Нийгмийн сайн сайхан байдал болон бизнесийн амжилт хоёр хоорондоо холбоо хамааралтай болох нь нэгэнт илэрхий болжээ. Тийм ч учраас бизнесийн байгууллагууд тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцэн ажиллахыг эрмэлздэг болж, хэрэглэгчид ч тэднийг нийгмийн сайн сайхны төлөө хийсэн бүтээснээр нь үнэлж, сонголт хийдэг болоод байна. Энэхүү чиг хандлага дотоодын хэрэглэгч, компаниудад ч нөлөөлж, улмаар томоохон компаниуд жил бүр “Тогтвортой хөгжлийн тайлан” гаргадаг болсон нь сайшаалтай.
Манай редакцын зүгээс компани болоод хэрэглэгчдийн үнэт зүйлийн огтлолцол болж буй энэ төрлийн тайлангуудад анхаарч, дотоодын компаниудын тогтвортой хөгжлийн тайланг танилцуулсаар ирсэн. Тэгвэл энэ удаа уламжлалын дагуу М-Си-Эс Группийн 2024 оны тогтвортой хөгжлийн тайлангаас байгаль орчны чиглэлд хийсэн ажлуудыг нь онцолж байна.
Тэд үйл ажиллагаанаас нь үүсэж болох аливаа сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулж, байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийн зарчмыг төлөвшүүлэхийн тулд ямар ямар арга хэмжээ авсан талаар энэхүү нийтлэлээс дэлгэрэнгүй танилцаарай.
М-Си-Эс Группийн компаниуд усыг боломжит нөөцийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй байдлаар ашиглахын сацуу дахин боловсруулахад мөн анхаардаг.
Үүний хүрээнд, Энержи Ресурс компанийн хувьд баяжуулалтын нэг тонн тутамд 170 литр ус ашигласан бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 82 хувиар буурсан үзүүлэлт болоод байна.
Харин ус дахин боловсруулалт хийгээд ашиглалтын хүрээнд, М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх үйлдвэр 263 мянган тонн ус боловсруулсан бөгөөд түүнийгээ гал унтраах анги, хот тохижилт үйлчилгээний байгууллагууд, авто угаалгын газруудад үнэ төлбөргүй нийлүүлснээс гадна ногоон байгууламж, ойн усалгаанд ч ашиглажээ.
Харин Мэтагро компанийн хувьд, Хэнтий аймаг дахь ажилчдын кэмп, мах боловсруулах үйлдвэр болон үхэр бордох аж ахуйгаас гарсан хаягдал усыг цэвэршүүлэх зорилгоор 2024 онд ус цэвэршүүлэх үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш нийт 5,261 тонн усыг цэвэршүүлээд байна.
Бусад онцлох тоо
4%: М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх үйлдвэр 263 мянган тонн ус боловсруулснаас 9,912 тонн буюу нийт цэвэршүүлсэн усны дөрвөн хувийг дахин ашиглажээ.
2.18 литр: М-Си-Эс Кока-Кола компани 2024 онд нэг литр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 2.18 литр ус ашигласан байна.
11.40 тонн: Мэтагро компани усалгаатай газар тариалан, болон мах үйлдвэрлэхэд ашиглах усны хэрэглээг тооцож, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авч ажилладаг бөгөөд 2024 онд нэг тонн мах боловсруулахад 11.40 тонн ус зарцуулсан байна.
748,355 тонн: Энержи Ресурс компани Ухаа худаг уурхайн цогцолборт үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний ус хангамжийн ухаалаг, дэвшилтэт системийг ашигладаг. 2024 онд тус компани нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэдэх хаягдал усгүйжүүлэх үйлдвэрээс 748,355 тонн усыг дахин ашиглажээ.
511’000 тонн: Мөн тэд гадаргын ус цуглуулах цөөрөмд 511’000 тонн усыг цуглуулж, үйлдвэрийн болон бусад хэрэгцээнд дахин ашигласан.
204’000 тонн: Энержи Ресурс компани орон нутгийн 204’000 тонн ахуйн бохир усыг цэвэршүүлснээс 16’500 тонныг мод услах болон зам усалгаанд, 33’100 тонныг уурхайн тоос дарах зэрэгт тус тус ашигласан байна.
