Өнгөрсөн сард Ugle-гийн тухай богино нийтлэл бичсэн нь олон хүнд хүрч, өдгөө тус тоглоом олон зуун идэвхтэй хэрэглэгчтэй болоод байна. Иймд монгол хөгжүүлэгчдийн "хобби"-гоороо хөгжүүлсэн нүсэр биш, нэг л асуудлыг шийддэг, нийтэд нээлттэй апп, веб, платформуудыг туршиж үзэхээр үргэлжлүүлэн хайсаар “ugtseejleh.club”-ийг олов.
Холбоотой нийтлэл: Unread туршив: Тавхан минутад тархи сэргээх “ҮГЛЭ” тоглоом
Буруу санаагүй бол уг платформ (эхэндээ сошиал суваг байсан) цар тахлын үеэр эрчээ авч, хөл хорионд суугаа олон хүнд хэд гурван англи үг цээжлүүлэхэд нь ихээхэн тус болж байсан билээ. Харин тэгвэл өдгөө үйл ажиллагаа нь улам жигдэрч, автомажиж, ухаалаг болсон байна.
Уншигч та ugtseejleh.club хаягаар ороод эсвэл тэднийг Инстаграм, Фэйсбүүк, Юүтүб, Х дээр дагаад өдөр бүр гарч ирэх нэг үгийг нь цээжлээд л байвал жилийн дотор л 1,000 үгтэй болно шүү.

Үг цээжлэх Үнэмлэхүй хэрэгцээ
Гадаад хэл сурахаар шийдсэн хүн бүрийн дамжиж өнгөрдөг шат бол үг цээжлэх. Үнэхээр ч үггүй бол хэлгүйтэй адил. Уламжлалт аргаар хэл сурагчид хэчнээн жил нүдсэн ч ердөө 2,000-3,000 үгтэй болсон байдаг гэнэ. Гэтэл гадаад хэлээр боломжийн хэмжээнд харилцан ярилцахад дунджаар 10,000 үг мэддэг байх шаардлагатай. Тэгэхээр тухайн гадаад хэлийг ямар аргаар сурахаас үл хамаараад үг гээчийг яаж ийгээд л цээжлэх ёстой байх нь.
Үг цээжлэх хэрэгцээ ч жилээс жилд өссөөр байна. Үүнийг бид уг жанрын үнэмлэхүй аварга Duolingo-гийн тогтмол өсөлт, соёлын нөлөөгөөс харж болно. Тэд өнгөрсөн жилд л гэхэд 128 сая идэвхтэй хэрэглэгчээсээ нийт 1 тэрбум долларын орлого олжээ. Энэ бол сүүлийн 10 жилд 100 дахин өссөн үзүүлэлт.
Сонирхуулахад, Duolingo-гийн 2025 оны тайлангаас харахад дэлхийн хамгийн хүсэмжит хэл Англи хэл байгаа бөгөөд түүний араас Солонгос, Япон, Португал хэлүүд бичигдэж байна. Монголчуудын хувьд ч мөн Англи хэлийг идэвхийлэн суралцаж байгаа бол хоёр дахь хүсэмжит хэл нь Солонгос хэл байна.

ugtseejleh.club-ийн тухай
Хэрэв уншигч та дээрх холбоосуудаар орсон бол "ugtseejleh.club" чухам юу гэдгийг нь надаар хэлүүлэлтгүй мэдсэн биз ээ. Ер нь нэрнээсээ л ойлгомжтой. Олуулаа нийлээд олон үг цээжилье л гэсэн санаатай платформ. Сошиалуудыг нь дагавал өдөр бүр нэг үгийг дуудлага, орчуулга, жишээ өгүүлбэртэй нь таны фийд дээр харуулах болно.
Харин сошиал хуудсуудаас гадна өнгөрсөн сард шинэчлэгдсэн вебээр нь орвол:
- Хэдэн үг мэдэхээ үзэх сорил
- Англиар сонсоод бичих дасгал
- Үгийг зөв дуудаж чадах эсэхээ шалгах дадлага гэсэн гурван нэмэлт боломжтой аж.
Эцэст нь, уг платформын хөгжүүлэгч Очир-Эрдэнийн хөгжүүлсэн tootsooluur.xyz нь зээл, хадгаламж, цалин, амралтын мөнгө тооцох веб тун хэрэгтэй санагдав. Мөн тэрээр түмний дуртай “Захиралдаа үзүүлж болохгүй мийм” сувгийн ард байдаг бололтой :P
Бусдын мэдээсэй гэж боддог, хэрэгтэй-сонирхолтой монгол апп, вебүүдийг сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай

Сэтгэгдэл бичих

