Самсунгийн шинэ бүтээгдэхүүнээ “задалдаг” ээлжит Unpacked арга хэмжээ монголын цагаар 7-р сарын 9-ний 22:00 цагаас эхлэх гэж байна. Өмнөд Солонгосын уугуул, дэлхийн технологийн салбарын манлай Самсунг компани жилд ихэвчлэн хоёр удаа энэхүү арга хэмжээгээ зохион байгуулдаг билээ. Энэхүү уламжлал нь тэртээ 2010 он буюу Galaxy S загвар танилцуулагдаж байх үеэс эхтэй. 

Энэ жилийн хувьд анхны Unpacked арга хэмжээ 1-р сарын 22-нд АНУ-ын Калифорниа мужийн Сан Хосе хотод болж, Galaxy AI-ийн илүү олон функц болон Galaxy S25 загварыг ил болгосон юм. Удалгүй 5-р сард Galaxy S25-ийн асар нимгэн, тун хөнгөн Edge хувилбарыг танилцуулж байсныг нь технологийн хорхойтнууд мөн санаж буй биз ээ.

Дэлгэрүүлж унших: Unpacked 2025: Биднийг унтаж байхад Самсунгийн танилцуулсан бүх зүйл

Тэгвэл Нью-Йорк хотод болох энэ удаагийн Unpacked арга хэмжээ бидэнд ямар шинэ гайхамшгийг толиулах бол? Товчхон хариулт нь эвхэгддэг Fold, нугардаг Flip, эргэдэг Watch. Дэлгэрэнгүй хариултыг үргэлжлүүлэн уншиж аваарай.

Гурав эвхэгддэг утас?

Ухаалаг утас ч гэлтгүй зурагт, таблетаас эхлээд бүх л төрлийн дэлгэц үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Самсунг сүүлийн хэдэн жил Galaxy Z Fold, Galaxy Z Flip загвараараа салбартаа шинэ стандарт тогтоосоор буй. Анх төсөөлөлд ч багтахгүй байсан эвхэгдэж, нугардаг эдгээр утаснууд өдгөө хэдийн нийтийн хэрэглээнд орж, бүх л брэндүүд энэ төрлийн загваруудаа танилцуулаад байна. Шинэ хэрэглээг нэвтрүүлэх тал дээрээ хамгийн уламжлалт гэгддэг Apple ч мөн энэ өрсөлдөөнд удахгүй нэвтрэх шуум бий.

Эл төрлийн өрсөлдөөнд хэдийн хол тасраад байгаа Самсунг харин энэ жил Z Fold утасныхаа 7-р үеийг танилцуулах өндөр магадлалтай байна. Албан ёсны эх сурвалжаас үзэхэд энэ жилийн эвхэгддэг утаснууд Самсунгийн бүтээсэн хамгийн нимгэн бөгөөд хөнгөн утаснууд байх гэнэ. Үүнээс гадна 200MP үндсэн камер, хиймэл оюуны шинэ функцүүд, илүү хүчирхэг процессортой байх нь бараг л ойлгомжтой болов.

@Jukanlosreve-ийн ил болгосон зургууд

Хамгийн сонирхолтой нь тэд арга хэмжээний үеэр гурав эвхэгддэг утсаа танилцуулж магадгүй гэнэ. Энэ талын таамгаараа алдартай Setsuna Digital-ийн үзэж буйгаар уг загварыг тэд энэ 7-р сард танилцуулж, ирэх 10-р сараас худалдаалж эхлэх ажээ. Хэдхэн долоо хоногийн өмнө Huawei-гийн гурав нугардаг утас багагүй шуугиан тарьсан тул энэ таамаг үнэний ортой ч байж болох. Хамтдаа харцгаая.

Таамаг зураг

“Эргэдэг” бугуйн цаг

Аливаа технологийн арга хэмжээний зар тавигдах цагаас л ямар бүтээгдэхүүн танилцуулах тухай таамаг яриа гарсаар байдаг. Энэ жилийн Unpacked-тай холбоотой дэгдэж буй цуурхал дундаас хамгийн бодитой нь Galaxy Watch 8 гэж хэлэхэд буруудахгүй. Учир нь уг шинэ загварын бугуйн цагийн 3D загвар болон 360 видео нь хэдийн олон нийтэд задарчээ.

Ил болсон материалуудаас харахад уг загвар нь Galaxy Watch8, Watch8 Classic, Watch8 Ultra гэсэн гурван хувилбартай байх гэнэ. Эдгээрээс хамгийн дээд зэрэглэлийн Ultra хувилбар нь эргэдэг хүрээтэй байх бололтой. Мөн ухаалаг цаганд зориулсан үйлдлийн системийн шинэчлэгдсэн One UI 8 Watch хувилбарыг ч танилцуулахаар байна.

Таамаг зураг

Төсөр үнэтэй Flip

Нугардаг утаснуудын хувьд бусад утаснаас өндөр үнэтэй байх нь элбэг. Ийм Самсунг энэ жил үндсэн Galaxy Z Flip7 болон уг загварын төсөр үнэтэй Z Flip7 FE хувилбарыг танилцуулах өндөр магадлалтай байна.

Flip7-гоос онцлоход, арын дэлгэц нь өмнөх хувилбараасаа чамгүй томорч, хүрээнээс хүрээнд үргэлжилсэн 4,1 инч байхыг ил болсон рендер зургууд баталж буй. Мөн батарейны хувьд сайжирч 4,300mAh багтаамжтай байх бололтой. Харин Z Flip7 FE хувилбарын ихэнх үзүүлэлт өмнөх жилийн Z Flip6-тай ижил байх ч үнийн хувьд тун хавьгүй төсөр байх болов уу.

Таамаг зураг

Хамтдаа олж мэдье

Олон нийтэд нээлттэй мэдээллээс үзэхэд дээрх төхөөрөмжүүдийг зарлах нь бараг л тодорхой. Мэдээж эдгээр дээр Project Moohan нэртэй виртуал бодит байдлын төхөөрөмжөөс эхлээд олон сонирхолтой зүйлс ил болох магадлал бий. Манай редакц арга хэмжээний талаар уншигч танд цаг тухайд нь мэдээлсээр байх болно. Мөн уг нээлтийг www.samsung.com/mn-ээс болон Samsung Mongolia фэйсбүүк худсаар шууд хүлээн авч үзэх боломжтой гэнэ.

Самсунгийн гайхамшгийг хамтдаа задалцгаая.