Энэхүү нийтлэл нь Unread Today сонины 22 дахь дугаарын 12-р нүүрт анхлан нийтлэгдсэн.
Самсунг жил бүрийн өвөл шинэ загварын ухаалаг утсаа танилцуулдаг “Unpacked” арга хэмжээгээ зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жил Galaxy AI-аа түлхүү сурталчилж, ухаалаг утас, хиймэл оюун ухааны төгс хоршил бүтээхийг зорьж буйгаа дурдахын сацуу алдарт S цувралын ээлжит загвар Galaxy S24 болон ухаалаг бөгж Galaxy Ring-ийг танилцуулж байв.
Харин энэ жилийн “Unpacked” арга хэмжээ 2025 оны 1-р сарын 23-ны 02:00 цагаас эхэлж, Galaxy AI-ийн илүү олон функц болон Galaxy S25 загварыг ил болгосон юм. Эдгээртэй илүү ойроос танилцъя.
Хиймэл оюун ухаан
Хэрэглээний хиймэл оюун ухааны ширүүн өрсөлдөөнд Самсунг Google-тэй нэг тал болж, Google-ийн Gemini AI хиймэл оюун ухааны загварыг ухаалаг утаснууддаа ашиглах болсон билээ. Үүний ачаар Google-ийн хиймэл оюун ухааны хэрэглэгчийн тоо үсрэнгүй нэмэгдэж байгаа бөгөөд тус компанийн захирал энэ он дуусахад 500 сая орчим хэрэглэгчтэй болох зорилт тавьснаа ч мэдэгдэж байв.
Технологийн хоёр аварга компани өнгөрсөн жилийн хамтралаар дуудлага орчуулах Live Translate, зурвас бичихэд туслах Chat Assist, тэмдэглэл хураангуйлах Note Assist болон аливаа текст, зургаа зүгээр л дугуйлаад хайх боломжтой Circle to Search функцүүдийг танилцуулж байв. Харин энэ удаа Самсунгийн хуучин Bixby туслах албан ёсоор Gemini AI-д зайгаа тавьж өглөө.
Өмнөх жилээс улам ухаалаг болсон Galaxy утаснуудад ашиглагдах Gemini AI-ийн онцлох боломжууд:
- Now Brief: Өглөө бүр цаг агаар, нойрны чанар, өдрийн төлөвлөгөө зэрэг чухал мэдээллүүдээ нэг дороос харах цонх
- Personal Data Engine: Хэрэглэгчтэй холбоотой бүх мэдээллийг боловсруулж, дараагийн үйлдлийг таамаглах, санал болгох хувийн өгөгдлийн систем
- Cross App Actions: Gemini AI Самсунг болон Google-ийн үндсэн аппуудтай хоршин ажиллаж тэднийг удирдана. Жишээ нь YouTube бичлэгийн ард явж байгаа дууны нэрийг мэдэхийн тулд унтраах/асаах товчоо удаан дарж Gemini AI-ийг дуудахад л хангалттай.
- Audio Eraser: Дүрс бичлэг дээрх салхи, байгаль, орчин зэрэг дуу чимээг хүссэнээрээ намсгах, чангалах боломж
Ухаалаг гар утас
Unpacked арга хэмжээний гол дүр нь Galaxy S25 загвар байдаг. Galaxy цуврал бол дэлхийд гэлтгүй монголд ч ухаалаг утасны давлагааг улам хүчтэй болгосон шилдэг цуврал билээ. Тэд энэ удаа 2-р сарын 7-ноос захиалагчдын гарт хүрч эхлэх дараах гурван хувилбарыг танилцуулав:
- Galaxy S25 Ultra: Эхлэх үнэ 1,299 доллар
- Galaxy S25 Plus: Эхлэх үнэ 999 доллар
- Galaxy S25: Эхлэх үнэ 799 доллар
Түүнчлэн тун нимгэн бөгөөд авсаархан Galaxy S25 Edge загварын жишээ хувилбарыг ч албан бусаар сонирхуулсан юм. Уг загварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.
Шинэ чип: Qualcomm-той хамтран бүтээсэн Snapdragon 8 Elite for Galaxy загварын чип S25-ийн бүх загварт бий. Энэ бол хиймэл оюун ухаанд зориулсан хамгийн хүчирхэг чипүүдийн нэг билээ. Үүний ачаар зураглалыг 40 хүртэлх хувиар нэмэгдүүлэх ProScale технологи тэргүүтэй олон шинэ дэвшил бий болох юм. Шинэ чипээс гадна бүх загварын шуурхай санах ой нь 12GB болж нэмэгдсэн бөгөөд 128GB-1TB хүртэлх багтаамжтай.
Шалгарсан Ultra: Самсунгийн урдаа барьдаг S цувралын тэргүүлэх хувилбар бол Ultra. Энэхүү загвар нь тухайн жилдээ ухаалаг утасны салбарт стандарт тогтоож, Apple-ийн iPhone, Google-ийн Pixel зэрэгтэй энэ тэнцүү өрсөлддөг билээ. S25-ийн Ultra хувилбарын үзэмж нь өмнөх жилээсээ бага зэрэг өөрчлөгдөж, ирмэг нь илүү хавтгай, булангууд нь бусад загвар шигээ дугариг болов. Ингэснээр хүрээний хэмжээ багасаж, дэлгэц үл ялиг томрон 6.9 инч болжээ. Мөн дэлгэц нь өмнөх загвараасаа илүү бат бөх, гялбаа болон зурагдах эрсдэлийг ихээхэн бууруулах Corning's Gorilla Armor 2 шилээр бүрхэгджээ.
Шилдэг камер: Самсунгийг зөвхөн камераас нь болж авдаг хэрэглэгч нар цөөнгүй. Энэ жил Ultra хувилбарын хэт өргөн өнцгийн камер нь 50MP болон ихсэж, макро болон микро зургийн нягтшил нэмэгдсэнээс өөрөөр биет өөрчлөлт орсонгүй. Харин шинэ чипийн тусламжтай олон дэвшил гарчээ. Юун түрүүнд дүрс бичлэгийг илүү мэргэжлийн түвшинд буюу Log дүрслэлээр бичих боломжтой болсон. Түүнээс гадна виртуал өрцтэй (Virtual Aperture) болсноор зураг авахдаа үндсэн дүрийг арын хэсгээс ялгах, орчныг бүрсийлгэхэд хялбархан болжээ.
Сэтгэгдэл бичих

