Энэ сарын 10-ны өдрөөс эхлэн ТэнГэр телевизээр орой бүр 21:00 цагаас танд хүрч буй “Мэтгэлцээн 2024” бодлогын мэтгэлцээний хоёр дахь дугаар өчигдөр болж өрнөлөө. Эхний дугаартай харьцуулахад халз мэтгэлцээний үеүд тун сонирхолтой болж өнгөрснийг онцлууштай. Тодруулбал, хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том асуудал болсон эх орноо орхин явж буй залууст тулгарч буй бодит бэрхшээл, өнөөгийн нөхцөл байдлыг мэтгэлцэгчдийн нам, эвслүүд хэрхэн шийдэхээр зорьж байгаа талаар ярилцсан юм. 

Ингээд мэтгэлцэгч бүрийн үе тус бүрд ярьсан онцлох санаануудыг тоймлон хүргэж байна. Ташрамд дуулгахад, мэтгэлцээний үеэр баримт шалгах таван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа бөгөөд мэтгэлцэгчдийн хэлсэн тоон баримт, хуулийн заалт тэргүүтэй бүх баримтыг цаг алдалгүй нягталж байгаа. Та бүхэн мэтгэлцээний V үед тэдний нягталсан баримтуудыг үзэх боломжтой. 

1-р дугаарын тоймыг УНШИХ

ТЭД ЯМАР ДҮРМЭЭР МЭТГЭЛЦЭХ ВЭ?

Зургаан нэр дэвшигч нийт таван үеийн турш мэтгэлцэх болно.

I үе: Нээлттэй индэр - Энэ үед мэтгэлцэгч тус бүр нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эсвэл өөрийн тухай өгөгдсөн 120 секундын хугацаанд танилцуулна.

II үе: Халз мэтгэлцээн - Мэтгэлцэгч тус бүрд 224 секунд оноогдох ба тухайн цагийг хэзээ, хэрхэн ашиглах нь мэтгэлцэгчийн сонголт. Харин редакцын зүгээс ажил, мэргэжил, туршлагыг харгалзан халз мэтгэлцэх оролцогчдыг хооронд нь оноож, сэдвийг өгнө. Энэ үед гурван оноолт өгөгдсөн сэдвээр мэтгэлцэх юм.

III үе: Иргэдийн асуулт - Мэтгэлцээний үеэр олон нийтээс ирсэн асуултыг оролцогч тус бүрээс асуух бөгөөд хариулах хугацаа 120 секунд.

IV үе: Халз мэтгэлцээн - Өмнөх үеийн дүрмийн адилаар өөр оноолтууд редакцын зүгээс өгсөн сэдвийн дагуу мэтгэлцэнэ.

V үе: Хаалтын үе - Мэтгэлцэгч тус бүр хаалт хийж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээ 180 секунд буюу гурван минутад багтаан танилцуулна.

2-Р ДУГААР “ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ЗАЛУУСЫН ДАЙЖИЛТ”

ХЭН МЭТГЭЛЦЭВ?

Зүүн талаас Ц.Мөнхцацрал, Д.Батсүх, Д.Энхтуяа, С.Санасэр, С.Эрдэнэбат, Б.Мягмардорж

Үндэсний эвслээс 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Ц.Мөнхцацрал - Олон улсын харилцаа, хөдөлмөрийн салбарт 23 жил ажилласан. МУИС, БНХАУ, БНСУ-д суралцаж, Хууль зүйн салбарт ажиллаж байжээ.

10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшигч Д.Батсүх - “Elevator Hub” компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Түүнчлэн Алтанбулаг чөлөөт бүсийн захиргаанд газрын дарга, Олон улсын соёлын харилцааны нийгэмлэгт Гүйцэтгэх захирал, Дархан хотын Гаалийн Ерөнхий газарт захирлаар тус тус ажилласан туршлагатай.

Ардчилсан намаас жагсаалтын 8-д нэр дэвшигч Д.Энхтуяа - Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Герман улсын Карлсруэгийн их сургуулийг төгссөн.

ХҮН намаас 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч С.Санасэр - Бизнесийн удирдлагын ухааны доктор, Монгол Улсын Эдийн засгийн сургууль, АНУ-ын Калифорниа олон улсын сургууль, Харвардын Их сургуулийг төгссөн.

