Өдгөө дэлхийн нийт усны 90 орчим хувийг хөдөө аж ахуй, газар тариалан, аж үйлдвэрлэлийн салбарт ашиглаж байна. Үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн хөгжингүй орнууд хэрэглэсэн усныхаа 70 хүртэлх хувийг дахин цэвэршүүлснээр эргэлтэд оруулж байгаа бол хөгжиж буй орнуудад энэ үзүүлэлт дөнгөж найман хувьтай байгаа нь дэндүү чамлалттай тоо юм.

Харин Монгол Улсын тухайд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд 2030 он гэхэд иргэн бүрээ ундны аюулгүй, боломжийн үнэтэй усаар хангах, хаягдал усныхаа 60 хувийг дахин цэвэршүүлдэг болох зорилго тавин ажиллаж буй. Хэрэв бид хаягдал усаа дахин боловсруулж, цэвэрлэдэг болж чадвал хүлэмжийн хийн ялгарлын гуравны нэгийг бууруулах боломжтой.

Тиймдээ ч бид энэ удаагийн нийтлэлээрээ хаягдал усыг дахин ашиглахын ач холбогдол хийгээд үйлдвэрлэлд хэрэглэсэн усаа дахин цэвэршүүлж, эх дэлхийгээ хайрлаж буй сайн жишээг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ.


"Дэлхийн түүхэнд дайн дажинд үрэгдсэн нийт хүмүүсийг 10 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирлыг усны хомсдол учруулах аюултай"

Луй Фашон

цэнхэр "эрдэнэ"-ийн тухай цөөн хэдэн үг 

Ус бол амьдралын эх ундарга, амьд байгалийн эрчим. Хэзээ ч дуусашгүй мэт баялаг мэт боловч хүн төрөлхтний зүй зохистой хэрэглээнээс хамааран ирээдүй нь шууд тодорхойлогдох тун эмзэг эрдэнэ.

Ундны усны хомсдолын улмаас олон сая хүн бохир ус хэрэглэж, булчин задрах тахал, цусан суулга, хижиг, халдварт саа өвчнөөр хэдэн зуун мянгаараа өвчилж буй тухай мэдээ өдөр тутам чихэнд сонсогддог ч биднээс алс хол асуудал мэт хайхрахгүй байгаа нь нууц биш.

Гэвч бодит байдал дээр Монгол Улс цэвэр усны нөөц багатай орны тоонд багтдаг болохыг бид санах учиртай. Монголчууд хэрэглээний усныхаа 80 орчим хувийг газар доорх усаар хангадаг бөгөөд дээрх нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа урттай байдгаараа онцлог.

Манай улсын үйлдвэрлэлийн усны жилийн хэрэглээ 400-500 сая шоо метр байдаг гэх судалгаа бий. Бид нийт усныхаа 84 хувийг эрчим хүч, уул уурхай, газар тариалан, барилга гэх мэт үйлдвэрлэлд ашигладаг. Хүн амын хэт төвлөрөлт болон үйлдвэрлэлийн эрчимжилтээс шалтгаалан ойрын жилүүдэд энэ тоо 20-30 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.

Тийм ч учраас бид нэн даруй хэрэглэсэн цэвэр усаа дахин цэвэршүүлж, саарал ус болгох технологийг нэвтрүүлэн усны хэрэглээгээ зүй зохистой болгох шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулсаар буй. Жил ирэх тусам нөөц нь улам багасаж буй ундны усаараа угаалга хийж, машинаа угаан, зүлгээ услах нь дэндүү үрэлгэн явдал биш гэж үү?



аль салбар хамгийн их ус хэрэглэдэг вэ?

Аль ч үйлдвэрлэлийн салбарт ус бол амин чухал түүхий эд бөгөөд усны менежментгүйгээр ямар ч үйлдвэр ажиллах боломжгүй. Хамгийн их ус ашиглаж буй үйлдвэрлэлийн салбаруудыг жагсаавал:

Хөдөө аж ахуй

Дэлхийн цэнгэг усны 70% нь хөдөө аж ахуйн салбарт ашиглагддаг. Улаан буудай, эрдэнэ шиш, будаа, хөвөн, чихрийн нишинги хамгийн их усалгаа шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнүүд юм.

Загварын салбар

2017 оны судалгаагаар хувцас загварын салбарт ганцхан жил хэрэглэгдэж байгаа усны хэмжээ нь Олимпийн стандарт бүхий 32 сая усан санг дүүргэх хэмжээний усыг хэрэглэдэг гэсэн дүн гарчээ. Харамсалтай нь, 2030 он гэхэд энэ салбарт хэрэглэх усны хэмжээ одоо байгаагаас даруй 50 хувиар өсөх аж.

