1 гол сэдэв
Юу болов?
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Украйны дайныг эцэслэх асуудлаар тус улсын ерөнхийлөгч В.Зеленскиг Цагаан ордонд хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад Франц, Их Британи, Герман, Итали зэрэг НАТО-ын гишүүн орнуудын төрийн тэргүүд мөн байлцсан юм. Хоёр эрхэмийн хамгийн сүүлийн уулзалт тийм ч таатай өрнөөгүй. Тухайн үед АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Ванс Зелинскиг хүндлэл үзүүлсэнгүй хэмээн буруутгаж, Зелински ч мөчөөгөө өгөлгүй сөргүүцэлдсээр Вашингтоныг орхисон байдаг. Гэхдээ энэ удаагийн уулзалт түүнээс эрс өөр уур амьсгалд, хүлээлтээс давсан эерэг үр дүнтэй өндөрлөлөө хэмээн экспертүүд дүгнэж байна.
Яагаад?
Д.Трампын хувьд өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай Аляскад уулзаж чадсан нь талуудад найдвар төрүүлээд байсан нь гарцаагүй. АНУ-ын зүгээс НАТО-той бодлогоо уялдуулан Украйны хүсэж буй аюулгүй байдлын баталгааг гаргахад бэлэн байгаагаа илэрхийлсэн нь дайныг дуусгахад томоохон хүч болох учиртай. Баталгаанд санхүүгийн дэмжлэг ч багтаж байгаа бөгөөд Украйны талаас дайнд сүйдсэн дэд бүтэц, эдийн засгаа сэргээхэд хөшүүрэг болгохыг эрмэлзэж байна.
Гэхдээ?
Хэлцлийн хамгийн эмзэг гэж хэлж болох газар нутгын асуудлаар тодорхой шийдэлд хүрээгүй ч В.Зеленски ОХУ-ын талтай “болзолгүйгээр уулзахад бэлэн” байгаагаа онцолжээ. Украйны зүгээс Австри, Швейцарь, Туркийн аль нэгт ОХУ-тай хийх уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байгаа гэнэ.
2 чухал тоо
704: Пакистанд аадар борооны улмаас 700 гаруй хүн амиа алджээ. Энэ зуны борооны улирлын эдийн засаг, дэд бүтцэд үзүүлсэн хохирол 40 тэрбум доллар даваад байгаа гэнэ. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт баруун хойд хэсэгт орших Хайбер муж орчимд хүчтэй аадар бууж, 300 гаруй хүн амиа алдсан байна. Энэ үеэр хүмүүнлэгийн тусламж ачиж явсан нисдэг тэрэг осолдож, 5 хүн амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээлэв.
500.000: CS2-ийн дэлхийн шилдэг багуудын нэг The Mongolz Саудын Арабт зохион байгуулагдаж буй "Esports World Cup"-д түрүүллээ. Тэд хагас шигшээд дэлхийн №1 Team Vitality-г хожиж, улмаар финалд Туркийн Aurora-г торох юмгүй буулгаснаар 500 мянган долларын эзэн болжээ. Энэ бол Монголын цахим спортын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал боллоо.
3 онцлох өгүүлбэр
I. Intel-ийн сэргэн мандалт үргэлжилсээр
- АНУ-ын засгийн газар өнгөрсөн долоо хоногт цацагдсан мэдээллийг баталгаажуулж, Intel-ийн 10%-ийг эзэмших болсноо зарлалаа. АНУ-ын талаас уг хэлцэлд бэлэн мөнгө гаргахгүй бөгөөд CHIPS хөтөлбөрийн хүрээнд олгосон 11 тэрбум долларын санхүүжилтийн хүрээнд хувь эзэмшихээр тохирсон гэнэ. Худалдааны яамны зүгээс Америкийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг сэргээх нь үндэсний аюулгүй байдлын асуудал мөн хэмээн үзжээ. Трампын хувьд ирэх гурван жилд Intel-ийн үйлдвэрлэл, технологийг сайжруулахад дахин 28 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
- Энэ мэдээтэй зэрэгцэн Японы тэргүүлэх технологийн компани SoftBank Intel-д 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийснээ мэдэгдэв. Intel-ийн шинэхэн гүйцэтгэх захирал Лип-Бу Таны хувьд зөвхөн өнгөрсөн жилд үнэлгээнийхээ 60%-ийг алдсан компанийн үйл ажиллагааг сэргээж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх чиглэлд анхаарч ажилласны үр дүн ийн гарч байна.
- Эдгээр мэдээний дараагаар Intel-ийн хувьцааны арилжаа эрс идэвхжиж, ханш нь хэдхэн өдрийн дотор 28%-аар нэмэгджээ.
