Яг одоо хувцасны шүүгээгээ нээж үзээд, үнэнээ хэлээрэй! Та тэнд байгаа хувцсыг бүгдийг нь өмсдөг үү? Аль эсвэл өмсөнө гээд хадгалаад явж байна уу? Тэгвэл таныг өмсөх үү, болих уу гээд эргэлзэж байх хооронд дэлхийн хэмжээнд жилд дунджаар 62 сая тонн хувцасны хаягдал гарч байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ тоо 102 сая тонн болно гэх судалгаа гарчээ. Хамгийн харамсалтай нь бидний өмсөж буй хувцасны ердөө 12 хувь нь л дахин боловсруулагдах боломжтой материалаар хийгдсэн байдаг. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ байгальд ээлтэй “7-694” брэндийг онцолж байна.
Нэр: 7-694
Хаяг: СБД 8-р хороо 22А байр “Лагшан” төвийн 2-р давхарт
Чиглэл: Хувцас, загвар
Үүсгэн байгуулагч: С.Түвдэн, Ё.Чанцалдулам (Чаёоду)
Үүсгэн байгуулагдсан он: 2020
Холбоос: 7-694 (Фэйсбүүк), 7_694 (Инстаграм)

СЭДЭЛ
С.Түвдэн: “7-694” буюу “Өнөөдөр Цагаан Гурвалжин Өдөр” брэндийг ирээдүйн хүмүүсийн хэрэглээг хохироолгүйгээр, өнөөдрийн хүмүүсийн хэрэглээг хангах зорилгоор 2020 оны арваннэгдүгээр сард үүсгэн байгуулсан. Ноолууран малгай, ороолтоос бүрдсэн анхны коллекцоо танилцуулж байсан нь саяхан мэт санагдах ч хэдийнээ нэг жилийг үдсэн байна.
Чаёоду: Нэг компаниаc ажлын гараагаа эхлүүлж байсан бидний хувьд энэ брэндийг эхлүүлэх үйл явц маш гэнэтийн байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, бид хоёр хуучин ажлаасаа гараад жилийн дараа санамсаргүй байдлаар таарч, манай хамтрагч С.Түвдэн энэ бизнесийг эхлүүлэх саналыг тавьснаар өнөөдрийн “7-694” брэнд үүссэн.
ЯЛГАРАЛ
С.Түвдэн: Хүн төвт үзэл баримтлалын дагуу брэнд хөгжүүлж байгаа нь бидний хамгийн том онцлог. Бүх загвар өөрсдийн гэсэн утга учир, агуулгатай байдаг. Жишээлбэл, “ECOllaboration” коллекцын хувцас гэхэд л аль ч улиралд, хэдэн ч янзаар өмсөх боломжтой хийгдсэн. Мөн өөр нэг онцлууштай зүйл нь манай моделиуд. Бид дауны синдромтой болон албинизмтай залуусыг загвар өмсөгчдөөрөө сонгон, нийгэмд бий болсон хэвшмэл хандлагыг үгүй хийж, тэд бидэнтэй л ижилхэн бүгдийг хийж чадах хүн шүү гэдгийг харуулахыг зорьж байна.
Чаёоду: Даунтай залуусыг моделиор сонгосон шалтгаан гэвэл би гэрэл зурагчныхаа хувьд даунтай хүүхдүүдийн зургийг авч санаа өгүүлэх юмсан гэж хүсдэг байсан. Анхны коллекц маань гарч байх үед би цахим сүлжээнээс нэг бичвэр уншсан юм. Тэнд “Миний хүүхэд дауны синдромтой. Өдөр бүр сургуульдаа явж ирчхээд л гэртээ үлддэг. Тэр минь бусад хүүхэд шиг гадаа тоглож, нийгмийн харилцаанд ороосой гэж хүсэж байна. Хэнд ч шоолуулахгүй байгаасай. Ээж, аавууд минь! Даунтай хүүхдүүд бол бусадтай л ижилхэн шүү дээ! Үүнийг хүүхдүүддээ ойлгуулж өгөөч” гэж бичсэн байв.
Тэндээс л даунтай залуусыг моделиороо сонгосноор эргээд тэдэнд тусалж болох юм байна гэж бодоод зураг авалтынхаа агуулгыг тийм байдлаар гаргаж байсан.


