Энэ удаагийн зочныг маань уран зохиолын хүрээнийхэн андахгүй сайн таниж буй нь лавтай. Монгол төдийгүй дэлхийн орчин үеийн уран зохиолын сор болсон бүтээлүүдэд орчин цагийн шүүмж хийсэн түүний “Цаг хугацаа хэлнэ” хэмээх уран зохиолын эсээ түүвэр бол шинэ цагийн уншигчдын хувьд Г.Аюурзанын “Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил”-тай дүйцэхүйц орчин үеийн уран зохиолын талаар цэгцтэй ойлголт өгсөн бүтээл.
“Цаг хугацаа хэлнэ” түүврээс гадна тэрээр “Анир гүм” яруу найргийн ном, “Хишиг: Монголчуудын “нүгэл төөрүүлэх” зан үйл” судалгааны бүтээл, “Музей” цуврал, “Домог” зэрэг хүүхдэд зориулсан 10 гаруй номын зохиолчоор ажилласан төдийгүй 100 орчим номын редактороор ажилласан туршлагатай. Түүний сэтгүүл зүйн бүтээлүүд “Балдорж” шагналын шилдэг 10-т болон дэд байрт тус тус шалгарч байсан удаатай.
Тэрчлэн уран бүтээлчийн хувиар зургаан жилийн өмнө их зохиолч Д.Нацагдоржийн өрнө дахинд суралцсан түүхээр дамжуулан амьдрал, уран бүтээлийн замналыг нь хүүрнэн өгүүлсэн "Найрагчийн мөрөөр" медиа төслийг санаачлан хэрэгжүүлж, энэхүү төслийнхөө хүрээнд “Дурсамжийн газрын зураг” хэмээх цоо шинэхэн зохиолоо хэдхэн хоногийн өмнө өлгийдөн аваад байгаа юм.
Эрхэлдэг ажил: "Найрагчийн мөрөөр" төслийн санаачлагч, "Urga Books" хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone 15 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Microsoft Surface Book 2
1. ТАНЫ АЖЛЫН ЗАМНАЛААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Монгол Улсын Их сургуулийг “Утга зохиол судлаач, шүүмжлэгч” мэргэжлээр төгссөнийхөө дараа 2012 онд "Монсудар" хэвлэлийн газарт редактораар ажлын гараагаа эхлүүлж байлаа. Редактор хүний хамгийн чухал чадвар бол нарийвчлан унших, бүтэц, хэл найруулгыг сайжруулах тул энэ туршлага цаашдын мэргэжлийн замналд томоохон суурь болж өгсөн хэмээн боддог.
Дараа нь, 2014 онд С.Батбаатар ах, Ж.Тэгшжаргал найз хоёр маань “Шинэ сэтгүүл байгуулах санаатай байна. Чи ирж ажиллах уу?” гэсэн санал тавьсан нь "Гэрэг" сэтгүүл-тэй холбогдох эхлэл болсон юм. Гэрэгийнхэн маань барууны сэтгүүлзүй хэрхэн хөгжсөн, бид юуг нь нутагшуулах нь зүйтэй вэ? гэдэг дээр түлхүү ажиллаж, Монголд сэтгүүлзүйн мэргэжлийн бичлэг, контентын соёлыг төлөвшүүлэхийг зорьсон. Тэрэнд нь бага ч болов нэмэр, санаа оруулж байснаараа бахархдаг. Бичих дадал, туршлага маань “Гэрэг”-тэй хамт өсөж өндийсөн гэж болно доо. Улмаар манай баг 2016 онд залуу уншигчдын сайн мэдэх UB.LIFE сайтыг үүсгэн байгуулсан. Энэ хооронд мөн “Тагтаа” хэвлэлийн газартаа жил гаруйн хугацаанд редактораар ажиллаж, бас МУИС-даа бараг зургаагаас долоон жил уран зохиол болон ерөнхий суурийн хичээлүүдийг цагаар зааж байлаа.
