Бид энэ удаагийн дугаартаа “Prodent” шүдний эмнэлэг болон AiDent брэндийн үүсгэн байгуулагч, нүүр амны их эмч Э.Ануударийг урилаа. Тэрээр Бүгд Найрамдах Куба улсын Гаваны их сургуульд НАСС-ийн нүүр амны их эмчээр суралцаж, Япон улсын Нагояа хотын Айчи Гакуйн их сургуульд Анагаах Ухааны Докторын зэргээ хамгаалжээ.
Түүний хувьд 2014 онд “Prodent” шүдний эмнэлгийг үүсгэн байгуулсан ба эх орондоо анхны шүдний сойзны үйлдвэрлэлийг эхлүүлж, AiDent брэндээ үүсгээд буй. Ингээд өнөөг хүртэл үйлчлүүлэгч олныхоо итгэлийг хүлээн ажиллаж байгаа түүний ажил, амьдралын арга барилтай танилцъя.
Байршил:
Салбар 1 - 13-р хороолол, Натурын дунд зам дагуу, Pizza hut-ийн замын эсрэг талд
Салбар 2 - Яармаг, Hunnu Mall худалдааны төвийн эсрэг талд, New Garden үйлчилгээний төв, 2-р давхар
Эрхэлдэг ажил: “Prodent” шүдний эмнэлэг, AiDent брэндийн үүсгэн байгуулагч, нүүр амны их эмч
1. Таны карьераас бид юуг мэдэх ёстой вэ?
Өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг хэмээх хуучны хэлц үг байдаг шүү дээ. Харин аливаа өвчнийг эмчлэх хамгийн шилдэг арга нь урьдчилан сэргийлэлт байдаг. Гагцхүү хүн ардад эрүүл мэндийн боловсрол олгож, мэдлэг мэдээлэл түгээх үүргийг эмч хүн хүлээдэг тул энэ л учиг шалтгаанаар эмчийн мэргэжлээ сонгож байв. Үүний зэрэгцээ аав, ээж, эмээ гээд гэр бүлийнхэн маань бүгд эмч мэргэжилтэй. Миний аав гавьяат эмч Эрхэмбаатар гэж хүн бий. Аав минь анагаахын сургуульд багшлахаас гадна эх нялхсын эрдэм шинжилгээний төвд насаараа ажиллаж, эх барих, эмэгтэйчүүдийн төлөө энэ амьдралаа зориулсан. Мөн залуу үедээ эхийн эндэгдлийг бууруулна гэсэн том зорилго тээж явсныг нь хожим сонсоод залуу хүн зорилготой байх ёстой гэдгийг гүн гүнзгий ойлгож байлаа.
Ингэж л би балчир охин байхаасаа эмч болохоор эрс шийдсэн юм. Энэ мөрөөдлийнхөө ч эзэн болж, Монголдоо анагаахын чиглэлээр их сургуульд сурч байгаад үргэлжлүүлэн Бүгд Найрамдах Куба улсад тэтгэлгээр суралцах боломж тохион, 2002-2008 оны хооронд Куба улсын Гаваны их сургуульд НАСС-ийн нүүр амны их эмчээр суралцаж төгссөн. Мэдээж төрсөн эх орноосоо өөр газарт эрдэмд шамдана гэдэг зөвхөн мэргэжлээрээ суралцахаас гадна тухайн улсын соёл, ард иргэдийнх нь аж амьдралтай танилцах боломж болдог юм билээ. Одоо эргээд харахад Кубад сурч байх үед дадлага хийх нөхцөл боломж элбэг байсан нь мэргэжилдээ улам дурлах шалтгаан болсон юм шиг санагддаг.

2008 онд Монголд ирээд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс ажлын гараагаа эхлэхдээ би эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд байсан ч клиник дээр өвчтөн үзэж, чамгүй туршлага хуримтлуулж чадсан. Тийнхүү цааш дахин сурах шийдвэр гаргаж, 2009 онд Анагаах Ухааны Докторын зэргээ хамгаалахаар Японы Нагояа хотын Айчи Гакуйн их сургуулийг зорьж байв.