Монгол Ардын намаас жагсаалтын 7-д нэр дэвшигч С.Эрдэнэбат - МҮЭХ-ны Ерөнхийлөгч, Удирдлагын академи болон Хөдөлмөрийн дээд сургууль, ШУТИС-ийг төгсжээ. Хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй.

Эрх чөлөөний эвсэл намаас жагсаалтын 3-т нэр дэвшигч Б.Мягмардорж - ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийг Уул уурхайн ашиглалтын инженер, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.

ЮУ ЯРИВ?

Үндэсний эвслээс 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Ц.Мөнхцацрал

1. Төрийн алба нам бус байх ёстой ч далд намчирхал бий болсон нь эргээд манай улсын эдийн засаг, хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байна. (1-р үе Нээлттэй индэр)

2. Хөдөлмөрийн үнэлгээ маш доогуур байгаа учраас олон залуус эх орноосоо явж байна. Тэгэхээр Үндэсний эвслээс энэ асуудал дээр хөдөлмөрийн үнэлгээг бодитой, шударга болгох, залуучуудын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор “Internship” хөтөлбөрийг явуулж, хөдөлмөрийн чадвар болон мэдлэгт нь таарсан үнэлэмжийг өгөх хөтөлбөр боловсруулсан байгаа. (2-р үе Халз мэтгэлцээн “Төрийн бодлогоор дамжуулан хөдөлмөрийн бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?”)

3. Хувийн хэвшлийн ажиллах хүчин бол яахын аргагүй дутуу байгаа. Тэгэхээр энэ тухайд Үндэсний эвслийн мөрийн хөтөлбөрт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, үйл ажиллагааг орон нутаг, салбарын онцлогтой нь уялдуулан хэрэгжүүлж, албан бус сектороос албан секторт ажил эрхлэх сонирхлыг нь төрүүлэх талаар заасан. (3-р үе Иргэдийн асуулт “Иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг төрийн албаныхан нэмэгдсээр байна. Гэтэл эсрэгээрээ хувийн хэвшил дэх ажлын байр цөөрсөөр байна. Энэ зөв жишиг мөн үү?)

4. Нэгдүгээрт, Монголдоо байгаа хүний нөөцөө тогтоон барих нь чухал. Дараа нь гадаадад байгаа монголчуудаа татах хэрэгтэй. Ингэхийн тулд төрийн бодлого, хууль эрхзүйн орчноо сайжруулаад нийгэм маань сайжирсан цагт тэд буцаад эх орондоо ирнэ. Энэ тухайд, Үндэсний эвслээс залуучуудын дуу хоолойг сонсдог механизмыг бүрдүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийн үнэлгээг бодитой, шударга болгох, залууст олон нийтийн арга хэмжээнд оролцох соёлыг төлөвшүүлэх ажлуудыг санаачлан ажиллах юм. (4-р үе Халз мэтгэлцээн “Гадаадад байгаа монголчуудаа буцаан авчрах нь чухал уу? Аль эсвэл Монголд байгаа хүний нөөцөө тогтоон барих нь чухал уу?”)

5. Үндэсний эвслийн мөрийн хөтөлбөрт заасан хамгийн чухал зүйл бол үндэсний үйлдвэрлэл ба хувийн хэвшил. Илүү тодруулбал, үйлдвэржилтийн шинэ эринг бий болгоё гэсэн санаа. Баялаг бүтээгчдэдээ анхаарч, тэдэнд таатай хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана. (5-р үе Хаалтын илтгэл)


10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшигч Д.Батсүх

1. Бие даан нэр дэвшигчдийг ганцаараа гараад юу хийх юм бэ гэж асуух хүн олон бий. Үнэн хэрэгтээ бид зөв шударга, зоригтой хүчтэй байвал ард иргэдтэйгээ нийлээд энэ нийгмийг өөрчилж чадна. (1-р үе Нээлттэй индэр)

2. Жижиг, дунд, бүс нутаг, сумын хэмжээнд төрийн зөв бодлогоор дэмжих шаардлагатай байна. (2-р үе Халз мэтгэлцээн “Төрийн бодлогоор дамжуулан хөдөлмөрийн бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?”)

3. Цөөнгүй хэдэн яамд ажиллаж байсны хувьд төрийн албанд цөөн хэдэн үр бүтээлтэй хүн л ажлыг авч явдаг. Хажууд нь маш олон үр бүтээмжгүй ажлын орон тоо бий. (3-р үе Иргэдийн асуулт “Иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг төрийн албаныхан нэмэгдсээр байна. Гэтэл эсрэгээрээ хувийн хэвшил дэх ажлын байр цөөрсөөр байна. Энэ зөв жишиг мөн үү?)