Харин 2023 онд П.Номинбилэг найзтайгаа хамтран “Urga Books” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулж, өдгөө энэхүү хэвлэлийн газартаа төвлөрч ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн бие даасан төслүүд дээрээ ажилласаар байгаа ч миний үндсэн ажил редактор хэвээрээ. Ажлын гараагаа редактороор эхэлснээс хойш эргээд харахад 100 гаруй ном дээр ажилласан байна лээ.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Өдөржин бичиг цаастай зууралддаг хүмүүс өөрийн мэдэлгүй тогтсон дадалтай болох нь элбэг. Би ч ялгаагүй. Өглөө бүр 06:30-д сэрнэ. Уг нь би тийм ч эртэч хүн биш. Гэхдээ хүүхдээ сургуульд нь хүргэх шаардлагатай болохоор аажмаар энэ хуваарьтаа дассан.
Хүүхдээ хүргээд 07:30 гэхэд л бичгийн ширээнийхээ ард суучихсан байдаг. 11:00 хүртэл хамгийн бүтээмжтэй цаг минь. Энэ хооронд гүн төвлөрч ажиллана. Үдийн цагаар жаахан завсарлаж, хэсэг амраад 14:00-16:00 хооронд дахиад жаахан сууж бичнэ. Харин үүнээс хойш толгойгоо ажиллуулах шаардлага багатай ажлуудаа хийдэг. Гэхдээ энэ хуваарь өдөр бүр яг таг байдаггүй л дээ. Ерөнхийдөө гол хэв маяг нь л ийм.
Түүнчлэн миний хувьд нэг газраа удаан суух гэдэг үнэхээр тэвчээр шалгасан ажил. Ялангуяа шинэ ном дээр ажиллах үедээ байрлалаа байнга сольдог. Өдөрт дунджаар 2-3 кофешоп дамжиж ажиллана. Гэхдээ кофешоп бүр тохиромжтой биш. Дуу чимээтэй, хөгжим нь хэт чанга газар ажиллахад үнэхээр төвөгтэй. Өөрт тохирох кофешоп олоход бас их цаг зарцуулна. “Дурсамжийн газрын зураг” номоо бичихдээ яг хоёр газарт төвлөрч ажилласан.
Миний бодлоор нэг орчинд, нэг цагт байнга ажиллахад бие организм хэт дасаж, аажимдаа залхуурал төрөөд, бүтээл байдал унадаг юм шиг. Харин орчноо өөрчлөхөөр тархи өөрөө сэргэчихдэг. Шинэ орчинд оронгуут тархины сониуч зан нь хөдөлж, шинэ газар, шинэ уур амьсгал дагаад илүү бүтээлч болж эхэлдэг юм шиг санагддаг. Тиймээс ажлаа хийх явцдаа байнгын орчноо солих дуртай.
Миний ажлын хамгийн чухал хэсэг бол бодох үйл явц. Редакторын ажилд гүнзгий бодол шаардлагагүй, бараг механик ажил шахуу л даа. Харин ямар нэг зүйл бичих, санаа олох бол өөр. Бодож боловсруулахаас л бүх зүйл шалтгаална. Гадуур алхаж байх үедээ ч тархиндаа ажлаа төсөөлөөд, санаагаа боловсруулаад л явна. Гараа хөдөлгөж, бичих ажил өдөрт 4-6 цаг л үргэлжилдэг бол харин бодох, бүтээх үйл явц бол тасралтгүй.
3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Миний ажлын онцлог бол бодож төлөвлөх юм уу даа. Энэ арга барил хурдан шуурхай шийдвэр гаргах шаардлагатай, цаг нартай ажлын байранд тийм ч сайн тохирохгүй байх. Гэхдээ миний хувьд үр дүнтэй.
Нөгөө нэг арга нь олон ажлыг зэрэг эхлүүлэх. Гурваас дөрвөн ажлыг нэгэн зэрэг эхлүүлэх нь надад асуудалгүй. Ном бичнэ, редакторлана, сүүлийн үед үүн дээр нэмээд дизайнтай холбоотой ажил орж ирээд байгаа. Эхэндээ сонирхлоороо, хобби байдлаар эхэлсэн ч одоо ажлын нэг хэсэг болж хувирлаа. Дизайнеруудын ажлыг харах, дизайны шийдэл боловсруулах нь нэг л ажлаа нухаад гацаанд орохоос сэргийлэхэд тусалдаг.