Ийнхүү Prodent шүдний эмнэлгээ 2014 онд үүсгэн байгуулж, өдгөө үйл ажиллагаагаа тогтвортой явуулсан хэвээр байна. Өмнө нь хэлсэнчлэн, миний аав эхийн эндэгдлийг бууруулах том зорилго тээн, утга учиртай ажил хийж ирсэн нь надад эергээр нөлөөлж, Монгол Улсын шүдний цоорлыг бууруулах томоохон зорилго тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд AiDent брэндийн үүсгэн байгуулсан бөгөөд анхны шүдний сойзны үйлдвэрлэлийг эх орондоо эхлүүлээд байна.
2. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Хариуцлага өндөртэй ажил хийдэг учраас өглөө аль болох эрт босохыг хичээдэг. Гэвч гурван хүүхдийн ээжийн хувьд төлөвлөснөөр болохгүй зүйл олон.
Ямартай ч гэр бүлдээ өглөөний цайг нь бэлдэж өгөх, хүүхдүүдээ сургуульд нь хүргэх зэргээр ээжийн үүргээ биелүүлчхээд ажилдаа гардаг. Өдөржин үйлчлүүлэгч тасрахгүй байх нь элбэг болохоор заримдаа өдрийн хоолоо ч идэж амжихгүй үе бий.
Өдөр тутмын ажлаасаа гадна Монголын шүдний цоорлыг бууруулах том зорилгодоо хүрэхийн тулд үүнтэй холбоотой хурал семинар, зөвлөгөөн гээд уулзалт их байдаг. Мэдээж үүний зэрэгцээ ээж хүн, гэрийн эзэгтэйн үүргээ биелүүлж, гэр бүлдээ цаг гаргах, хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргэж өгөх, авах гээд ажил мундахгүй. Дээрээс нь аль болох өөртөө цаг зав гаргах, сурч, мэдэх гэсээр өдрийн 24 цагтай уралдаж л явна даа.
3. Таны ажлын нөү-хау?
Нэгдүгээрт, эмнэлгийн байгууллага өөрийн гэсэн соёлтой байх ёстой. Миний зүгээс хамтран зүтгэгчдэдээ нэн тэргүүнд мэргэжлийн байх шаардлага тавьдаг. Энэ нь нэг талаас ур чадвар, туршлагатай байхыг илэрхийлэх ч нөгөө талаас өөрийн хийж буй ажилдаа эзэн байж хариуцлагатай, тууштай байх тухай юм л даа. Учир нь эмч бидэнд алдах эрх байхгүй.
Хоёрдугаарт, энхийн цагт хөлс их урсгавал, дайны цагт цус бага урсгана гэдэг дээ. Хувьдаа аливаа шийдвэр гаргахын өмнө үргэлж судалгаатай, нягт нямбай, ул суурьтай хөдлөхийг хичээдэг. Хангалттай хэмжээний судалгаатай байснаар ирээдүйд гарах эрсдэлийг үлэмж бууруулж, зөв шийдвэр гаргах боломж олгодог гэх үү дээ.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Технологи нь бидний амьдралыг асар хөнгөвчилж, ажил үүргийг маань цэгцтэй байхад хамгийн их тусалж байна. Сүүлийн үед хэрэглэж буйапп гэвэл цаг төлөвлөлтийн Calendar л байна даа. Манай япон багш нэг удаа “Мартана гэдэг хүний зан. Гагцхүү бичиж тэмдэглэсэн нь л амжилтад хүрнэ” гэж хэлж байсан юм. Энэ үгс одоо ч санаанаас гардаггүй болохоор хийе гэж бодсон болгоноо календарьтаа бичиж үлдээдэг. Мөн түгжрэлийн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор подкаст их сонсож байна.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Эмэгтэй хүн болоод ч тэр үү нэгэн зэрэг олон ажил амжуулах буюу multitasking хийж байж ажлаа амжуулдаг. Дээрээс нь чухлын дараалал дээр их ач холбогдол өгдөг. Би хаана байвал илүү үр ашигтай байх вэ гэдгийг нэн түрүүнд боддог гэх үү дээ. Мөн аливаа зүйлд чанартай цаг зарцуулахыг хичээдэг юм. Мэдээж тухайн цаг гаргаж буй зүйлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлж ажиллахыг зорьдог.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Нэг бяцхан дадал бий. Шинэ оны өмнөх орой ирэх жилийн төлөвлөгөө, хүрэх зорилгоо бичээд, өмнөх жилийн хийж чадсан, чадаагүй зүйлсээ жагсааж бичин, чек хийдэг.
