Хөл хүнд болсноо мэдсэн даруйд ээж бүхний хийдэг хамгийн эхний алхам бол ухаалаг утсандаа жирэмсний апп татаж авах гэдэгтэй эмэгтэйчүүд бүгд санал нийлэх биз ээ. Үр хөврөл бүрэлдсэн цагаас ургийн хөгжил бүрэн гүйцэж эх дэлхийтэй танилцах хүртэлх урт аялалд жирэмсний апп ээжийн хамгийн үнэнч, хэрэгцээтэй туслах нь байдаг. Өнөөдрийн Techworm булангаар бид монгол бүсгүйчүүдийн хөгжүүлж буй Hello Baby хэмээх “Жирэмсэн ээжийн хөтөч апп”-ыг онцлон хүргэж байна. 

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ? 

Жирэмсний тест дээр хоёр зураас харсан мөчөөс эхлээд бүсгүй хүн бүрд айж сандрах, баярлан хөөрөх төрөл бүрийн мэдрэмжүүд зэрэг төрж эхэлдэг. Сүүлийн сарын тэмдэг хэзээ ирсэн билээ? Хүүхдээ олсон цагаас хойш ямар нэгэн эм бэлдмэл уусан билүү? Хамгийн эртдээ хэзээ эмнэлэгт үзүүлэх ёстой юм бол? Хүүхэд минь эрүүл саруул өсөн бойжиж буйг яаж мэдэх вэ? гээд л асуултууд ар араасаа хөвөрч өгнө. Үр хүүхдээ хэвлийдээ тээн, эсэн мэнд өсгөн бойжуулах нь эмэгтэй хүмүүсийн амьдралд хэдхэн удаа тохиох гайхалтай үйл явдлуудын нэг хэдий ч Монголын нөхцөлд өнөөдөр мэргэжлийн хүн гар бие оролцон бүтээсэн, төрөл бүрийн зөвлөгөө мэдээллээр дүүрэн дижитал бүтээгдэхүүн тун ховор байдаг нь харамсалтай.

Монгол эмэгтэйчүүд жирэмсэн болсноос хойш өөрт тулгарах олон асуултын хариу, зөвлөгөө мэдээллийг дийлэнхдээ сошиал медиа орчин дахь жирэмсэн ээжүүдийн группүүдээс авдаг гэхэд хилсдэхгүй. Гэвч амнаас ам дамжсан буруу ташаа, шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл нь ураг төдийгүй ээжийг хүртэл эрүүл мэндийн эрсдэлд оруулах сөрөг нөлөөтэй. Харин энэхүү орон зайг монгол ээжүүд соргогоор ажиглан харж, жирэмсэн ээжийн хөтөч апп “Hello Baby”-г бүтээсэн нь жил гаруйхны хугацаанд 40,000 гаруй удаа татагджээ. Тус аппыг үүсгэн байгуулагч бүсгүйчүүд жирэмсэн үе болон хүүхэд өсгөж бойжуулахтай холбоотой өөрт тулгарсан асуудлаас санаа авч, эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэнд, гэр бүлд чиглэсэн бүтээгдэхүүний хэрэгцээ байгааг олж харсан нь уг апп-ыг бүтээх сэдэл болсон байна.


Үүсгэн байгуулагч Б.Манд, Б.Ариунсанаа, Б.Пүрэвсүрэн нар

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ? 

“Бяцхан үрээ хэвлийдээ тээх гайхамшигт аяллын турш таны гараас хөтлөн, туслан чиглүүлэх болно” гэх уриатай Hello Baby-тэй ижил төстэй бусад апп-ээс ялгарах гол онцлог бол бүх зөвлөгөө, мэдээлэл нь монгол бүсгүйчүүдийн орчин нөхцөл, амьдралын хэв маягт уялдсан нь юм.

Hello Baby апп-ээс та:
-Зөвхөн өөрийн жирэмсний явцтай уялдсан эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл
-Жирэмсэн ээжүүдэд түгээмэл илэрдэг шинж тэмдгүүд
-Хяналтын үзлэг шинжилгээний хуанли, үзлэгт орох алхмууд
-Хувийн ажлаа төлөвлөх талбар + Тэмдэглэл
-Эмчдээ үзүүлэх хуваарь
-Хийх ажлыг өөрт тань сануулах хэсэг
-Бүх үзлэг шинжилгээний тайлбарыг авч болно.

Эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн болоод ч тэрүү үндсэн дизайн нь тун ойлгомжтой бөгөөд өнгөлөг шийдэлтэй. Аппыг нээмэгц сүүлийн сарын тэмдэг ирсэн өдрөө оруулах ёстой бөгөөд тэр дороо үндсэн дэлгэц дээр таны хэдэн долоо хоногтой жирэмсэн, ургийн хөгжил, төрөх сүүлийн хугацаа, тухай долоо хоногт ээжид түгээмэл тохиох шинж тэмдгийн талаарх зөвлөгөө мэдээлэл гарч ирнэ. Бусад жирэмсний аппуудтай ижил эдгээр мэдээллүүд долоо хоног бүр шинэчлэгддэг.

Энэ аппыг жирэмсэн болсон өдрөөсөө хойш хэрэглэж буй хэрэглэгчийн хувьд, хамгийн таалагдсан функц нь “үзлэг” байсан юм. Монгол эмэгтэйчүүдийн хувьд жирэмсэн болсноосоо хойш төрөх хүртлээ өрх болон дүүргийн эмнэлгийн хяналтад байж, хэд хэдэн удаа товлолт үзлэг, шинжилгээг өгөх ёстой байдаг шүү дээ. Анхлан жирэмсэн болж буй ээжүүд жирэмсний хяналтын талаар төдийлөн сайн мэдэхгүйгээс үүдэн хяналтандаа хоцорч орох улмаар эрүүл мэндийн хувьд эрсдэлд орох тохиолдол цөөнгүй. Харин энэхүү аппын үзлэгийн календарь хэсэг дээр автоматаар хэдний өдөр үзлэгт хамрагдах ёстой мэдээллүүд гарах бөгөөд хяналтын үзлэгт очихдоо юу юу бэлдэх, ямар шинжилгээнүүд өгөх ёстой гээд бүх мэдээллийг алхам алхмаар зааж өгсөн нь үнэхээр талархууштай. “Тэмдэглэл” хэсгээс эход үзүүлэх болон хяналтад орох он сар өдрөө харж, “тайлбар” хэсгээс шинжилгээнүүд яагаад өгөх ёстой тухай дэлгэрэнгүй уншин товлолт эхоны үзлэгт зайлшгүй хамрагдах ёстой шалтгааны (11-13 долоо хоногтойд NT буюу ургийн арын шилэн хүзүүний зайг эхогоор тодорхойлдог бол 18-23 долоо хоногтойд ургийн хөгжлийг харуулах ёстой) тайлбарыг харах боломжтой.

Мөн Монгол улсын хуулиар жирэмсэн ээж бүрд олгодог тэтгэмж болон, НДЕГ-аас даатгал төлдөг ээжүүдэд олгодог декритэд хамрагдахын тулд ямар материал бүрдүүлэх, хэзээ хамрагдах тухай ч дэлгэрэнгүй зааварчилгаа бий.



САЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛС

-Үндсэн нүүрэн дээрх хүүхдийн хөгжлийг төрөл бүрийн жимс, хүнсний ногоогоор илэрхийлсэн дүрслэл нь өхөөрдөм хэдий ч бусад алдартай апп-тэй адил хүүхдийн хөгжлийг 3D байдлаар давхар харуулбал гэдсэн дотор буй ураг ээжид илүү сайн төсөөлөгдөх байх. Хүүхдийн хөгжил хэсгийн дүрслэлийг илүү нарийвчлалтай болгох хэрэгтэй санагдав.

-Нэгэнтээ монгол ээжүүдэд зориулсан апп хөгжүүлж буй тул бүсгүйчүүдийн тогтмол үйлчлүүлдэг эмэгтэйчүүдийн эмнэлэг, эхоны үнэ ханш болон ерөнхий мэдээллийг оруулж, давхар ээжүүд өөрсдийн сэтгэгдлээ үлдээх боломжтой болговол олон эмнэлэг дундаас ээжүүд сонголтоо хийхэд харьцангуй амар болох биз ээ.

Та "Hello Baby" апп-ийг үүсгэн байгуулагчдын ярилцлагыг эндээс унших боломжтой.