Unread-ийн багийнхны хэрэглэдэг монгол аппууд

Энэ удаад бид хэрэглэхэд амар хялбар, урамшуулал, сонголт ихтэй, утсанд байваас зохилтой монгол аппликэйшнүүдийг онцолж байна. Ингэхдээ манай багийнхан өөр өөрийн тогтмол хэрэглэдэг, таашаадаг аппуудыг танилцуулах байдлаар бэлтгэлээ.

Ш.Цогзолмаа: E-Police, SuperUp, LendMN, E-Barimt

e-pOLICE 

Замын хөдөлгөөний зөрчлийг бууруулах зорилготой уг апп нь иргэдийн оролцоотой цахим цагдаагийн хяналт гэсэн үг. Иргэд дүрэм зөрчсөн жолоочийг баримтжуулах гэрэл зураг, мэдээллийг явуулснаар Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн газар нягталж, тухайн жолоочид хариуцлага тооцдог. Элдэв зөрчлийг сошиал сүлжээнд эзэнгүй хаяглах биш, хариуцлага тооцох газар луу илгээх нь хамаагүй илүү үр дүнтэй биз ээ. Гэхдээ зөвхөн интернэттэй үед гэрэл зураг илгээх боломжтой шүү.

Татах (iOS, Android)

LENDMN

Барьцаа хөрөнгө шаардлагагүйгээр 50 мянгаас 2 сая төгрөг хүртэлх зээлийг авч болох цахим бичил зээлийн үйлчилгээ үзүүлэгч “ЛэндМН” апп бол Монголын анхны финтек аппуудын нэг. Зөвхөн зээл аваад зогсохгүй хэтэвчээ ашиглан төлбөр тооцоо хийх, шилжүүлэх, орлого хүлээх авахаас гадна гадаад гуйвуулга хүртэл хийж болох давуу талтай. Мөн үндсэн цэсэнд байрлах Банана Молл онлайн дэлгүүрээс хямдралтай үнээр бараа худалдан авч болдгоороо цахим зээлийн аппуудаас ялгарч чадсан билээ.

Татах (iOS, Android)

sUPERUP

Хоол захиалах, бараа худалдан авах, зээлийн хүсэлт өгөх зэрэг олон апп ашиглаж хийх шаардлагатай үйлдлийг нэг л платформд цогцоор нь багтаасан эл апп-аас хэн ч ямар нэг өөрт хэрэгтэй зүйлийг олж чадна. Үндсэн цэсэнд байрлах купон хэсгээс өөрийн сонирхсон бараа бүтээгдэхүүнийг 10-99 хувь хүртэл хямдралтай үнээр худалдан авах боломжтой тул онлайн худалдаа хийхээр төлөвлөж буй хэрэглэгчдийн заавал зочилж орох цэс билээ. Түүнээс гадна бичил зээл авах боломж нь эргээд ЛэндМН-ээ дэмжиж буй хэрэг юм.

Татах (iOS, Android)

E-BARIMT

Татвар төлөгч хүн бүрийн цахим нэг цонхны үйлчилгээ гэж хэлж болох энэхүү апп-ийн хэрэглэгчийн тоо өдгөө 1.4 саяд хүрсэн. Төлбөрийн баримтаа бүртгүүлснээр НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголт, сугалааны урамшууллыг авахаас гадна төрийн 38 төрлийн үйлчилгээний төлбөр тооцоо хийх боломжтой тус апп-ийг хэрэглэхэд тун хялбар. Энэ онд тус апп-д технологи болон үйлчилгээний шинэчлэл хийж, нийгмийн халамжийн дөрвөн төрлийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн. Мөн QR код уншуулж, НӨАТ-ын баримт уншдаг болоод буй.

Татах (iOS, Android)

Б.Батзаяа: Shoppy, Khan Bank, SkyGO

Shoppy

Онлайн худалдааны платформууд ирээдүйд улам хүчээ авах нь нэгэнт тодорхой болсон. Үүнийг цар тахал улам л бататгаж буй. Миний хувьд Монголын онлайн худалдааны платформуудыг боломжоороо туршиж үзэхийг хичээдэг бөгөөд сүүлийн үед, зуны хэдэн саруудад нэлээдгүй олон худалдан авалт хийсэн юм. Жижиг сажиг бус, яг зорилтот, брэндийн бүтээгдэхүүн авахад Shoppy хамгийн таалагддаг бөгөөд энэ зун Алтай Таван Богд явж, Малчин оргилд гарахад амь насаа даатгасан аяны гутлыг чухам эндээс авсан юм. Хүргэлт хурдан, төлбөрийн тун уян хатан боломжуудаас гадна, тухайн үед Хаан Банкны картаар төлбөрөө хийвэл 10% cashbank өгч байсан нь тун их таалагдсан шүү.

