1 гол сэдэв

Юу болов?

Монтана мужид TikTok-ийг хориглосноор тус апп-ийг ашиглахыг хориглосон АНУ-ын анхны муж болов. 2024 оны 1-р сарын 1-ээс хэрэгжих уг шийдвэрийн хүрээнд тэд Apple Store, Google Play-д шаардлага хүргүүлж, газарзүйн байршлаар татах эрхийг хязгаарлахаар зорьж байна. Гэхдээ TikTok ашиглаж буй иргэдэд ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй гэнэ.

Яагаад?

Зөвхөн АНУ-аас л гэхэд 150 сая гаруй хэрэглэгчтэй болсон TikTok-ийг Америкийн хууль сахиулагчид "үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөхүйц" шинжтэй хэмээн үзэж, олон талаар хавчин боосоор буй. Хятадын засгийн газартай нягт харилцаатай ажилладаг, хэрэглэгчдийн хувийн датаг хуваалцдаг зэрэг олон тайланг тэд гаргасаар буй. Энэ оны эхээр тус компанийн CEO Шоу Зи конгрессийн танхимд нээлттэй сонсголд оролцож, дээрх бүх асуултыг няцаасан ч тэр нь хангалттай байсангүй.

Одоо яах вэ?

Гэхдээ Монтанад батлагдсан уг хууль тийм ч урт настай байхгүй бололтой. Tус мужийн TikTok хэрэглэгчид нэгдэн энэхүү шийдвэр нь "хүний эрхэд халдсан" хэмээн шүүхэд хандсан байна. Эдгээр хэрэглэгчид мөн ард иргэдийг дуу хоолойгоо нэгтгэж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг хязгаарлалаа хэмээн мужийн удирдлагыг буруутгажээ. Тэрчлэн уг платформоор дамжуулан орлого олдог контент бүтээгчид, жижиг бизнес эрхлэгчдийн санхүүгийн байдалд шууд заналхийлэл учрууллаа хэмээн тодотгосон байна.

ОНЦЛОХ ЭВЕНТ: DEVSUMMIT 2023

Монголын мэдээллийн технологийн хөгжүүлэгчдийн хамгийн том цугларалт DevSummit 2023 ирэх долоо хоногт явагдах гэж байна. Жил бүр салбарын лидерүүд, гол тоглогчид, нийт оролцогч талууд хамгийн олноороо нэгдэж, асуудал шийдлээ ярилцан, хамгийн сүүлийн үеийн чиг хандлагын талаар ярилцдаг уг арга хэмжээ энэ удаад 2 өдөр явагдана гэдгээрээ онцлогтой. Энэ жилийн үндсэн сэдэв мэдээж хиймэл оюун.

Тасалбар дуусах дөхөж байгаа тул та яараарай. DevSummit 2023: Хөгжүүлэгчдээс хөгжүүлэгчдэд

Дэлгэрэнгүй мэдээллийг: ЭНДЭЭС

Тасалбарыг: ЭНДЭЭС

2 чухал тоо

1.783.232 - 2022 оны эцэс гэхэд Apple Store-д нийт 1.7 сая апп бүртгэгдсэн байсныг шинэ тайлан харууллаа. Анх удаа ил болгосон энэ тооноос гадна тэд нийт 1.6 сая апп-ыг тодорхой шалтгаануудын улмаас байршуулахаас татгалзсан гэдгээ ил болгожээ.

26 - АНУ, Канад, Мексик улсыг дамнан зохиогдох 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ албан ёсны лого, брэндингээ танилцууллаа. Тэмцээнийг хүлээн авах 16 хотод зориулан 16 өөр зохиомж, өнгө бүхий логогоороо тэд олон талт байдлыг илтгэхийг зорьсон гэнэ.

3 онцлох өгүүлбэр

I. Microsoft-ийн аварга наймааг 37 орон зөвшөөрлөө.

- Microsoft видео тоглоомын салбарыг донсолгож, Activision Blizzard-ийг 69 тэрбум доллараар худалдан авах болсноо өнгөрсөн жилийн нэгдүгээр сард анх зарласан. Гэсэн ч тэр цагаас хойш олон улсын хууль сахиулагчид уг наймааг шударга өрсөлдөөн, монополийн шинж чанартай гэж үзэн нарийвчилсан шинжилгээ хийсээр байгаа юм. Sony тэргүүтэй өрсөлдөгчид нь ч удаа дараалан гомдол гаргасаар байгаа.