Хүн нэг зүйл дээр хэт удаан төвлөрөхөөр гацчихдаг шүү дээ. Яг тэр үед нухаад л суугаад байхаас илүүтэй өөр ажил руу орчихвол тархи сэргэж, шинэ өнцөг гарч ирдэг давуу талтай. Тиймээс миний хувьд олон ажлыг нэг зэрэг хийх нь хэвшил болсон. Бичих ажил урагшлахгүй бол шууд орхиод редакторын ажил руугаа шилжих жишээний. Хэсэг ном редакторлаж байгаад үдээс хойш бичвэрээ ахин харахад шинэ өнцгөөс, өөр нүдээр харагдана.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Ажилтай холбоотой гэвэл "Монгол толь". Ажлаа хийж байх явцад үгийн утга, нарийн ялгааг харах шаардлага байнга гарна. Би ямар Я.Цэвэл гуай биш, бүх үгийн үндэс, гарлыг мэднэ гэж юу байх вэ. Тийм болохоор чөлөөт цагаараа хүртэл үгийн утга ухаж, судалж суудаг дадалтай. Мөн бичгийн дүрэм, найруулга дээр эргэлзэх үе ч бишгүй. Тэр үед "Журамласан толь"-ийг заавал нээнэ.
Шинэ тутам гарч буй номуудын мэдээлэл авахдаа Goodreads-ийг тогтмол ашиглана. Ажил маань ихэвчлэн суугаа байдалд өнгөрдөг болохоор аль болох хөдөлгөөнтэй байхыг хичээдэг. Тиймээс Step Up аппаар алхалтаа хэмжиж, өдөртөө тодорхой хэмжээнд хөдлөхийг эрмэлзэнэ. Өглөөгүүр бичгийн ширээндээ шигдээд суучихдаг ч гадуур гарахдаа алхах боломжийг алдахгүй байхыг хичээдэг. Харин бүтээлч санаа олохын тулд Pinterest-ээс зурагт ном, дизайны шийдлүүд, бусад сонирхолтой контентыг үзэх дуртай.
Бас нэг чухал зүйл нь хэрэгслүүд. Keyboard-ын тухайд олон төрлийг ашиглаж үзсэн. Apple-ийн зөөлөн товчлууртай keyboard-ууд надад нэг л зохидоггүй. Харин бичгийн машин шиг товчлууртай, механик, ретро загварын keyboard илүү таалагддаг. Товчлуур дарах мэдрэмж, тэр чимээ нь хүртэл таатай байдаг. Зүгээр бичиж байгаа юм биш, яг хийж бүтээж байгаа мэдрэмж төрүүлдэг нь таалагддаг.
Mouse ч бас миний хувьд чухал. Олон цагаар mouse-тай ажилладаг хүмүүсийн гарны мэдрэлийн цэг дарагддаг, хөшдөг гэдэг шүү дээ. Тиймээс эргономик босоо mouse, гарны ачааллыг багасгах тусгай суурь миний салшгүй туслах. Гадуур ажиллахдаа ч keyboard, mouse-аа заавал авч явдаг. Хүн ажиллахдаа өөрийн тав тухтай мэдрэмжийг олох нь хамгийн чухал юм шиг санагддаг. Тэгж байж л үнэхээр төвлөрч, хийж байгаа зүйлдээ уусаж орж чадна.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Сүүлийн үед арай амьсгаатай, уужуу ажилладаг болсон. Ихэнх ажлууд маань захиалгатай, хамтын ажиллагаатай байдаг учраас цаг хугацаа, эцсийн хугацаатай байх нь зайлшгүй. Тиймээс ажлуудаа хамгийн багадаа хагас жилээр төлөвлөхөөс аргагүй. Одоогийн байдлаар есдүгээр сар хүртэлх ажлууд маань төлөвлөгдчихсөн байгаа.
