Ал Пачиногийн гол дүрд нь тоглож байсан Simone хэмээх бүтээлийг урьд өмнө үзэж байсан уу? Холливүүдийн цуутай нэгэн найруулагч ээлжит бүтээлээ дуусгадгийн даваан дээр гол дүрийн жүжигчин нь зураг авалтаас татгалзаж, шинэ жүжигчний эрэлд гарч буйгаар киноны үйл явдал эхэлдэг. Улмаар найруулагч санаандгүй байдлаар компьютер програмын тусламжтай Simone (Simulation One үгний товчлол) хэмээх виртуал жүжигчинг бүтээж, Simone тэр дороо Холливүүдийн супер од болон хувирдаг билээ.
Simone нээлтээ хийснээс хойш даруй 22 жилийн дараа тус кинон дээр гарах уран зөгнөл бодит амьдрал дээр биеллээ олж, өнгөрсөн сарын 16-нд ChatGPT-г бүтээгчид текстээс видео бүтээдэг Sora-г албан ёсоор танилцууллаа.
Sora-аар бүтээсэн бичлэгүүдийг OpenAI-ийн Гүйцэтгэх захирал Сэм Алтман өөрийн Х хаяган дээрээ нийтэлсэн даруйд технологи болон энтертайнмент ертөнц тэр чигтээ донсолсон гэхэд хилсдэхгүй. Учир нь Sora-ийн жишээ бичлэгүүд Midjourney, Runway зэрэг ижил төстэй хиймэл оюун хөгжүүлэгчдээс илүү бодит, хавьгүй чанартай байсан юм.Одоогоор OpenAI цөөн тооны, сонгогдсон хэрэглэгчдээр Sora-г туршуулж буй бөгөөд олон нийтэд ямар төлбөртэй, хэзээ нээлттэй болох нь тодорхойгүй хэвээр.
Techworm-ийн шинэ дугаартаа Холливүүдийн санааг хангалттай чилээж дөнгөсөн Sora-ийн дуулианаас улбаалаад ойрын ирээдүйд бүтээлч үйлдвэрлэлийн хамгийн том зах зээл болох кино урлагийн салбарт хиймэл оюун хэрхэн нөлөөлөх талаар мэргэжилтнүүдийн таамаглалыг хүргэж байна.

SORA ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?
Sora-ийн жишээ бичлэгүүд цацагдсаны дараахан продюсер Тайлер Перри Атланта дахь кино студиэ 800 сая ам.доллароор өргөтгөхөөр төлөвлөж байснаа түр хугацаанд хойшлуулж буйгаа мэдэгдэв. Хиймэл оюун ухаан ашиглаж илүү өндөр бүтээмжийг төсөр зардлаар бий болгоно хэмээн үзсэн байх өндөр магадлалтай.
Японоор “тэнгэр” хэмээх утгатай Sora нь хэрэглэгчийн бичвэр (prompt )дээрээ дурдсан бүхий л зүйлсийг яг л бодит ертөнцөд хэрхэн оршдог тэр загвараар нь дүрслэн бодож бүтээдэг аж. Өөрөөр хэлбэл, муур нохойноос эхлээд өндөр шилэн барилга, хурдны зам гээд бодит ертөнц дээрх биет бүхнийг 1:1 хэмжээгээр, ямар ч харьцааны алдаагүй буулгана гэсэн үг. Товчхондоо, ойрын ирээдүйд Sora-ийн тусламжтай хүссэн хэн бүхэн өөрийн гэсэн Simone-ийг бүтээж чадна.
Sora-ийн үнэгүй хувилбар нь 60 секундын урттай байна хэмээх урьдчилсан мэдээ бий. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Sora кино үйлдвэрлэлийн салбар дахь тусгай эффект төдийгүй хувцас дизайн, тайз засал, зураглаачийн өртөг гэх мэт зураг авалтын зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой. Мэдээж энэ бүх зардал буурснаар олон тооны хүн ажлын байргүй болох өндөр магадлал бий. Энтертайнмент салбарын 300 удирдах түвшний мэргэжилтнүүдийн дунд явуулсан саяхны судалгаагаар ойрын гурван жилд 204 мянга гаруй ажлын байр технологийн нөлөөгөөр устах магадлалтай гэж тооцоолжээ.