II. АНУ анх удаа ерөнхий дизайнертай болжээ
- Д.Трампын зарилгаар Airbnb-ийн үүсгэн байгуулагч Ж.Геббиа тус албанд томилогдсон байна. Тэрээр Америкийн засгийн газарт харьяалагддаг 26 мянган вебсайтын UX/UI дизайн, дизайн систем, бүтцийг шинэчилж, өнгө төрх, хэв маягийг тодорхойлох гэнэ.
- Ж.Геббиа их сургуулийн өрөөний анд Б.Ческигийн хамтаар 2007 онд Airbnb-г анх эхлүүлж, 80 тэрбумын үнэлгээтэй түрээсийн байр, аяллын зах зээлийн лидер компани болгож чадсан юм. Тэрээр 2022 онд компаниа орхиж, нийгмийн төслүүдэд дизайны зөвлөхөөр ажиллах болжээ. Улмаар энэ оны эхээр И.Маскийн тэргүүлсэн засгийн газрын зардлыг танах DOGE багт элсэж, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх ажилд төвлөрөн ажиллаж байсан юм.
- Дизайны шинэчлэлийн хүрээнд вебсайт, брэнд, маркетингтай холбоотой давхацсан олон зардлыг бууруулах давхар санаа агуулж байгаа гэнэ. Тэрээр ажлын үр дүнгээ АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойгоор буюу 2026 оны 7-р сарын 4-нд олон нийтэд танилцуулах аж.
III. Коби Брайнтын кино хийгдэнэ
- NBA-ийн хамгийн том оддын нэг К.Брайнтын лигт элсэх үеийн түүхийг өгүүлэх шинэ киноны зохиолыг Warner Bros. худалдан авчээ.
- 1996 оны драфтаар К.Брайнт 13-р байраар сонгогдож, Шарлотт Хорнетсод харьяалагдах болсон ч удалгүй Лос Анжелес Лэйкэрс рүү зарагдсан түүхтэй. Тухайн үед драфтын 8-р сонголтыг хийх эрхтэй байсан Нью Жерси Нетсийн менежер Жон Нэшийн өнцгөөс уг зохиол бичигдсэн аж. Ж.Нэш Брайнтыг сонгох хүсэлтэй байсан ч дасгалжуулагч нь эсэргүүцсэнээр өнжиж байсан гэдэг.
- 2020 онд ердөө 41 насандаа нисдэг тэрэгний ослоор амиа алдсан К.Брайнт 20 улирал лигт тоглохдоо 5 удаа лигт түрүүлж, 2008 онд MVP-ээр нэрлэгдэж байлаа. Хоёр удаа олимпын аварга болж байсан тэрээр 18 удаа бүх оддын тоглолтод сонгогдож, 4 удаа үнэ цэнтэй тоглогчоор тодорч байжээ.
4 мэдүүштэй зүйл
Аварга гэрээ: Google Meta-д клоуд технологи нийлүүлнэ. Энэ бол Google Cloud-ийн хувьд хамгийн томд тооцогдох гэрээ болж байна. Тэд Meta-ийн хиймэл оюуны дэд бүтцэд зориулж 6 жилийн хугацаатай 10 тэрбум долларын гэрээг үзэглэжээ. Google-ийн хувьд Amazon, Microsoft-той өрсөлдөх зорилгоор их хэмжээний хөрөнгө оруулалтыг клоуд бизнестээ хийх болсон. Улмаар зөвхөн өнгөрсөн улиралд гэхэд орлого нь 32%-аар нэмэгдэж, 13.6 тэрбумд хүрсэн билээ.
Гэнэтийн түншлэл: Apple Google-ийн хөгжүүлж буй AI модель Gemini-г ашиглах талаар хэлцэл хийж эхэлсэн гэнэ. Тэд iPhone-ийн ухаалаг туслах Siri-д хиймэл оюуны функц нэвтрүүлэх тал дээр ихээхэн хоцорч, одоог хүртэл дорвитой модель гаргаж чадаагүй л байгаа. Тиймээс гуравдагч талын хөгжүүлсэн моделийг шууд нэвтрүүлэх талаар мэдээ гарсанд гайхах зүйл үгүй. Хамгийн сонирхолтой нь ухаалаг утасны зах зээлд Apple-тай хамгийн хүчтэй өрсөлдөөнийг үзүүлдэг Samsung ч мөн адил Gemini-г ашигладаг билээ. Уг мэдээтэй зэрэгцэн Google-ийн толгой компани Alphabet-ийн хувьцааны ханш 3.7%-аар өсчээ.
Робот олимп: БНХАУ-ын Бээжин хотноо “Хүн дүрст роботын дэлхийн спортын наадам” явагдаж өндөрлөлөө. 16 улсын 280 багийн оролцсон уг наадамд роботууд спортоос гадна бараа зөөх, цэвэрлэх, эм ангилах зэрэг дасгалуудаар өрсөлдсөн билээ. Анх удаа явагдсан уг тэмцээнд Хятадын “Unitree” спортын бүх төрөлд тэргүүлж, өндөр түвшинд байгаагаа баталлаа. Тус компанийг Tesla-ийн “Optimus” роботын гол өрсөлдөгч гэж үздэг билээ. Уг наадам жил бүр явагдана гэв.
