Хувцас загвар бол хүний өөрийгөө илэрхийлэх нэн чухал суваг. Өнөө цагт харагдах байдлаас гадна ямар үзэл баримтлал дор, хэрхэн хийгдсэн, байгаль орчинд ээлтэй эсэх гэхчлэн олон талаас нь харж сонголт хийдэг болоод буй. Иймд он удаан жил философио тогтоож, өнгө төрхөө бат тодорхойлсон брэндүүдээс өөрийн мөн чанарт тохирох бүтээгдэхүүнийг худалдан авч, чанар муутай олон бүтээгдэхүүний оронд чанартай, даацтай нэг л сонголт хийх нь илүү оновчтой гэж болох. 

"Нано фэшн" компанийн шинэхэн төсөл болох "Stylee" цахим дэлгүүр өнгөрсөн долоо хоногт нээгдсэнийг энэ удаад онцолж байна. "Alexander McQueen", "Balenciaga", "Prada", "Bottega Veneta" тэргүүтэй дэлхийн тэргүүлэх 20 гаруй брэндийг нэгтгээд буй "Stylee"-ийнхантай ярилцлаа. Хувцас загварын менежментээр мэргэшсэн баг нь өөрсдийн сэтгүүл болон цахим сувгуудаараа дамжуулан хэрэглэгчдэд хувцас загварын талаарх сонирхолтой контентуудыг тогтмол хүргэх аж.

Нэр: Stylee
Хаяг: ХУД, 11-р хороо, Их Монгол улсын гудамж, Кинг тауэр
Чиглэл: Хувцас загвар, онлайн худалдаа
Үүсгэн байгуулагч: Н.Батбаатар, Б.Бүжинлхам
Үүсгэн байгуулагдсан: 2021 оны гуравдугаар сар
Холбоосууд: Stylee.mn (Вэбсайт), @styleemongolia (Инстаграм)

Үүсгэн байгуулагч Б.Бүжинлхам

СЭДЭЛ

“Нано фэшн” өнөөг хүртэл биет дэлгүүрээр дамжуулж хэрэглэгчдэд хүрч ирсэн. Манайх долоон франчайз оруулж ирсэн, найман жилийн түүхтэй компани. Өнөө цагт цахим дэлгүүр заавал байх ёстой юм байна гэж баг дотроо ярилцаад нээхээр шийдсэн юм. Ингэхдээ чанартай контентоор дамжуулан загварын чиг хандлага хаашаа явж байгааг таниулж, хэрэглэгчдэдээ мэдлэг олгох замаар биет болон цахим дэлгүүрийн заагийг нөхнө гэж тооцоолсон. Нөгөөтээгүүр, монголчууд брэндийг сонгож авахдаа тухайн брэндийн утга учир, илэрхийллийг мэдэхгүйдээ өөрийн үзэл баримтлал, өнгө төрхтэй уяж чадахгүй байх тал ажиглагддаг. Үүнийг өөрчлөхөд биет дэлгүүрийн үйлчилгээ хангалтгүй. Хэрэглэгчид үнэ цэн худалдаж авч байгаа шүү дээ.

Төсөл маань 2019 оны арванхоёрдугаар сард эхэлсэн. Гурван сарын дараа нээе гэж шийдээд, Итали явж харилцагч байгууллагуудтайгаа гэрээ байгуулаад яг эхлүүлье гэж байтал коронавирус дэгдээд, ам мөлтөс л Монголдоо орж ирсэн дээ. Өнгөрсөн нэг жилийг үр дүнтэй ашиглаж, судалгаагаа зузаатгаж, хагас дутуу хийж мэдэх байсан зүйлсээ гүйцээлээ.

Ялгарал

Монголд фэшн ямар байгаасай гэж хүсдэг вэ, тэр бүхнээ энд цогцлооно. Стилист маань дэлхий даяарх олон брэндээс монголд хүнд зохицно гэж үзсэнээ кураторлаж түүвэрлэснийг бид оруулж ирж байгаа. Нэг бүтээгдэхүүн 1-3 хувь буй. Манай бүтээгдэхүүн жишээ нь Италид ямар үнэтэй байдаг вэ, яг л тэр үнээрээ зарагдана. Дэлгүүрээс аваад дээрээс нь үнэ нэмээд зарж байгаа биш, зохих стандарттайгаа албан ёсоор орж ирж байгаа.

“Stylee” Италид төгссөн мэргэжлийн стилисттэйн дээр хиймэл оюун ухаанд суурилсан технологийн нарийн шийдэлтэй. Нэг арьсан цүнх сонголоо гэхэд зөвхөн үзэгдэх талаас бус, материал, хийц, брэндийн үзэл баримтлалаас шалтгаалан сорчилж, зохицох бүтээгдэхүүнийг харуулна. Одоохондоо харьцангуй цөөн бүтээгдэхүүн байгаа учир энэ функц маань хангалттай тод харагдахгүй байж мэднэ. Бараа бүтээгдэхүүний тоо төрөл нэмэгдэх хэрээр сайжирна.

Манайх зөвхөн худалдааны платформ биш гэдгийг онцолмоор байна. Албан ёсны эрхтэйгээр брэнд бүтээгдэхүүн оруулж ирдэг бусад компанитай хамтарч, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний нэгдсэн платформ болох зорилготой. Тиймд биднийг өрсөлдөгч гэж биш, бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх шинэ гарц нээгдлээ гэж хараасай гэж хэлэх байна. Бие биеэ дэмжээд, хамтдаа зах зээлээ хөгжүүлье.

