1 гол сэдэв
Юуг онцлов?
Хүн төрөлхтөн анх удаа сансрын биетийн хөдөлгөөнд нөлөөлж, дэлхийг хамгаалах туршилтыг амжилттай хийлээ. 2015 оноос эхтэй DART төслийн хүрээнд эрдэмтэд өнгөрсөн арваннэгдүгээр сард хөөргөсөн 550 км-ийн жинтэй сансрын аппарат 11 сая км-ийн хол орших Диморфос хэмээх астеройдыг амжилттайгаар онож мөргөжээ. Уг мөчийг хүн төрөлхтөн шууд камерын бичлэгээр гэрчилсэн нь ч сэтгэл хөдөлгөм байв.
Яг юу болов?
NASA-ийн бай нь 1996 онд анх нээгдсэн Дидим-Диморфос нэртэй хос астеройд байсан юм. DART-ийн аппарат 24 мянган км/цагийн хурдтайгаар арай жижиг буюу 160 метрийн диаметртэй Диморфосыг мөргөсөн нь энэ. Уг мөргөлт нь тус биетийн том астеройдоо тойрон эргэдэг хугацааг 73 секундээр багасгаж, улмаар хоорондын зай ойртон тойрог зам өөрчлөгдөх нөлөө үзүүлнэ гэж тооцож байна. Энэ нь ирээдүйд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх дадлага болох ач холбогдолтой.
Одоо яах вэ?
Үүний дараа биднийг 2024 онд Европын Сансрын Агентлагаас хөөргөх Hera төсөл хүлээж байна. 2027 онд тус астеройд дээр газардах зорилготой уг судалгааны хөлөг мөргөлтийн нөлөөг нарийвчлан судлах зорилготой байгаа юм. Сонирхуулахад, DART төслийн хүрээнд дэлхийгээс 40 сая км-ийн зайг хамруулан шинжилгээ хийж, ирээдүйд аюул занал учруулж болзошгүй сүүлт од, астеройд зэрэг бүхий л биетийг тандан, мэдээлэл цуглуулах болсон билээ.
Дэлгэрүүлэх: DART: Дэлхийг солироос аврах анхны туршилт амжилттай боллоо /Unread/
Үзэх: NASA-ийн гараг хамгаалах анхны туршилт /TenGer & Gej Yu Ve/
IMPACT SUCCESS! Watch from #DARTMIssion’s DRACO Camera, as the vending machine-sized spacecraft successfully collid… https://t.co/agBXaeEmhi
Mon Sep 26 23:19:50 +0000 2022
2 чухал тоо
4 - ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины газар нутгийн 15%-ийг эзлэн орших дөрвөн бүс нутгийг нэгтгэснээ зарлалаа. Донецк, Луганск, Херсон, Запорожье мужид явагдсан санал асуулгад оролцогсдын 99 хувь нь ОХУ-д нэгдэхийг дэмжсэн нь түүхэн үйл явдал боллоо хэмээн тэрээр мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцэн НҮБ-аас эхлээд барууны улс орнууд энэ шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байна.
24.73 - Орегоны их сургуулийн бүтээсэн Cassie нэртэй хос хөлтэй робот 100 метрийн зайг 24.73 секундэд туулж, Гиннесийн амжилтад бүртгэгдлээ. Тус робот үүнээс өмнө 5 км-ын марафоны замыг 53 минутын хугацаанд гүйцээж байжээ. Сонирхуулахад, алдарт У.Болт 100 метрийн дэлхийн рекордыг 9.58 секундын амжилтаар эзэмшдэг юм.
3 унших өгүүлбэр
I. Tesla роботын шинэ хувилбараа ил болголоо
- Tesla-ийн 2022 оны AI Day арга хэмжээ явагдлаа. Tesla-ийн жолоочгүй машины технологи, аюулгүй байдлын сайжруулалт, мэдрэгч төхөөрөмжийн дэвшил зэргийг танилцуулсан энэ өдрийн хамгийн гол хүлээлт нь ямар ч маргаангүй тэдний бүтээсэн хүнтэй төстэй робот нь байв. Өнгөрсөн жил роботын хувцас өмссөн хүн тайзан дээр гарч ирсэн нь шуугиан дэгдээж байсан бол энэ удаад жинхэнэ роботын загварыг үзүүлсэн нь анхаарал татлаа.
