Хэдхэн цагийн өмнө сошиал медиа гигант Меtа виртуал ертөнцийг хэрхэн бодит байдал руу ойртуулснаа танилцууллаа. Тэд зүүдэг төхөөрөмжийнхөө шинэ хувилбарыг live demo дүүрэн танилцуулгын хамтаар дэлгэж харуулав. Хэдийгээр тайзан дээрх туршилтуудын ихэнх нь бүтэлгүйтсэн ч iPhone 4-ийн танилцуулгыг санагдуулам сэтгэл хөдөлгөсөн зүйл ихтэй, ярих зүйл олон арга хэмжээ болж өнгөрөв.

Apple-ийн шинийг эрэлхийлэгч сүнс Mета-д шингэсэн үү гэлтэй сонирхолтой технологийн шийдлүүдээр олныг алмайруулав. Ингээд Meta Connect 2025 дээр танилцуулагдсан бүтээгдэхүүнүүдийн товч мэдээллийг хүргэж байна.

Холбоотой нийтлэл: Биднийг унтаж байхад Meta-гийн танилцуулсан бүх зүйл | Unread Today

Мета-гийн эвентийн гол хэсэг нь үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Цукрбергийн илтгэл байдаг. Тэрээр тайзны араас энэ жилийн гол бүтээгдэхүүн Meta Ray-Ban Display шилийг зүүн гарч ирсэн нь үзэгчдийг огшоов.

Meta Ray-Ban Display

Мета-ийн Ray-Ban брэндтэй хамтран бүтээдэг ухаалаг шил дэлгэцтэй боллоо. Дэлгэцэн дээрх зүйлсийг Meta Neural Band нэртэй тусгай бугуйвчийн тусламжтайгаар удирдана. Энэ бол өнгөрсөн жил үзүүлсэн Orion нэртэй туршилтын загварын зах зээл дээр зарагдах хувилбар юм. Уг ухаалаг шил дуудлага хийх, мессеж бичих, бичлэг үзэх зэрэг гар утастай ижил олон үйлдлийг гүйцэтгэх чадвартай. Дэлгэцийн хувьд 600x600 нягтралтай, 20 градусын харах өнцөгтэй. Тод харагдах байдал нь 5000 nits бөгөөд хоёрхон хувийн гэрлийн алдагдалтай. Мөн орчны хэт ягаан туяанаас хамаарч автоматаар тохируулдаг линзээр тоноглогджээ. Энэ нь хурц нартай үед ч дэлгэц тод харагдах байдлыг хангах юм.


Цэнэгээ барих хугацаа нь 6 цаг орчим байх гэнэ. Түүнчлэн шинэ эвхэгддэг цэнэглэгч хайрцагны хамтаар 30 цагийн хугацаанд ашиглах боломжтой. Өнгөрсөн жил танилцуулсан шууд орчуулгын функц хадмал байдлаар эргэн ирлээ. Таныг хэн нэгэнтэй ярьж байх үед тухайн хүний яриаг шууд орчуулж текст хэлбэрээр дэлгэцэн дээр харагдуулах юм. Хамгийн гайхалтай нь олон талт микрофоны тусламжтайгаар таныг хэнтэй ярьж буйг илрүүлж зөвхөн тэр хүний л яриаг орчуулах гэнэ. Энэ бол хараа, сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн хувьд тоглоомын дүрмийн өөрчилж болохуйц чухал функц гэдгийг онцлох хэрэгтэй.

Үүнээс гадна очих газраа мэдэхгүй амархан төөрдөг хүмүүст дуулгах сайхан мэдээ байна. Meta-гийн шинэ ухаалаг шилний тусламжтайгаар очих газраа заалгуулах боломжтой. Нэг ёсондоо Google maps-г нүдний шилэнд суулгасантай ижил зүйл гэсэн үг.Танилцуулгын үеэр М.Цукрберг мессеж бичих цоо шинэ аргыг үзүүллээ. Тэр нь ширээн дээр хуруугаараа бичиж буй мэт хөдөлгөөн хийхэд тусгай бугуйвч (Meta Neural Band) юу бичиж байгааг нь шууд дэлгэцэн дээр харуулна.