4. Манай хоёр нам мөрийн хөтөлбөртөө олон сайхан ажлууд тусгаж өгдөг. Эдгээрийг мөнгө угаах эсвэл сонгуульд санал авахын тулд л хэрэглэдэг болохоос биш хөрсөн дээр буусан ажил хийгдээгүй байна. (4-р үе Халз мэтгэлцээн “Тархины дайжилтыг зогсоох хамгийн эхний хүчин зүйл юу вэ? Амьдралын чанар уу? Цалин хөлс үү?”)

5. Засаглалын завхайрал туйлдаа хүрсэн энэ мөчид иргэн би бие даан нэр дэвшиж байна. Ийм үед нэг нэгдэхгүй шударга хүн гарч ирж байж хулгайч, маф болсон төрийн удирдах дээд байгууллагад орж, тушаа чөдөр болж чадах юм. (5-р үе Хаалтын илтгэл)


Ардчилсан намаас жагсаалтын 8-д нэр дэвшигч Д.Энхтуяа

1. Ардчилсан нам бол Монгол Улсын улс төрийн тавцанд анх удаа улс төрийн үзэл баримтлалаа улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам. (1-р үе Нээлттэй индэр)

2. Манай мөрийн хөтөлбөрт зааснаар ажилгүйдлийн түвшинг таван хувиас бага байлгаж, хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэн мэргэжлийн биржүүдийг бий болгоно гэсэн залуучууд руу хандсан тодорхой заалтыг багтаасан. (2-р үе Халз мэтгэлцээн “Нийгмийн дундаж давхаргын хүрээг хэрхэн сайжруулах вэ?”)

3. Бизнесийн орчин таатай бус байхад хүмүүс амьдралаа авч явахын тулд төрийн алба руу зүтгэнэ шүү дээ. Тэгэхээр улсын хөгжлийг авч явдаг дундаж давхарга болон бизнесийн орчноо сайжруулах хэрэгтэй. (3-р үе Иргэдийн асуулт “Иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг төрийн албаныхан нэмэгдсээр байна. Гэтэл эсрэгээрээ хувийн хэвшил дэх ажлын байр цөөрсөөр байна. Энэ зөв жишиг мөн үү?)

4. Хөдөлмөрийн насны залуучууд маань агаар, хөрсний бохирдлоос болоод үр хүүхдүүдээ эрүүл саруул орчинд өсгөе гэсэн хандлагаар гадаадыг зорьж байгаа гэж бодож байна. Хэрэв АН ирэх дөрвөн жилд засгийн эрхийг баривал гадаадад суугаа залуучуудыг буцааж эх оронд нь авчирна. Мөн сонголтоо хийгээд хөдөө орон нутгийг зорьсон залуучуудын хөдөлмөрийг үнэлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. (4-р үе Халз мэтгэлцээн “Тархины дайжилтыг зогсоох хамгийн эхний хүчин зүйл юу вэ? Амьдралын чанар уу? Цалин хөлс үү?”)

5. Манай намын боловсруулсан мөрийн хөтөлбөр бол гоё, ганган, чамин, амлалт бус ажлын төлөвлөгөө юм. Энэ удаа бид орон даяар дахин 3000 км зам барьж, хашаандаа сайхан амьдрах төслийг хэрэгжүүлэн хотын даргыг иргэд сонгодог тогтолцоог бий болгож “Зуданд зутардаггүй чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. (5-р үе Хаалтын илтгэл)


ХҮН намаас 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч С.Санасэр

1. Өнөөдөр олон намын тогтолцоо бол хамгийн чухал гэдгийг АНУ-ын жишээнээс харж байна. Тиймдээ ч бид өөрчилмөөр байна. Шинэ зууны үзэл баримтлал, зарчимд нийцсэн ёс зүй, хариуцлагатай улс төрийн намыг төлөөлөөд миний бие нэр дэвшиж байгаа. (1-р үе Нээлттэй индэр)

2. Дундаж давхаргыг сайжруулахад МУ-ын төсөв хүрэлцэхгүй. Өөрөөр хэлбэл, энэ мөнгөөр халамжлаад байх юм бол нэмэгдэхгүй гэсэн үг. Тэгэхээр бид хүн өөрөө өөрийгөө авч явдаг, тэр сэдлийг төрүүлсэн, түүнээс урамшдаг, тэндээс зах зээлийн харилцаа үүсдэг тогтолцоонуудыг бий болгох ёстой. Харин ХҮН намын зүгээс хүний хөгжил рүү чиглэсэн бодлогыг мөрийн хөтөлбөрт бүхэлд нь шингээсэн байгаа. (2-р үе Халз мэтгэлцээн “Нийгмийн дундаж давхаргын хүрээг хэрхэн сайжруулах вэ?”)