Ухаалаг машин: Alibaba 2015 онд Хятадын тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчдийн нэг SAIC Motor-той хамтран “Banma” нэртэй компанийг байгуулж байсан юм. “Banma”-ийн хувьд бие даасан ухаалаг машин үйлдвэрлэхээс илүүтэй ухаалаг машины цогц платформын технологи хөгжүүлдэг гэдгээрээ онцлогтой. Тэгвэл Alibaba 45%-ийг нь эзэмшдэг тус бизнесээ Хонгконгийн биржид нээлттэй компани болгох хүсэлтээ гаргалаа. Тэд зах зээлээс 1 тэрбум долларыг босгож, технологио олон улсын компаниудад санал болгохоор зорьж байгаа юм.
5 сонин хачин
1. “Kpop Demon Hunters” бокс оффисыг тэргүүллээ. Netflix-ийн хувьд энэ бол анх удаа кино театрын кассын борлуулалтыг тэргүүлсэн тохиолдол болж байгаа юм. Өнгөрсөн сард стримингээр анх цацагдсан уг анимэйшн дотоодын зах зээлээс 15 сая доллар олж, өмнөх хоёр долоо хоногийн лидер Weapons-той ширүүн өрсөлдөөнийг үзүүлжээ. Сонирхуулахад, Netflix-ээр уг бүтээлийг 225 сая хүн хэдийнээ үзсэн нь бүх цаг үеийн жагсаалтын 2-р байрт бичигдэх үзүүлэлт болжээ.
2. Америкийн хамгийн их үзэгчтэй мэдээний сувгуудын нэг MSNBC энэ оны сүүлээс эхлэн MS NOW нэртэй болно гэнэ. Энэ бол NBC Universal-ийн хоёр салж байгаатай холбоотой шийдвэр. Тэд CNBC, E!, Golf Channel зэрэг кабелийн сувгаа тусад нь гаргаж, Versant нэртэй шинэ компани байгуулах болсон билээ. MS NOW гэдэг нь “My Source for News, Opinion, World” гэдэг үгийн товчлол гэнэ. Сонирхуулахад, тус сувгийг хамгийн анх 1996 онд NBC болон Microsoft компаниуд хамтран байгуулж байсан юм.
3. ОХУ-ын эрх баригчид тухайн улсад борлуулагдах бүх төрлийн ухаалаг утас, таблетуудад заавал суулгах апп-ын жагсаалтыг гаргажээ. Үүнд VK-ийн хөгжүүлж, өнгөрсөн гуравдугаар сард гаргасан “Max” нэртэй чат апп багтсан байна. Max хэдийнээ 18 сая хэрэглэгчтэй болсон ч Кремлийн дэмжлэгтэй бүтээгдсэн гэгдэх болсон. Зарим активистууд Хятадын WeChat-тай ижил хэрэглэгчдийг хянах зорилготойгоор шинэ апп гаргасан, бүх датагаа хуваалцаж байгаа нь хүний эрхийн зөрчил хэмээн үзэж байгаа билээ. Одоогоор Facebook, Instagram, X зэрэг барууны платформууд Оросын зах зээлд бүрэн хориглогдоод байгаа.
4. Made By Google 2025 явагдлаа. Google жил бүр зохион байгуулдаг уг арга хэмжээгээрээ шинэ төхөөрөмжүүдээ танилцуулдаг уламжлалтай. Энэ удаагийн хувьд Pixel-ийн шинэ үеийн ухаалаг утас, Pixel Watch 4 ухаалаг цаг, Pixel Buds 2A ухаалаг чихэвч зарлагдав. Мэдээж хиймэл оюуны технологи энэ үдшийн гол дүр байв.
ДЭЛГЭРЭНГҮЙГ: БИДНИЙГ УНТАЖ БАЙХАД GOOGLE-ИЙН ТАНИЛЦУУЛСАН БҮХ ЗҮЙЛС
Unread
5. Stranger Things-ийн бүтээгчид Paramount-тай гэрээлжээ. Netflix-ийн хамгийн алдартай цувралыг бүтээсэн ах дүү Даффер Paramount-тай 4 жилийн гэрээ байгуулжээ. Үүний хүрээнд тэд зөвхөн телевизийн цувралаас гадна бүрэн хэмжээний кино хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Paramount-ийн хувьд Skydance-д зарагдаж, шинэ менежменттэй болсноосоо хойш UFC-г мөн шууд дамжуулах гэрээг байгуулаад байсан билээ.