- Тэгвэл энэ долоо хоногт тэд хоёр дараалсан чухал ялалтыг байгуулж чадлаа. Энэ бол Европын холбоо болон Хятад улс. Ингэснээр тэд уг хэлцлээ нийт 37 улсад зөвшөөрүүлж, урагшлуулах боломжтой болж байгаа юм. Үүнээс өмнө Япон, Бразил, ӨАБНУ зэрэг томоохон зах зээлүүд шинэ нэгдлийг албан ёсоор зөвшөөрөөд байсан юм.

- Энэ сарын эхээр Их Британи улс хориг тавьсан нь гэнэтийн шийдвэр болсон. Microsoft-ийн хувьд хэдийнээ давж заалдана гэдгээ мэдэгдэж, бүр Их Британиас бүр мөсөн гарах боломжтойг ч сануулсаар байгаа. Өөр нэг гол зах зээл болох АНУ-ын хувьд наймдугаар сард шийдвэрээ танилцуулах төлөвтэй байгаа билээ.


II. Twitter И.Маскийн удирдлага дор анхны наймаагаа хийлээ.

- Энэ бол Laskie хэмээх нэртэй ажлын байрны платформ. И.Маскийн хувьд зөвхөн сошиал медиагаас гадна онлайн худалдаа, төлбөр тооцоо зэрэг өдөр тутмын бүхий л хэрэгцээг хангасан супер апп бүтээх амбицтай байгаа. Түүний төлөвлөгөөнд ажлын байр санал болгох ч багтсан бололтой.

- 2021 онд байгуулагдсан Laskie 6 сая доллар босгоод байв. Одоогоор хэлцлийн эцсийн үнэ тодорхойгүй байгаа ч ажил олгогчид, ажил горилогчдыг холбох технологи хөгжүүлэгчдийг "хэдэн арван сая доллараар" үнэлсэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Тус стартапыг үүсгэн байгуулагч К.Бакке ижил салбарт байгуулсан компаниа Indeed-д зарж байсан туршлагатай нэгэн гэнэ.

- Шинэ CEO-оо зарлаад удаагүй байгаа Twitter-ийн хувьд өнгөрсөн долоо хоногт дуут мессежийн функцээ танилцуулав. Одоогоор туршилтын горимд байгаа энэ нэмэлт нь хэрэглэгчдэд аудио бичлэгээ бичин DM-ээр илгээх боломжийг олгоно. Мөн сарын төлбөр төлж, цэнхэр тэмдэгт эзэмших болсон буюу Twitter Blue-ийн хэрэглэгчид 2 цаг хүртэлх урттай бичлэг тавих боломжтой болсон нь онцлох мэдээ болжээ.


III. Instagram текст суурьтай сошиал медиа апп хөгжүүлж байна.

- Meta-ийн Twitter-тэй өрсөлдөхөөр бүтээж буй шинэ апп-ын анхны мэдээлллүүд ил боллоо. P92 болон Барселона гэсэн код нэртэйгээр хөгжүүлэгдэж буй текст суурьтай уг апп-ын анхны дизайн Twitter-тэй маш төстэй болсныг шинжээчид баталж байна.

- Уг апп-д хэрэглэгчид Instagram-ийн нэр, имэйлээрээ шууд нэвтрэх боломжтой бөгөөд дагагчид нь шууд дагаж тооцогдоно гэдгээрээ онцлогтой. Хэрэглэгч нэг удаад 500 хүртэлх тэмдэгтэд багтаан текст бичихээс гадна зураг, бичлэг, линк хавсаргах боломжтой гэнэ.

- Instagram-ийн хувьд шинэ апп-аа хэдийнээ реклам нийлүүлэгчдэд санал болгоод эхэлсэн. Тэд ирээдүйд уг апп-ыг блокчэйн суурьтайгаар хөгжүүлж, хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгийн эхэнд эрхэмлэсэн байдлаар зах зээлд байршуулах зорилготой байгаа ажээ.

4 мэдүүштэй зүйл

Шинэ чип: Meta хиймэл оюунд зориулан загварчилсан шинэ чип бүтээж эхэлснээ зарлалаа. Энэ нь тэдний хувьд өөрсдийн бие даан бүтээж буй анхны чипийн нэр нь MTIA байх гэнэ.

Реклам хөгжүүлэгч: Google хиймэл оюуныг онлайн орчинд хамгийн төгс реклам бүтээхэд ашиглахыг хүсэж байна. Тэд хэд хэдэн моделийг ашиглан зар сурталчилгаа нийлүүлэгчид, бүтээгчдэд гарын авлага болох хэрэгслийг бүтээж, түүгээрээ дамжуулан орлогын эх үүсвэрээ улам нэмэгдүүлэхийг зорьж байгаа гэнэ. Үүгээр зогсохгүй Meta, Amazon зэрэг компаниуд ч ижил төстэй бүтээгдэхүүн дээр ажиллаад эхэлжээ.