М-Си-Эс Группийн компаниуд үйл ажиллагааны явцад тухайн бүс нутгийн экосистем, биологийн төрөл зүйл, тэдгээрийн амьдрах орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлдэг. Энэ нь тухайн бүс нутгийн ан амьтдыг хамгаалах, экосистемийн тэнцвэрийг хадгалахад чиглэсэн төлөвлөгөө гаргахад чухал хэрэгцээтэй мэдээлэл болдог байна.
Үүний хүрээнд хийсэн ажлаас дурдвал, Юнител Групп экологийн өндөр ач холбогдолтой бүс нутгийн зэрлэг амьтдад зориулан 48 хөв, цөөрмийг байгуулсан байна. Сонирхуулахад, тэд энэхүү ажлыг 2021 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 15 аймгийн 21 тусгай хамгаалалттай болон экологийн өндөр ач холбогдолтой газруудад нийт 71 хөв, цөөрөм байгуулаад буй. Үр дүнд нь мазаалай, аргаль, янгир, үнэг, тас, бүргэд зэрэг амьтад эндээс ундаалан усны хэрэгцээгээ хангаж байгаа юм.
Дэлгэрүүлэн унших: Газарт "ургуулсан" чандмань эрдэнэ: Хөв цөөрөм
Дараагийн онцлох ажил бол Энержи Ресурс компани Ухаа худаг төслийн талбайд мэргэжлийн компаниар хээрийн мониторинг судалгаа хийж гүйцэтгүүлсэн явдал. Судалгаагаар 20 орчим тоо толгой аргаль (үүнээс 6 угалз), 70 гаруй янгир, цагаан зээр 64 бүртгэгджээ. Харин шувуудын хувьд 14 баг, 33 овогт багтах 126 зүйл шувуу бүртгэгдсэн байна.
Бусад онцлох тоо
3,862 метр: Эрчим Сүлжээ компани нь шувуудын төрөл зүйлийг цахилгаан дамжуулах агаарын шугамын өндөр хүчдэлд цохиулах эрсдэлээс сэргийлэх зорилгоор тогтмол арга хэмжээ хэрэгжүүлж ажилладаг онцлогтой. Тэд 2024 онд нийт 3,862 метр урттай тусгаарлагч бүхий агаарын шугамыг 53 шон дээр суурилуулжээ.
15: Мэтагро компани шувууны тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор газар тариалангийн талбайн хашаанд нийт 15 шувууны үүрийг барьж байгуулсан байна.
М-Си-Эс Кока-Кола компани нь М-Си-Эс Интернэйшнл компанитай хамтран Монгол-Япон Улсын Засгийн газар хоорондын “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд нүүрсээр ажилладаг зуухыг халж, шингэрүүлсэн түлшээр ажилладаг агаарын бохирдол үүсгэдэггүй дэвшилтэт уурын зуухыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна. Ингэснээр 4’800 тонн СО2-экв хүлэмжийн хийн ялгарлыг бууруулжээ.
бусад онцлох тоо
3075.7 тонн: Юнител Групп болон Эрчим Сүлжээ компаниуд нарны сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглан 3075.7 тонн СО2-экв ялгарахаас сэргийлсэн.
1024.3 тонн: М-Си-Эс Кока-Кола, Юнител Групп, Энержи Ресурс, М-Си-Эс Интернэйшнл, Интермед эмнэлэг, Шангри-Ла Улаанбаатар, Скай Резорт Эрчим Сүлжээ компаниуд эрчим хүчийг хэмнэснээр 1024.3 тонн СО2-экв агаарт ялгарахаас сэргийлж байна.
Тэд 2024 онд нийт 1,365.7 МВт.ц эрчим хүчийг хэмнэжээ. Үүнд:
- Скай Резорт - 51 МВт.ц
- М-Си-Эс Кока-Кола – 72 МВт.ц
- Юнител Групп – 125МВт.ц
- Энержи Ресурс – 898 МВт.ц
- М-Си-Эс Интернэйшнл – 56 МВт.ц
- Интермед эмнэлэг – 31 МВт.ц
- Шангри-Ла Улаанбаатар – 63 МВт.ц
- Эрчим Сүлжээ - 69 МВт.ц тус тус хэмнэсэн байна.
