Сар гаруйн өмнө бид Хаврын номын баярыг угтаж байжээ. Намтарчилсан, яруу найргийн, танин мэдэхүйн гээд төрөл бүрийн бүтээл мэндэлж, уншигчдын гарт очдог энэхүү баярын удаах сард ч номын хур татарсангүй.
Энэ удаа хоёр ч алдартай манга цувралын ээлжит боть, орчин үеийн Африкийн уран зохиолын эцгийн сор бүтээл, алдарт “No Other Choice” киноны эх зохиол ч монгол хэлнээ орчуулагдлаа. Ингээд шинэ сарын номын жагсаалтаа дуустал нь саатаарай.
1. БҮХ ЗҮЙЛ НУРАВ

Тэртээх 19-р зууны Нигерийн Игбо нутгийнхны аж байдал, шүтлэг барилдлага, тэрслэлт тэмцлийг чадамгай дүрслэн өгүүлсэн эл бүтээл 1958 онд буюу Африк тивд колонийн систем задран унах үеэр уншигчдын хүртээл болжээ. Гол дүр Оконквогийн гадаад болон дотоод зөрчил, амьдралын замналаар хөтлөн колоничлогдсон ардын элдэв хачиргүй түүхээр аялуулах уг ном нь орчин үеийн Африкийн уран зохиолын хамгийн нөлөө бүхий туурвигсдын нэг Чинуа Ачебегийн анхны роман бөгөөд өдгөө 50 гаруй хэлнээ орчуулагдаад буй. Дэлхий даяарх сая сая сурагч, оюутны унших номын жагсаалтад зүй ёсоор багтдаг энэхүү сор бүтээлийг ийнхүү эх хэлээрээ унших боломжтой болжээ.
Үнэ: 19,900₮
Зохиолч: Чинуа Ачебе
Хэвлэлийн газар: Монсудар
Холбоотой нийтлэл: Чинуа Ачебегийн “Бүх зүйл нурав” номын тухай
2. СҮХ

Өнгөрсөн онд кино театруудыг нэг сайн донсолгосон “No Other Choice” бол найруулагч Пак Чан Вүүкийн “Сүх” аймшгийн триллер зохиолоос сэдэвчлэн 16 жил зүлгэж найруулсан бүтээл. Сар жил дамнасан ажилгүйдэл, тохь тухтай амьдралын хүслэнд дарлагдаж, хөдөлмөрийн зах зээл дэх өрсөлдөгчдөө нэг нэгээр нь үгүй хийхээс “өөр сонголтгүй” болсон гол дүр Деворын санаа сэдэл, харгис үйлдлүүд бидний амьдарч буй капиталын нийгмийн тухай юуг өгүүлэх бол?
Сонирхуулахад, Доналд Э.Вестлейк нь роман, өгүүллэгээс гадна дэлгэцийн зохиолч байсан ба түүний Мартин Скорсизитэй хамтран бүтээсэн “The Grifters” кино 1991 оны 63 дахь Оскарт нэр дэвшсэн байдаг.
Үнэ: 34,900₮
Зохиолч: Доналд Э.Вестлейк
Хэвлэлийн газар: Монсудар
3. ДААВРЫН ТУХАЙ МИНИЙ МЭДЭХ ЗҮЙЛС

Нойр, авхаалж самбаа, өсөлт хөгжил гээд бидний биеийн бүхий л зохицуулга даавартай салшгүй холбоотой. Тэгвэл бид аливаа өвчин, стресс, гэнэтийн сэтгэл санааны хэлбэлзэлд даавраа буруутгаад орхилгүй, эсрэгээрээ илүү эрүүл, аз жаргалтай амьдралын хөшүүрэг болгож ашиглавал ямар өөрчлөлтүүд гарах бол?
Энэхүү номд дааврын хоол зүйч Ханна Алдерсон дааврын эрүүл мэндээ тэтгэх зургаан алхмыг танилцуулах ба ингэхдээ хооллолт, хөдөлгөөн, бэлгийн бойжилт зэрэг сэдвүүдийг хамраад амжина. Ташрамд дурдахад, тэрээр эмэгтэйчүүдийн бие махбодын онцлог, стрессийг онцгойлон судалж бичсэн “Кортизолын тухай миний мэдэх зүйлс” номоо энэ 9 сард хэвлэх гэж буй.
Үнэ: 39,900₮
Зохиолч: Ханна Алдерсон
Хэвлэлийн газар: Монсудар
4. ТОКИОГИЙН ӨШӨӨ АВАГЧИД 10

