"Study Hacks" булангийнхаа энэ удаагийн дугаарт нийгмийн идэвхтэй оюутан болоход тань туслах аргуудыг хуваалцаж байна. Мөн нийтлэлийн төгсгөлд клубд элсэхийн давуу тал сэдвийн хүрээнд хоёр зочинтой ярилцсан байгаа тул дуустал нь уншихыг зөвлөе.

1. Клубд элсэх

Их сургууль бүрд тогтмол үйл ажиллагаа явуулдаг хувь хүний хөгжлийн, спортын, урлагийн, мэргэжлийн, эрүүл мэндийн, сайн дурын гээд үй олон клуб бий. Оюутнуудын хэлж байгаагаар эхний жилд аль чадахаараа олон клубд элсэж ороод, тэдгээрээс өөрт тохирсон "цор ганц" клубдээ үргэлжлүүлэн хамрагдах нь хамгийн зөв сонголт аж.

Клубд элсэх нь ямар давуу талуудтай вэ?

Цагийн менежментийг тань сайжруулна.Хариуцлагатай байдлыг нэмэгдүүлнэ.Өөрийнхөө юунд сонирхолтой, ямар давуу талтай зэргээ мэдэж авна.Ур чадваруудыг тань дээшлүүлнэ. Жишээ нь, та олон хүний өмнө сайн ярьж чаддаггүй бол мэтгэлцээний клубд элсэж, чөлөөтэй ярьж сураарай.Их сургуулийн амьдралыг тань сонирхолтой болгоно.Найз нөхдийн хүрээллийг нэмэгдүүлнэ.CV-гээ баяжуулахад туслах бөгөөд цаашлаад ажилд ороход тодорхой хэмжээгээр тусална.


Яагаад олон клубд нэгдсэн хэвээрээ байж болохгүй гэж?

Учир нь та олон клубд нэгдсэнээр бусад зүйлсээс татгалзах шаардлагатай нүүр тулж, тэр чинээгээрээ алдагдсан боломжийн зардал тань нэмэгдэнэ. Тиймээс танд үнэхээр мэдлэг нэмэх, хөгжихөд тань туслах нэг л клубийг сонгох нь чухал юм шүү. Клубд элсэнэ гэдэг нь тодорхой хэмжээний хариуцлага үүрч буй явдал. Жишээлбэл, долоо хоног бүрийн хуралд оролцох, клубийн арга хэмжээ зохион байгуулахаас өгсүүлээд та амралтын өдрийг ч тэдэнтэйгээ өнгөрүүлэх хэрэгцээ үүснэ. Ийм болохоор олон клубд байх нь танд эсрэгээрээ дарамт болж, цагаа зөв хуваарилж чадахгүй болоход хүргэж болзошгүй.

2. Сайн дурын ажил хийх

Оюутан ахуй цагтаа сайн дурын ажил хийх нь танд өөрийгөө нээх гайхалтай боломжийг олгоно. Бусдын төлөө цаг заваа зориулах нь ямар сайхан үйл болохыг мэдрүүлнэ. Юуны өмнө та сайн дурын ажил хийснээр танилын хүрээгээ тэлж, олон найз нөхөдтэй болохын сацуу нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулж чадна.

Сайн дурын ажил хийх нь ямар давуу талуудтай вэ?

Танилын хүрээгээ тэлж, олон найз нөхөдтэй болох.Нийгэм болон харилцааны ур чадвараа өсгөх.Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх.Бие махбодын хувьд эрүүл байхад тань туслах.Карьераа ахиулах.Үнэ цэнтэй ажлын ур чадваруудыг эзэмших.

3. Манлайлагч оюутан болох

Сургууль дээрээ манлайллын үүрэг хариуцлагатай болох маш олон арга зам байдаг. Хамгийн түгээмэл, энгийн арга бол "оюутны холбоо"-нд элсэх явдал юм. Энэ нь ирээдүйд таны карьер, ажлын туршлагад эерэг нөлөөтэй.