Харин уран бүтээлийн тухайд бол ингэж нарийн төлөвлөх бараг боломжгүй юм шиг санагдсан. Жишээ нь, “Дурсамжийн газрын зураг” номоо 2023 оны сүүлээр гаргачих санаатай байсан. Гэтэл олон нөхцөлөөс шалтгаалаад одоо л гарч байна.
Тэгэхээр ямар нэг зүйлийг шинээр хийж бүтээхэд хамгийн чухал нь санаагаа хурдан олох. Хурдан бодож, хурдан шийдэх нь л цаг хэмнэх хамгийн зөв арга. Тиймээс санаа олж болох зүйлс юу вэ? санааг хөтөлж болох нөхцөлүүд юу вэ? гэдэг дээр үргэлж бодож байх хэрэгтэй. Санаа гэдэг зүгээр л гэнэт гараад ирэх зүйл биш. Харах өнцгөө өөрчлөх, өөр орчинд орох, шинэ зүйлс турших гээд санааг өдөөх маш олон арга байдаг. Гол нь түүнийг анзаарч, барьж авах л чухал.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Ажлууд маань эртнээс төлөвлөгдчихсөн байдаг учраас тэмдэглэлийн дэвтэртээ жагсааж бичээд хаа нэг эргүүлж сөхөж хардаг.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Ажил ихтэй, удаан хугацаанд суусан үедээ гараар юм угаадаг. Юм угаахад санаанд оромгүй их энерги зарцуулдаг. Яг л бэлтгэл хийж байгаа юм шиг хөлс гарна. Өдөр бүр тогтмол дасгал хийх цаг зав гарахгүй үе олон. Тийм болохоор ингэж л өөрийнхөөрөө биеэ хөдөлгөж, толгойгоо амраадаг. Мөн охинтойгоо хамт тоглох бол хөгжилтэй хэр нь хурдан хугацаанд тархи сэргээдэг дасгал юм даа. Доод айлд л хэцүү байдаг байх.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Одоогоор “Монголын Нууц Товчоон”-ыг график зохиол болгох багтай хамтран ажиллаж байгаа. Эхний дэвтэр нь хэвлэгдээд гарчихсан, одоо хоёр, гурав дахь дэвтрийн зохиол дээр ажиллаж байгаа. Хүүхдийн ном дээр ажиллах нь маш сонирхолтой, гэхдээ санаанд оромгүй хүндхэн ажил. Би мэргэжлийн хүүхдийн зохиолч биш. Гэхдээ яг дотор нь ороод бичиж үзэхэд бараг роман бичихээс ч хэцүү санагдсан.
Хүүхдийн анхаарлыг татах, сонирхлыг нь хадгалах амаргүй. Тэднийг хуурч болдоггүй. Маш нарийн мэдрэмж шаарддаг. Хүүхэд бол шуудхан үнэнээ хэлчихдэг, юу таалагдахгүй байна гэдгийг ч их сайн мэдэрдэг уншигчид. Тиймээс маш сайн бодож боловсруулсан санаа хэрэгтэй. Анхаарал татахгүй, сонирхолгүй номыг хүүхэд уншихгүй. Тиймээс яг тохирсон санаа олох нь энэ ажлын хамгийн хэцүү хэсэг шиг санагдсан. Мөн одоогоор хамгийн их сонирхож хийж байгаа ажил бол copywriting. Энэ хоббитойгоо уялдлуулаад сүүлийн үед чөлөөт цагаараа дэлхийн том брэндүүдийн слоган, түүх уншдаг шинэ сонирхолтой болчихоод байна.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Их сургууль төгссөнөөс хойш тасралтгүй хийж байгаа ажил маань редакторын ажил. "Гэрэг" сэтгүүл, UB.LIFE-д ч ерөнхий редактороор ажиллаж байсан. Редактор гэхээр зөвхөн текст хянадаг хүн гэж ойлгох нь түгээмэл. Гэтэл бодит байдал дээр редактор тухайн номын ачааны хүндийг үүрдэг хүмүүс. Алдаа гарвал редакторын буруу, амжилт олвол зохиолч, орчуулагчийн гавьяа. Нэг талаараа шударга бус мэт санагдах ч нөгөө талаараа бидний ажлын онцлог.