2005 онд Shinjuku Swan зохиолоор амжилттай дебютээ хийж, 38 боть цувралаа уншигчдын хүртээл болгосон Кэн Вакүин ээлжит бүтээл анимэ зах зээлд томоохон байр суурь эзэлсэн нь Токиогийн өшөө авагчид билээ. Цувралын 11-р боть нь энэ сарын 29-нд, 12-р боть нь ирэх сарын 3-наас худалдаанд гарах гэнэ.
Кисакигийн башир аргад хууртан итгэлт нөхөр Чифүюгээ алдсан Такэмичи Казүторатай хүч хавсран Томаныг эргүүлж авахаар эргэлт буцалтгүй шийднэ. Энэ удаа өнгөрсөндөө буцаж байгаагийн гол зорилго бол Томаныг дотроос нь ялзруулж, гэмт хэргийн ертөнц рүү чирсэн “Хар луунуудын бүлгэм!"
Үнэ: 19,900₮
Зохиолч: Вакүи Кэн
Хэвлэлийн газар: Цэнхэр гүзээлзгэнэ
5. АЯЛАГЧ МУУРЫН ТЭМДЭГЛЭЛ

Зуны эдгээр бороотой, зэврүүн өдрүүдэд өрөөнийхөө буланд тухалж аваад эхлүүлэх ном бол энэ. Гол дүр Саторү хуучны найзуудаа зорингоо саяхан гудмаас олсон Нана гэх мууртаа шинэ эзэн хайх аялалд гарах бөгөөд аяллыг цөм Нанагийн өнцгөөс хүүрнэх тул “муур л ингэж бодох байх даа” гэж бодогдуулам сонин содон дүрслэл, илэрхийлэмжээр дүүрэн. Хайр, нөхөрлөл, хагацал, гуниглалыг хамгийн энгийн атлаа эгэлгүйгээр өгүүлэх сэтгэл дулаацуулсан ном хайж байвал Саян хэвлэлийн газрын орчуулсан “Аялагч муурын тэмдэглэл”-ийг сонирхоорой.
Сүүлийн жилүүдэд “light novel” буюу махчилж орчуулбал “хөнгөн роман” гэх төрөл олон уншигчдын сонирхлыг татах болсон. Бидний дассан шиг хайр дурлал, адал явдал гэх мэт тодорхой нэг урсгал гэхээс илүүтэй зорилтот уншигчдын насны бүлэг (өсвөр нас, залуу үеийнхэн), бичлэгийн хэмнэл, ерөнхий бүтцээрээ ялгардаг уг төрлөөр бичигдсэн япон зохиол олон бий. Энэ төрлөөр дагнасан зохиолч (“light novelist”) бол Хиро Арикава билээ.
Үнэ: 25,000₮
Зохиолч: Хиро Арикава
Хэвлэлийн газар: Саян
6. ГҮЙЛТИЙН СЭТГЭЛ ЗҮЙ

Холын зайд гүйх нь хүний одоогийн бие галбирыг бүтээсэн үү? Бид яагаад гүйсээр байдаг вэ? Гүйх нь бидний тархинд хэрхэн нөлөөлөв? Гүйхэд хөгжим нэмэртэй юу? Хурдын гүйхийн тулд сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
Эдгээр болон бусад сонирхолтой асуултын хариултыг номоос олж аваарай. Биеэ чагнахуй болоод гүйлтийн гүйцэтгэл, хэсэгчлэх болон тайвшрах стратеги гээд өмнө нь сонсож, судалж байгаагүй олон хэрэгтэй сэдвийг хөндсөн байх вий.
Энэхүү номд хүн төрөлхтний амьдралын салшгүй хэрэгцээ байсаар ирсэн гүйлтийн спорт нь хүний бие махбод болон дасан зохицох чадварт хэрхэн нөлөөлсөн тухай өгүүлэхийн зэрэгцээ гүйх чадвар, амжилтыг нэмэгдүүлэх шинжлэх ухаанд тулгуурласан арга техникүүдийг танилцуулжээ. Мөн гүйхэд урам зориг өгөх сэтгэлзүйн хүчин зүйлс болон түүний ач тусыг дэлгэрэнгүй тайлбарласан байна.
“39-р номын баяраас онцлох 39 бүтээл” нийтлэлийн хэсгээс
Үнэ: 33,000₮
Зохиолч: Ноэл Брик, Стюарт Холидэй
Хэвлэлийн газар: Psychology
7. ДАВШИГЧ ТИТАН 20

