Монгол дахь андройд хэрэглэгчид iOS хэрэглэгчдийн адилаар дижитал хэтэвчтэй болоод ердөө хэд хонож байна. Тодруулбал, энэ долоо хоногийн эхээр Голомт банк тэргүүтэй байгууллагууд Google Pay төлбөрийн системийг албан ёсоор нэвтрүүлж, олон нийтэд танилцуулсан билээ.
Өөрийн гар утсанд банкны картуудаа холбож, ПОС машинд уншуулах төдийд төлбөр тооцоогоо хормын дотор гүйцэлдүүлэх энэхүү дэвшилтэт технологи хурд, аюулгүй байдлаас эхлээд олон давуу талтай. Гэвч Apple Pay өнгөрсөн онд, Google Pay энэ долоо хоногт нэвтэрсэн ч энэ төрлийн төлбөрийн систем манай улсад хараахан олны хэрэглээнд нэвтрээгүй хэвээр байна. Үүний зэрэгцээ тус “хэтэвч” хэрхэн ажилладаг, утсаа ПОС төхөөрөмжид уншуулахад хөшигний цаана юу өрнөдөг гээд мэдэж авах хэрэгтэй зүйл мундахгүй.
Энэ удаагийн нийтлэлдээ соронзон туузтай, EMV чиптэй, NFC контактлесс гээд төрөл бүр карт, интернэт банк гэхчлэн нийтлэг төлбөрийн хэрэгслийн түүхийг товчхон сөхөж, та бидний хэрэглээнд нэвтрээд буй дижитал хэтэвчний гол ялгарал, ажиллах зарчмыг тайлбарлах гэж хичээлээ. Ингэхдээ төлбөрийн системийн аюулгүй байдал болоод токенжуулалтын технологийг онцолсныг хүлээн авна уу.

ЯАГААД ИНТЕРНЭТ БАНКААС ЯЛГААТАЙ вЭ?
Гар утсаараа төлбөр тооцоо хийх тухай сонсох даруйд мобайл банкны апп, тэр дундаа QR гүйлгээ толгойд орж ирдэг билээ. Эдгээр нь ч бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болоод багагүй хугацааг үдсэн байна. Google Pay-ийн албан ёсны нээлтийн үеэр Голомт банкны танилцуулснаар манай улсад 2010-аад оноос мессеж, аппаар дамжуулан төлбөр тооцоогоо өөрийн гар утаснаас хийх шийдлүүд эрчимтэй нутагшаад буй.
Дэлгэрүүлж унших - Арга хэмжээний тойм: Голомт банк Google Pay-ийг Монголд нэвтрүүлэв
Google, Apple-ийн дижитал хэтэвчүүдийг зөвхөн төлбөр тооцоонд л ашиглагддаг гэвэл “дутуу үнэлсэн” болно. Өөрөөр хэлбэл, бид өөрсдийн биет хэтэвчинд бэлэн мөнгө, картаас гадна иргэний болон жолооны үнэмлэх, бас бус бичиг баримтаа давхар хадгалдаг шиг дижитал хэтэвч ч энэ үүргийг цөм гүйцэтгэх зорилготой бүтээгджээ. Google Pay ч Google Wallet гэх динамик шийдлийн нэгээхэн бүрдэл хэсэг нь хэмээн ойлгож болно.

Ташрамд дурдахад, ердөө 10 хоногийн өмнө Apple компани өөрсдийн вэб хуудаснаа Digital ID үйлчилгээг нэвтрүүлж буйгаа зарласан. Одоогоор уг дижитал паспортыг зөвхөн АНУ дотор ашиглах боломжтой ч ирэх жилүүдэд хүрээгээ тэлэх нь дамжиггүй. Цаашид бид ч Google Pay тэргүүтэй Google экосистемийн идэвхтэй хэрэглэгч болж чадвал Google Wallet-ийн олон хүсэмжит үйлчилгээнүүд манай улсад нэвтрэх эхлэл тавигдана.
Дижитал хэтэвчийн бас нэгэн давуу тал бол хурд. Тухайлбал, манай улсын хамгийн шуурхай QR төлбөр тооцооны апп болох Social Pay нэг гүйлгээ хийхэд дунджаар 8 үйлдэл шаарддаг бол Google Pay уг тоог 2-3 болгон цомхотгож буйг Голомт банкны Мэдээлэл технологи хариуцсан захирал цохон тэмдэглэсэн.
ЯАГААД “ДИЖИТАЛ” КАРТ ГЭЖ?
Google Pay тэргүүтэй дижитал хэтэвчний уриа үг нь “Tap to Pay.” Энэ нь ПОС төхөөрөмжид картаа шудрах, шургуулах, механик нууц үг хийлгүйгээр хормын дотор төлбөрөө төлөх тав тух юм. Гэвч бидний хуванцар карт ч тус технологийг өөртөө шингээсэн атал яагаад дижитал картын “Tap to Pay” онцгойлон анхаарал татах болсон нь зүй ёсоор гайхширал төрүүлнэ. Үүний маш товчхон хариулт нь “илүү аюулгүй гүйлгээ.” Илүү гүнзгий ойлгохын тулд биет картын түүхийг сөхье.
1. СОРОНЗОН ТУУЗТАЙ КАРТ
Үүний дараа 1970-аад онд соронзон туузыг хуванцар картад нааснаар хэрэглэгчид картаа шудран төдийд төлбөр тооцоогоо хийх шийдлийг АНУ-ын технологийн IBM компани бүтээв. Энэхүү арга 1969 онд АНУ-ын, хоёр жилийн дараа олон улсын стандарт болж батлагдсанаар соронзон туузтай картыг дэлхийн хаана ч ашиглах боломжтой болсон гэдэг. Тухайн үедээ энэ төрлийн картын үйлдвэрлэлийн өртөг 2 ам.доллар буюу харьцангуй өндөрт тооцогдож байв. Гэсэн ч үйлдвэрлэл нь олшрохын хэрээр тус үнийн дүн 5 цент хүртэл буурсан нь дэлхий даяар түгэхэд түлхэц болжээ.
Хэдийгээр тус карт гүйлгээний хурд, үр бүтээмжид эергээр нөлөөлсөн ч дэвшилтэт технологийнх нь амин сүнс болсон соронзон тууз аюулгүй байдлын асуудлуудыг дагуулж эхэлсэн юм. Тухайлбал, соронзон туузат картыг ПОС төхөөрөмжид шудрах үед 0, 1 цифрээр кодлогдсон картын мэдээлэл дамжуулагддаг. Мэдээж туузан дээрх мэдээллийг өөрчлөх, шинэчлэх боломжгүй. Иймд картыг шудрах үед дамжуулагдах мэдээлэл үргэлж нэг хэвэндээ байх учир skimming буюу картын мэдээллийг хуулах замаар эх картын хиймэл хувилбарыг үүсгэх нөхцөл бүрэлдсэн аж.