Татах (iOS, Android)

Хаан банк

2018 онд сүүлийн улиралд хийгдсэн Хаан Банкны интернэт банкны шинэчлэлийн хүрээнд уг апп нь илүү дутуу үйлдлүүдээ хасч, маш ойлгомжтой, хэрэглэхэд тун хялбар болсон нь олон хэрэглэгчийн талархлыг хүлээсэн билээ. Хэдийгээр цоо шинэ үйлдэл функц нэмээгүй ч карт, дансаа удирдах, сүүлийн гүйлгээнүүд харагддаг болсон, үндсэн данс гэсэн ойлголтыг гаргаж ирсэн зэргээр хэрэглэгчийн үндсэн бүх шаардлагыг бүрэн хангасан. Хаан Банкны уг шинэчлэл нь “Asiamoney” сэтгүүлээс 2018 оны “шилдэг цахим банк” шагналыг хүртсэн юм.

Татах (iOS, Android)

Skygo

Дэлхий гэлтгүй Монголд ч тэр стриминг үйлчилгээнүүдийн дунд “дайн” өрнөж байгаа гэхэд хилсдэхгүй. Энэхүү тулаанд LookTV, SkyGo, VOO, Ori гээд оройлон давшиж буй үйлчилгээнүүдийг би бүгдийг нь хэрэглэдэг авч SkyGO сүүлийн үед арай илүү таалагдаад буйг дуулгая. Төлбөр төлөх, дансаа цэнэглэхэд илүү хялбар, НӨАТ-ын баримт нь шууд гарч ирдэг, контентийн сан хийгээд үнэ боломжийн бөгөөд хамгийн онцлууштай нь үзэж буй контентийнхоо хэлийг солих боломжтой, хадмалыг англиар харж болдог нь одоогоор бусад үйлчилгээнүүдэд бүрэн байхгүй байгаа боломж юм.

Татах (iOS, Android)

Г.Оюунлхам: Нийгмийн даатгал, T-Finance, Цаг агаар, Марчаахай

Нийгмийн даатгал

Нийгмийн даатгал төлж буй хэн бүхний татаж авбал зохих апп. Апп-ий хөгжүүлэлт, дизайн тийм ч сайн биш ч гэлээ үүргээ хангалттай гүйцэтгэж чаддаг. Ажилладаг бол ажил олгогч тань энэ сард хэдэн төгрөгийг нийгмийн даатгалд шилжүүлсэн, сайн дураараа төлдөг бол таны шилжүүлсэн мөнгө нийгмийн даатгалын санд орсон эсэх зэрэг тэтгэвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээллүүдээ эндээс хараад, хянаад явах боломжтой. Түүнчлэн ЭМД, НД-ын дэвтрээ мартаад хаа нэгтээ даатгал төлдөг эсэхээ гэрчлэх хэрэгтэй үед аминд ордог гэдгийг ч дурдах нь зүйтэй байх.

Татах (iOS, Android)

T-finance

“Тесо” корпорацаас хэрэгжүүлж буй ээлжит төсөл болох “T-Finance” апп худалдаа хийх, зээл авах, бонус цуглуулах зэрэг олон боломжийг хэрэглэгчдэдээ олгодог. Авах гэхээс илүүтэй өгөх модельтой болохоор ч тэр үү бонус дүн санасныг бодоход хурдан хугацаанд цуглардаг нь таалагдсан. Зээлийн нөхцөл, хэмжээ, төрөл зэрэг нь тун боломжийн. Апп-ий хамтран ажиллагч байгууллагаар үйлчлүүлэхэд төлбөрөө авсан зээлээрээ эсвэл зээлжих зэрэглэлээрээ буюу кредит карт хэлбэрээр ашиглаж болдог нь давуу тал юм шиг санагддаг.