Оюутны холбоо юу хийдэг вэ?
Оюутны холбоо нь нийт оюутнуудын дуу хоолой болж, зөрчигдөж буй эрх, тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, сургуулийн захиргаанд уламжлах үүрэгтэй байгууллага юм. Үүний хажуугаар сургууль дээр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, оюутнуудын хичээлээс гадуурх үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой.

Оюутны холбоонд элсэх нь ямар давуу талтай вэ?
Өөрийнхөө талаар илүү сайн мэдэх.Soft (зөөлөн) чадварыг нэмэгдүүлэх.Багаар ажиллаж сурах.Тал бүрийн хүмүүстэй хэрхэн харилцахад суралцах.Манлайлах ур чадварт мэргэших.CV-гээ баяжуулахад туслах бөгөөд цаашлаад ажилд ороход тань тодорхой хэмжээгээр тусална.

4. Оюутнуудын дунд зарлагдаж буй хөтөлбөр, уралдаан тэмцээнд оролцох

Оюутнуудын дунд зарлагдаж буй хөтөлбөр, уралдаан тэмцээнд оролцох нь авьяас чадвараа харуулах, өөрийгөө сорьж үзэх гайхалтай боломж юм. Эдгээр нь дадлага хийх, тэтгэлэгт материалаа өгөх, ажилд орох зэрэг олон зүйлсэд ач тусаа өгдөг.

Уралдаан тэмцээн, хөтөлбөрт оролцох шалтгаанууд:

- Авьяас чадвараа харуулах
- Шилдэг ажил олгогчидтой холбогдох
- Анкет, CV-гээ баяжуулах
- Өөрийгөө сорих
- Өөрийн санаагаа бодит болгох


МУИС-ОУХНУС-ийн "Мини Парламент" клубийн тэргүүн И.Эмүжин
Юуны өмнө оюутан сурагчид клубд элссэнээр танилын хүрээгээ тэлж, илүү олон найз нөхөдтэй болох боломжтой. Дараагаар нь тухайн клубийн үйл ажиллагаа, чиглэлээс нь хамаараад, хичээл дээр сурч авсан онолын мэдлэгээ практикт ашиглах боломжийг клуб бидэнд олгодог.

Мөн оюутнуудын хувьд нэн чухалд тооцогдох "тэтгэлэгт хөтөлбөр"-т материалаа илгээхэд клубд хамрагддаг байх нь тухайн хүний нийгмийн идэвхийг батлах нэг нотолгоо болдог нь авууштай. Эцэст нь, клубд элссэнээр удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадваруудыг эзэмших гэхчлэн олон давуу талтай гэж боддог.

СЭЗИС-ийн "PIA" даатгалын клубийн нарийн бичиг Б.Дөлгөөнмөрөн
Дан ганц хичээлдээ идэвхтэй, сайн байсан ч бид сургууль дээр болж байгаа олон зүйлсээс хоцорч, зарим талын чадвараа хөгжүүлж чадалгүй өнгөрөх нь илүүтэй байдаг. Клубд орсноор дутуу чадваруудаа илрүүлж, өөртөө илүү боломжийг нээж өгсөн гэж бодож байна. Жишээ нь би өмнө нь сургууль дээр хичээлдээ ирэхээс өөр зорилготой байж үзээгүй, бараг л ангийнхнаасаа өөр хүн таньдаггүй, сургууль дээр өнгөрөөдөг цагаа сонирхолгүй, үр бүтээмжгүй өнгөрөөх нь элбэг байсан.

Харин өөртөө тохирсон клубд элссэнээр ижил сонирхолтой найз нөхөдтэй болох, өөрөөсөө тэс өөр хүмүүстэй уулзах, тэдэнтэй хөгжилдөх, мэдэхгүй зүйлсээ зөвлөх боломжтой дээд үеийнхэнтэй уулзах, өөрийнхөө мэддэг зүйлсийг дүү нартаа хуваалцах гэх мэт өөрийгөө шинэ хүрээлэлд оруулах нь миний хувьд хамгийн том давуу тал болсон. Мөн аливаа зүйлсэд зохион байгуулалттай оролцох, цагийн менежментээ илүү сайжруулах, мэдээлэл солилцох том хүрээтэй болох гэх мэт олон чадвараа хөгжүүлж байна.