Банкны ногоон зээлийн эдийн засагчийн ширээн дээр зээлийн материал тань очиход "Бид байгальд хайртай" гэх сэтгэл хөдөлгөм өгүүлбэрүүд бус, харин “Ногоон таксономи” гэх яггүй стандартын шаардлагыг хангахуйц тоо баримт таны өмнөөс ярьдаг. 

Сүүлийн жилүүдэд Монголд ногоон зээлийн хүртээмж нэмэгдэж байгаа ч бид “ногоон” гэх тодорхойлолтын цаадах техник шалгууруудыг төдийлөн анзааралгүй орхигдуулж буй. Иймд Төрийн банктай хамтран бэлтгэж буй энэхүү нийтлэлээрээ бид таксономийн шаардлагуудыг хэрхэн хангах тухай практик зөвлөмжүүдийг хүргэж байна.


НОГООН ТАКСОНОМИ ГЭЖ ЮУ ВЭ?

“Ногоон таксономи гэдэг нь байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны ангилал, тодорхойлолт, шалгуур үзүүлэлт бөгөөд банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид болон бодлого боловсруулагчид энэхүү таксономийг ногоон зээл, ногоон хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлохдоо ашиглана. Ногоон таксономи нь аль нэг салбараар хязгаарлагдахгүй, бизнесийн бүхий л салбарыг хамаарах шалгуур үзүүлэлт юм.”

– Монгол Улсын Ногоон таксономи

Товчхондоо энэ бол ямар үйл ажиллагааг "байгаль орчинд ээлтэй" гэж үзэхийг тодорхойлсон нэгдсэн стандарт, ангиллын систем юм. Хэрэв санхүүгийн ертөнцийг нэгэн том хөлөг онгоц гэж төсөөлбөл, таксономи нь тэрхүү хөлгийг байгальд хохирол багатай ногоон боомт руу чиглүүлэгч луужин гэсэн үг. Манай улсын Ногоон таксономи нь үндсэн найман салбарт хуваагддаг бөгөөд салбар бүр өөрийн гэсэн нарийн техникийн шалгууртай. Бид тэдгээрийг тун удахгүй дэлгэрүүлэн авч үзэх болно.

Таксономи нь байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) хүчин чармайлттай салшгүй холбоотой. Хэдийгээр өнөөдөр байгаль орчинтой холбоотой хэсэг нь хамгийн их яригдаж буй сэдэв боловч таксономи нь зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй ба ESG-ийн (Байгаль орчин, нийгэм, засаглал) гурван бүрэлдэхүүн хэсгийн алинд нь ч хамаарч болдог. Энэхүү баримт бичгийн гол үнэ цэн нь шинжлэх ухааны үндэслэлтэй, хэмжигдэхүйц үзүүлэлтүүд дээр суурилдагт бий бөгөөд уг стандарт нь хөрөнгө оруулагчдын хамгийн чухал хоёр асуултад хариулт өгдөг ажээ.

  • Миний хөрөнгө оруулах гэж буй улс орны ESG-ийн орчин нөхцөл ямар байна вэ?
  • Миний мөнгө үнэхээр тогтвортой хөгжлийн төлөө зарцуулагдах уу эсвэл зүгээр л greenwashing буюу байгальд ээлтэй мэт харагдах ташаа маркетингийн золиос болох уу?

ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Greenwashing буюу ногоон тархи угаалтыг ялгах
Бизнес бүр өөрийгөө байгальд ээлтэй гэж тодорхойлж болох ч таксономи нь үүнийг бодит тоо баримтаар батлахыг шаарддаг. Жишээлбэл, өнгөрсөн онд хүлэмжийн хийн ялгарлыг хэдэн хувиар бууруулсан байх гэх мэт.

Холбоотой нийтлэл: Байгальд ээлтэй шошгын ардах бодит үнэн

Хөрөнгө оруулагчдын хэлийг ойлгох
Олон улсын санхүүгийн байгууллагууд болон дотоодын банкууд хөрөнгө оруулалтын эрсдэлээ тооцохдоо энэхүү стандартыг ашигладаг. Хэрэв таны төсөл таксономид нийцэж байвал энэ нь таны бизнес ирээдүйд тогтвортой оршин тогтнох чадвартайг илтгэх тамга болно гэсэн үг.