- Optimus нэртэй уг робот нь эхний ээлжинд бүх төрлийн үйлдвэрлэлийн ажлыг хялбарчлах зорилготой бүтээгдсэн. Хүнд ачаа зөөх, бараа өргөх, хөдөлгөх чадвартай уг роботын цаашдын хэрэглээ нь хөдөө аж ахуй, мал аж ахуйгаас эхлээд гал тогоо, унтлагын өрөө лүү хүртэл хөрвөх чадалтайг И.Маск онцолжээ.
- Гэхдээ үүнээс илүү онцлох нэг зүйл нь уг роботыг тэд масс үйлдвэрлэлд зориулж гаргаж байгаа гэдэг нь байв. И.Маскийн мэдэгдсэнээр тэд Tesla-ийн цахилгаан машин угсралтын суурийг ашиглан сая сая роботыг үйлдвэрлэх хүчин чадлын давуу талаа ашиглах гэнэ. 2023 онд үйлдвэрлэлд нэвтрэх уг роботын үнэ 20 мянган доллар орчим байх бололтой.
II. Meta-ийн шинэ AI видео бүтээж чадна
- Meta текстийг видео руу хөрвүүлэх шинэ технологио танилцууллаа. "Make-A-Video" нэртэй уг хиймэл оюун нь хэрэглэгчийн бичсэн текстийг таван секундын урттай видео болгон хувиргах чадалтай юм. Одоогоор видео нь ямар нэгэн аудио, дуугүйгээр бүтээгдэж байна.
- Тэд интернетэд байрласан сая гаруй видеог агуулсан хоёр тусдаа дата сетийг ашиглан AI сургасан нь энэ. Meta энэ төслөө нээлттэй эх байдлаар хөгжүүлж, илүү төгөлдөржүүлэх зорилготой байгаа гэнэ.
- Үүнээс өмнө Цинхуагийн их сургуулийн эрдэмтэд мөн ижил төстэй AI-аа танилцуулж байсан. Харин текстээс зураг болгох технологийг Google, OpenAI зэрэг хэд хэдэн компани энэ оны эхний хагаст танилцуулж, олон нийтэд нээлттэй хэрэглүүлэх болсон билээ.
III. Amazon шинэ төхөөрөмжүүдээ танилцууллаа
- Энэ намрын гол анхаарал татсан бүтээгдэхүүн нь Kindle Scribe байлаа. Өмнө нь зөвхөн уншлагад ашиглагддаг байсан Kindle одоо өөрийн гэсэн үзэгтэй, бичиж тэмдэглэх боломжтой болсон байна. Уг төхөөрөмж үзэгтэйгээ нийлээд 339 доллараар борлуулагдах гэнэ.
- Америкийн хамгийн эрэлттэй ухаалаг спикер Echo-ийн 2 ч шинэ загвар танилцуулагдсан. Тавдугаар үеийн Echo Dot л гэхэд илүү тод цаг, температур хэмжигчтэй болжээ. Мөн 2018 оноос хойш шинэчлэгдээгүй байсан Echo Auto-ийн шинэ загвар жолоочдод машиныхаа аудио системийг удирдах илүү боломжийг санал болгоно. Үүнтэй зэрэгцээд BMW Аlexa дээр суурилсан шинэ ухаалаг туслах бүтээж байгаагаа зарлав.
- Энэ эвентийн үеэр тэд Blink, Ring-ийн шинэ загварын гэрийн хамгаалалтын системээ танилцуулсан. Тэрчлэн Fire TV-ийн хоёр ч шинэ загвар танилцуулагдсанаас 75 инчийн 1099 долларын QLED-ийг нь санал болгоё. Astro робот нь харин муур, нохой зэрэг гэрийн тэжээмэл амьтдыг ялгаж чаддаг болсон нь онцлохуйц байлаа.
We’re pleased to introduce Make-A-Video, our latest in #GenerativeAI research! With just a few words, this state-of… https://t.co/fPvwYzvUSR
Thu Sep 29 14:39:24 +0000 2022
4 мэдүүштэй зүйл
Гэнэтийн зочин: NASA болон SpaceX 32 жилийн өмнө анх хөөргөж байсан Hubble телескоп луу хөлөг илгээн, сэргээн засварлах ажил хийх зорилготой байна. 6 сарын хугацаанд үргэлжлэх судалгааны төслийн хүрээнд хэрхэн ажиллах нарийн үйл явц тодорхой болох учиртай. Өмнө нь таван удаа засвар хийгдэж байсан уг телескоп өдгөө дэлхийгээс 500 гаруй км-ын зайд нам орбитод байрлаж байгаа юм.
