Урин цаг ирж технологийн компаниуд 2026 оны богцоо задалж эхэллээ. Урьд шөнө Apple бие жижиг ч бэлчээр томтой загвар болох iPhone 17e гар утсаа шинэ iPad Air-ийн хамтаар танилцуулав. Ингэснээр тус компанийн энэ жил танилцуулахаар хүлээгдэж буй 20 гаруй бүтээдэхүүний цуваа албан ёсоор эхэллээ. Apple энэ долоо хоногт хэд хэдэн шинэ төхөөрөмж танилцуулах хуваарьтай бөгөөд 600 долларын үнэтэй MacBook хамгийн өндөр хүлээлттэй байна.

2026 онд биднийг хүлээж буй Apple-ийн төхөөрөмжүүд

Танилц: iPhone 16-ийн бие жижиг ч бэлчээр том “e” хувилбар

ҮЗҮҮЛЭЛТ НЭМЭГДСЭН Ч ҮНЭ ХЭВЭЭР

Apple хоёр жил дараалан хямд үнэтэй загвараа танилцуулж буй нь энэ. iPhone 17e өмнөх загвараасаа хоёр дахин их буюу 256 GB-ийн багтаамжтайгаар худалдаанд гарч байгаа ч үнээ барьж чадлаа. Харин саяхан танилцуулагдсан Samsung-ийн S26 цувралын суурь үнэ 100 доллароор нэмэгдсэн билээ. Энэ нь хиймэл оюуны дэд бүтцийн ажил эрчимжиж, санах ойн чипний хомсдолд орсонтой холбоотой. International Data Corporation-ийн судалгаагаар ухаалаг гар утасны зах зээл энэ жил 13 хувиар агших эрсдэлтэй гэдэг дүн гарчээ. Зах зээлийн энэ эгзэгтэй үед багтаамжаа нэмж, үнээ хадгалсан нь iPhone 17-д өрсөлдөх давуу тал болох учиртай.

Процессорын хувьд iPhone 17-д ашигласан A19 чипээр тоноглогдсон. Үүний тусламжтайгаар Apple-ийн хиймэл оюуны функцүүдийг асуудалгүй ажиллуулж чадахаас гадна AAA зэрэглэлийн тоглоомыг дүрслэл сайтайгаар тоглох боломжтой болов. Энэ нь төсөр өртөгтэй iPhone хэрэглэгчдийн хувьд таатай мэдээ билээ. Үүнээс гадна Apple-ийн дотооддоо хөгжүүлсэн, өмнөхөөсөө хоёр дахин хурдан C1X модем чипээр тоноглогджээ. Тус компанийн хувьд бусад үйлдвэрлэгчээс чипний хамаарлаа бууруулах стратеги баримталж байгаа юм.


БАТ БӨХ ДЭЛГЭЦ

Дизайны хувьд өмнөх загвартайгаа ижил ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Мөн iPhone 16e-тэй ижил 6.1 инчийн дэлгэцтэй. Гэхдээ жижиг ухаалаг утас хэрэглэгчдэд дуулгах таатай мэдээ байна. Дэлгэц хагарахаас гадна түлхүүр, зоос зэргээс болж зурагдах тохиолдол их гардаг шүү дээ. iPhone 17e Ceramic Shield 2 хамгаалалттай болж шинэчлэгдсэнээр дэлгэцийн зураасны эсрэг тэсвэртэй байдал нь гурав дахин нэмэгджээ. Мөн энэхүү хамгаалалт нь гялбалтыг эрс багасгаж, гэрэл ихтэй орчинд дэлгэцийг илүү тод харагдуулах аж.

Мөн Qi2 стандартын утасгүй цэнэглэгч буюу MagSafe-ийг дэмждэг болов. Ингэснээр 15 ватт хүртэлх чадлаар утасгүй цэнэглэгчээр цэнэглэж болох бөгөөд iPhone 16e-ээс хоёр дахин их гэсэн үг юм. iPhone цувралын бусад загварын хувьд 25 ватт байдаг.

Мөн 30 минутад 50 хувь хүртэл цэнэглэх боломжтой гэнэ. Харин батарейны хувьд томоохон шинэчлэлт хийгдэж, 26 цаг тасралтгүй видео тоглуулах хүчин чадалтай болжээ. Хямд үнэтэй загвар хэдий ч хэдхэн жилийн өмнөх премиум загварын хэмжээнд ирсэн нь энэ билээ.

Зургийг: Apple

ШИНЭ КАМЕРЫН СИСТЕМ

Apple-ийн шинэхэн загвар болох iPhone Air-ийн Fusion камераар тоноглогджээ. Энэхүү 48 мегапикселийн камер нь хоёр камер нь нэгтгэж нэг мэт болгон ажиллуулж чаддагаараа онцлог. 4К хүртэл чанартай дүрс бичлэг хийхээс гадна 2x Telephoto функцээр зургийн чанарыг алдагдуулахгүйгээр татаж авах хүчин чадалтай. Мөн зураг дарсны дараа фокусыг нь өөрчлөх боломжтой гэдгээрээ давуу. Энэ бол Apple-ийн илүү нимгэн загварууд дээрээ ашиглах камерын технологи юм.

Зургийг: CNET

ШИНЭ iPad Air

iPad Air-ийн хувьд M4 чиптэй болж шинэчлэгдлээ. Дизайны хувьд өөрчлөлт гараагүй ч хурд нь өмнөхөөсөө 30 хувиар нэмэгджээ. Мөн Apple-ийн өөрсдийн хөгжүүлсэн N1 чипний тусламжтайгаар Wifi 7, Bluetooth 6 болон стандартыг дэмждэг болов. Түүнчлэн өмнөхөөсөө 50 хувиар илүү өндөр хүчин чадалтай C1X модемоор хүчээ зузаатгасан байна. iPad Air-ийн 11 инчийн хувилбар 599 доллар, 13 инчийн загвар 799 долларын үнэтэй.
Өнгөний хувьд цэнхэр, нил ягаан, starlight, сансрын саарал (space gray) гэсэн дөрвөн өнгийн сонголттой.

Сонирхуулахад, Apple компанийн 50 жилийн энэ онд тохиож буй. Үүнтэй давхцан олон шинэ бүтээгдэхүүнээр бэлэг барьж байгаа нь энэ юм. Үргэлжлүүлэн энэ долоо хоногт MacBook-ийн дараагийн загварууд танилцуулагдана.