КИНО УРЛАГИЙН САЛБАРТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
Цар тахлаас хойш телевизийн дундаж цувралын нэг анги 6-25 сая ам.доллар (маркетингийн зардал оролцуулахгүйгээр), бүрэн хэмжээний кино дунджаар 100-250 сая ам.долларын өртөгтэй бүтэж буй. 1986 ондTop Gun-ийн эхний ангийг бүтээх зардал ердөө 15 сая ам.долларт багтаж байсан бол 2022 оны хоёрдугаар ангийн өртөг нь 170 сая хүртэл өссөн байх жишээний. Кино бүтээх зардлын хэмжээ жил бүр өсөж байгаа ч түүнийгээ дагаад ашиг олох баталгаа үгүй.
Өнгөрсөн жил гэхэд 200 сая ам.доллар давсан өртөгтэй 14 бүтээл өргөн дэлгэцнээ (Fast X, Indiana Jones, The Little Mermaid, Mission: Impossible — Dead Reckoning Part One, The Marvels, The Flash, Ant-Man and the Wasp: Quantamania, Elemental) нээлтээ хийснээс зөвхөн Guardians of the Galaxy Vol. 3 л хангалттай ашиг олсон байдаг. Жил ирэх тусам үзэгчид блокбастер үзэхээр кино театр зорих нь ховордож буй энэ цаг үед студийн захирлууд зардлаа багасгахаар хиймэл оюуныг эрчимтэй ашиглаж эхлэх нь мэдээжийн хэрэг.
Sora зарлагдахаас ч өмнө буюу өнгөрсөн жил энтертайнмент салбарын хамгийн том хоёр үйлдвэрчний эвлэл (SAG, WGA) ажил хаялт зарлаж, Холливүүдийн бүх ажил гацалтад орсон гол шалтгаануудын нэг нь хиймэл оюун ухааны хэрэглээ байсан юм. Тодруулбал, найруулагч, жүжигчин, техникийн ажилчин, зохиолчдын зүгээс хиймэл оюун ухааны хэрэглээг нээлттэй болгох, өөрсдийн ажлыг орлуулахгүй байх баталгааг Disney, Warner Bros, Netflix зэрэг гигантуудаас шаардсан билээ. Эцэст нь, WGA буюу Америкийн Зохиолчдын эвлэл студиудтэй тохиролцоонд хүрч, хиймэл оюуныг зохиолчдын ажилд ашиглахгүй гэсэн гурван жилийн гэрээг байгуулсан. Гэвч энэ салбар гэрлийн хурдаар хөгжиж, хөрөнгө оруулалт бороо шиг цутгаж буй цаг үед үйлдвэрчний эвлэл дангаараа хиймэл оюун ухааны эсрэг тэмцэлд ялах нь эргэлзээтэй.
ИРЭЭДҮЙД ХЭРХЭХ БОЛ?
Зарим уран бүтээлчид энэхүү шилжилтийг Холливүүд дэх 1930-иад оны дуутай киноны тэсрэлт, 1950-иад оны телевизийн цувралын эрин үетэй адилтгаж, кино бүтээгчид энэхүү технологийн дэвшлээс сүрдэх бус хэрхэн хоршин ажиллах, бий болгох шинэ боломжуудын тухай эргэцүүлэх хэрэгтэй хэмээж байна. Flawless компанийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Ник Лайнс “Одоогоор хиймэл оюун үнэхээр гайхалтай дүрслэлийг бүтээж байгаа боловч эдгээр бичлэг ямар ч түүх хүүрнэж чадахгүй нь харамсалтай. Sora зэрэг шинэхэн нээлтүүд нь технологи хэрхэн хөгжиж байгаагийн гайхалтай жишээ боловч кино бүтээгчдийг хангалттай хэмжээнд дэмжих чадвартай болох хүртэл маш их хугацаа шаардагдах болно." хэмээсэн юм. Тэрээр мөн “Хиймэл оюун ухааны тусламжтай энэ салбар дахь үйлдвэрлэлийн зардал буурснаар кино бүтээгчид санхүүгийн дарамтад өртөхгүй, илүү бүтээлчээр өөрсдийн санаагаа бодит болгох боломжтой” гэсэн билээ.
Нөгөөтээгүүр, зарим мэргэжилтнүүд энэхүү давлагааг ганцхан дуу бүтээхийн тулд асар өндөр өртөгтэй дуу бичлэгийн студид хандахаас өөр гарцгүй байсан, 20 гаруй жилийн өмнөх хөгжмийн салбарын хувьсалтай адилтгаж байгаа юм. iPod, Apple Music тэргүүтэй технологийн хувьсал өрнөөгүйсэн бол Жастин Бибер, Билли Эйлиш хөгжмийн ертөнцөд од болон гялалзаж чадах байсан эсэх нь эргэлзээтэй шүү дээ. Өнөөдрийн байдлаар Spotify-д л гэхэд 24 цаг тутамд 25,000-100,000 орчим шинэ дуу байршдаг бөгөөд тэдний хэчнээн нь унтлагын өрөөн дэх студиэсээ төрөн гарсан ирээдүйн Билли Эйлиш байхыг таамаглашгүй. Магадгүй хөгжмийн салбарт гарсан энэхүү хувьсалтай адил ирээдүйд Sora тэргүүтэй хиймэл оюун ухаан жирийн хүмүүст ч гэсэн өөрийн гэсэн Оппенхаймерийг бүтээх боломжийг олгох ч юм бил үү?


Сэтгэгдэл бичих

