Улс орон, нас хүйс зэргээс үл хамааран дэлхий хэмээх гараг дээр амьдардаг хүн бүрийн санааг зовоох цор ганц асуудал бол дэлхийн сүйрэл гэлтэй. Уран зөгнөлт кино бүтээгчид ч энэ айдас дээр тулгуурлан зомби, тахал, робот бослого, харийнхны дайралт, мөстлөг, цунами зэргээс үүдэлтэй дэлхийн сүйрлийг харуулсан олон бүтээл туурвисан байдаг.

АНУ-ын Сансар судлалын алба болох NASA хүн төрөлхтөн ирээдүйд учирч болзошгүй солирын аюулаас бэлдэх ёстой гэж үзэн 2021 онд 320 сая ам.долларын үнэтэй DART-ийг эхлүүлсэн юм. Энэ хүрээнд өнөөдөр хүн төрөлхтөн түүхэндээ анх удаа сансрын биетэд нөлөөлсөн явдал болсныг онцлон сонирхуулъя. 

тулгарч болох аюул

Оксфордын их сургуулиас 2015 онд дэлхийг сүйрүүлж болох 12 үйл явдал болон тэдгээрийн тохиох магадлалыг дараах байдлаар тодорхойлсон байдаг.

Одоогоор үл мэдэх аюул: 0.1%
Солирын мөргөлт: 0.00013%
Хиймэл оюун ухаан: 0-10%
Галт уулын дэлбэрэлт: 0.00003%
Экологийн сүйрэл: тодорхойлох боломжгүй
Муу засаглал: тодорхойлох боломжгүй
Нийгмийн задрал: тодорхойлох боломжгүй
Уур амьсгалын өөрчлөлт: 0.01%
Цөмийн дайн: 0.005%
Цар тахал: 0.0001%
Синтетик биологи: 0.01%
Нанотехнологи: 0.01%


Эх суралж: Lucas Varela

СОЛИРЫН АЮУЛ

Эдгээрээс урьд өмнө нь тохиосон байх хамгийн өндөр магадлалтай нь солир буюу сансраар аялах чулуулаг биет дэлхийг мөргөж, бидний мэдэх амьдралыг тэр чигт нь сүйрүүлэх аюул юм.

Үлэг гүрвэлүүдийн мөхлийн хамгийн том шалтгаан нь солир гэх таамаглалыг 1980 онд аав, хүү эрдэмтэд болох Луис Альварес, Уолтер Альварес нар дэвшүүлж байжээ. Түүнээс хойш олон ч нээлтүүд уг таамгийг баталсаар байгаа билээ.

Тэдний үзсэнээр 65 сая жилийн тэртээ өнөөгийн Мексикийн булангийн Юкатан хойгт 10-15 км диаметртэй солир унаж, Хирошима болон Нагасакид унасан цөмийн бөмбөгөөс нэг тэрбум дахин илүү нөлөөг бий болгож байжээ. Үүний улмаас 25 кг болон түүнээс дээш жинтэй бүх газрын амьтад буюу үлэг гүрвэлүүд бүгд сөнөсөн гэж үздэг.


Эх сурвалж: Detlev van Ravenswaay

дэлхийг аврах төлөвлөгөө

АНУ-ын Сансар судлалын алба болох NASA хүн төрөлхтөн ирээдүйд учирч болзошгүй солирын аюулаас бэлдэх ёстой гэж үзэн 2021 онд 320 сая ам.долларын үнэтэй DART-ийг эхлүүлсэн юм. Уг туршилтын гол зорилго нь хүн төрөлхтөн солирын чиглэлийг өөрчилж чадах эсэхээ мэдэхэд оршино. Хэрэв амжилттай болбол ирээдүйд дэлхийг чиглэн ирэх солирын урдаас хөлөг илгээн мөргөж чиглэлийг нь өөрчилснөөр дэлхийг аврах боломж бүрдэх юм.


Эх сурвалж: NASA

Тус хөлгийн байгаар удаан судалсны эцэст Диморфос астероид тодорсон билээ. Дэлхийгээс 11 сая км-ийн зайд орших Диморфос нь Дидимос нэртэй өөр нэгэн том астероидыг тойрон эргэдэг. Хэдийгээр уг астероид Дэлхийг мөргөх аюулгүй буюу “мөрөөрөө” байсан ч, NASA зориудаар мөргөж, тойрог замыг нь өөрчилж чадахаа туршихаар болсон юм.

Ийнхүү Монголын цагаар өнөөдөр буюу 9-р сарын 27-ны өглөөний 7 цагт 14 минутад DART хөлөг 23,000 км/цаг хурдтайгаар Диморфос астероидыг мөргөжээ. Уг үйл явдал нь хүн төрөлхтөн түүхэндээ анх удаа сансрын биетэд нөлөөлсөн явдал болсон юм.

Дээрх бичлэгт 570 кг жинтэй DART хөлөг 5 тэрбум кг жинтэй Диморфосыг мөргөж буйг харуулжээ. Бичлэгийн төгсгөлд мөргөлт амжилттай болсноор DART хөлгийн камерын дүрс тасалдаж байгааг харж болно.

ЦААШИД ЮУ БОЛОХ ВЭ?

Мөргөлтийн нөлөөг дэлхийгээс 40 орчим телескоп хэмжих бөгөөд сансрын уудмаас алдарт Hubble, James Webb телескопууд ч мөн ажиглана. Гэхдээ хэр зэрэг нөлөө үзүүлж, чиглэлийг нь өөрчилж чадсаныг мэдэхийн тулд хэдэн сарын хугацаа хэрэгтэй аж. Мөн Европын Сансарын холбооноос ажиглах зорилгоор тусгайлан хөгжүүлсэн HERA нэртэй хөлгийг 2024 онд хөөргөх юм.


Эх сурвалж: NASA

Сонирхуулахад, хэрвээ та Google-ээс "DART NASA" гэж хайвал дараах тусгай хөдөлгөөнийг харах боломжтой.

Дэлхийг сүйрүүлж болох солирын аюулаас мултрах ийм нэгэн туршилт амжилттай хэрэгжиж одон орон судлалд шинэ хуудас нээгдэж байна. Хүн төрөлхтөн яс үндэс, арьс өнгө, улс орноороо талцан хуваагддаг ч бүгдэд маань нөлөөлөх одон орны сэдвүүд бид бүгдийг нэгтгэдэг гэлтэй.

Иймд нийтлэлийн төгсгөлд одон орныг илүү сонирхон судалцгаая хэмээн уриалж, энэ хүртэл уншсан уншигч таны сонорыг АНУ-ын Сансрын хүчний шинэхэн дуугаар мялаая. Хүн төрөлхтөн сансрын үндэстэн болох цаг ойртсоор л байна даа.