Санхүүжилтийн давуу тал бий болох
Банк, санхүүгийн байгууллагууд таксономийн шаардлага хангасан төслүүдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл санал болгож байгаа нь бизнесийн зардлыг бодитоор бууруулах боломж юм.


МОНГОЛ УЛСЫН НОГООН ТАКСОНОМИ

1. Сэргээгдэх эрчим хүч
Эрчим хүчний салбар дахь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, нийт эрчим хүч үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний (нар, салхи гэх мэт) эзлэх хувийг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилготой салбар юм.

2. Бохирдол багатай эрчим хүч
Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах замаар агаарын бохирдлыг бууруулахад чиглэнэ.

3. Эрчим хүчний хэмнэлт
Дулааны цахилгаан станцын дотоод хэрэглээг багасгах, цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бууруулах, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний ашиглалтыг 15 хувиар сайжруулах зорилготой.

4. Ногоон барилга
Барилгын дулаан алдагдлыг 2030 он гэхэд 40 хувь хүртэл бууруулах, орон сууцны дулаалгыг сайжруулах, хотын барилга байгууламжийн 25 хувийг ногоон байгууламж болгоход чиглэсэн үйл ажиллагаанууд багтана.

5. Бохирдлоос сэргийлэх, бууруулах үйл ажиллагаа
Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийг 80 хувиар бууруулах, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, хог хаягдлыг дахин боловсруулах менежментийг сайжруулах замаар байгаль орчныг хамгаалахад чиглэнэ.

6. Тогтвортой ус, хаягдлын хэрэглээ
Хүн амыг ундны цэвэр усаар хангах, гадаргын усны нөөц болон экосистемийг хамгаалах, усны эх үүсвэрүүдийг тусгай хамгаалалтад авах замаар усны тогтвортой нийлүүлэлтийг бий болгох зорилготой.

7. Тогтвортой хөдөө аж ахуй, газар ашиглалт, ой болон эко аялал жуулчлал
Бэлчээрийн даацад тохируулан мал сүргийн тоог хадгалах, ногоон технологид суурилсан хөдөө аж ахуйн экспортыг дэмжих, хөрсний доройтлыг бууруулах, ойн сан болон биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэдэг.

8. Карбон бага ялгаруулдаг тээвэр
Нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг цахилгаан болон хосолсон хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, дугуйн зам, явган зам гэх мэт цэвэр тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх замаар тээврийн салбарын байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах зорилготой.

Баримт бичигтэй дэлгэрүүлэн танилцах

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД НОГООН САНХҮҮЖИЛТ АВАХАД ЮУ АНХААРАХ ВЭ?

Ногоон таксономийг зөвхөн байгаль орчны стандарт гэж харахаас илүүтэй бизнесээ үр ашигтай, зардал багатай, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болгох бизнес стратеги гэж харах хэрэгтэй. Хэрэв та ногоон зээл авахаар төлөвлөж байгаа бол дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.

Үйл ажиллагаагаа үнэлж дүгнэ: Таны бизнес заавал сэргээгдэх эрчим хүчний салбарт хамааралтай байх албагүй. Өөрөөр хэлбэл, та оффисынхоо дулаан алдагдлыг бууруулснаар (4. Ногоон барилга), эсвэл үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг илүү бага цахилгаан зарцуулдаг загвараар сольсноор (3. Эрчим хүчний хэмнэлт) ногоон зээлийн шалгуурт тэнцэж болно. Хамгийн гол нь таны хийх гэж буй хөрөнгө оруулалт дээрх 8 салбарын алинд нь хамаарахыг яг цав тодорхойлох нь чухал.

Тоон баримтыг л тогтож хар: Банкны эдийн засагч танаас "Яг хэдэн хувиар?" гэж асуух болно. Тэгэхээр хариултаа бэлэн байлгах хэрэгтэй.

- Хэрэв эрчим хүчний хэмнэлт хийх бол одоогийн хэрэглээ болон шинэ төсөл хэрэгжсэний дараах хүлээгдэж буй хэмнэлтийг тоогоор илэрхийлээрэй.
- Хэрэв хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол дахин боловсруулах хувь хэмжээ, бууруулах хэмжээг тооцсон байгаарай.
- Хэрэв тээврийн салбар бол түлшний зарцуулалт болон CO2 ялгарал хэрхэн багасахыг харуулаарай.