“7-694” ГЭЖ ЮУ ВЭ?
“7-694” гэдэг бол дараагийн үеийн фэйшн марк.
НЭР
С.Түвдэн: “Өнөөдөр Цагаан Гурвалжин Өдөр” гэх үгний үсгийн тоогоор “7-694” гэж нэрлэсэн гэж ойлгож болно. Бүр нарийвчилбал,
- Өнөөдөр – Өнөөдрөөс шалтгаалан өнгөрсөн бичигдэж, ирээдүй тодорхойлогдоно
- Цагаан – Гэрэл гэгээ, ариун сайхны бэлгэдэл
- Гурвалжин – Хязгааргүйд тэмүүлэх эрмэлзэл
- Өдөр – Одоо цагийн илэрхийлэл


ОДОО
С.Түвдэн: “XanaX” брэндтэй хамтран шинэхэн коллекцоо өнгөрөгч 23, 24-ний өдөр танилцуулсан. Ерөнхий утга агуулга нь асар их мэдээллийн урсгал, чөлөө завгүй амьдралын хэв маягаасаа болоод бид одоо цагийг мэдэрч чадахгүй байгааг хөндөж, харуулахыг хүссэн. Өөрөөр хэлбэл, бид амьдралаа мартагдсан өдрүүдийн цуглуулга болтол нь завгүй ажиллаж, сайн сайхан бүгдийн дэргэд бус ард яваад байна шүү дээ. Мөн материалын хаягдал бага гаргах үүднээс бид энэ удаагийн коллекцдоо өмнөх үйлдвэрлэлээс үлдсэн илүүдэл, өөдөс хэсгүүдээр цамц, цүнх зэргийг бүтээсэн.
БАГ
С.Түвдэн: Үүсгэн байгуулагч хоёр гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Мэдээж хамтран ажиллагч олон байгууллага, хувь хүмүүс байгаа. Нэг үгээр бол ерөнхий ажлаа бид хоёр хариуцаад, нарийн үйлдвэрлэлийн ажлуудыг коллекц бүр дээр баг гарган ажилладаг гэсэн үг. Харин бидний хувьд Чаёоду маань агуулга, загвар, арт талаа хариуцаад явж байгаа бол С.Түвдэн миний бие маркетинг, брэнд хөгжүүлэлт, үйл ажиллагаа зэрэгт түлхүү анхааран ажиллаж байна.
ИРЭЭДҮЙ
Чаёоду: Загварын салбарт Монголоос төрөн гарсан ёс зүйтэй (ethical) брэнд гэж алдаршихыг хүсдэг. Монгол сэтгэхүйн бүтээлч санааг Монголд үйлдвэрлэсэн материалтай нэгтгэж урласан шүү гэж ам бардам байхын тулд бид үйл ажиллагаагаа илүү сайжруулсаар байх болно. Хүнд хэцүү цаг үеийг даван туулж, аливаад бүтээлчээр хандан, асуудлыг боломж болгож чадвал зах зээлд тэсэж үлдэн зорилгодоо хүрнэ гэдэгт итгэдэг.


ЭРСДЭЛ
Чаёоду: Ноос, ноолууран бүтээгдэхүүний түүхий эдийн үйлдвэрлэл дотооддоо хийгддэг учраас Монголын хувцас загварын салбарт энэ төрлийн бизнесүүд сайн хөгжиж байна гэж хардаг. Харин бусад болон дахин боловсруулсан материалыг одоогоор Монголдоо үйлдвэрлэдэггүй учраас заавал гадаадын аль нэг орноос авах хэрэгцээ гарч байна. Гэтэл ийм худалдан авалт хийхэд цаг үе, эдийн засгийн талаас хүндрэл учирч байгаа юм.





Сэтгэгдэл бичих

