний суурь. Ялангуяа шүдний эрүүл мэндийг сахин хамгаалахад сүү, тараг зэрэг кальциар баялаг бүтээгдэхүүнүүд чухал оролцоотой. Мөн хүүхдэд аль болох зажлууртай ааруул, ээзгий зэргийг идүүлж, эрүүний булчинг нь хөгжүүлэх хэрэгтэй. Зажлуур ихтэй хүнс болон жимс, ногоо тогтмол хэрэглэх нь шүлсний ялгарлыг нэмэгдүүлж, шүд цэвэрлэх үр дүнтэй арга болдог байна.

Сүүн шүд унах, байнгын шүд ургах үед тодорхой хэмжээний зовуурь үүсдэг. Энэ үед хүүхдэдээ зажлуур багатай хоол өгөх, хүйтэн хазуур эсвэл алчуур зуулгах, эмчийн зөвшөөрөлтэйгөөр ацетаминофен эсвэл ибупрофен уулгах, буйлыг нь зөөлөн илэн массаж хийх зэрэг арга хэмжээг аваарай.
Хэрэв танд хүүхдийн тань шүдтэй холбоотой мэргэжлийн эмчийн зөвлөгөө хэрэгтэй бол 77012828 дугаараар Prodent эмнэлэгтэй холбогдоорой. Мөн тус хамт олны 20 жилийн туршлага дээрээ үндэслэн монгол хүний шүдэнд зориулан бүтээсэн AiDent сойзыг туршаад үзэхийг зөвлөж байна. Тэд том хүний, хүүхдийн, аппараттай хүний гэсэн гурван төрлийн сойзыг анх удаа эх орондоо үйлдвэрлэж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

