1 гол сэдэв
Юу болов?
Хятадын нийгэм, улс төрийн хамгийн чухал үйл явдлуудын нэг болох “Хоёр чуулган” энэ долоо хоногт болж өндөрлөлөө. Энэ үеэр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Бүх Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх зөвлөлийн хурал зэрэг явагддаг бөгөөд дэлхий нийт Хятадын эдийн засаг, гадаад бодлогын дараагийн чиглэлийг баримжаалах боломж олддогоороо онцлог.
Онцлох зүйл юу байв?
Аажим өсөлт: Энэ жилийн хамгийн чухал мэдээ нь Хятад улс 2026–2030 онд баримтлах таван жилийн хөгжлийн бодлогоо албан ёсоор баталсан явдал байв. Үүний зэрэгцээ 2026 оны ДНБ-ийн өсөлтийн зорилтыг 4.5–5 хувь гэж тогтоосон нь сүүлийн хэдэн арван жилийн хамгийн бага түвшний нэг болж байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал, дэлхийн эрэлтийн сулрал зэрэг эдийн засгийн бодит сорилтуудыг Бээжин ийнхүү ил тод хүлээн зөвшөөрч буй хэрэг гэж хэлж болно.
Чанартай өсөлт: Нөгөөтэйгүүр Хятад ирээдүйн өсөлтөө хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, дэвшилтэт үйлдвэрлэл зэрэг өндөр технологид тулгуурлан бий болгохоо тодорхой илэрхийллээ. Бараг бүх төсөл хөтөлбөрүүд нь АНУ болон барууны орнуудтай инновацын хувьд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа нь тодорхой байлаа. Мөн эдийн засгийн загвараа экспорт, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн өсөлтөөс илүүтэй дотоодын хэрэглээ болон инновацид суурилсан хөгжлийн загвар руу шилжүүлэхээр зорьж байна. Үүнийг Бээжин “хурдтай өсөлтөөс чанартай өсөлт рүү” шилжих стратеги хэмээн тодорхойлжээ.
Зэвсэгтэй өсөлт: Үүнээс гадна Хятад улс батлан хамгаалахын зардлаа 7 хувиар нэмэгдүүлэхээр зарласан нь мөн анхаарал татлаа. Ингэснээр ирэх жил тус улс батлан хамгаалах салбарт ойролцоогоор 277 тэрбум доллар зарцуулах төлөвтэй байна. Геополитикийн өрсөлдөөн ширүүсэж буй өнөөгийн нөхцөлд энэ нь бүс нутгийн хүчний тэнцвэрт нөлөөлөхүйц тоо юм.
Одоо яах вэ?
Манай улсын хувьд энэхүү шинэ стратегид тулгуурлан түүхий эдийн экспорт, худалдааны бодлогоо дахин тодорхойлох шаардлага үүсэж байна. Өөрөөр хэлбэл Хятадын удаашрал нь сулрал биш, харин стратегийн өөрчлөлт юм. Дэлхий энэ өөрчлөлтийн үр нөлөөг удахгүй илүү тод мэдэрч эхэлнэ.
2 чухал тоо
2900: Дэлхийн харилцаа холбоо, технологийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох “Mobile World Congress 2026” Испанийн Барселона хотод болж өндөрлөлөө. “The IQ Era” уриан дор зохион байгуулагдсан энэ удаагийн чуулганд дэлхийн 100 гаруй орны 2900 орчим компани, байгууллага оролцож, хиймэл оюун ухаан, холбооны шинэ технологи, дижитал дэд бүтцийн ирээдүйг хэлэлцэв.
17: Apple үүсгэн байгуулагдсан цагаасаа баримталж ирсэн үнийн бодлогоо өөрчилж, илүү хямд, илүү хүртээмжтэй төхөөрөмжүүд танилцууллаа. Тухайлбал, iPhone 17e (A19 чип, 48MP камертай шинэ загвар) 599 доллараас, MacBook Air (M4) 999 доллараас , iPad (11-р үе) 449 доллараас эхлэн борлуулагдана гэв.
ДЭЛГЭРЭНГҮЙГ: Танилц: Хямд үнэтэй ч хүчирхэг үзүүлэлттэй iPhone 17e!
Unread
3 онцлох өгүүлбэр
I. Luckin Blue Bottle-ийг худалдаж авлаа
- Хятадын хамгийн том кофе шопын сүлжээ Luckin-ийг эзэмшигч Centerium Capital дахин нэг брэндийг эгнээндээ нэгтгэлээ. Тэд энэ удаад Америкт төвтэй Blue Bottle Coffee-г 400 сая доллараар худалдан авсан байна.
- 2002 онд байгуулагдсан Blue Bottle-ийг Швейцарийн Nestle 2017 онд эзэмших болсон. Тухайн үед тэд 68%-ийг нь 425 сая доллараар худалдан авч байжээ. Өдгөө Blue Bottle зөвхөн Америкт 70 салбартай бөгөөд БНХАУ, БНСУ, Япон, Сингапурт салбараа нээгээд удаагүй байсан юм.
