1 гол сэдэв
Юу болов?
Binance халдлагад өртөж, 6 тэрбумын хохирол амсчээ. Энэ бол крипо салбарын түүхэнд гарсан хамгийн том халдлага болж байна. Дэлхийн хамгийн том крипто бирж пүрэв гарагт хакеруудын халдлагад өртөж, 6 орчим тэрбумын хохиролд өртжээ. Биткойны ханш энэ мэдээний дараагаар 5%-аар буурав.
Одоо яах вэ?
Binance-ийн хувьд хөрөнгө байршуулах, татан авах үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, 3 тэрбум орчмын хөрөнгийг битүүмжилжээ. Тэд BTC, ETH, BNB тэргүүтэй крипто хөрөнгийн хохирлын 90%-ийг аль хэдийн нөхөн барагдуулсан гэдгээ мэдэгдэв. Мөн ойрын хугацаанд биржийн хэвийн үйл ажиллагааг хангана гэдгээ амлав.
Хэн буруутай вэ?
Энэ халдлага 2025 онд Хойд Солонгосын Lazarus бүлэглэл өөр нэг томоохон бирж ByBit-ээс 1.5 тэрбум доллар хулгайлсантай ижил зарчмаар явагдсан гэнэ. Гэхдээ уг халдлагыг Хойд Солонгосуудтай холбоотой гэдгийг хараахан батлаагүй байгааг анхаарах хэрэгтэй. Зарим эх сурвалжууд уг халдлагыг дотоодын хөгжүүлэгчид үйлдсэн байх магадлалтай хэмээн үзэж байна.
2 чухал тоо
60,000: Microsoft 60 мянган ажилтандаа сайн дураар халагдах боломж олгожээ. Энэ бол тус компанийн нийт ажиллах хүчний 27%-тай тэнцэх үзүүлэлт юм. Тэд АНУ, Канад, Энэтхэг болон Их Британид ажиллаж буй ажилчдадаа 6 сарын цалин болон бусад хангамжуудаа авч, ажлаас халагдах нөхцлийг санал болгож байгаа гэнэ. Microsoft-ийн хувьд AI-ийн нөлөө, түүнтэй холбоотой зардалтай холбоотойгоор бүтцийн өөрчлөлт хийж байгаа нь энэ юм.
6: “Pro and Tell” нэртэй эвентийн үеэр Apple хэд хэдэн шинэ компьютерээ зарлалаа. Дэлхийн хамгийн хурдан гэсэн тодотголтой шинэ iMac нь M6 чипээр тоноглогдож, өмнөх загвараасаа 30%-аар хурдан болж, AI-ийг ачааллах хурд нь 25%-аар нэмэгджээ. Харин 14 инчийн MacBook Pro нь мөн M6 чиптэй болж, 24 цагийн батарейтай болжээ. Мөн өмнө нь байгаагүй хэд хэдэн холболтын оролттой болж, түргэн цэнэглэгчтэй болсон байна.
Дэлгэрэнгүйг: Мэдрэгчтэй MacBook Pro-ийн талаар мэдэх ёстой бүх зүйлс
Unread
3 онцлох өгүүлбэр
I. Лула да Силва дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдлоо
- Бразилын ерөнхийлөгч Лула да Силва хоёрдугаар шатны санал хураалтад гайхалтай эргэн ирэлт хийн ялалт байгууллаа. Тэрээр эхний шатанд ялагдал хүлээсэн гол өрсөлдөгч Ф.Болсонаруг эцсийн мөчид гүйцэж, нийт сонгогчдын 51.7%-ийн саналыг авч чадсан байна. Өмнө нь эхний шатанд ялагдсан улстөрч ерөнхийлөгчөөр сонгогдож байсан тохиолдол гарч байгаагүй гэнэ.
- Өдгөө 81 настай Лула 2003 онд анх ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Тэрээр 12 жилийн дараа улс төрд эргэн ирж, 2023 онд дахин сонгуульд ялалт байгуулж байсан удаатай. Тэгэхдээ тэрээр энэ жилийн өрсөлдөгч Флавиогийн аав Жаирыг ялж байжээ.