Сэтгүүлзүйд редактор илүү өргөн хүрээнд ажилладаг. Редакцын чиглэлийг тодорхойлох, сэтгүүлчидтэйгээ ярилцах, нийтлэлүүдийн төлөвлөлтийг гаргах, найруулга засах гээд олон үүрэгтэй. Харин номын редактор бол илүү нарийн, удаан, гүн төвлөрөл шаарддаг ажил. Номыг "зохиолчийн бүтээл" гэж хүмүүс хүлээж авдаг ч үнэндээ тэр номын бүтэц, өнгө төрх, найруулга, логик, уялдаа холбоо гээд бүхий л нарийн ширийн зүйлс дээр редакторын гар орсон байдаг.
Бас редакторуудын үүргийг хольж солиод байдаг. Үг үсгийн алдаа бол техник редакторын ажил. Харин ерөнхий редактор бол номын бүтэц, уур амьсгал, хэв маяг, хэл найруулга, заримдаа фонтын сонголт, дизайны өрөлт дээр хүртэл санаа нэмэрлэнэ. Энэ бүх ажил нүднээс далд. Тийм болохоор дутуу үнэлэгдэх нь элбэг. Гэхдээ заримдаа ингэж далд байх нь амар ч юм шиг санагддаг.
Эерэг талын тухайд дээр дурдсанчлан би редактороос гадна уран зохиолын цувралууд дээр зөвлөхөөр ажиллаж, хүүхдийн ном бичих зэрэг олон ажлыг давхар хийж байна. Эдгээрийн аль ч төсөл дээр ажиллахдаа шинэ мэдрэмж авна. Зохиолчийн бичсэн текстийг эхний уншигч болох, цоо шинэхэн дизайны ажлын эхний үзэгч, хэрэглэгч болох гээд тэр болгон шинэ мэдрэмж, шинэ мэдлэг, шинэ туршлагыг дотроо агуулж байдаг.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Яг одоо бид хоёрын өмнө дэлгээтэй буй “Дурсамжийн газрын зураг” зүймэл романаа (fragmentary novel) хэдхэн хоногийн өмнө хэвлэлтээс авлаа. Уг бүтээл 1926-1930 онд Германд суралцсан монгол сурагчид болон зохиолч Д.Нацагдоржийн тухай “Найрагчийн мөрөөр” (On the trail of a poet) медиа төслийн хүрээнд хэвлэгдсэн, миний анхны хүүрнэл хэлбэрийн бүтээл юм. Номынхоо тухай дэлгэрүүлэн ярихаас урьтаж “Найрагчийн мөрөөр” төсөл анх хэрхэн эхэлсэн урьтал шалтгааны тухай ярих нь зүйтэй болов уу.
Төслийн багийнхан албан ёсоор 2019 оны нэгдүгээр сарын 25-нд Улаанбаатараас Санкт-Петербургийг зорьсон. Гэхдээ төслийн санаа төрсөн хугацааг тооцвол үүнээс бараг зургаан жилийн өмнө. Хүн бүрд амьдралынхаа урсгал дунд бодлынхоо мухарт хэзээд тээж явдаг, боломж нөхцөл нь бүрдвэл биелүүлчихсэн юмсан хэмээн зорьдог тийм гэгээн мөрөөдөл байдаг шүү дээ. Миний хувьд энэ төсөл яг л ийм утга учиртай. Олон жилийн туршид толгой дотроо зураглаж явсаар 2018 онд сэтгүүлч, судлаач Ч.Болд зөвлөхөд санаагаа цухуйлгатал миний санааг шуудхан дэмжиж, эртхэн ажил хэрэг болго хэмээсэн нь ихэд урамшуулж, төслөө бичих урам зориг болж байлаа. Ингээд төслөө Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион байгуулдаг “Гэрэлт Морьд” тэтгэлэгт уралдаанд сойж, тэргүүн байранд шалгарснаар хүсэж зорьж буй зүйл минь бүтэх боломжтой болж, Н.Энхбат, М.Төгөлдөр хоёртойгоо Санкт-Петербург руу хөлгийн жолоо залсан юм.