2. EMV ЧИПТЭЙ КАРТ
Соронзон туузны сул талыг анзаарсан компаниуд дундаас Europay, Mastercard, Visa гурав хамтарч, 1990-ээд оны үед EMV картыг боловсруулжээ. Тус технологи нь картын мэдээллийг агуулах микрочипийг суулгац байдлаар байршуулах загварт суурилна. Соронзон туузаас ялгаатай ч гүйлгээ хийх бүрт нэг удаагийн криптограф нууц код үүсдэг ба үүнийг энгийн хүн шууд ойлгох боломжгүй. Улмаар ПОС төхөөрөмж мэдээллийг холбогдох банк руу мэдээлэл илгээж картыг баталгаажуулснаар гүйлгээ хийгддэг. EMV картын анхны хувилбаруудыг ПОС төхөөрөмж шургуулж ашигладаг байв. Картыг шургуулах бүрт дахин давтагдашгүй код бий болдог учир луйврын эсрэг авсан дорвитой алхам болсон юм.

3. NFC КАРТ
Контактлесс буюу картаа ПОС төхөөрөмжид ойрын зайнаас уншуулж төлбөр тооцоогоо хийх технологи болох NFC (Near Field-Communication) нь 2007 онд бүтээгджээ. EMV картын адилаар криптограф дахин давтагдашгүй кодыг үүсгэх замаар хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах ба контактлесс төлбөр тооцоо хийх зориулалтаар чипэнд нэмэлт антеныг холбосон байдаг. Ийнхүү соронзон орны тусламжтай чип идэвхжиж, гүйлгээ хийгдэх аж.


ТОКЕНЖУУЛАЛТ
Хэдийгээр EMV картын NFC технологи криптограф нууц код үүсгэдэг нь сайшаалтай ч таны картын дугаар болох PAN-ийг хамтатган илгээж байж гүйлгээ гүйцэлддэг. Энэ нь соронзон туузан карттай харьцуулвал аюул багатай ч, PAN мэдээллийг хакердан олж авах боломжтой гэсэн үг. Харин Google Pay нь картын дугаарыг хэзээ ч ил байдлаар дамжуулдаггүй гэдгээрээ аюулгүй байдлыг бүрэн хангана. Түүнчлэн, утсаараа төлбөр төлөхийн тулд биометрик буюу нүүр, хурууны хээнд суурилсан хамгаалалтын систем давхар ажиллаж буйг онцлууштай.
Google Pay нь хэрэглэгчийн картын дугаар болох PAN (Primary Account Number)-ийг токенжуулж, DPAN (Device Primary Account Number) болгон хувиргадаг. Ингэснээр картын дугаар ч бүрэн нууцлагдана. Энэ бүхнийг утсандаа байрших Secure Element (SE)-д даатгаж болно.

GOOGLE PAY-ИЙН ХЭРЭГЛЭГЧ БОЛОХ НЬ
Та Голомт банкны бүх төрлийн Mastercard болон T брэндийн картыг SocialPay аппликэйшнээр дамжуулан Google Pay-д холбон ашиглах боломжтой. Доорх алхмуудыг дагаснаар таны карт Google Pay ашиглахад бэлэн болох юм:
1. Google Wallet aппликэйшнийг Play Store-оос татна.
2. Google хаягаараа нэвтэрнэ. /Байхгүй бол шинэ Google хаяг нээнэ/
3. SocialPay аппликэйшнд нэвтрэнэ.
4. Холбох Mastercard эсвэл T картаа сонгоно.
5. “Add to Google Wallet” товчийг дарж, баталгаажуулна.
Ташрамд дурдахад, Голомт банкны картаа Google Wallet-д холбоод төлбөрийн болон төлбөрийн бус хөнгөлөлт, урамшууллууд эдлээрэй.

Хэрэв та хараахан Голомт банкны Mastercard болон Т картын эзэмшигч болж амжаагүй бол энд дарж картуудын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцах боломжтой.

Сэтгэгдэл бичих