- Флавиогийн хувьд сонгуулийг будлиантай явагдсан, хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн даруйдаа Америкийг зорин зугтсан байна. Сонгуулийн хорооноос санал хураалт дуусах хугацааг 2 цагаар сунгах шийдвэрийг гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл байж болзошгүйг олон улсын шинжээчид анхааруулж байна.
II. Antrophic дэлхийн хамгийн том IPO-ийг зарлалаа
- Хиймэл оюуны зах зээлийн гол тоглогчдын нэг Antrophic удтал хүлээлгэсний эцэст нээлттэй компани болох хүсэлтээ албан ёсоор гаргалаа. 2 их наядын үнэлгээтэйгээр 100 тэрбум доллар босгох IPO энэ оны төгсгөлд явагдана.
- 2021 онд байгуулагдсан тус компанийн энэ оны эхний хагасын орлого 16 тэрбум доллар байжээ. Гэхдээ 2026 оны гуравдугаар улиралд түүнээсээ давсан буюу 16,8 тэрбумын орлоготой ажиллажээ. Гэсэн ч алдагдал нь 80 тэрбум байсан нь тайлангаас ил болов. Тэд ирэх жилүүдэд ч алдагдалтай ажиллах хүлээлттэй байна.
- Тэд 2033 он хүртэл Google болон Amazon-тай нийт 225 тэрбум долларын гэрээ байгуулснаа гол баталгаа хэмээн онцлов. Одоогоор жилд хамгийн багадаа 100 мянган доллар зарцуулдаг 12 мянган харилцагчтай байгаагаа жил бүр 100% нэмэгдүүлэх зорилго дэвшүүлсэн байна. Тэдний гол бүтээгдэхүүн Claude-д сар бүр тогтмол төлбөр төлж буй хэрэглэгчдийн тоо 67 саяд хүрчээ. Одоогоор тус бүтээгдэхүүн хэрэглээгээрээ AI-ийн зах зээлд ChatGPT, Gemini-ийн ард гуравдугаарт бичигдэж байгаа ч хөгжүүлэгчдийн хамгийн их ашиглаж байгаа хэрэгсэлд тооцогдож байгааг мартаж болохгүй.
III. Технологийн компаниуд улирлын тайлангаа танилцууллаа
- Microsoft 10 улирал дараалан орлогын рекордоо эвдлээ. Microsoft Cloud буюу Azure-ийн борлуулалтын орлого 30%-аар нэмэгдэж, 33 тэрбумд хүрсэн нь гол амжилт байв. Харин Microsoft 365-ийн орлого 28 тэрбумд хүрчээ.
- Meta-ийн орлого 26%-аар нэмэгдэж, 64 тэрбумд хүрчээ. Тэд мөн AI дэд бүтцээ сайжруулах зорилгоор 90 тэрбум доллар шинээр босгоно гэдгээ зарлав.
- Alphabet-ийн зардал 205 тэрбум доллар болон нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдад таалагдсангүй. Тус компанийн хувьцааны ханш 13%-аар буурч, нэг өдрийн дотор үнэлгээ нь 500 тэрбумаар буурав.
- Amazon-ийн орлого 201 тэрбум байсан нь шинжээчдийн таамаглалд хүрсэнгүй. Гэсэн ч AWS-ийн орлого 45 тэрбум долларт хүрч, зах зээл дэх тэргүүллээ хадгалж чадлаа.
- Intel-ийн хувьцааны ханш 1974 оноос хойшхи хамгийн том уналтаа амсаж, үнэлгээ нь 29%-аар буурлаа. Энэ бол 10%-ийг эзэмшигч АНУ-ын засгийн газар нэг өдрийн дотор 12 тэрбумын алдагдал хүлээсэн гэсэн үг. Үүнд тус үйлдвэрийн Израйл дахь үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон нь хамгийн хүндээр нөлөөлжээ.
- Reddit-ийн орлого 1 тэрбум болж, өмнөх жилтэй харьцуулахад 53%-аар нэмэгдсэн. Гэвч тус компанийн нийт хандалт буурсан нь сөрөг мэдээ болж, хувьцааны ханш нь 29.2%-аар уналаа. Энэ бол тус компанийн түүхэн дэх хамгийн том уналт юм.
