Та бидний өдөр тутамдаа ашигладаг Facebook, Instagram, Messenger зэргийг эзэмшдэг Meta-гийн намрын арга хэмжээ урд шөнө болж өнгөрлөө.
Энэ үеэр тэд шинэчилсэн VR төхөөрөмж, сайжруулсан ухаалаг шил, хамгийн сүүлийн үеийн AI модель, арван жилийн турш хөгжүүлж буй AR нүдний шилээ танилцуулав. Эдгээрийг тоймлон хүргэж байна.
Orion AR glasses
Энэ удаагийн арга хэмжээний од нь Orion нэртэй нүдний шилний туршилтын хувилбар байв. Meta-гийн олон жил хөгжүүлж байгаа, Марк Зукербергийн хэлж буйгаар гар утсыг орлох төхөөрөмж энэхүү шил нь одоогоор нэн үнэтэй байгаа тул хэдхэн мянган ширхгийг туршилтын журмаар үйлдвэрлэжээ.
Orion нь шилнээс гадна зөөврийн тооцоолох төхөөрөмж, булчингийн хөдөлгөөнийг таних бугуйвч гэсэн хэсгүүдээс бүрдэж буй. Том хэмжээтэй VR төхөөрөмжийн хийж болдог бүхнийг энгийн мэт харагдах нүдний шилэнд багтаах эл оролдлого хэрхэн биеллээ олохыг цаг хугацаа л харуулах биз ээ. Одоогоор худалдаанд гарах үнэ болон хугацаа тодорхойгүй. Ямартай ч Snapchat-ийн Spectacles зэрэг ижил төстэй бүтээгдэхүүнүүдээс хавьгүй өндөр хүлээлтийг дагуулж байна.
Quest 3S VR headset
Метаверсийн халуурлын араас VR буюу виртуал бодит байдлын салбарт Apple тэргүүтэй том тоглогчид оролцож эхлэв. Харин энэ салбарт томчуудаас хамгийн түрүүлж орсон, толгой компанийнхаа нэрийг хүртэл Meta хэмээн өөрчилсөн тус компанийн Quest 3 төхөөрөмж илүү хямд хувилбартай боллоо. 299 ам.долларын үнэтэй Quest 3S нь үндсэн Quest 3-аас даруй 200 ам.доллароор хямд байгаа нь нягтшил бага дэлгэц, зайн мэдрэгчгүй шийдэл, нарийн харууц зэрэгтэй нь холбоотой.
Тэд энэхүү шинэ төхөөрөмжөө VR-ийг илүү олон хүнд хүргэх том алхам гэж тодорхойлсон бөгөөд хямд үнэ нь шинэ харилцагч татах том давуу тал хэмээн найдаж буй. Учир нь Apple-ийн Vision Pro л гэхэд 3,499 ам.долларын үнэтэй тул олны хэрэглээнд нэвтэрч чадахгүй байсаар л...
Meta’s Ray-Ban glasses
Meta’s Ray-Ban glasses
Meta-гийн Ray-Ban-тай хамтарсан ухаалаг шил сануулга тааруулах, хоцрогдолгүй орчуулга хийх зэрэг функцүүдтэй болов. Түүнчлэн тэд энэ төрлийн бүтээгдэхүүний доторх технологийг олон нийтэд илүү таниулах зорилгоор тунгалаг биетэй тусгай загварууд борлуулж эхлэв.
Meta AI
Дэлхий дахинаа хэдэн тэрбум хэрэглэгчтэй тэд хиймэл оюун ухааныг хэрхэн олон нийтийн сүлжээнд ашиглах дээр туршилтууд хийсээр. Энэ удаа олны танилууд өөрийн гэсэн чатбот үүсгэж, фэнүүдтэйгээ дүрст дуудлага хийх боломжийг нээв. Мөн хэрэглэгчдийн сонирхол дээр тулгуурлан төрөл бүрийн хиймэл оюун ухаанаар бүтсэн контентууд санал болгох гэнэ.
Мөн тэдний Llama модель улам ухаалаг болж, зурган өгөгдөлтэй ажиллаж чаддаг болжээ. Хэдийгээр өрсөлдөгч компаниуд бүгд ийм функцтэй ч тэдэнд Meta шиг олон тэрбум хэрэглэгч, аварга том сүлжээ платформууд байхгүй билээ.