Хайлт шинэчлэгч: Amazon хиймэл оюун суурьтай чатботын "дайнд" нэгдэн орлоо. Тэд өөрсдийн онлайн худалдааны платформынхоо хайлтын системийг бүрэн шинэчлэх зорилгоор AI технологи хөгжүүлэх баг бүрдүүлж эхэлжээ. Шинэ баг нь дуу хоолойгоор болон текстээр хийх хайлтыг төгөлдөржүүлэх зорилготой гэнэ.

Робот бүтээгч: Alphabet-ийн эзэмшдэг роботын технологи хөгжүүлэгч Intrinsic анхны бүтээгдэхүүнээ танилцууллаа. Энэ бол хөгжүүлэгчдэд зориулсан веб суурьтай Flowstate хэмээх програм. Үүний тусламжтай хөгжүүлэгчид илүү хялбар бөгөөд дэвшилтэт байдлаар шинэ роботын загвар турших, угсрах, бүтээх боломжтой болох юм.

5 сонин хачин

1. "Fast and Furious"-ийн ертөнцийн аравдугаар анги "Fast X" бокс оффисын гол дүр байлаа. Гэхдээ нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 220 сая долларын орлого олсон нь франчайзын түүхэнд 7-д бичигдэх үзүүлэлт юм. Тус кино зөвхөн маркетингдаа 100 сая доллар, нийт 440 сая долларын өртөгтэй бүтээгдсэн билээ.

2. NASA 2029 онд саран дээр газардах Artemis төслийн хамгийн гол хамтрагчдынхаа нэгээр Blue Origin-ийг сонголоо. 3.4 тэрбум долларын төсөвтэй шинэ хамтралын хүрээнд Blue Origin сансрын нисгэгч тээвэрлэх хөлгийг бүтээх учиртай. Тэднээс гадна SpaceX хүн тээвэрлэх хөлөг бүтээхээр шалгараад байгаа билээ. Ташрамд дурдахад, Blue Origin-ийг Amazon-ийг үүсгэн байгуулагч Ж.Бэйзос байгуулсан билээ.

3. 1992 онд анх гарсан цагаасаа хойш үе үеийнхний хамгийн хайртай тоглоом болсон Mortal Kombat-ийн түүх дахин шинээр эхэллээ. 2 жилийн өмнө Mortal Kombat 11-ийн түүх бүрэн дууссаны дараа цоо шинэ ертөнцөд дахин үргэлжлэх шинэ үйл явдал бүхий тоглоом наймдугаар сард хэрэглэгчдийн гарт хүрэх аж.

4. OpenAI технологийн ертөнцийг доргиож буй ChatGPT-ийн гар утасны үнэгүй аппликэйшнийг танилцууллаа. Одоогоор уг апп зөвхөн App Store-д л нээлттэй байгаа бөгөөд Android хувилбарыг ойрын хугацаанд гаргана гэв. Уг апп нь тухайн бүртгэлтэй хэрэглэгчийн вебд хийсэн хайлт, харилцан үйлдлийг шууд гар утас руу хадгалан хөрвүүлнэ гэдгээрээ онцлогтой юм.

5. iPhone тун удахгүй эзнийхээ хоолойгоор ярьдаг, харьцдаг болох гэнэ. Хэрэглэгчид ердөө 15 минутын хугацаанд санамсаргүй олгогдсон текстийг уншиж, шинэ функцийг сургаж ашиглах боломжтой болно гэнэ. Үүнээс гадна текстийг яриа болгох зориулалттай "Live Speech" нэртэй нэмэлтээ энэ онд багтаан танилцуулахаа мэдэгдэв. Эдгээр нь хэл ярианы бэрхшээлтэй хүмүүсийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой багц шинэчлэлийн нэг хэсэг байх ажээ.

10 уншууртай мэдээ

Анхаарах: G7-ийн уулзалтын эргэн тойронд /BBC/

Зочлох: 34 жилийн настай сошиал медиа платформ /MIT Technology Review/

Ухах: Дэлхийг эгнэгт өөрчилсөн этернетийн түүх /The Verge/

Судлах: ChatGPT-ийг хакердах боломжтой юу? /Wired/

Гайхах: Оффис руу буцах зам /WSJ/

Мэдэх: Adidas Yeezy-ийн үлдэгдлийг зарна /CNBC/

Үзэх: Каннын наадмын эргэн тойронд /NYTimes/

Бахдах: Монголын эртний нийслэлийг тольдох нь /CNN/

Ойлгох: Сонгуульд нөлөөлөх Диснейн маргаан /Vox/