- Luckin-ийн хувьд саяхан Хятад дахь 30 мянга дахь салбараа нээсэн. Тэд хямд өртөгтэй дэд бүтэц, технологийн сүлжээгээ ашиглан Starbucks-ийн ноёрхлыг зогсоосон гэж хэлж болно. Тиймдээ ч Centerium-ийн хувьд уг суурийг ашиглан премиум зах зээлд тэлэх стратеги баримталж байгаа нь энэ бололтой.
II. The Telegraph зарагдлаа
- Их Британийн хамгийн нөлөө бүхий медиа компаниудын нэг The Telegraph шинэ эзэнтэй боллоо. 2023 оноос хойш өр төлбөрийн асуудлаас шалтгаалан хүнд нөхцөл байдалтай байсан тус компанийг Германд төвтэй Axel Springer 770 сая доллараар худалдан авчээ.
- Telegraph хамгийн анх 1855 онд байгуулагдаж байсан түүхтэй. Тус компанийг гол өрсөлдөгчдийнх нь нэг Daily Mirror өнгөрсөн жил 680 сая доллараар худалдан авах санал тавьсан ч зохицуулах байгууллагын хязгаарлалттай нүүр тулаад байсан юм.
- Axel Springer бол Европын хамгийн хурдацтай өсөж буй медиа компаниудын нэг. Тус компанийн бүрэлдэхүүнд Bild, Politico, Business Insider, Morning Brew зэрэг брэндүүд багтдаг. Тэд Telegraph-ийг Америкийн зах зээлд нэвтэрч, сошиал орчинд идэвхжүүлэх амбицтай байгаа гэнэ.
III. Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцадсаар байна.
- 2-р сарын 28-нд эхэлсэн Ойрх Дорнодын хямрал үргэлжилсээр байна. Сүүлийн өдрүүдэд хоёр тал харилцан пуужин, дроны цохилт хийж, мөргөлдөөн зөвхөн хоёр улсын хүрээнээс давж бүс нутгийн хэмжээнд тэлэх эрсдэл нэмэгдээд байна. Хезболла, Хути зэрэг Ираны холбоот бүлэглэлүүдийн үйл ажиллагаа өргөжиж, Бахрейн, Катар, АНЭУ-аас гадна Азербайжан, Турк руу чиглэсэн довтолгоонууд гарсан талаар мэдээлэгдэв. Энэ нь мөргөлдөөн илүү өргөн геополитикийн шинжтэй болж байгааг харуулж байна.
- Бүс нутгийн агаарын орон зайд аюулгүй байдлын эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор Тель-Авив, Дубай, Доха, Тегеран зэрэг томоохон нисэх буудлуудын нислэгүүд хойшлогдох, чиглэл өөрчлөгдөх зэрэг саатлууд гарч эхэллээ. Гэхдээ зарим авиа компаниуд нислэгээ хязгаарлагдмал хүрээнд сэргээж эхэлснийг онцлох хэрэгтэй.
- Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн залгамжлалын асуудал дахин анхаарал татаж, түүний хүү Можтаба Хаменеи ирээдүйн боломжит залгамжлагчдын нэг гэж шинжээчид үзэж байгаа билээ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Ираны дараагийн удирдагчийн тодруулахад оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цэргийн ажиллагаандаа 10-аас 15 оноо өгнө хэмээн мэдэгдэв. Мэдээж, энэ бүх үйл явдал газрын тосны зах зээлийг эрсдэлд оруулж буй. Персийн булангаар дамждаг дэлхийн газрын тосны гол урсгалууд аюулд орсон нь зах зээлд тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
4 мэдүүштэй зүйл
Шинэ салхи: Залуусын тэргүүлсэн эсэргүүцлийн жагсаалын дараа явагдаж буй Непалын сонгуулийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Урьдчилан таамаглаж байсанчлан экс реппер Балендра Шахын тэргүүлсэн RSP нам сонгуульд олонхийн саналыг авлаа хэмээн эх сурвалжууд мэдээллээ. Тус улсын парламент 275 суудалтай. Үүний 165 нь шууд сонгуулиар, 110 нь намын жагсаалтаар тодрох юм. Урьдчилсан дүнгээр Б.Шахын нам шууд сонгогдох 165 суудлын 100-г нь хэдийнээ өөрийн болгожээ. Б.Шах ирэх долоо хоногт ерөнхий сайдаар томилогдож, засгийн газраа байгуулах төлөвтэй байна.
Сошиал хориг: Индонез 16 хүртэлх насны хүүхдүүдийн сошиал медиаг хориглосон Азийн анхны орон боллоо. 3-р сарын 28-аас хэрэгжиж эхлэх тус хоригт Youtube, Facebook, TikTok, Threads, X, Instagram, Roblox зэрэг платформууд багтжээ. Үүнээс өмнө Австрали, Испани улсууд ижил хоригийг батлаад байсан билээ.
