Гэгээ ормогц хөшиг нээгдэж, орондоо орохтой зэрэгцэн гэрэл унтарч, дөхөөд очиход л автоматаар хаалга нь нээгддэг ухаалаг системээр дүүрэн гэр, ажлын орчны бичлэгүүдийг үзэж л байсан биз дээ? 
IoT буюу интернэт тэргүүтэй утасгүй сүлжээг ашиглан өөр хоорондоо ялгаатай төхөөрөмж, системүүдийг нэгтгэн удирдан зохицуулах боломжийг олгодог уг технологийг дэлхийн олон улсад хэдийн өдөр тутмын амьдралдаа ашиглаад эхэлжээ. Аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх олон талын ач холбогдолтойгоос гадна цахилгаан зарцуулалтын ухаалаг шийдэл болж, орчин цагийн техник технологийн гол төлөөлөл гэгдэж буй IoT-г Монголд нутагшуулахаар ажиллаж буй "Ger Smart"-ыг онцолж байна. 

Нэр: "Мишээл Орших" ХХК
Хаяг: Сансарын Имартын хойно, "Seoul Business Center"-ийн гуравдугаар давхарт
Чиглэл: Технологи, IoT
Үүсгэн байгуулагч: Б.Нямбаяр, Х.Мөнхбаяр, Х.Мөнхтөгс
Үүсгэн байгуулагдсан: 2021 он
Холбоос: gersmart.mn (Вэб), Ger Smart (Фэйсбүүк)



сэдэл

Бид инженер суурьтай, харилцаа холбооны чиглэлд 10 гаруй жил ажилласан туршлагатай хүмүүс л дээ. Ихэвчлэн технологийн судалгаа шинжилгээн дээр ажилладаг байсан учраас IoT-ийн (Юмсын интернэт хэмээн орчуулж болох) талаар эртнээс сонсож, судалж ирсэн. Өндөр хурдны интернэт буюу 5G сүлжээний гол хэрэглээ нь метаверс болон IoT байх төлөвтэй байна. Үндсэндээ дижитал эрин зууны ирээдүйн чиг хандлага гарцаагүй энэ тийш чиглэхийг мэддэг, сонирхдог байсан нь бидний компаниа байгуулж, "Ger Smart"-ыг эхлүүлэх сэдэл болсон юм. Үүнд "MStars"-аас зарласан хурдасгуур хөтөлбөр ихээхэн нөлөөлсөн бөгөөд энэ нь биднийг уг ажилдаа бүтэн цагаар төвлөрөх боломжийг олгосон.

Машин сургалт (machine learning), хиймэл оюун ухаан (AI) ашиглан хүнээ таньж, хийх үйлдэл, хэрэгцээт зүйлсийг автоматаар тооцоолон ухаалгаар ажиллах зориулалттай энэ технологи бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг багасгаж, аливаа осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс хамгаалахад бүх л салбарынханд үлэмж хэмжээгээр тусалж чадна.

ялгарал

IoT-г хөгжингүй орнууд салбар бүрийн онцлогт тохируулан ялгаатай хөгжүүлж буй. Хөдөө аж ахуй, хүнс, эрүүл мэнд, хувцас хэрэглэл, үйлдвэрлэл зэрэг олон салбарт хөгжүүлж байна. Цахим засаглалаар алдартай Эстони улс бүхэл хотоо ухаалаг болгосон нь үүний тод жишээ юм. Манай улсын хувьд үүрэн телефоны оператор компаниуд 5G интернэтийн гол хэрэглээ болох IoT-ийг нэвтрүүлэх судалгаануудыг багагүй хугацаанд хийж ирсэн. 5G сүлжээг 2023 онд нэвтрүүлэх төлөвтэй байгаа ч аль болох эртнээс суурь технологио хөгжүүлэх, хэрэглэгчдийн IoT технологийн хэрэгцээг сайтар судлах, хэрэглээг үүсгэх нь маш чухал. Үүний тулд бид эхний ээлжид IoT-ийн "home optimization" буюу гэрийн автоматжуулалтын системийг өдөр тутмын амьдрал, гэрийн хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

Ингэснээр цар тахлын үед болон цаашдаа ямар нэг товч, гадаргууд хүртэлгүйгээр орцонд орох, цахилгаан шатаа дуудаж, буух давхартаа очиж болохоос гадна, гэрийн дотоод орчин хүний ирж, явж байгаагаас шалтгаалан идэвхтэй, идэвхгүй горимд автоматаар шилжинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч IoT-г гэрийнхээ нэг хэсэг болгосноор индүүгээ салгасан эсэх цонхоо хаасан билүү зэрэг хэзээ ч дуусдаггүй сэтгэл зовнисон асуудлуудаа хялбараар шийдэх боломжтой. Түүнчлэн гэрийн эзэн байхгүй үед ажиллах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдийн зарцуулалтыг хянаж, удирдах боломжтой тул санхүүгийн хувьд бодит хэмнэлт болно. Утасны нэг апп ашиглан харих цагаа дөхүүлэн халаалтаа асаах, ус буцалгах зэрэг үйлдлүүдээ зайнаас хийж болох нь зуслангийн байшинтай хэрэглэгчдэд ихэд таалагддаг.

Бидний хувьд хамгийн хямд, бүтээмжтэй шийдлийг захиалагчтай хамтран боловсруулж, борлуулалтын дараах үйлчилгээг хариуцлагатай үзүүлэн, нягт хамтран ажиллахыг нэн тэргүүнд чухалчилдаг.



Ger smart гэж юу вэ?

Хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх ухаалаг систем.

