Өдгөө хиймэл оюун ухаан бүхий л төрлийн салбарт ашиг тусаа үзүүлж, хүн төрөлхтний гар нийлсэн хамтрагч болсоор байна. Гэтэл AI өдөр тутмын амьдралд ийм хэмжээний нөлөө үзүүлж эхлээд ердөө гурав дахь жилийн нүүрээ үзэх гэж буй. 2022 онд OpenAI-аас ChatGPT-г танилцуулснаас хойш юмс хэрхэн өөрчлөгдсөнийг уншигч та нэг бодоод үзээрэй. Энгийн нэг гэрийн даалгавраас эхлээд анагаах ухааны салбар хүртэлх аль ч түвшний хэрэгцээнд хиймэл оюун ухааныг бид ашиглаж байна.
Тэр ч бүү хэл кино, контент үйлдвэрлэлийн салбарт AI маш олон ажлыг хөнгөвчилж, цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн хувьд хэмнэлт үзүүлж байгаа нь нууц биш. Иймд бид энэ удаагийн нийтлэлдээ хиймэл оюун ухаан контент үйлдвэрлэлд хэрхэн ашиг тусаа өгч байгаа талаар сонирхолтой жишээ сонордуулахаар бэлдлээ.
AI БА КОНТЕНТЫН ХОРШИЛ
Энэ оны эхэн хүртэл бид тодорхой нэг түвшинд хиймэл оюун ухааныг төрөл бүрийн контент бэлтгэхдээ ашиглаж байв. Гэтэл хоёрдугаар сарын 16-нд OpenAI-ийн гүйцэтгэх захирал Sam Altman “Sora”-аар бүтээсэн бичлэгүүдийг X-дээ нийтэлснээр технологи болон энтертайнмент ертөнц тэр чигтээ шуугисан юм. Учир нь Sora-ийн жишээ бичлэгүүд Midjourney, Runway зэрэг түүнээс өмнө бидний ашигладаг байсан ижил төстэй хиймэл оюун хөгжүүлэгчдээс илүү бодит, хавьгүй чанартай байв. Гэхдээ энэ бол ердөө нэг жишээ.
Дэлгэрүүлж унших: Хиймэл оюун ухаан кино урлагт хувьсгал авчрах уу?
Тэгвэл ерөнхий зургаараа хиймэл оюун ухаан кино, контент үйлдвэрлэлийн салбарт ямар давуу талууд авчирч байгаа вэ?
Цаг хугацаа, хөрөнгө санхүү хэмнэх: Хугацаа их шаарддаг, зардал өндөртэй үйл явцыг автоматжуулснаар продюсер, найруулагч, эвлүүлэгч тэргүүтэй зураг авалтын багийн ажлыг хөнгөвчилж буй. Жишээ нь, дүрс боловсруулах, дууны эффект нэмэх, график дизайныг богино хугацаанд, өндөр чанартай хийх боломжтой нь энэ давуу талыг бүрдүүлж байгаа юм.
Зорилтот зах зээлээ судлах: Хиймэл оюун бол асар их өгөгдлийн сан. Энд маш олон төрлийн, олон тооны мэдээлэл бий. Тиймдээ ч үзэгчдийн сонирхлыг илүү нарийвчлан тодорхойлж, тэдэнд нийцэх контент үйлдвэрлэхэд тусалдаг.
Визуал дүрслэлийг сайжруулах: AI-д суурилсан платформ, программууд CGI (Computer-Generated Imagery) технологийг өндөр түвшинд гүйцэтгэх болсон. Тухайлбал, хүний хөдөлгөөнийг илүү нарийн шинжлэх, улмаар нүүрний илэрхийлэл, арьсны бүтцийг нарийвчлах, дүрсний өнгө, гэрлийг засварлах гээд богино хугацаанд өндөр үр дүн гаргах боломжтой.
“ANOTHER TIME WITH U” ЦУВРАЛ
Гурван улирал бүхий 24 ангитай “Utoon” webtoon контентыг танилцуулж байсан U Brand ээлжит бэлгээ барьж буй нь “Another time with U” анимэ дүрслэлтэй, хөдөлгөөнт вэб драма юм. Тэд Юнителийн 14-23 насны үнэнч хэрэглэгчдэдээ зориулж, AI технологи ашигласан анхны интерактив TikTok цувралаа толилуулж байгаа бөгөөд залуу уран бүтээлч Мөнхшүр, Өсөхбаяр нартай хамтран бүтээжээ.
Нийт таван ангитай тус цувралын 1-р ангийн төгсгөлөөс эхлээд үзэгчид зохиол, үйл явдлынхаа зангилаанд өөрсдөө оролцож, анги бүрийнхээ эхлэл, өрнөл, төгсгөлийг шийдэх боломжтой гэдгээрээ онцлог. Агуулгын хувьд бидэнтэй нэгэн цаг үед амьдарч буй 16 настай Ивээл-Үжин охин нэг өглөө огт танихгүй газраа сэрэх ба яаж, хаана очсоноо үл мэдэх учир битүүлэг будлиан дунд Итгэл болон Бат хэмээх өнгөрсөн цагийн хоёр хөвгүүнтэй санаандгүй учрах аж. Мэдээж үүнээс цааш хэрхэхийг уншигч та шийдэх юм.
ӨРСӨЛДӨГЧ БУС ХАМТРАГЧ
Магад уншигч танд хиймэл оюун ухаан гарч ирснээр ажлын байрууд үгүй болох, хүний хяналтаас гарах, бүтээлч сэтгэлгээг хязгаарлах зэрэг сөрөг тал гарах вий гэсэн болгоомжлол байж мэдэх юм. Мэдээж энэ бүгдийг бүрэн үгүйсгэх аргагүй ч бид хэрхэн ашиглаж, хамтран ажиллахаас шалтгаалан өрсөлдөгч байх уу эсвэл гар нийлсэн хамтрагч байх уу гэдэг нь тодорхойлогдоно. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан AI контент бүтээх үйл явцыг хурдасгаж, илүү үр дүнтэй болгож байгаа учраас бүтээлч салбарын мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг бууруулж, илүү чухал, стратегийн ажлуудад төвлөрөхөд нь туслах давуу талтай.
Тиймээс л бид хиймэл оюуныг хамтрагч хэмээн харах нь зүйтэй бөгөөд бидний бүтээлч чадварыг орлох бус харин ч илүү дэмжиж, хөгжүүлнэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. Үүний шинэ жишиг болж U brand залуу уран бүтээлчдээ дэмжихийн зэрэгцээ хиймэл оюуныг хөдөлгөөнт дүрслэл, soundtrack, дууны үг гаргаж авах зэрэгтээ ашиглаж, чанартай контент хүргэж буй нь энэ аж.