Баримтжуулах ажлыг бүү орхигдуул: Ногоон зээл авахад зөвхөн төлөвлөгөө хангалтгүй. Техникийн үзүүлэлт, эрчим хүчний аудитын дүгнэлт, тоног төхөөрөмжийн гэрчилгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэрэг баримт нь таны зээлийн материалыг "ногоон" болгож харагдуулна. Тиймээс хийх гэж буй хөрөнгө оруулалтынхаа байгаль орчинд үзүүлэх бодит үр ашгийг хэмжигдэхүйц тоо баримт, албан ёсны гэрчилгээгээр баталгаажуулан ширээн дээр тавих нь зээл авах хамгийн дөт зам юм.

Ногоон тархи угаалтыг нэг мөсөн март: Нэр төдий "ногоон" байх нь эрсдэлтэй. Олон улсын хөрөнгө оруулагчид болон банкууд хяналт шалгалтыг нарийн хийдэг бөгөөд таны үйл ажиллагаа нийгэм болон байгаль орчинд өөр бусад сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг давхар хянаарай. Жишээ нь, ажилчдын аюулгүй байдал, хаягдал усны менежмент, ажилтнуудын эрх болон хүрээлэн буй орчны биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг ESG-ийн суурь шаардлагыг бүрэн хангаснаар таны бизнес зөвхөн маркетингийн хэрэгсэл шиг харагдахгүй.

Банк, санхүүгийнхнээс бүгдийг асуу: Ногоон төслийг дангаараа хэрэгжүүлэх гэж оролдох нь техникийн болон санхүүгийн хувьд эрсдэл дагуулж болзошгүй. Өнөө цагт арилжааны банк болон олон улсын төсөл хөтөлбөрүүд ногоон санхүүжилтийн чиглэлээр мэргэшсэн тусгай нэгж, зөвлөхүүдтэй болсон бөгөөд тэд таны төслийг олон улсын стандартад нийцүүлэхэд нээлттэй тусална. Тиймээс төсөл хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө мэргэжлийн инженер, банкны ногоон зээлийн мэргэжилтнүүдтэй уулзаж, таксономийн нарийн шалгуурыг урьдчилан хянуулах нь чухал.

ТӨРИЙН БАНКНЫ НОГООН ЗЭЭЛҮҮД

Төрийн банкны зүгээс бизнес эрхлэгчдэд олгож буй ногоон зээлүүдтэй танилцъя. Сонирхуулахад, Япон Улсын Засгийн газар, Монгол Улсын Сангийн яамны хамтарсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах Jica төслийн хүрээнд сүүлийн 18 жилийн хугацаанд 94 төсөлд 45.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Мөн жилийн 9-13 хувийн хүүгийн татаастай “Байгальд ээлтэй хүүгийн хөнгөлөлттэй төсөл”-ийг БОУАӨЯ-тай хамтран хэрэгжүүлж, 2020 оноос хойш 357 зээлдэгчид 5.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.


Ногоон бизнесийн зээл

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх зорилгын хүрээнд хувиараа эрхэлж буй бизнес болон эмэгтэйчүүд байгуулсан хуулийн компани, нөхөрлөл, хоршооны эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд зориулан олгоно.
Зээлийн нөхцөлийг дэлгэрүүлэн харах

Ногоон бэлтгэн нийлүүлэгчийн зээл
Банктай тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж буй иргэн, хуулийн этгээдийн байгаль орчинд ээлтэй, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх, тогтвортой хөгжилд чиглэсэн бизнесийн төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор олгох зээл юм.
Зээлийн нөхцөлийг дэлгэрүүлэн харах

Бизнесийн ногоон зээл
Байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн технологийн шинэчлэлт хийх, эрчим хүч болон усны хэмнэлт үүсгэх тоног төхөөрөмж авах, карбон бага ялгаруулдаг тээврийн хэрэгсэл худалдан авах зэрэг бизнесийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд зориулан иргэн болон хуулийн этгээдэд олгох зээл юм.
Зээлийн нөхцөлийг дэлгэрүүлэн харах

Ногоон төслийн зээл

Тогтвортой хөдөө аж ахуйн зээл

Малчны ногоон зээл
Малын бэлчээрийн зүй зохистой ашиглалт, малын ашиг шим, үүлдэр угсаа, эрүүл мэндийг сайжруулах зориулалттай зээл.
Зээлийн нөхцөлийг дэлгэрүүлэн харах