Татах (iOS, Android)

Цаг агаар

Монгол улсын аль ч цэгт уг аппаар дамжуулан байгаа газрынхаа цаг агаарын мэдээллийг цаг, өдрийн нарийвчлалтай авах боломжтой. Уг апп-ийг Цаг уур, орчны шинжилгээний газраас ажиллуулдаг тул үнэн зөв, тогтвортой ажилладагт нь итгэлтэй байж болно.

Татах (iOS, Android)

Марчаахай

Монгол хүмүүстэй амьдарч байгаа хэрнээ л хэлд ормогцоо англиар яриад эхэлдэг хүүхдүүд олон болсон нь тэдний үзэж буй контентуудтай холбоотой гэдгийг та хэдийн анзаарсан байх. Үнэхээр ч хүүхдийн нас, сэтгэлгээний онцлогийг сайтар харгалзан үзэж боловсруулсан гаднын контентууд шиг чанартай хүүхдийн контентийг монгол хэлээр олоход хүндрэлтэй байдаг шүү дээ. Энэ асуудлыг шийдэхэд “Марчаахай” апп нэмэр болох нь гарцаагүй.

Татах (iOS, Android)

П. Номинбилэг: Taxidyoo, Check my service, Мазаалай, Агаар, UBCab, Most Money

Taxidyoo

Улаанбаатар хотын гудамжинд такси барих бүрд ямархуу жолооч таарах бол гэсэн бол эрхгүй төрдөг. Албан ёсны таксигаар зорчих нь барагтай үгүй тул буун буух хүртлээ хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй явах нь бий. Заримдаа хүрэх газраа очиход төдий зайд огтхон ч төлөхөөргүй мөнгө нэхэгдэнэ. Харин таван жилийн өмнө Taxidyoo нэртэй амин чухал апп гарч, зорчигчид таксины жолоочид үзүүлж, “хэрүүл хийх” юмтай болсон юм. Маршрут, туулсан зай, төлөх төлбөр гээд гол гурван мэдээлэл нь хэн ч харсан ойлгогдохоор харагддаг. Энэ апп-ийг ашиглахгүй өнгөрөх долоо хоног гэж ер нь л үгүй шүү.

Татах (iOS, Android)

Check my service

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор хийсэн апп-ууд дундаа хамгийн үр дүнтэй нь Check My Service. Иргэдээс төрийн үйлчилгээний талаар ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авч зохих байгууллагад мэдэгдэн шийдвэрлэдэг эл аппаас өөрийн оруулсан гомдол, хүсэлт хэрхэн шийдэгдсэнийг, хэр явцтай байгааг тодорхой мэдэж болдог

Татах (iOS, Android)

Mazaalai

“Мазаалай” англи-монгол, монгол-англи толь үгийн сан сайтай, бас хэрэглэхэд хялбар. Монгол хэлний их тайлбар толийг мөн эндээс үзэж болдог. Англи хэлний толь бичиггүйгээр бид хаа холдох билээ. Саяхан шинэчлэгдэж илүү тодорхой, үзэмжтэй болсон.

Татах (iOS, Android)

Agaar

Хүйтрэх үес Улаанбаатарын агаарын чанар эрс муудаж, хот тэр аяаараа утаанд хучигддаг. Ийм өдрүүдэд агаарын чанарын индексийн үзүүлэлтийг тогтмол шалгаж, агаарын бохирдлын түвшин их байвал гадуур бага алхах гэх мэтээр зохицуулж сурах нь ирээдүйнхээ төлөө хийх чухал алхам гэж боддог доо. Хамгийн гол нь шалгаж дадах хэрэгтэй.

Татах (iOS, Android)

UB cab

UB Cab апп-д ямар машин хэр холоос яг аль замаар яваад ирж байгааг харж болдог нь тун амар. Төлбөр төлөх арга хэлбэр олон янз, гялс болчихдог нь энэ аппликэйшнийг хэрэглэхийн хамгийн том давуу тал. Зарим аппликэйшнээс банкны апп-тэй холбогдоход эргэж шилжихгүй байх, удах гэхчлэн саад тулгардаг бол энд тийм асуудал ер гардаггүй. Ерөнхийдөө эл апп доторх бүхий л үйлдлүүд түргэн шуурхай.