Энэ бол технологитой харьцах интерфейсд шинэ өөрчлөлт оруулсан үйл явдал байлаа. Apple Vision Pro, Quest зэрэг VR төхөөрөмжүүдийг ч хуруугаараа удирдах боломжтой ч кэйбордгүйгээр мессеж бичих хэмжээнд хөгжөөгүй байсан юм. Эдгээр төхөөрөмжүүд виртуал кэйборд ашигладаг билээ.

Үнэ: 799$

Ray-Ban Meta Gen 2

Энгийн ухаалаг шилнийх нь хувьд сайжруулсан батарей болон камертайгаар хоёрдугаар үе рүүгээ шилжлээ. Дизайны хувьд өөрчлөгдсөн зүйлгүй. Нэг цэнэглэлтээр 8 цаг хүртэл цэнэгээ барина. Энэ нь өмнөх хувилбараасаа хоёр дахин сайжирсан гэсэн үг. Мөн кэйс нь 20 минутад 50 хувь хүртэл цэнэглэх хүчин чадалтай болжээ. Харин камерын хувьд 30 фрэймээр 3К хүртэлх чанартай бичлэг хийдэг болжээ.

Үүнээс гадна slow motion, hyperlapse функцүүд шинээр нэмэгдэв. Хамгийн сонирхолтой шинэчлэлт нь тантай ярьж байгаа хүний яриаг илүү тод сонсгох “Conversational Focus” гэх тохиргоо байлаа. Шилний чанга яригчийн тусламжтайгаар тухайн хүний яриаг тодосгоно гэсэн үг юм. Түүнчлэн шууд орчуулгад Герман, Португал хэл шинээр нэмэгджээ.

Үнэ: 379$


Oakley Meta Vanguard

Спорт болон технологийг хослуулагчдад зориулсан Oakley Meta Vanguard шилийг танилцууллаа. Мета энэ оны эхээр Oakley брэндтэй хамтарсан эхний шилээ танилцуулсан билээ. Харин хоёр дахь нь спорт хэв маягтай байв. Тус компани хэрэглэгчдийн сонирхолд нийцүүлж ухаалаг шилнийхээ загвар дээр анхаарал хандуулж буй нь энэ. Ус болон тоосноос хамгаалах IP57 стандартын шаардлагыг хангаснаар 1 метрийн гүн усыг 30 минут хүртэлх хугацаанд тэсвэрлэх чадвартай. 3К хүртэл нягтралтайгаар бичлэг хийх чадалтай 12MP-ийн камерыг суурилуулжээ.

66 граммын жинтэй. Энгийн Ray-Ban Meta-аас бага зэргийн хүнд боловч дасгал, хөдөлгөөн хийхэд тухтай мэдрэмжийг өгөх гэнэ.Ухаалаг шилээ зүүгээд гүйж байхдаа хиймэл оюуны тусламжтайгаар бичлэг хийх, хөгжим тоглуулах командыг өгч болно. Энэ шил спортоор хичээллэдэг хүмүүсийн хувьд эгзэгтэй агшнуудаа хадгалж авч үлдэхэд туслах төхөөрөмж байх юм.

9 дүгээр сарын 21-ээс эхлэн борлуулагдана. Арга хэмжээний төгсгөлд М.Цукрберг энэ шилийг зүүгээд танилцуулгын танхимаас дасгал хийхээр гаргаснаар энэ удаагийн эвент өндөрлөсөн юм.

Үнэ: 499$


Ийнхүү 10 жилийн өмнө Google-ийн бүтээхийг оролдож байсан ухаалаг шилийг Мета хийчихсэн юм шиг танилцуулга болж өнгөрлөө. Гэсэн ч Google бүтэлгүйтсэн төслөө үргэлжлүүлсээр буй. Хиймэл оюун зүүдэг төхөөрөмжүүдэд орж ирснээр бидний технологитой харьцах хэв маягт эрс шинэчлэлт гарч эхэллээ. Технологи өмнө нь ажлын ширээн дээр л байдаг байсан бол одоо биеийн нэг хэсэг мэт болж болно.