Бидний амьдрал галт тэрэгний цариг шиг энэ л цэгт огтлолцоод үүрд салан одох хувь тавилангийн өртөө.
"Дурсамжийн газрын зураг" номын хэсгээс
“Найрагчийн мөрөөр” төсөл бол зуун жилийн тэртээ баруун европод сурахаар одсон 43 сурагчийн түүх, тэдний зам мөрөөр хийсэн ой дурсамжийн аялал. Монголын анхны сэхээтнүүд гэгдэх тэдний түүх хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж, эмгэнэлтэйгээр төгссөн. Төслийн хүрээнд бүтээгдсэн хоёр баримтат кинонд бид Улаанбаатар-Санкт-Петербург-Штетин-Берлин-Лайпциг хотуудаар сурагчдын зам мөрийг мөшгин явж, тэдний амьдралын түүхийг эргэцүүлсэн. 13-23 насандаа алсыг зорьсон тэдний дундаас их зохиолч Д.Нацагдорж, Д.Намдаг, Ардын зураач Л.Намхайцэрэн, анхны кино найруулагч Т.Нацагдорж, Б.Гомбо, Төрийн шагналт зоотехникч Т.Аюурзана тэргүүтэй анхны мэргэжилтэн боловсон хүчнүүд төрсөн түүхтэй.
Кино бүтээх явцдаа бид тэдгээр сурагчдын суралцаж байсан сургууль, амьдарч байсан дотуур байр гээд олон газраар явсан. Төслийн хүрээнд бүтээгдсэн хоёр баримтат бүтээл Улаанбаатар хотноо зохиогддог Олон Улсын Медиа Арт фестиваль, Солонгосын Гуанжо хотноо зохиогдсон Зүүн Азийн үзэсгэлэнд оролцсон төдийгүй телевизийн сувгууд болон youtube–ээр дамжуулан нийтдээ сая гаруй хүнд хүрээд байна.
11. “НАЙРАГЧИЙН МӨРӨӨР” ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭХ БОЛСОН ШАЛТГААН?
Энэ төслийг эхлүүлэх болсон гол шалтгаан нь миний утга зохиол судлаач, шүүмжлэгч мэргэжилтэй холбоотой. Судлаач хүний хувьд Д.Нацагдоржийн замнал, түүх надад хамгийн ойр санагдсан бөгөөд түүнийг судлах нь илүү дөхөм байсан хэрэг.
Нөгөөтэйгүүр, энэ түүх Монгол Улс түүхэн хувирал, өөрчлөлтийн чухал үед байгаатай салшгүй холбоотой. 1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа баталсны дараа залуусыг гадаад руу сурахаар илгээж, шинэ Монгол Улсын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх эхлэл тавигдсан юм. Тэд бол эх орондоо орчин үеийн боловсрол, шинэ сэтгэлгээ авчирсан анхны сэхээтнүүд. Өөрсдийн эзэмшсэн мэргэжлээр Монголын аж үйлдвэржилт, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухааны үндсийг тавьсан хүмүүс.
Харамсалтай нь, тэдгээр сэхээтнүүд тухайн цаг үеийн улс төрийн хэлмэгдүүлэлтийн золиос болж, "Германы тагнуул" гэх зохиомол хэрэгт холбогдон хэлмэгдсэн. Энэ бол Монголын түүхийн хамгийн эмгэнэлтэй, адармаатай үйл явдлын нэг. Тиймээс энэ түүхийг аль болох баримтад тулгуурлан, уран сайхны хэтрүүлэггүй, бодит байдлаар олон нийтэд хүргэхийг зорьсон билээ.