Японы манга урлагийн нэрт төлөөлөгч Исаяама Хажимэгийн бүтээл Давшигч Титаны ээлжит боть сар гаруйн дараа худалдаанд гарлаа. Энэ удаа Ирэний гэрт нуугдаж буй "үнэн"-ийг олж мэдэхээр туршуулын алба Мариа ханыг эргүүлж авах ажиллагааг эхлүүлнэ. Гэвч тэдний замд Рэйнр, Бертолт, мангас титан нар отож байгааг мартаж болохгүй. Ирэн болон түүний нөхөд нэгэн цагт мөр зэрэгцэн тулалдаж явсан хуучин нөхдөө ялж, тэрхүү "үнэн"-д хүрч чадах болов уу?
Үнэ: 19,900₮
Зохиолч: Исаяама Хажимэ
Хэвлэлийн газар: Цэнхэр гүзээлзгэнэ
8. НӨХӨРЛӨЛИЙН ТУХАЙ БҮХ ЗҮЙЛ

Хүний амьдралын хамгийн нандин холбоонуудын нэг бол нөхөрлөл. Гэхдээ хэн нэгний найз байх тухай суралцах зүйл мундахгүй. Шинэ нөхөдтэй болохоос эхлээд асуудал маргааныг шийдвэрлэхэд тулгарах сорилт ч олон бий. Жангар редакцын эрхлэн гаргаж буй энэхүү номд буй мэргэжилтнүүдийн зөвлөгөө, нөхөрлөлийн бодит түүх, асуулт хариултын булангууд харилцаагаа тордох, нийгмийн нарийн төвөгтэй нөхцөл байдлыг даван туулахад туслах хөтөч болох нь гарцаагүй.
Үнэ: 29,900₮
Зохиолч: Камила Ривера, Сара Жин Ли
Хэвлэлийн газар: Жангар
9. ФОРМОСА СОЛИЛЦОО

"Цаг хугацааны агуулга", "Шар зохиол", "Дэлхийн Ванаас цааш" романы зохиолч, экспериментал зохиол Тайванийн экспериментал зохиолчдын бүлгийн гишүүн Хуан Чон Кайгийн ээлжит бүтээл "Формоса солилцоо" романыг Тагтаа хэвлэлийн газар эх хэлнээс нь орчуулан хүргэхэд бэлэн болжээ. Сонирхуулахад, түүний “Цаг хугацааны агуулга” ном нь Тайванийн үндэсний утга зохиолын шагнал хүртэж байсан удаатай.
Хуан Чон Кайгийн эл бүтээл куба зураач, Тайванийн анхны уугуул үндэстэн ерөнхийлөгч, Гуантанамо булан дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн шоронд хоригдож асан эр, уугуул үндэстэн болохыг хүсдэг хан үндэстэн зэрэг олон сонирхолтой дүрээр дамжуулан үндэс угсаа, соёлын ялгаа, улс төрийн тэгш бус байдал зэрэг томоохон асуудлуудыг хөндөж, ил тод шүүмжилснээрээ онцлог. Мөн Маркезын шидэт реализмыг санагдуулам нэн сонирхолтой хүүрнэлийнхээ дундуур номын тэмдэглэл, подкаст, ярилцлага зэргийг сүлж оруулснаараа Майкл Хэррийн сэтгүүлзүйг хослуулсан мэт сэтгэгдэл төрүүлнэ.
"Тагтаа" хэвлэлийн газар
Зохиолч: Хуан Чон Кай
Хэвлэлийн газар: Тагтаа
10. Женни Ханы алдарт гурвал

"Миний үзэсгэлэн тодорсон зун" цувралаараа танигдсан Женни Ханы алдарт гурвал монгол хэлээр орчуулагджээ. Уншигч та магад "Хайрлан дурласан бүх хөвгүүндээ," “Жич: Одоо ч чамд би хайртай,” “Үргэлж, үүрд Лара Жин” цувралууд 2018 оны 8-р сард Netflix-ээр цацагдаж эхэлсэнтэй эчнээ танил биз ээ. Өсвөр насны үерхэл нөхөрлөлийн адармаа, нандин учрал, эцэс төгсгөлгүй мэт адал явдлыг эргэн мэдрэхийг хүсвэл уншаад үзээрэй.
Үнэ: 29,000₮
Зохиолч: Женни Хан
Хэвлэлийн газар: Болор судар