4 мэдүүштэй зүйл
Засаглалын хямрал: Польшийн ерөнхий сайд болон ерөнхийлөгчийн хоорондох шүүх засаглалын эрх мэдлийн төлөөх тулаан хурцадлаа. Үндсэн хуулийн шүүхэд хамгийн олон жил ажиллаж буй шүүгч А.Корвин-Пиотровска шүүхийн дарга Б.Свенчковскийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдсэн нь олон нийтийн анхааралд өртөв. Хэт барууны улс төрчид ерөнхий сайд Д.Тускийг Үндсэн хуулийн шүүхийн эсрэг төрийн эргэлт хийж байна хэмээн буруутгаж, шүүхийн байрны гадаа жагсаж эхэлжээ. Сенегалд албан айлчлал хийж байсан ерөнхийлөгч К.Навроцкий тэр даруй айлчлалаа зогсоож, эх орондоо эргэн ирсэн байна. Одоогийн ерөнхийлөгч, үндсэрхэг үзэлт К.Навроцкий 2025 онд үүрэгт ажилдаа орсноос хойш парламентаас дээд шүүхэд нэр дэвшүүлсэн 6 шүүгчийн гурвыг нь тангараг өргүүлэхээс татгалзсан юм. Европын талыг баримтлагч Д.Тускийн хувьд шүүхийн шинэчлэл хийхийг эрмэлзэж, өөрийн хамтран зүтгэгч М.Берекийг шүүхийн гишүүнээр томилуулж чадсан ч бүрэн хяналтаа тогтоож чадахгүй л байгаа билээ.
Гайт осол: Мадридын ойролцоох төмөр замд хурдны галт тэрэг мөргөлдсөнөөр амиа алдсан хүмүүсийн тоо 70-д хүрлээ. Ослын шалтгаан эцэслэн гараагүй байгаа ч холбооны системд доголдол гарч, мэдээллийн зөрүү үүссэнээр зогсоолд зогсож байсан галт тэргийг өөр нэг галт тэрэг араас нь ирж мөргөжээ. Энэ оны эхээр мөн ижил осол гарч 46 хүн амиа алдаад байсан билээ. Испани даяар 3 хоногийн гашуудал зарлаад байна.
Түрэмгий жагсаал: Европ даяар өрнөж буй Z үеийнхний жагсаал Германд үргэлжилж, дээрэм тонуулаар дүүрэн эмх замбараагүй байдалд хүрчээ. Сүнсний баяртай давхцан явагдсан жагсаалд 30 гаруй хотод 50 мянга орчим хүн жагссан нь тооцоолсноос бага дүн байсан. Гэсэн ч амьжиргааны өртгийг бууруулж, боловсролын салбарт хөрөнгө оруулалт нэмэхийг шаардсан жагсаалын төгсгөлд нүүрээ халхалсан этгээдүүд дэлгүүр, албан байгууллагыг дээрэмдэж, хэд хэдэн газрыг галдан шатаажээ. Үүнтэй төстэй зураглал Итали, Францад ч мөн үргэлжилсэн билээ. Сонирхуулахад, Сербид залуусын үүсгэн байгуулсан “Оюутнуудын жагсаалт” нэртэй нам тус улсын улс төрд олон жил ноёрхсон А.Вүчичийг ялсан нь онцлох үр дүн байлаа.
Тагнуулын дуулиан: Дэлхийн хамгийн том үнэлгээтэй компани Nvidia-ийн үүсгэн байгуулагч Ж.Хуанг Хятадын тагнуулын байгууллагын хараанд өртсөн байж боlзошгүй гэнэ. Түүнтэй Тайван, Хятадад хамт явж байгаа зурагт өртөж байсан, ойрын харилцаатай гэгдэх Алис Хуанг нэртэй эмэгтэй Бээжинд мэдээлэл дамжуулж байсан баримт олджээ. Nvidia энэ мэдээг няцааж, зохицуулагчидтай хамтран ажиллана гэдгээ мэдэгдэв.