Мөн олон хүний харах өнцөг оролцсон зүйлээс хамгийн сайн шийдвэр, зохион байгуулалт, шийдэл олж чаддаг учраас аль болох баг, хамт олонтойгоо хуралдаж, шинэ санал санаачлагыг дэмжин ажиллахыг хичээдэг.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Үр хүүхэд гэр бүлтэйгээ агаар салхинд гарч, утсаа унтраагаад амрах нь хамгийн сайн эрч хүчээ сэлбэх арга байдаг даа. Чанартай цагийг гэр бүлдээ зарцуулахыг хичээж байгаа.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг ажил/төсөл?
Нийтийн сайн сайхны төлөө, эрүүл, аз жаргалтай нийгмийг бүтээхийн тулд өөрийн хувь нэмрээ чадах чинээгээрээ оруулахыг хичээдэг. Миний хувьд 2013 оноос хойш Мишээл хүүхэд санг үүсгэн байгуулж, алслагдмал бүс нутгийн хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, түүнчлэн AiDent брэндээрээ Монголын шүдний цоорлыг бууруулахаар зорин ажиллаж явна.

9. Хийж буй ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Эмч гэдэг алдаа гаргаж болохгүй мэргэжлүүдийн нэг. Энэ бол хамгийн том онцлог нь байх. Өөр онцлог гэвэл бид нэг асуудалд төвлөрдөггүй. Өвчтөний шүд цоорч, зовууриа учирлан биднийг зориод ирлээ гэхэд ганцхан шүдний асуудал юу байна гэж харахаас илүү үүнд нөлөөлсөн байж болох ямар асуудал байгааг бүх талаас нь хардаг гэсэн үг.
Эерэг сайн талын хувьд хүнийг эмчлээд эрүүл болгоно гэдэг чинь л хамгийн сайхан.
Хэцүү бэрхшээлтэй тал бол маш олон. Бид хүний бие махбод, биологитой харьцаж байгаа учраас хүссэн үр дүндээ хүрэхгүй байх ч тохиолдол цөөнгүй. Ийм үед л хамгийн их стресстдэг.
Салбарын онцлогийн тухайд анагаахын бусад салбарыг бодвол арай хурдацтай хөгжиж байгаа гэж хардаг. Харин дэлхийн чиг хандлагатай харьцуулбал Монголын шүдний салбарыг тийм ч айхтар хоцрогдсон гэж хэлэхгүй. Олон улсын хувьд урьдчилсан сэргийлэх тал руу илүү чиглэж байгаа ч манай улсад аль аль талдаа урьдчилсан сэргийлэлт хангалгүй байгаа. Шүдээ яаж арчилж, хэрхэн хамгаалах тал дээр хичээх хэрэгтэй байгааг энэ ташрамд хэлмээр байна.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Монголд үйлдвэрлэл хөгжихгүй гэдэг яриа олон сонссон. Ялангуяа шүдний сойзны үйлдвэрлэл...
Бид өнөөдөр нийгмийн хариуцлагын хүрээнд, ашиг олох зорилгоор бус шүдний цоорлыг бууруулах зорилгоор монгол хүний амны хөндийн онцлог, хэв шинжид тохирсон шүдний сойзыг үйлдвэрлэж байгаа. Зөв сойзоор, зөв давтамжтай, зөв угааж чадвал цоорол буурах шиг амархан зүйл алга. Ойрд иргэдээ шүдээ өдөрт гурван удаа угаадаг зуршилтай хэрхэн болгох вэ гэдэг дээр л толгойгоо гашилгаж байна даа.


11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж суралцдаг вэ?