Татах (iOS, Android)

Most Money

Миний бодлоор Most Money хамгийн үзэмжтэй, хэрэглэхэд урамтай монгол апп-үүдийн нэг. Гүйлгээ хийх, төлбөр төлөх зэрэг бүхий л үйлдэл тодорхой, qpay-ээр шилжүүлэг хийхэд бүр ч хялбар. Бас картаа авч гараагүй үедээ утасны дугаар, ТАН код оруулаад мөнгөө хялбархан гаргаж авч болдог нь зарим үед “аминд ордог”.

Татах (iOS, Android)

Д. Ганзориг: Unread, M Plus, Журамласан толь

Unread

Хамгийн их хэрэглэдэг, хайртай аппуудын нэг бол мэдээж манай Unread-ийн өөрийн апп. Өдөрт нэг удаа очих сонордуулгаар апп хэрэглэгчид www.unread.today сайтад орсон шинэ нийтлэлийг уншдаг. Мөн хайлт хийх, дараа уншихаар хадгалах, булангуудыг харах үйлдлүүдтэй. Бид удахгүй аппаа шинэчлэн Unread.today болон Posted.mn сайтад нийтлэгдсэн бүх контентоо хүргэдэг болгохоор төлөвлөж байна. Ажил бизнест хэрэг болох, өөрийгөө хөгжүүлэхэд туслах контентуудыг хүлээн авч байя гэвэл манай апп-ийг заавал татаарай.

Татах (iOS, Android)

m plus

M+ бол монгол хэлээр гадаад, дотоодын шилдэг ном зохиолуудыг унших, подкаст сонсох, Монголын шилдэг артистуудын уран бүтээлийг сонсох боломжийг олгож буй апп. Та энэ апп-ийг татсанаар гарын доор контентын баялаг сантай болно гэсэн үг. Бид M+-ийг эхэн үед нь “Апп тойм” буландаа онцлон танилцуулж байсан бөгөөд түүнээс хойш шинэ боломжууд, шинэ контентууд ихээр нэмэгдсэн байна лээ.

Татах (iOS, Android)

журамласан толь

Монгол хэлээрээ алдаагүй зөв бичих хэрэгцээ хүн бүхэнд байдаг. Энэ асуудлыг шийдэх гол сурвалж бол зөв бичгийн дүрэм, үгсийн бичлэгийг багтаасан “Журамласан толь” юм. www.toli.gov.mn дээр болон хэвлэмлээр байдаг “Журамласан толь”-ийн аппликэйшн нь энгийн, хэрэглэхэд хялбар. Үгээ хайж харах, онцолж хадгалах, хэл зүйн ангиллаар төсөөтэй үгсийн бичлэгийг харах боломжтой. Харин зөв бичгийн дүрмийг багтаагаагүй юм билээ. Товчхондоо, гар утсанд байж байхад заавал хэрэг болох апп.

Татах (iOS, Android)

О. Бүтэд: CU Mongolia, Төрийн банк, ABA Taxi, Pass eWallet, Unitel

CU mongolia

Улаанбаатарын хаа сайгүй байдаг CU дэлгүүрээр үйлчлүүлдэггүй хүн ховор биз. Тийм ч учраас анх CU лоялти апп гаргах болсныг мэдээд тун ч олзуурхан татаж авсан юм. Худалдан авалт бүрдээ апп-ын QR кодыг уншуулан урамшууллын оноо цуглуулан түүгээрээ бүтээгдэхүүн худалдаж авах, хямдруулах боломжтой бөгөөд шинэ урамшууллын талаар цаг алдалгүй мэдээлэл авах боломжтой. CU-д зардаг хоолны менюг харж байгаад өдрийн хоолоо шийдчихэж ч болно.

Татах (iOS, Android)

Төрийн банк

Байр, тогны мөнгийг биечлэн очиж хийнэ гэдэг тун ч хүндрэлтэй асуудал. “Төрийн банк”-нд байрны мэдээллээ холбоод сар бүрийн төлбөрөө апп дотроосоо шууд төлөөд явчихна. Түүнчлэн тэр бүр анзаардаггүй байсан СӨХ, даатгалын мөнгө зэргээ төлөөгүй явж байснаа апп-ыг нь суулгаад л мэдсэн шүү. Баримтаа задаргаатайгаар нь шууд мэйлээр хүлээгээд авчихдаг. Нийгмийн даатгал, утас, кабелийн төлбөрөө ч хийж болно.