Төслийн хамгийн чухал тулгуур нь архивын баримтууд. Би сэтгүүл зүйн чиглэлээр ажиллаж байсан учраас түүхийг сэтгүүлчийн өнцгөөс, бодит эх сурвалж дээр тулгуурлан тайлбарлахыг зорисон. Залуус энэ түүхийг уншаад ямар хүнд цаг үед ч гэсэн өөрсдийн мэдлэг чадвараа эх орныхоо төлөө зориулж болдог гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Германд боловсрол эзэмшээд ирснийхээ дараа эдгээр залуус өөр өөрийн салбартаа анхны суурийг тавьж эхэлмэгц нь тэднийг баривчилсан. Гэсэн ч шоронд хоригдоод гарч ирснийхээ дараа ч эх орныхоо төлөө зүтгэсээр байжээ. Хэн нь ч гомдоллоогүй, ухраагүй, тунирхаагүй. Эцсээ хүртэл өөрийн сонгосон салбарт зүтгэсээр амьдралаа төгсгөсөн.
Энэ түүх өнөө үеийн залууст "Би өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр хэрхэн ажиллах ёстой вэ? Тэрхүү мэдлэг чадвараараа эх орондоо ямар хувь нэмэр оруулж чадах вэ?" гэх асуултыг өөртөө тавих урам зориг өгч чадвал төслийн маань зорилго биелэх нь тэр.
Төслийн хүрээнд бүтэээгдсэн энэхүү зүймэл романаа "Дурсамжийн газрын зураг" хэмээн нэрлэсэн нь учиртай. Дурсамж гэдэг хувь хүний амьдралд асар том нөлөөтэй. Бодоод үзэхээр ирээдүй цаг гэдэг хоосон, бодит байдлаараа зөвхөн "одоод" л оршин байдаг. Тэгэхээр өнгөрсөн цаг бол хамгийн бодитой, баримттай зүйл. Бид цаг ямагт ирээдүйн төлөө тэмүүлдэг ч чиг баримжаагаа өнгөрсөнөөс л олж авдаг. Хувь хүний дурсамж яаж өрнөдөгтэй адил улс орны түүх ч бас хувь хүмүүсийн жижиг дурсамжуудаас бүрэлдэн бий болдог жамтай. Тиймээс Д.Нацагдоржийн мөрөөр аялахдаа би өөрийн дурсамжаа эргэн санаж, үүнийгээ өргөн утгаар нь харж, олон нийтэд хүргэхийг зорьсон хэрэг.
Түүнчлэн “Дурсамжийн газрын зураг” бүтээлээ зүймэл роман гэж нэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш. Нэг бүхэл утга санааг олон янзаар, олон талаас нь харуулж, өөр өөр хэв маяг, хэлбэрийг хослуулан илэрхийлж буйг илтгэж байгаагаа зүймэл хэмээн тодотгож буй. Энэ номд түүхэн баримтууд, баримтат сэтгүүлзүйн бичвэр, аян замын тэмдэглэл, уран зохиолын элементүүд, хөгжим зэрэг олон төрлийн илэрхийллийн хэлбэрийг ашигласан. Ийнхүү олон хэсгүүд нийлэн, өөр өөрийн өнгө аясаар дамжуулан нэг бүхэл санааг бүрдүүлж буй нь зүймэл роман хэмээн нэрлэх үндэслэл болсон.
12. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Гадагшаа явахдаа аль болох шинэ гарсан бүтээлүүдийг худалдан авахыг хичээдэг. Шинэ ном, шинэ санаа, шинэ хандлага ямар байна вэ гэдгийг хөл нийлүүлэн дагах нь бидэн шиг бичиж туурвихыг хичээж буй хүмүүст зайлшгүй байх учиртай дадал байх. Мөн Goodreads, уран зохиолын шинэ номуудтай холбоотой платформууд, хаягуудыг дагаж тогтмол мэдээлэл авна.