Эрчимжсэн мал аж ахуй

Эрчимсэн мал аж ахуй, махны зориулалттай шувууны аж ахуй нь хүнсний бүтээгдэхүүнүүд дундаас хамгийн их ус зарцуулдаг нь юм. Наад захын жишээ л гэхэд, 1кг гахайн мах бид оройн хоолондоо шарж идэх үед 6000 литр усыг давхар хэрэглэдэг байх нь... Бүх төрлийн махан дундаас үхрийн махыг боловсруулахад 15,500 литр буюу хамгийн их ус зарцуулдаг байна.



хаягдал усны ач холбогдол

Нийслэлчүүдийн усны хоногийн хэрэглээ 180 мянга гаруй шоо метр. Үүний 51.4 хувь нь дахин ашиглах боломжтой буюу саарал ус гэдгийг салбарын мэргэжилтнүүд тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, хоногт 90 мянган шоо метр усаар зам талбай, автомашинаа цэвэрлэж, ногоон байгууламжаа тэтгэж, цаашлаад өрхүүдийн дулааны асуудлыг ч шийдэх боломжтой. Гэвч бид энэ усаа хий дэмий урсгасаар л...

Шууд цэвэрлэх байгууламж руу урсгасан хаягдал бохир ус нь цэвэршүүлсэн бохир устай харьцуулахад гурав дахин их хэмжээний хүлэмжийн хийг ялгаруулдаг тул хаягдал усыг зөв ашиглах нь байгаль орчинд төдийгүй хүн амын эрүүл мэндийг хамгаалах чухал алхам юм.

Сайн мэдээ гэвэл сүүлийн жилүүдэд уул уурхай болон хүнсний салбарт үйл ажиллагаа эрхэлж буй зарим компани хэрэглэсэн усаа дахин цэвэршүүлсний дараа тоосжилт дарах, зүлэг, мод услах, тоног төхөөрөмж хөргөх, угаалга цэвэрлэгээнд, гал түймэр унтраах зэрэгт өргөнөөр ашиглаж байна. Тухайлбал, энэ чиглэлд сайн туршлага хуримтлуулж буй "М-Си-Эс Кока-Кола" компанийн хувьд хаягдал ус цэвэршүүлэх байгууламжаа 2010 онд ашиглалтад оруулж, хүнсний үйлдвэрүүд дундаас анхдагч болжээ.

Тус байгууламж нь хоногт 2000 тонн хаягдал усыг биологийн болон MBR технологийн дагуу шүүн цэвэршүүлдэг байна. Загас амьдрах хүртэл түвшинд цэвэршүүлдэг учраас Монгол Улсын хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт болох MNS 4943:2015 стандартад бүрэн нийцжээ.



саарал усаар юу хийж болох вэ?

"М-Си-Эс Кока-Кола" компани нь дээрх цэвэршүүлсэн усаа үйлдвэрийнхээ ногоон байгууламжийг услахад болон түгээлтийн машинуудаа угаахад ашигладаг байна. Мөн "Нийслэлийн хот тохижилтын газар", "Эвт чулуу" ХХК, "Бат-Өндөр Хайрхан" ХХК, БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63-р анги болон Хот тохижилтын компаниудад нийлүүлэн ногоон байгууламж услах болон бусад төрлийн үйл ажиллагаанд үнэ төлбөргүй ашиглуулж, цэвэр усны нөөцийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа аж.


"Эвт Чулуу" ХХК цэвэршүүлсэн ус ашиглан бетон зуурмагийн машины угааж буй нь

Плейтаймын талбайг усалж байгаа "Бат-Өндөр Хайрхан" ХХК-ын усалгааны машин

Ташрамд дурдахад, "М-Си-Эс Кока-Кола" компанийн хамт олон энэ жил "Плейтайм"-ын талбайг ногоон болгох зорилгоор фестивалийн турш өөрсдийн 99.9 хувийн цэвэршүүлсэн хаягдал усаар "Монгол шилтгээн"-ий талбайн тоосжилтыг дарж, хөрсийг чийгшүүлэн ая тухтай наадах нөхцөлийг залууст бүрдүүлж өгөх гэнэ шүү. Өөрөөр хэлбэл жил жилийн наадмын өдрүүдэд хүмүүсийг бухимдуулдаг пургисан тоос, шорооны асуудлыг энэ жил та мартаж болох нь ээ.

Түүнчлэн, хог хаягдалгүй "ногоон" Плейтайм зорилгын хүрээнд энэ жил "М-Си-Эс Кока-Кола"-ийнхан хуванцраа ангилан хаяхын ач холбогдлыг залууст таниулахын сацуу наадмын үеэр ч хуванцар сав ангилан хаях, цуглуулах ажлыг зохион байгуулах юм. Та уусан ундааны саваа тусгай тэмдэглэгээтэй хогийн саванд хаяхад л таны хэрэглэсэн хуванцар хог болж газарт булагдах бус боловсруултанд орж, дахин амьдрах болно.