3. Буруу гэж үзэж байна. Хувийн хэвшил төрийг авч явдаг. Тэгэхээр төрийн зүгээс хувийн хэвшлүүдээ чөлөөлж, дарамтуудыг арилгах ёстой. (3-р үе Иргэдийн асуулт “Иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг төрийн албаныхан нэмэгдсээр байна. Гэтэл эсрэгээрээ хувийн хэвшил дэх ажлын байр цөөрсөөр байна. Энэ зөв жишиг мөн үү?)

4. Цагийн хөлсний асуудал Хөдөлмөрийн тухай хуулинд сууж өгөх ёстой. Тэгж байж хөдөлмөрийн зах зээл, үнэлэмжийн асуудлыг идэвхжүүлнэ. (4-р үе Халз мэтгэлцээн “Цагийн ажил, цахимаар ажиллах боломжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Залуусын ажиллах орчныг хэрхэн ахиулж болох вэ?”)

5. ХҮН намаас хамгийн түрүүнд тавьж буй бодлогын гол асуудал бол бизнесийн таатай орчин. Тэр дундаа татварын таатай орчинтой холбоотой багц бодлогуудыг багтааж байгаа бөгөөд татварыг бууруулах, аж ахуй, хөдөлмөр эрхлэгчдээ дэмжих бодлого яригдаж байна. Мөн хөрөнгө оруулалтын таатай орчны багц бодлогууд бий. Энэ хүрээнд өнөөдрийн мэтгэлцээнээр ярьсан хөдөлмөрийн зах зээлийг дэмжих тухай бодлого багтсан. Хамгийн чухал нь шаардлагагүй төрийн өмчит компаниудыг IPO хийж, нээлттэй компани болгох замаар хувьчлах, үүгээр дамжуулаад санхүүгийн зах зээлдээ хүч нэмэхээр төлөвлөж байна. (5-р үе Хаалтын илтгэл)


Монгол Ардын намаас жагсаалтын 7-д нэр дэвшигч С.Эрдэнэбат

1. МАН-аас дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрийн гол цөм нь хөдөлмөр эрхэлж буй ард иргэд рүүгээ чиглэсэн, зүүн төвийн үзэл баримтлалтай, социал демократ намын хувьд шударга, хүртээмжтэй, дэлхийн чиг хандлагад нийцүүлэх юм. (1-р үе Нээлттэй индэр)

2. Сүүлийн 20 жилийг харвал МАН ялсан жил бүр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг хамгийн өндрөөр нэмж байсан. Түүхэндээ байгаагүй төсвийн тодотголоор 1.4 их наяд орчим төгрөгөөр нэмсэн байдаг. Энэ буухиаг цаашид үргэлжлүүлж, тогтвортой бөгөөд хүртээмжтэй байдлаар цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлогыг баримталж байна. (2-р үе Халз мэтгэлцээн “Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?”)

3. Цаашид төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй. Харин хэрэгцээ шаардлагагүй олон ажлын байрыг цөөлөх хэрэгтэй. Тухайлбал, E-mongolia. Энэ төслөөр технологийн шийдлийг ашиглан олон ажлын байрыг цөөлсөн. Эсрэгээрээ МАН-ын мөрийн хөтөлбөрт бүсчиллийн бүсэд шинэ компани байгуулж, ажлын байр нэмэгдүүлэх юм бол орлогын албан татварыг нь таван хувь болгоё гэж зааж байгаа. (3-р үе Иргэдийн асуулт “Иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг төрийн албаныхан нэмэгдсээр байна. Гэтэл эсрэгээрээ хувийн хэвшил дэх ажлын байр цөөрсөөр байна. Энэ зөв жишиг мөн үү?)