"Нано интернэйшнл"-ийн креатив захирал Б.Дашням, "Нано фэшн"-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Мөнхзул

Stylee гэж юу вэ? 

Онлайн дэлгүүр, сэтгүүлтэй, тансаг зэрэглэлийн хувцас хэрэглэлийн цогц платформ.

Нэр

“Нано фэшн” гэдгээрээ явах уу гэж, янз бүр хувилбар ярилцсаны эцэст нэгэнт л стиль имиж бүрдүүлэх зорилготой юм чинь “style” гээд нэрлэчихье хэмээцгээсэн. Өвөрмөц болгох үүднээс ард нь "e" нэмээд “Stylee” болсон юм.

Одоо

Бид дэлхийн тэргүүлэх 20 гаруй брэндийг төвлөрүүлээд байна. Ойрын нэг жилийн гол зорилго бол танигдаж, онлайн худалдан авалтын соёлыг дэлгэрүүлэх. Одоохондоо контентдоо голлон анхаарч байгаа. Монголын анхны инстаграмд суурилсан цахим сэтгүүлийг сая гаргалаа. Анхны дугаар учраас ихээхэн ач холбогдол өгч, ковер модель С.Төгсөд зориулж тусгайлан хувцас авчирч лүүк бүрдүүлсэн. Инстаграм хаяг дээрх мэдээлэл харьцангуй товч, зурагт суурилсан бол вэб дээрх нь илүү нарийн дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Иж бүрэн сэтгүүл (жилд 2-4 удаа)-ээс гадна долоо хоног бүр бичил сэтгүүл нийтлэгдэх юм.

Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн угаас нэг дор олон хувь зарагддаггүй. Өндөр дүнтэйн дээр цахимаар болохоор яах бол гэж харж байтал эхний өдрөөсөө л борлуулалт хийгдсэн. Төслөө тун амжилттай эхлүүллээ гэж үзэж байгаа. Удахгүй шоурүүмээ нээнэ. Хэрэглэгч бүрд хаалттай үйлчлэх учраас дэлгүүрээс ялгаатай.

баг

Бид чадварлаг, мэргэжлийн залуусаар багаа бүрдүүлж чадсандаа баяртай байгаа. Дотроо креатив болон бүтээгдэхүүн үйлчилгээ, стандартын гэсэн хоёр чиглэлд хуваагддаг ч гэлээ шинэ төсөл учир аливаа ажилд бүгдээрээ зэрэгцэж оролцоод явдаг. Ойрын хугацаанд багаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй. Цаашид ч ажилтнуудын маань тоо бизнесийн өсөлтөө дагаад нэмэгдэнэ.

Ирээдүй

Ирээдүйд бид том амбицтай. "Нано интернэйшнл" ритэйл бизнест 15 жил, фэшн чиглэлд найман жил ажилласан, арвин туршлагатай компани юм.

Захиалгын үйлчилгээ нэвтрүүлэх төлөвлөгөөтэй. Аяллаар явахдаа авах гэсэн ч боломж таараагүй ч юм уу, хэрэглэгчдийн хүсэж буй бүтээгдэхүүнийг оруулж ирдэг болно. Арчилгаа тал дээр мөн анхаарна. Экспресс цэвэрлэгээ үйлчилгээний компаниудтай холбоо тогтоогоод, манай бүтээгдэхүүнийг аль газар зөв цэвэрлэж чадах вэ гэдгийг тодруулахаар ажиллаж байгаа. Гэрт нь очиж бүтээгдэхүүнийг аваад цэвэрлээд хүргэж өгдөг үйлчилгээ.Одоогоор хөгжүүлээд л явж байна. Энэ тал дээр контент сувгуудаараа мэдээлэл өгнө. Зарим бүтээгдэхүүнийг заавал мэргэжлийн цэвэрлэгээ үйлчилгээнд өгөхгүйгээр өөрсдөө гарын доорх материалаар цэвэрлэх боломжтой. Арьсан цүнхийг цэвэрлэдэг тусгай бодис бий ч түүнээс нэг их дутахгүйгээр цэвэрлэх боломж нь нярай хүүхдийн нойтон салфетка байх жишээтэй. Монгол тоос ихтэй учраас тэр тухай сайтар бодолцохоос аргагүй. Энэ үйлчилгээг бид “Pandora” дээр нэвтрүүлсэн. Үйлчлүүлэгчид маань эдлэл хэрэглэлээ тусгай бодис, цэвэрлэгээний машинаар цэвэрлүүлдэг.

Эрсдэл

Хүмүүс биет дэлгүүрт орж, бараа бүтээгдэхүүнийг барьж мэдрэхийг хүсэх нь олонтоо. Цахим дэлгүүрийн хувьд энэ тал дээр амаргүй. Биет дэлгүүр ажиллуулж байхад борлуулалтаа төлөвлөхөд илүү амар, худалдааны зөвлөхүүд тулаад ажиллачихна, илүү барьцтай гэх юм уу. "Stylee" манай багийн хувьд шинэлэг туршлага болж байгаа. Нэг жилийн дотор зах зээлээ бэлдэж, хөлөө олно гэж байгаа ч үнэхээр хангалттай эсэхийг мэдэхгүй шүү дээ. Гэхдээ маш ихийг сурч авч байна.

Коронавирусээс шалтгаалаад хүмүүс цахимаар худалдан авалт хийх нь элбэгшжээ. Бид халдвар хамгааллын стандартыг чанд баримтлан, хэрэглэгчдээ захиалгыг нь шуурхай хүргэн ажиллаж байна.