Аварга сүлжээ: Автомашин түрээсийн үйлчилгээ үзүүлэгч Hertz ирэх онд АНУ даяар 3000 цахилгаан машин цэнэглэгч байрлуулах төлөвлөгөөгөө танилцууллаа. Энэ төсөлдөө тэд эрчим хүчний салбарын гигант BP-тэй хамтрах гэнэ. BP-ийн хувьд 2023 онд багтаан дэлхий даяар 100 мянган цэнэглэгч станц байгуулах амбицтай ажиллаж байгаа билээ.
Робот тогооч: Дэлхий даяар 2000 гаруй салбартай мексик хоолны сүлжээ Chipotle робот туслахыг гал тогоонд ашиглах болсноо зарлалаа. Miko Robotics-ийн хөгжүүлсэн Chippy нэртэй уг робот нь тортилла чипс хийх ажилд оролцох аж.
Цахилгаан мотоцикль: Домогт Harley Davidson цахилгаан хөдөлгүүрт мотоциклийн нэгж LiveWire-аа тусад нь гаргаж, Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр бүртгүүллээ. Тэд 2 тэрбум долларын үнэлгээтэйгээр 250 сая доллар босгосон байна. LiveWire-ийн хувьд 15 мянган долларын үнэтэй анхны загвараа танилцуулаад байгаа бөгөөд 2025 он гэхэд 10 шинэ загвар гаргах зорилготой байгаа юм.
5 сонин хачин
1. Paramount-ийн сэтгэл зүйн триллер бүтээл "Smile" Хойд Америкийн бокс оффисыг 19 сая долларын орлогоор тэргүүллээ. Өөрийн 2020 онд бичсэн богино зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг кино найруулагч Паркер Финны хувьд дебют бүтээл нь болж буй. Киноны нийт төсөв 17 сая орчим доллар байсан учир шинжээчид уг нээлтийг амжилттай боллоо хэмээн дүгнэж байна.
2. Twitter видео тоглуулагчаа шинэчилж, алгоритм суурьтай болгож байгаагаа зарлалаа. Шинэчлэлийн хүрээнд хэрэглэгч видеог дэлгэцээ томруулж үзсэн тохиолдолд дараагийн видео руу шууд шилжих боломжтой болох гэнэ. Мөн "Explore" цэсэнд хамгийн эрэлттэй байгаа видеог санал болгох хэсэг нэмэгдэж байгаа ажээ.

3. Apple Music зөвхөн сонгодог хөгжимд төвлөрсөн тусдаа апп гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Тэд өнгөрсөн жил классик хөгжмийн стриминг платформ Primephonic-ийг худалдаж авсан нь энэ апп-ын гол суурь болох юм.
Looks like Apple is setting up Apple Music Classical in the backend now https://t.co/LoWW6mHQLT
Wed Sep 28 00:23:02 +0000 2022
4. Google клоуд видео тоглоомын платформ Stadia-ийн хөгжүүлэлтийг зогсоож байгаагаа мэдэгдлээ. "Видео тоглоомын нетфликс" болох амбицтай эхлүүлсэн уг төсөл 2019 онд анх зарлагдаж, улмаар нэрийн контроллеороо худалдаанд гаргасан ч төсөөлсөн шиг амжилт олоогүй юм. Энэ хүрээнд Google хэрэглэгчдэд төлбөрөө буцаах хөтөлбөр хэрэгжүүлэх ажээ.
Google Stadia is shutting down https://t.co/DBr1Se7ob9 https://t.co/p4uyPqfCzE
Thu Sep 29 16:20:28 +0000 2022
5. Instagram хэрэглэгчид статус бичиж хуваалцах үйлдлийг туршиж байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хэрэглэгчид 60 үсгэнд багтаан статусаа бичих боломжтой байх бөгөөд 24 цагийн дараа автоматаар устах тохиргоотой байх гэнэ. Мөн бусад дагагчид нь түүнд хариу бичих боломжтой байх бололтой.

10 унших мэдээ
Ойлгох: Nordstream-ийн гамшгийн талаар бид юу мэдэх вэ? /NYTimes/
Унших: Twitter v Маск: Бүх текстүүд /DocuCloud/
Анхаарах: Иан хар салхи аюул дагуулж байна /CNN/
Хүлээх: Figma-ийн ирээдүй юу байх бол? /The Verge/
Унах: Нью Йорк 2035 оноос зөвхөн цахилгаан машин зөвшөөрнө /The Hill/
Дурсах: Дэлхийг аварсан өдрийн мэнд /Vox/
Сонсох: Genesis-ийн каталог 300 сая доллар хүрчээ /WSJ/
Сонирхох: Porsche-ийн IPO амжилттай боллоо /CNBC/

Сэтгэгдэл бичих