5 сонин хачин
1. A24-ийн бүтээсэн баримтат кино нээлтээ хийснээс хойш гурав дахь долоо хоногтоо бокс оффисыг тэргүүллээ. Уг бүтээл зөвхөн Хойд Америкийн зах зээлээс л гэхэд 56 сая долларын орлого олжээ. 3 жилийн хугацаанд бүтсэн уг баримтат кинонд дусал цусаар бүрэн шинжилгээ хийх технологийг амалж байсан Theranos-ийн үүсгэн байгуулагч Э.Холмесийн талаар өгүүлдэг. Э.Холмес хөрөнгө оруулагчдаа мэхэлсэн луйврын хэргээр 11 жилийн ял эдэлж байгаа юм. A24-ийн хувьд 99 дэх удаагийн Оскарын наадамд уг бүтээлийг зөвхөн баримтат киноны төрлөөс гадна шилдэг кино, шилдэг зохиол, шилдэг найруулагчийн төрөлд сойж байгаа гэнэ.
2. Английн шигшээ багийн ахлагч, Байерн Мюнхен клубын довтлогч Харри Кэйн “Алтан бөмбөг” шагналыг хүртлээ. Өдгөө 33 настай тэрээр өнгөрсөн улиралд 73 гоолыг оруулж, Германы лиг болон цомын тэмцээнд түрүүлсэн юм. Тэрээр УЕФА-ийн улирлын мэргэн буучид олгодог “Алтан Шаахай” шагналыг мөн хүртсэн билээ. Түүний ард Францын К.Мбаппе болон Испанийн Л.Яамал бичигдсэн байна. France Football сэтгүүлээс олгодог уг шагналыг 100 орны сэтгүүлчдийн саналаар тодруулдаг. Х.Кэйн уг шагналыг анх удаа хүртэж байгаа нь энэ юм.
3. Хоол хүргэлтийн зах зээлийн лидер Doordash хамгийн гол өрсөлдөгч Instacart-ийг 17 тэрбумаар худалдан авч байгаагаа зарлалаа. Ингэснээр тэд дэлхий даяар хоол хүргэлтийн зах зээлийн 65%-ийг хангах аварга нэгдлийг үүсгэж байна. Instacart-ийн хувьд зөвхөн хоолноос гадна хүнс хүргэлтийн зах зээлийг шинээр үүсгэсэн гэдгээрээ алдартай. Хэрэглэгчид супермаркет, дэлгүүрээс ногоо, хүнсээ худалдан авахдаа Instacart-ийг ашигладаг юм. Тэд үүнээс өмнө өөр нэг өрсөлдөгч Uber-тэй нэгдэх талаар хэлэлцэж байсан ч бүтэлгүйтээд байсан юм.

4. Дэлхийн хамгийн их үзэгчтэй мэргэжлийн спортын лиг NBA таамаглалын зах зээлийн лидер Kalshi, Polymarket-тай албан ёсоор хамтран ажиллах боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд NBA албан ёсны дата мэдээллээ хуваалцаж, оронд нь ямар статистик, үзүүлэлтээр таамаг дэвшүүлэхийг эцэслэн шийдвэрлэх эрхтэй болжээ. NBA-ийн хувьд бооцооны платформуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа юм.

5. Сенегалын Дакар хотноо 4 дэх удаагийн залуучуудын олимп нээлтээ хийлээ. Уг наадамд дэлхийн 205 орны 2654 тамирчин 25 спортын төрөлд 151 багц медалийн төлөө өрсөлдөж байна. 15-18 насны залуусын дунд явагддаг энэ удаагийн наадамд эрэгтэй, эмэгтэй тамирчдын тоо тэнцэж байгаа нь Олимпын хөдөлгөөний түүхэнд бичигдэх үзүүлэлт юм. Мөн анх удаа Африк тив олимпын наадмыг явуулж байгаагаараа онцлогтой. Тиймдээ ч Африкийн 54 орны оролцоог тэгш хангаж байгаагаа ОУОХ-оос онцолж байна. Манай улсын хувьд жүдо, усанд сэлэлт, 3х3 сагсан бөмбөг, бокс, элсний бөх, дугуй гэсэн 6 төрөлд 10 тамирчнаа илгээгээд байгаа юм.
Сэтгэгдэл бичих