4. Аль алийг нь хийх ёстой. Үүний тулд МАН-аас бизнесийн орчин дахь монополыг задалж, гарааны бизнесүүдийг төлжтөл нь эхний гурван жил татварын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөж байна. (4-р үе Халз мэтгэлцээн “Гадаадад байгаа монголчуудаа буцаан авчрах нь чухал уу? Аль эсвэл Монголд байгаа хүний нөөцөө тогтоон барих нь чухал уу?”)

5. Гадаадаас ирж буй ажилтнууддаа татварын хөнгөлөлт үзүүлэх, хүүгүй зээл олгох, мөн цахим сувгууд ашиглан өөрөө өөртөө ажлын байр бий болгож буй залуучуудыг дэмжих, дундаж давхаргыг тэлэх бодлогуудыг баримтлан ажиллана. (5-р үе Хаалтын илтгэл)

Эрх чөлөөний эвсэл намаас жагсаалтын 3-т нэр дэвшигч Б.Мягмардорж

1. Эрх чөлөөний эвсэл нам нь хувь хүний эрх чөлөөг хамгийн нэгдүгээрт тавина. Нэг ёсондоо нам буюу эрх баригч төр маань хуульд заасан үндэслэлгүйгээр хүний эрх чөлөөнд, тэр тусмаа жам ёсны эрх чөлөөнд халддаггүй байх ёстой. (1-р үе Нээлттэй индэр)

2. ҮСХ-ны судалгаагаар 90-ээс дээш хоногоор зорчсон иргэдийн тоо 2015 онд 19 мянга, 2019 онд 48 мянга, 2023 онд 69 мянга болсон. Энэ тэгээд МАН-ын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж байгаа нь уу? Үгүй гэж бодож байна. Энэ бол танай хөдөлмөрийн үнэлэмжтэй холбоотой ажилд тавьж байгаа маш тодорхой статистикийн дүн, үнэлгээ юм. (2-р үе Халз мэтгэлцээн “Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?”)

Энэ хэсгийн баримтыг шалгаж үзэхэд ҮНЭН гэсэн хариу гарав. Илүү тодруулбал, ҮСХ-ны судалгаагаар 90-ээс дээш хоногоор зорчсон иргэдийн тоо 2015 онд 19 мянга, 2019 онд 47 мянга, 2023 онд 69 мянга байжээ.

3. Мэдээж буруу. Төрийн албан хаагчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр л байна. Энэ нь нөгөө талдаа бидний төвлөрүүлдэг татварын мөнгө урсаж байгаа гэсэн үг. Хувийн хэвшлийнхний тоо ч буурч байна. Учир хэн нэгэн эрх баригчтай хамаатай биш л бол, тендер авч чаддаггүй л юм бол бизнес явуулахад асар хүнд байна. (3-р үе Иргэдийн асуулт “Иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг төрийн албаныхан нэмэгдсээр байна. Гэтэл эсрэгээрээ хувийн хэвшил дэх ажлын байр цөөрсөөр байна. Энэ зөв жишиг мөн үү?)

4. МАН-аас нэр дэвшигч давхар ажиллах боломжийг нь бүрдүүлж өгсөн гэж хэлсэн. Гэвч давхар татвар төлөх ялаас нь хөнгөлөөгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилж найруулж байгаа нэртэй иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээнээс олсон орлогоос НДШ авдаг зохицуулалтыг өөрчлөөгүй. Тэгэхээр цагийн ажил хийх, цахимаар ажиллахад бодлогыг дэмжихийн тулд олсон цалин хөлсөөс нь НДШ-ийг арай өөр хувиар суутгах хэрэгтэй. (4-р үе Халз мэтгэлцээн “Цагийн ажил, цахимаар ажиллах боломжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Залуусын ажиллах орчныг хэрхэн ахиулж болох вэ?”)

5. Бид хөдөлмөрийн үнэлэмж байтугай хүний үнэлэмжгүй найман жилийг үдлээ. МАН шиг хувийн хэвшил, зах зээл рүү ингэж их орж, дарамталбал хувийн хэвшил үгүй болж, хөдөлмөр эрхлэлт хэцүүднэ. (5-р үе Хаалтын илтгэл)

Уншигч та бүхэн “Мэтгэлцээн 2024” бодлогын мэтгэлцээнийг шууд хүлээн авахыг хүсвэл ТэнГэр телевиз дээр орой бүр 21:00 цагаас сувгаа тааруулаарай. Мөн Facebook хуудсаар үзэх боломжтой.

Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.