Миний хувьд Орос 3-р сургуульд арван жилээ төгсөж, Куба Улсад бакалаврын зэргээ дүүргэн, Япон Улсад Анагаах ухааны докторын зэргээ хамгаалсан тухайгаа ярилцлагын эхэнд хэлж байсан. Тэр давуу талаараа англи, япон, испани, орос гээд дөрвөн өөр улсын хэлээр ярьдаг. Цаашид ч мөн өөр олон улсын хэл, соёлыг суралцахаар хичээж байна. Мөн үйлдвэрлэл эрхэлж эхэлсэнтэй холбоотой бизнесийн талаар эхнээс нь суралцаж яваа.
12. Санал болгох ном, кино, хөгжим?
Ээж хүнийхээ хувьд үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэх, мэдлэг боловсролтой чадварлаг иргэн бэлдэх нь эх орондоо оруулж буй хувь нэмэр гэж боддог. Тиймээс хүүхэд хөгжлийн тухай олон ном уншиж байснаас “Бар ээж” гэх номыг бусад ээжүүдийг уншаасай гэж хүсэж байна. Мөн эмчийн мэргэжил бол хэзээ ч сурч дуусдаггүй, өдөр бүр шинийг сурч, сайжруулах шаардлагууд тулгардаг ажил учраас мэргэжлийнхээ номуудыг уншиж судалсаар байгаа.
Кино гэвэл “Forrest Gump”-ийг үзээсэй гэж хэлнэ. Энэхүү киног үзээд чи оролдож үзэхгүй л бол чамд ямар боломж байгааг хэзээ ч мэдэхгүй гэдэг санааг ойлгох байх гэж найдаж байна.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Манай япон багш хэлэхдээ “Боломж гэдгийг хүнээр дүрслэвэл толгойн орой хэсэгтээ үстэй, дагз хэсгээрээ халзан хүн байх байсан. Түүнийг явж байх үед нь яг толгойн оройн хэсэг дээрээс нь л шүүрч авч байж барьж авч чадна. Өнгөрөөд явчихвал баригдашгүй. Энэ нь боломжит цаг хугацаанд шүүрч авахгүй л бол өнгөрсөн хойно нь хэчнээн хөөцөлдөөд ч авч чадахгүй гэдэг утгыг илэрхийлдэг” гэж багшийн маань ярьж байсан сэтгэлд тод үлджээ.
14. Бусдад шидэх санаа?
Аялал бол ертөнцийг өөрөөр олж харах, нүдээ нээх, мэдлэг боловсрол, туршлага, дурсамж хуримтлуулдаг чухал зүйл учраас аль болох эрт аялаарай. Гол нь аяллын туршлага, өөр улс орны хөгжил, сайн сайхан зүйлсийг нь эх орондоо нутагшуулах хүсэл тэмүүлэл, зорилго, зоригтой байгаарай.
Эцэст нь амны хөндий бидний эрүүл мэндийн толь юм шүү. Бидний идэх, уух бүх зүйлс амаар дамжин ордог учир энэ орчин эрүүл байх нь бүх биеийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой.


Сэтгэгдэл бичих (3)


З Зочин 3 өдрийн өмнө 202.131.239.157
Prodent-ийн нөгөө алтан сойз юу болсон бэ? Prodent-ийн нөгөө алтан сойз юу болсон бэ? Prodent-ийн нөгөө алтан сойз юу болсон бэ? Prodent-ийн нөгөө алтан сойз юу болсон бэ? Prodent-ийн нөгөө алтан сойз юу болсон бэ?
З Зар сурталчилгааны талбар болгомооргүй санагдах 4 өдрийн өмнө 59.153.114.179
Зар сурталчилгаагаа өөр газраа хийгээд энэ талбараа өмнөх утга агуулгаар нь авч явбал сайхансан. Арай2
C Customer enh 2025.11.12 66.181.191.16
prodent dr apparat zuusen, shudiig maani zasaad uneheer goy bolgosoon. Odoo apparataa avaad 2 jil bolj bn, hunii oodoos harj ineeh itgel duuren bolson. Bayarlalaa