Татах (iOS, Android)

ABA taxi

Такси үйлчилгээний апп-ууд дундаас ABA Taxi-ийг онцолж хэрэглээд хоёр жил болж байгаа. Найдвартай, түргэн шуурхай үйлчилгээтэй учраас итгэж хэрэглэдэг. Англи хэлний тохиргоотой учраас гаднын аялагч, жуулчдад бас тустай. Зөвхөн такси гэлтгүй мөн хүргэлтийн үйлчилгээтэй учраас биеэр очих боломжгүй үед эд зүйлсээ хүргүүлээд авчихаж болдог.

Татах (iOS, Android)

Pass ewallet

Pass eWalletКартаа үе үе мартах тохиолдол гардаг миний хувьд “ХААН Банк”-ны хэтэвчний апп их таалагдаад байгаа. Картны мэдээллээ оруулаад ПОС дээрх QR кодыг уншуулаад төлбөрөө шууд хийчих боломжтой. QPay зэргийг бодвол шимтгэл байдаггүй нь давуу талтай санагдсан. Мөн COVID-19-ийн эрсдэлтэй үед заавал картаа өгч уншуулалгүйгээр зайнаас тооцоо хийх боломжийг бүрдүүлсэн нь таалагдсан шүү.

Татах (iOS, Android)

UNitel

“Unitel”-ийн дугаар, “Univision”-ий үйлчилгээг ашигладаг хэрэглэгчийн хувьд энэ апп төлбөр тооцоогоо хийх, түүнийхээ задаргааг харахад тун хялбар санагдсан. Дата, нэгж худалдаж авахад ч хялбар, нийт төлбөрийн түүхээ нэг дор хараад баримтаа авчих боломжтой.

Татах (iOS, Android)

Д. Мөнхбаясгалан: Onefit, Tok Tok, Mobicom, UPoint, Candy Pay

onefit

Фитнест явах сарын төлбөрөөрөө йог, фитнес, усан бассейн зэрэг олон төрлийн газруудад зэрэг үйлчлүүлэх боломжтой. Өөрт тохирох дасгал хөдөлгөөний төрлийг олох, эсвэл эргэлзээ төрүүлээд буй хэд хэдэн спорт клубээ зэрэг туршиж үзэхэд их тохиромжтой санагдсан. Дасгал хөдөлгөөнөөс гадна эрүүл хооллолт, гоо сайхны үйлчилгээ зэрэг багтсан нь зардал хэмнэж, апп-ийн хэрэглэгчид үйлчлүүлсэн газартаа үнэлгээ өгч, сэтгэгдэл бичих боломжтой нь зөв сонголт хийхэд их тус болдог. Onefit-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай.

Татах (iOS, Android)

Tok tok

Анх зөвхөн хоол хүргэлтийн үйлчилгээгээр танигдаж байсан Tok tok өнөөдөр ойр зуурын хэрэглээний бүхий л зүйлсийг хүргэдэг болжээ. Мах, сүү цагаан идээ, хүнсний ногооноос эхлээд амтат bubble tea, ном, хүүхдийн живх, эм, эмийн бүтээгдэхүүн гээд өргөн хэрэглээний зүйлсийг захиалж болно. Бас өдөр бүр ямар нэг бүтээгдэхүүн хямдралтай байдаг. Сонголт яваандаа улам нэмэгдэх байх.

Татах (iOS, Android)

Mobicom

Анх татсан даруйд л үүрэн телефоны хэрэглээгээ хянах, нэмэлт үйлчилгээ авах үйл явц ийм амархан байж болох байтал яагаад дөнгөж одоо л энэ апп гарж байгаа юм бол доо гэх бодол төрсөн. Уламжлалт *210#-аас авдаг бүхий л үйлчилгээг илүү ухаалаг, амар хялбараар авах боломжтой болсны дээр “Мобиком”-оос зарлаж буй бэлэгтэй урамшуулалд хамрагдах боломжтой юм билээ. Энэ апп-ийн талаар бидний бэлтгэсэн тоймыг энд дарж уншаарай.