Ийнхүү эрчим хүчийг хэмнэхийн тулд дараах ажлуудыг хийжээ.
Бусад онцлох тоо
4,101 МВт.ц: Юнител Групп болон Эрчим Сүлжээ компаниуд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр нийт 4,101 МВт.ц эрчим хүч үйлдвэрлэн ашиглав.
33 станц: Юнител Группийн хувьд 2022 оноос нарны эрчим хүчээр ажилладаг суурин станцыг алслагдсан бүс нутгуудад байгуулсан бөгөөд 2024 онд 33 станц шинээр суурилуулсан.
3,975 МВт.ц: Үүний дүнд нийт 3,975 МВт.ц эрчим хүчийг сэргээгдэх эх үүсвэрээр үйлдвэрлэж ашигласан.
26,159 ГЖ: М-Си-Эс Интернэйшнл компани шингэрүүлсэн хийн түлшээр ажилладаг дэвшилтэт зуух ашиглан 26,159 ГЖ дулаан болон 38,681 тонн технологийн уурыг үйлдвэрлэсэн.
М-Си-Эс Кока-Кола компани “Хуванцрын хаягдалгүй дэлхий” кампанит ажлын хүрээнд хаягдал хүлээн авах цэгийг Улаанбаатар хот болон 16 аймагт байгуулсан бөгөөд цугларсан хуванцрын хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн нийт борлуулсан PET-1 тэмдэглэгээтэй бүтээгдэхүүний хуванцар савны 56 хувийг буцаан цуглуулж, дахин боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгсөн нь өмнөх онтой харьцуулахад 16 хувиар өссөн гэдгийг тэд онцолжээ.
Бусад онцлох тоо
51.7 тонн: Тотал Дистрибюшин компани орон нутгийн таван аймгаас 51.7 тонн хуванцрын хаягдлыг цуглуулж, дахин боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгсөн нь өмнөх онтой харьцуулахад 44.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
43%: Веллбий компани борлуулж буй бүтээгдэхүүнийхээ хуванцар болон хөнгөн цагаан савыг хэрэглэгч, харилцагч байгууллагуудаасаа эргүүлэн авдаг. 2024 онд HDPE-2, LDPE-4, PP-5 тэмдэглэгээтэй борлуулсан бүтээгдэхүүн болон хөнгөн цагаан хаягдлын 43 хувийг хамтран ажиллагч байгууллагуудаас, 2.3 хувийг хэрэглэгчдээсээ буцаан цуглуулсан байна.
627 тонн: Үйл ажиллагааны хүрээнд үүссэн оффисын болон бусад 627 тонн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгсөн.
2241 тонн: 2241 тонн энгийн хог хаягдлыг хүлээлгэн өгч, зохих арга хэмжээг авсан.
102.7 тонн: 102.7 тонн аюултай хаягдлыг зориулалтын дагуу устгуулсан.
2’682 тонн: Мэтагро компани 2’682 тонн хүнсний болон био-органик хаягдлыг дахин боловсруулж, ялзмаг болгон хувиргаж, газар тариалангийн хэрэглээнд дахин ашигласан.
Дүгнэлт
Ийнхүү өргөн зургаар дүгнэвэл, тэд 1,595 мянган тонн СО2-экв хүлэмжийн хий ялгаруулсан ч эргээд 9,900 тонныг бууруулж, 1,366 МВт.ц эрчим хүчийг хэмнэж, 4,101 МВт.ц эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэж, 627 тонн хог хаягдлыг дахин боловсруулжээ.
Тэд ийнхүү тогтвортой хөгжлийн тайлангийнхаа хүрээнд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаагаа нээлттэй танилцуулж буй нь жижигхэн сонголтоо ч үнэ цэнтэй байлгахыг эрмэлздэг хэрэглэгчдэд хэрэгцээтэй мэдээлэл болохоос гадна дотоодын бусад компаниудад үлгэр жишээ болж байгаа нь гарцаагүй.