Зохиолч, эрдэмтэн судлаачдын олон жилийн хөдөлмөрийн охь шим болсон олон сайхан бүтээл өнгөрөгч гуравдугаар сард хэвлэгдэн гарлаа. Бид ээлжит номын булангаараа тэдгээр бүтээлээс сорчлон танилцуулж, унших номын жагсаалтад тань санал болгож байна.

1. Монгол соёлын тайлбар толь бичиг


Зохиолч: С.Дулам

Хуудасны тоо: 528

Хүүхдийн үсний найр ямар учиртай вэ, цагаан сараар яагаад ууц тавьдаг юм бол, бэр гуйхад хэн хэн ирдэг вэ гээд бид алхам тутамдаа үндэсний соёлын зан үйл, тэдний учир начиртай холбоотой олон асуулттай тулгардаг. Тэгвэл Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам энэ бүхэнд хариулт өгөх шинэхэн бүтээлээ танилцуулжээ. Тэрбээр 55 жилийн турш тасралтгүй ажиллахдаа хийсэн хээрийн шинжилгээ, гадаад дотоодын түүхэн эх сурвалж, нийт 900 орчим эрдэмтэн судлаачдын ном, өгүүлэл дээр үндэслэн 1216 хуудас бүхий “Монгол соёлын тайлбар толь бичиг” номоо гаргасан байна.

Энэхүү бүтээлд нүүдэлчин соёл хийгээд хүний амьдралын мөчлөгт хамаарах нялхсыг ухиах, даахь үргээх, бэр гуйхаас авхуулаад монгол соёлд хамаарах олон арван ёс заншил, зан үйлийг багтаан тайлбарласан байна.
Хэдийгээр бид тусгаар Монгол Улсад амьдарч буй монгол үндэстэн боловч түүхийн ээдрээтэй цаг хугацаанд соёлын өвөрмөц ололтоо гээж, мартаж бас мартуулснаас нэгдсэн үнэт зүйлээр дутагдаж явсан нь үнэн. Ийм цаг үед Монгол Улсаар тогтохгүй, дэлхийгээр нэг тархан суурьшсан монгол үндэстнүүдэд уншиж суралцах эрхэм чухаг эх сурвалж нэгээр нэмэгдэж байгааг цохон тэмдэглэе.

2. Физикийг эргэцүүлэхүй: Философи тандалт


Зохиолч: Х.Цоохүү
Нүүрний тоо: 334

Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвилаар бялхсан өнгөрөгч гуравдугаар сард мөн Монгол Улсын Гавьяат багш, Нью-Йоркийн шинжлэх ухааны академийн гадаад гишүүн, физик-математикийн шинжлэх ухааны доктор профессор Х.Цоохүүгийн "Физикийг эргэцүүлэхүй: Философи тандалт" ном нээлтээ хийсэн билээ. Тэрбээр 1974 онд МУИС-ийн физикийн ангийг төгссөнөөсөө хойш өндөр насны тэтгэвэрт гартлаа энэ салбарт ажиллаж, 280 орчим бүтээл туурвисан байна.

Харин энэхүү бүтээлдээ физикийг философийн өнцгөөс тайлбарласны сацуу олон сонирхолтой шинэ санаа дэвшүүлжээ. Тухайлбал, буддын философийн нэр томьёог ашиглан, янз бүрийн төлөвт нэгэн зэрэг оршиж чаддаг чанараар нь электроныг “хувилгаан чанар”-тай хэмээн үзсэн нь тун сонирхолтой.

Худалдан авах

3. Улс төрийн тогтолцоо ба ялзрал


Зохиолч: Фрэнсис Фукуяма
Хэвлэлийн газар: Нэпко
Хуудасны тоо: 778

Америкийн философич, улс төр судлаач, зохиолч Ёшихиро Фрэнсис Фукуяма 1993 онд анх хэвлүүлсэн “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” гэдэг номоороо дэлхий дахинд алдаршсан байдаг. Тэрбээр Гегелийн үзэл санаан дээр тулгуурлан ардчилал бол хүн төрөлхтний эцсийн нийгмийн тогтолцоо гэж дүгнэсэн нь олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөх шалтгаан болж, цаашид улс төрийн үзэл санаагаа ном бүтээлээрээ дамжуулан илэрхийлэх үндэс тавигдсан байна. Түүний энэ бүтээлээс гадна “Төрийг төвхнүүлэхүй”, “Танигдахуй”, “Итгэлцэхүй” зэрэг номыг Нэпко хэвлэлийн газраас орчуулан гаргасан бол энэ удаа “Улс төрийн тогтолцоо ба ялзрал” номыг орчуулан хэвлэжээ.