Татах (iOS, Android)

upoint

Дэлгүүр, үйлчилгээний газар тус бүрд нэг лоялти карт авч явдаг байсан үе саяхан. Гэтэл хамгийн их үйлчлүүлдэг байгууллагуудыг маань нэгтгээд зогсохгүй гэр бүлээрээ лоялти оноогоо хуваах боломжийг бий болгосон нь намайг UPoint карт авахын тулд “Номин”-гийн салбарт цаг гарган байж биеэр очиход хүргэсэн юм. Нэг удаа л картыг нь авчихсан байхад маш олон үйлчилгээний газарт боломжийн хөнгөлөлт, урамшуулал эдлэхээс гадна апп нь л байхад заавал карт авч явах шаардлагагүй. Апп нь бас сүүлд шинэчлэгдээд ашиглахад их амар болсон байна лээ. UPoint апп-ийн талаар бидний бэлтгэсэн тоймыг энд дарж уншаарай.

Татах (iOS, Android)

CAndy pay

Lifestyle апп-уудын ширүүн өрсөлдөөн дунд CandyPay цахим мөнгөний апп-ийг яах аргагүй нэгэн хүчирхэг тоглогчоор нэрлэж болно. Дийлэнх үйлчилгээний газруудад байх чихэрний зурагтай QR кодыг уншуулаад хормын дотор гүйлгээ хийхээс гадна апп доторх төрөл бүрийн хамтрагч байгууллагуудын хөнгөлөлт урамшуулал, цахим худалдаа, зээл зэрэг олон үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Сүүлд сар бүрийн Candy гүйлгээ нь тодорхой дүнд хүрэхэд бэлэг авдаг LVL UP+ урамшуулал зарласан нь хаа нэг газрын кассны дэргэд очих бүрдээ Candy-ийн лого хайх сэдлийг төрүүлэх болсон билээ.

Татах (iOS, Android)

Б. Билэгжаргал: SocialPay, UB Smart Bus, Memechat, #CTA

socialpay

Интернэт худалдан авалтад ашиглаж болох олон улсын виртуал карт, шимтгэлгүй шилжүүлэг, төлбөр төлөх зэрэг олон күүл нэмэлтүүдийг Голомт банкны SocialPay апп танд санал болгоно. Хэрэглэхэд хялбарын сацуу фондны мөнгө босгох, худалдаж авахыг хүссэн зүйлээ оруулж хуримтлал үүсгэх боломжтой нь содон бөгөөд күүл нэмэлтүүдэд багтана.

Татах (iOS, Android)

UB smart bus

Автобус хүлээх тийм ч таатай санагддаггүй над шиг хүнд “UB Smart Bus” яг тохирсон юм шиг. Автобус хэдэн буудлын цаана байгааг харж байгаад цагаа тооцоолж гардаг. Мэдэхгүй газар очих бол автобусны буудлаар нь хайгаад ямар автобус явахыг харж болох нь ч тун таатай. Анх ойлгоход бага зэрэг төвөгтэй ч ашиглаад сурчихвал улаанбаатарчуудын утсанд байвал зохих аппын нэг яах аргагүй мөн.

Татах (iOS, Android)

memechat, CTA

Асуулт хариултын шагналт тэмцээн буюу quiz явуулдаг гол аппууд. Lend.mn апп дээр явагддаг CTA quiz саяхнаас өөрийн гэсэн апп-тэй болж “өрх тусгаарлаж” буй. Өдөр бүр явагддаг quiz-ээс хувцас, аяны хэрэгслүүдээс өгсүүлээд олон сонирхолтой бэлэг хожиж болно, мэдээж мэдлэгээ өргөжүүлнэ. Найз чинь ямар нэг зүйлийн тухай чамаас илүүг мэднэ гэвэл #ста-ийн челленжээс мэдлэгээ сорьж хэн нь илүү мэдлэгтэй гэдгээ нотолж болно. Шагналаа тохироод хэдүүлээ ч өрсөлдөж болно. Харин Memechat-ын пүрэв гараг бүрийн quiz-д хожвол оноогоороо нэр бүхий газруудаас бараа, бүтээгдэхүүн авч болдгоороо онцлог.

Memechat Татах (iOS, Android)
#CTA Татах (iOS, Android)