Энергийн дайн: 1.2 их наядын хөрөнгө удирддаг Blackstone эрчим хүчний салбарын хамгийн том худалдан авалтуудын нэгийг хийлээ. Тэд Шведийн EQT болон Катарын хөрөнгө оруулалтын сантай хамтран Америкийн эрчим хүч үйлдвэрлэгч AES Corp-ийг 33.4 тэрбумаар эгнээндээ нэгтгэжээ. AI-ийн тэсрэлттэй холбоотой эрчим хүчний эрэлт эрс нэмэгдэж байгаа хөрөнгө оруулагчид энэ салбарт ихээхэн анхаарал хандуулах болсон. Үүнээс өмнө Blackstone TXNM-ийг 11.5 тэрбумаар, Constellation Energy Calpine-ийг 16 тэрбумаар тус тус худалдаж аваад байв.
Тэрбумтны гэр: Hurun Global-ийн жил бүр гаргадаг тэрбумтнуудын жагсаалтыг Хятад улс дахин тэргүүллээ. Зөвхөн 2025 онд л гэхэд долларын тэрбумтны тоо тус улсад 287-оор нэмэгдэж, нийт 1,110 тэрбумтантай болжээ. Жагсаалтын дараагийн байрт АНУ 1,000 тэрбумтантайгаар бичигдэж байна. Хувь хүмүүсийн жагсаалтын эхний гуравт Америкийн энтрепренерүүд болох И.Маск (792 тэрбум), Ж.Бэйзос (300 тэрбум), Л.Пэйж (281 тэрбум) нар тэргүүлж буй. Сонирхуулахад, өнгөрсөн жил шинээр тэрбумтны жагсаалтад нэмэгдсэн 578 эрхэмийн 110 нь AI компаниас гаралтай байжээ. Мөн Хятадад төрсөн ч өөр улсад харьяалалтай 42 тэрбумтан шинээр мэндэлсэн гэв.
5 сонин хачин
1. Pixar-ийн шинэ анимэйшн "Hoppers" нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 35 сая долларын орлого олжээ. Хэдий тус кино шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авч байгаа ч 150 сая долларын төсөвтэй нь харьцуулахад даруухан амжилт үзүүллээ гэж хэлж болно. Pixar сүүлийн жилүүдэд цуврал бус оригинал бүтээлээр төдийлэн амжилт олж чадахгүй л байгаа. Хамгийн сүүлд 2017 онд Coco л тэдэнд бокс оффисын өндөр орлого авчирч байв. Тиймдээ ч Hoppers-д ихээхэн найдлага тавиад байгаа юм.
2. Японы сансрын технологийн стартап Space One Kairos нэртэй пуужин хөгжүүлж буй. Лхагва гарагт тус пуужин амжилттай хөөрсөн ч ердөө 70 секундын дараа агаар мандалд дэлбэрчээ. Японы засгийн газрын дэмжлэгтэй тус компани 2024 онд хоёр ч удаа пуужингаа хөөргөсөн ч бүтэлгүйтээд байсан юм. Kairos-ийн хувьд 18 метрийн урттай, 150 км ачаа тээвэрлэх чадалтай бөгөөд 2030 он гэхэд жилд 30 удаа сансарт хөөрөх төлөвлөгөөтэй байгаа билээ.
3. Өнгөрсөн долоо хоногт эцэслэгдсэн Paramount, Warner Bros.Discovery-ийн нэгдэлтэй холбоотой шинэ мэдээлэл гарсаар байна. Олонх шинжээчдийн таамаглаж байсанчлан Paramount стриминг үйлчилгээнүүдээ нэгтгэнэ хэмээн мэдэгджээ. Шинэ стриминг үйлчилгээ 200 сая хэрэглэгчтэй болох бөгөөд 6 тэрбум орчим долларын зардлыг хэмнэх тооцоог хийжээ. Ташрамд сануулахад, тэдний гол өрсөлдөгч Netflix хэдийнээ 325 сая хэрэглэгчтэй билээ.
4. Цахилгаан машины үйлдвэрлэл болон борлуулалтаар дэлхийд тэргүүлж буй BYD шинэ үеийн батарейн технологио танилцууллаа. Уг батарей нь ердөө 9 минутанд бүрэн цэнэг авна гэдгээрээ онцлогтой. Тэд энэ оны сүүлээс эхлэн зарим загварууддаа уг технологио нэвтрүүлэх гэнэ. Сонирхуулахад, BYD зөвхөн 2026 онд гэхэд Хятад даяар 20 мянган түргэн цэнэглэх станц байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
5. Pixar-ийн хамгийн алдартай анимэйшнүүдийн нэг “Monster Inc”-ийн шинэ анги хийгдэж эхэлжээ. 2001 онд анх гарсан тус кино дэлхий даяар 550 сая долларын орлого олж байсан бол 2013 онд гарсан 2-р анги нь 780 сая долларыг цуглуулж байв. Одоогийн байдлаар шинэ ангийн тов, бүтээгчдийн нэрс тодроогүй байгаа ч үндсэн жүжигчдийн баг эргэж ирэх төлөвтэй байна.