нэр

Ухаалаг гэр хэмээх ойлголтыг хамгийн амар бөгөөд ойлгомжтойгоор илэрхийлэхийг зорьсон. Нэмж хэлэхэд "Ger Smart" нь зөвхөн уг брэндингийн нэр бөгөөд үйл ажиллагаа төрөлжиж, өргөжих тусам брэндинг, нэршлээ салбарлуулах болно.

одоо

IoT нь төхөөрөмж, сүлжээ, сервер, апп гэх үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг. Тухайн гэр, орон сууц, хотхоны орц, зогсоолыг ухаалаг болгохын тулд эдгээрийг цогцоор нь авч үздэг гэсэн үг. Иймд, шинээр баригдаж буй барилгын төслүүдтэй анхнаас нь хамтрах нь илүү үр дүнтэй, өртөг багатай шийдэл болж байгаа юм. Тухайн барилгын төслүүдийн үнэ цэн нь ч тэр хэрээр нэмэгдэж, эцсийн дүндээ худалдан авагч буюу хэрэглэгчдэд ухаалаг шийдэл хүрч, амьдралыг нь хөнгөвчлөх, тав тухыг өгөх нь чухал шүү дээ. Одоогоор Морингийн даваанд баригдаж буй "Гэгээн минималист лайф партнер" хаус хотхонтой хамран ажиллаж байна. Энэ мэт барилгын ажил нь ид явагдаж эхлэхээс СӨХ контор байгуулагдсаны дараа хүртэл нэг төсөлтэй хамгийн багадаа 5-7 жил хамтран ажиллана гэсэн тооцоотой орж байгаа.

баг

Одоогоор бид програм хангамж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалт маркетинг гэх бүтэцтэйгээр үүсгэн байгуулагчдаараа ажиллаж байна. Хамтын оффис болох "MStars"-ын хамт олон нэг багаас ялгаагүй л өдөр тутмын ажилд тусалдаг.

Цаашид эхний төслүүд ашиглалтад орж эхлэх үед засвар үйлчилгээ, суурилуулалт, сургалт зэрэг багаа томруулах шаардлага аяндаа л урган гарч ирнэ дээ.



ирээдүй

"Ger Smart" бол бидний эхний төсөл. Цаашид энэ төслөөс олж авсан нөү-хаугаа ашиглан хөдөө аж ахуй, агуулах, үйлдвэрлэлийн салбарт орж, бодит үр ашигтай шийдлүүдийг боловсруулах болно.

эрсдэл

IoT дэд бүтцээс ихээхэн хамааралтай технологи. Тиймээс бидний шийдэж, нөлөөлж чадахгүй олон зүйлс энэ салбарт бий. Сайшаалтай нь, энэ бол хувь хүний үзэл бодол, байр суурь, эрх мэдлээр хязгаарлагдахгүй гарцаагүй ирээдүй юм. Иймд бэлэн болсон хойно нь "Одоо юу хийх вэ?" гэх биш хийж туршаад цаг нь ирэх үед том өсөлтийг хийх бүрэн боломжтой.

Энэ үеийн гол сорилт нь хэрэглэгчдийн мэдлэг, хүлээн авах үйл явц болж байна. Хийж байгаа зүйлээ тайлбарлах үед хүмүүст ихэнхдээ хоёр асуулт гарч ирдэг. Эхнийх нь, "Технологиос хэт хамааралтай болчих юм биш үү?" гэх асуулт. Нэг талаараа тийм байж болох юм. Гэхдээ энэ технологийн гол зорилго нь хүүхдээ гэрт нь үлдээхээс айх, бүх л өвлийн турш зуслангийн байшиндаа хулгай орчихвий гэж болгоомжлох, өдөржин ус алдахвий гэж зовних, зун амралтаар явахдаа цэцгээ яаж услах вэ?, ер нь би гэрээ түгжиж гарсан билүү? гэх мэт ахуйн элдэв эргэлзээнүүдээс салгаж, сэтгэл зүйн хувьд илүү тайван байж, байгаа газартаа чанартай цаг өнгөрүүлэх эрх чөлөөг олгох явдал юм. Хэрэглээний зориулалт, хязгаарыг та өөрөө л тогтооно шүү дээ.

Хоёр дахь нь, "Ингээд бүх зүйлээ нэгтгээд нэг системд холбочихвол мэдээллийн аюулгүй байдал талаас эрсдэлтэй юм бишүү. Миний мэдээллийг ямар нэг газар хулгайлаад ашиглавал яана?" гэх асуулт. IoT-ийн аюулгүй байдалд хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал хамгийн чухал. Мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангах нь технологийн компаниудын ажил ч гэлээ нөгөө талаас хэрэглэгч энэ талаар ойлголт мэдлэгтэй байх нь маш чухал. Хамгийн энгийнээр гар утас, аливаа төхөөрөмжийн нууц үгийг хялбар таахаар тохируулахгүй байх гэх мэт.

Одоогоор IoT-ийн холболтыг блокчейн технологид суурилан нууцлах судалгаа, туршилтууд хийгдэж байна. Энэ нь ойрын хугацаанд нэвтрэх боломжтой гэж харж байна. Блокчейн гэхээр шууд л койн, NFT бодогдож байгаа байх. Үнэндээ блокчейн бол нууцлалын технологи гэдгийг ойлгох хэрэгтэй. Нууцлалын давуу талыг нь ашиглаж гарч ирсэн хамгийн түгээмэл бүтээгдэхүүн нь л койн, NFT юм. Ойрын ирээдүйд IoT-ийн салбар блокчейн, хиймэл оюун ухаан (AI), машин сургалтын (machine learning) технологиудтай холбогдож ажиллах бүрэн боломжтой.

Төгсгөлд нь "Хамгийн шилдэг технологи хүний нүдэнд үзэгддэггүй юм” гэдэг үгийг дурдмаар байна.