Энэхүү ном нь “Улс төрийн тогтолцоо” цувралын дэд дэвтэр бөгөөд тэргүүн дэвтэр “Улс төрийн тогтолцооны сурвалж” нь 2014 онд орчуулагдан гарч байв.

Худалдан авах

4. Бөгжний эзэн - Хоёр аранга /дэд дэвтэр/


Зохиолч: Ж.Р.Р.Толкин
Хэвлэлийн газар: Монсудар
Нүүрний тоо: 528

Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Монсудар редакцаас Ж.Р.Р.Толкины алдарт Бөгжний эзэн гурамсан романы тэргүүн дэвтэр Бөгжний барилдлагыг орчуулан хэвлэж байсан бол энэ удаа тус цувралын дэд дэвтэр Хоёр арангыг эх хэлнээ хөрвүүлэн уншигчдын хүртээл болгожээ. Дэлхий даяар нэр алдар нь түгэн дэлгэрсэн, олон сая шүтэн бишрэгчтэй тус цуврал нийт 150 сая гаруй хувь борлогдсон байдаг.

Зохиолын үйл явдал тэргүүн дэвтрээс шууд үргэлжилж, хоёр талд тусдаа өрнөх баатруудын үйл хэргийг өгүүлдэг байна. Сонирхуулахад, аранга гэдэг нь зориуд босгосон маш өндөрлөг цамхгийг хэлдэг бөгөөд Two towers гэсэн нэрийг ийнхүү хөрвүүлсэн байгаа нь тэр бүр олны дунд түгээмэл хэрэглэгддэггүй үгийг хэрэглээний эргэлтэд оруулснаараа орчуулагчийн гавьяа гарцаагүй мөн.

Худалдан авах

5. Уулын оргил өөд


Зохиолч: Марианна Дюбүк
Хэвлэлийн газар: Гэрэн

Гэрэн хэвлэлийн газрын ээлжит хүүхдийн номоороо “Уулын оргил өөд” бүтээлийг эрхлэн гаргажээ. Дорго хатагтай, Лүлү муурын нөхөрлөлийн талаар өгүүлэх энэхүү бүтээлийг Канадын зохиолч, зураач Марианна Дюбүк бичсэн байна. Тэрбээр нийт 70 орчим бүтээл туурвисан бөгөөд хүүхдийн номуудаараа алдаршсан байна.

Худалдан авах

6. Дурсамжийн газрын зураг


Зохиолч: У.Бямбаням
Нүүрний тоо: 264

Монголын анхны сэхээтнүүд гэх тодотголтой, Европт суралцсан 43 залуусын нэг нь их найрагч Дашдоржийн Нацагдорж билээ. Түүний ахуй амьдрал, Германд суралцсан түүхэн ул мөрийг сурвалжилсан “Найрагчийн мөрөөр” төслийг зохиолч У.Бямбаням анхлан санаачилж байв. Энэхүү төслийн хүрээнд тэрбээр түүхэн баримтууд, баримтат сэтгүүл зүйн бичвэр, аян замын тэмдэглэл, уран зохиолын элементүүд, хөгжим зэрэг олон төрлийн хэлбэрийг хослуулсан “Дурсамжийн газрын зураг” нэртэй зүймэл романаа туурвин, өнгөрсөн сард өлгийдөн авчээ. Зүймэл гэдэг тодотгол нь нэг бүхэл утга санааг олон янзаар, олон талаас нь харуулж, өөр өөр хэв маяг, хэлбэрийг хослуулж буйгаас үүдэлтэй гэнэ.

Зохиолч өмнө нь “Цаг хугацаа хэлнэ” эсээ түүвэр, “Анир гүм” яруу найргийн ном, “Хишиг: Монголчуудын “нүгэл төөрүүлэх” зан үйл” судалгааны бүтээл, “Музей” цуврал, “Домог” зэрэг хүүхдэд зориулсан 10 гаруй номын зохиолчоор ажиллаж байсан ч “Дурсамжийн газрын зураг” бол зохиолчийн анхны хүүрнэл хэлбэрийн бүтээл гэдгээрээ онцлогтой аж.

Зохиолчтой хийсэн бүтэн ярилцлагыг энд дарж уншина уу.