Нөгөө талаар, хүүхэд наснаас минь хойш гээгдээгүй нэг зан бол сониуч байдал. Юу ч байсан сонирхоод, оролдож үзэхийг хүсдэг. Энэ зан л надад үргэлж шинэ зүйл туршиж үзэх, хөгжих, тэлэх боломжийг өгсөн. Тийм болохоор сониуч зангаа одоог хүртэл гээгээгүйдээ баярладаг явдаг шүү.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Сүүлийн үеийн ширээний ном гэвэл Японы зохиолч Юки Оговагийн “The Memory Police “хэмээх дистопи роман байна. Монгол хэлээр удахгүй гарах байх. Түүний “Төгс тоо” романыг "Нил" хэвлэлийн газар орчуулсныг уншигчид мэдэж байгаа биз ээ. Харин хуучны номуудаас үнэ цэнээ хэзээ ч алддаггүй бүтээл гэвэл Монтений эсээ-г нэрлэнэ. Г.Аюурзанын орчуулгаар монгол хэлнээ хэвлэгдсэн энэ түүвэр бол амьдрал, хүн, дэлхийн түүхийн тухай гүн бодолд автахад ихээхэн дэм болдог бүтээл. Сэдэв нь хэзээ ч хуучирдаггүй.
Киноны хувьд Тайванийн шинэ давлагааны найруулагчдын бүтээлүүд, Өмнөд Солонгосын нэг ангитай триллер кинонууд ихэд таалагддаг. Гэхдээ онцлоод нэгийг санал болго гэвэл бүр эсэргээр нь ах дүү Жоэл Коэн, Итан Коэн нарын “Хөгшдөд нутаг үгүй” (No Country for Old Men) киног санал болгомоор байна. Кормак Маккартийн ижил нэрт роман дээр үндэслэн хийгдсэн тус бүтээл нь үхэл, хувь заяа, хүний ёс зүй, шийдвэрийн үр дагавар гээд олон сэдвийг маш гүнзгий, өвөрмөц дүрслэлтэйгээр харуулсан гайхалтай кино.
Харин хөгжмийн тухайд бол таашаал гэхээсээ дадал болчихсон тал бий. Учир нь, ихэнх кофе шопуудын хөгжмийн сонголт таалагддаггүй болохоор байнга noise cancellation-тэй чихэвч авч явдаг. Төвлөрч байхдаа байгалийн чимээ, намуухан сонгодог аяз сонсох дуртай.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Аав ээж хоёрын амьдралын философи болсон “Хүн үргэлж хөдөлж байх ёстой” гэсэн сургамж юм уу даа. Дээр нь би өөрөө “чимээгүйхэн” гэдэг тодорхойлолт нэмчихсэн.
Хүн ер нь хөдөлгөөнтэй байх тусам илүү эрч хүчтэй, идэвхтэй байдаг. Тархи ч ялгаагүй. Бие хөдөлж гэмээнэ тархи ч идэвхтэй ажиллаж байдаг. Байнга хөдлөх, цаад утгаараа хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг аав ээж, өсөж төрсөн орчноосоо суралцсан. Эсрэгээрээ алхуурч, назгайрвал тархи хүртэл хөшиж, ажиллахаа больчихдог юм шиг ээ.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Үндсэн мэргэжил маань утга зохиол судлаач, дээр нь сэтгүүл зүй, ном хэвлэлийн салбарт арав гаруй жил ажилласан хүний хувьд нэг зүйлийг ойлгосон. Бичээч, зохиолч хүний хамгийн гол зан чанар бол сониуч байдал.
Юмсыг сонирхох, шинэ содон өнцгөөс харах гэдэг бол шинээр бичиж эхэлж буй хэн бүхэнд зайлшгүй байх ёстой чанар. Харин аливаа бүгдийг мэддэг, чаддаг юм шиг санагдаж эхэлвэл энэ нь буруу чиглэл рүү явж буйн дохио байх. Сониуч зангаа гээж, шинэ зүйл сонирхохгүй бол бичвэр ч нэг хэвийн, амтгүй болж хувирна, хорвоо дэлхий хүртэл чамд нууцаа дэлгэхээ болино.
Хоёрдугаарт, ажлыг зөвхөн ажил гэж харах хандлага. Зарим хүн “Энэ ажлын ард л гарчихвал амарна” гэж боддог. Ажлыг давах ёстой саад, туулж гарах даваа мэтээр хүлээж авбал тэр хэрээрээ хүндрээд ирдэг. Ямар ч их ажилтай байсан түүнийг өөртөө таашаалтай хийх сонголт бидэнд бий.