Худалдан авах

7. Монголын нууц товчоон 1: Тэнгэрийн тэмдэг /график түүх/


Хэвлэлийн газар: Болор судар

Монголын уран зохиолын гурван ноён оргилын нэг гэгдэх Монголын нууц товчоо зохиол комик хэлбэрээр анх 2005 онд хэвлэгдэж байсан. Үйл явдлыг зураглан харуулж, үг хэллэгийг хялбарчилсан нь олон олон хүүхдэд Нууц товчоотой танилцах эхлэл болсон байдаг. Тэгвэл Болор судар хэвлэлийн газраас энэ удаа цоо шинэ зураглал, өнгө төрхтэйгөөр Монголын нууц товчоог уншигчдад хялбаршуулан хүргэж байгаа аж.

Ерөөс Монголын нууц товчоо бол зөвхөн түүхээр зогсохгүй соёл, ёс заншил, хэл бичгийн чухал эх сурвалж болдог учир монгол хүн бүрийн заавал унших ёстой бүтээл мөн гэдэгтэй маргашгүй. Иймд хэрэв хүүхдээ багаас нь түүх соёлын дархлаатай нэгэн болгохыг хүсэж байгаа бол ийм төрлийн хялбаршуулсан бүтээл хамгийн тохиромжтой байх болов уу.

Худалдан авах

8. Урлагийн түүх


Зохиолч: О.Сосор
Нүүрний тоо: 575

Урлаг судлаач О.Сосор 1999, 2006 онуудад Дэлхийн урлагийн түүх номоо гаргаж байсан бөгөөд энэхүү ном нь урлагийн түүхийн талаарх, монгол хэл дээр бичигдсэн анхны ном гэдгээрээ ач холбогдолтой байв. Гэсэн ч хориод жилийн өмнө хэвлэгдсэн болохоор өдгөө ховор номын тоонд орох болсон тул өмнөх хэвлэлтийг нэмэн баяжуулж, шаардлагатай 1,000 гаруй зургийг хавсаргаснаараа энэ ном урлаг сонирхдог, судалдаг хэн бүрд сурах бичиг, гарын авлага болно гэдгийг соёл судлалын ухааны доктор, профессор Б.Мөнхцэцэг онцолсон юм.

Худалдан авах

9. Та юунаас бүтсэн бэ?: Таны биеийн атомын түүх: Их тэсрэлтээс өчигдөр оройн зоог хүртэл 


Зохиолч: Дэн Левитт
Орчуулагч: М.Ганцацрал
Хэвлэлийн газар: Монсудар
Нүүрний тоо: 504

Эцсийн эцэст бид бол энэ агуу уудам сансрын тойрог дахь өчүүхэн бяцхан тоосонцор гэдгийг мэдрүүлэх бас нэгэн шинжлэх ухааны сонирхолтой бүтээл эх хэлнээ орчуулагджээ. Зохиолч Дэн Лэвитт олон жилийн турш шинжлэх ухааны баримтат кино, нэвтрүүлгүүд хийсэн бөгөөд анхны номоо хоёр жилийн өмнө хэвлүүлсэн нь энэхүү бүтээл юм. Түүний бичлэгийн онцлог нь хуурай баримтаар нүдэхээс илүүтэй “амьдралд ойртуулан”, уншихад уйдамгүй сонирхолтой байдгаараа Билл Брайсон, Карл Саган, Стивен Хокингийн уншигчдыг татдаг байна.

Энэхүү ном нь их тэсрэлтээс угшилтай амьгүй атомууд хэрхэн бидэн шиг амьд, ухамсартай биетүүд болон хувирсан бэ гэдэг асуултад хариулт өгөх болно.

Худалдан авах

10. Артур ба алтан олс


Зохиолч: Жо Тодд Стэнтон
Орчуулагч: Б.Наранзул
Хэвлэлийн газар: Цэнхэр гүзээлзгэнэ

Багадаа Болдоггүй бор өвгөн, Тааварч гурван хүү, Долоон бор оготно тэргүүтэй үлгэр сонсож өссөн хэн бүр аман зохиол, тэр дундаа үлгэрийн ертөнц ямар гайхалтай гэдгийг мэднэ биз ээ. Яг үүн шиг өрнийн аман зохиолын классик өгүүлэмжийг санагдуулам, тэгсэн атлаа маш тод баялаг зураглалтай “Артур ба алтан олс” хэмээх хүүхдийн зурагт номыг Цэнхэр гүзээлзгэнэ хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ.

Энэхүү бүтээлээр баатар байхын тулд заавал бяр чадал, хүч тэнхээтэй, булиа нэгэн байх шаардлагагүй, ном уншдаг, нүдний шилтэй, жижигхэн хүү ч баатар байж болохыг харуулдаг. Тийнхүү уламжлалт бус санааг уламжлалт өгүүлэмж, домгийн баатруудтай сүлж бичсэн нь номыг сонирхолтой, бас үнэ цэнтэй болгожээ.

Худалдан авах