1 гол сэдэв
Юу болов?
Twitter-ийн драма үргэлжилсээр. Гэхдээ энэ долоо хоногт оргилдоо хүрэв. Илон Маск өөрийгөө CEO-оор ажиллуулахыг хүсэж байгаа эсэх талаар санал асуулга явуулсан нь эхлэл. Гэсэн ч асуулгад оролцсон 18 сая жиргээчийн 58% нь "Үгүй" хэмээх хариулсан нь анхаарал татав. Энэ явдлын дараа тэрээр CEO хайх ажлыг эхлүүлснээ мэдэгдсэн ч инженерчлэл, серверын асуудалд оролцсон хэвээр байна гэдгээ зарласан юм. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрээр үүнээс өмнө гүйцэтгэх захирал хайх ажлыг эхлүүлээд байсан гэнэ. Уг мэдээний дараа Twitter-ийн хувьцааны үнэлгээ 5 орчим хувиар нэмэгджээ.
Дараа нь...
Үүнтэй зэрэгцээд Twitter бусад өрсөлдөгчдийнхөө линкийг хуваалцахыг хориглож эхлэв. И.Маск удирдлагыг гартаа авснаас хойш 2 сая шинэ хэрэглэгчтэй болоод буй Mastodon үүний гол хохирогч болсон хэрэг. Мөн технологийн салбарын зарим сэтгүүлчид, шүүмжлэгчдийн аккоунтыг блоклосон ч бөөн хэл ам дагууллаа. Twitter-ийн зүгээс зарим асуудал дээр шийдвэрээ буцааж байгаа ч энэ мэт үйлдлүүд нь PR-ийн хувьд сөрөг нөлөөтэй байгааг шинжээчид онцолсоор байна.
Тэгээд...
Энэ долоо хоногт Twitter хоёр ч онцлох шинэчлэл хийв. Эхнийх нь албан ёсны брэнд аккоунтын гол зургийг дөрвөлжин хүрээтэй болгосон нь байв. Тэд төлбөр төлж, баталгаажуулах тэмдэг авч байгаа хэрэглэгчид болон албан ёсны брэндийн таних тэмдгийг өнгөөр ялгаж эхлээд удаагүй байгаа билээ. Үүнээс гадна хэрэглэгчдийн жиргээний нийт уншилтын тоо ил харагддаг болсон нь зөвхөн дизайны хувьд төдийгүй бодлогын хувьд томоохон өөрчлөлт байлаа. Instagram зэрэг зарим платформууд бүр лайк, шэйрийн тоог нууж эхэлж байхад тэд эсрэгээрээ ийн бүгдийг ил болгохоор шийдсэн нь энэ байв. И.Маск нийт хэрэглэгчдийн 90% нь жиргэдэггүй хэрнээ уншдаг учир түүнийг ил болгохыг зорьсон хэмээн шийдвэрээ тайлбарлажээ.
Should I step down as head of Twitter? I will abide by the results of this poll.
Sun Dec 18 23:20:33 +0000 2022
2 чухал тоо
1 - Украины ерөнхийлөгч В.Зеленски дайн эхэлснээс хойшхи анхны гадаад айлчлалаа АНУ-д хийлээ. Тэрээр ерөнхийлөгч Ж.Байдентай уулзаж, төлөөлөгчдийн танхимд үг хэлжээ. Энэ үеэр талууд энх тайвны төлөө хамтран ажиллана гэдгээ мэдэгдэж, АНУ эцсийн мөч хүртэл бүх талаар дэмжихээ илэрхийлэв.
73.188.623 - Дэлхийн аваргад гялалзаж, эх орондоо алтан цомыг авчирсан Лионель Месси дахин нэг рекорд эвдлээ. Түүний цомоо өргөж буй зураг 73 сая лайктай болж, Instagram-ийн хамгийн их лайк цуглуулсан зураг болжээ. Өмнөх рекордыг 2019 онд анх нийтлэгдсэн энгийн өндөгний зураг 54 сая лайктайгаар эзэмшиж байсан билээ.
3 онцлох өгүүлбэр
I. Facebook 725 сая долларын торгууль төлнө
- Facebook-ийн толгой компани Meta хэрэглэгчийн хувийн мэдээллийг задруулсныхаа төлөө түүхэн дэх хамгийн том торгуулийг төлөх болж байна. Нийт 87 сая хэрэглэгч энэ хэрэгт өртсөн юм.
- 2018 оноос эхлэлтэй энэхүү скандал "Cambridge Analytica-ийн хэрэг" нэрээрээ олонд түгсэн. Тухайн үед уг судалгааны фирм улс төрийн зорилгоор жижиг хэмжээний асуулгаар дамжуулан хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулж ашиглаж байсан нь ил болсон юм.
- Уг хэрэг нь зөвхөн Facebook-ийн төдийгүй сошиал медиа орчныг тэр чигт нь өөрчилсөн гэж хэлж болно. Энэ хэргээс хойш Facebook гуравдагч этгээдэд хувь хэрэглэгчийн мэдээллийг олгохыг хорьж эхэлсэн. Зар сурталчилгааны зорилгоор хэрэглэгчийг онилох аргачлал үүнтэй зэрэгцэн тэр чигтээ өөрчлөгдсөн юм. Мөн Европын холбоо бүх хэрэглэгчдээс зөвшөөрөл авсан тохиолдолд л мэдээлэл ашиглах хуулийг баталсан билээ.
II. Bloomberg өрсөлдөгчдөө худалдаж авахыг хүсэж байна
- Өдгөө 80 настай тэрбумтан Майкл Блүүмберг санхүү, бизнесийн медиа эзэнт гүрнээ улам тэлэхийг хүсэж байна. Энэ хүрээнд тэрээр Dow Jones эсвэл Washington Post-ийг худалдаж авах төлөвлөгөөтэй байгааг эх сурвалжууд мэдээллээ.
- Dow Jones-ийн хувьд Bloomberg-ийн шууд өрсөлдөгчид болох Wall Street Journal, Barron's, MarketWatch-ийг эрхлэн гаргадаг. Гэхдээ энэ хэлцэл медиа могул Р.Мюрдокийг News Corp-ийг Fox-тэй эргүүлэн нэгтгэж чадах эсэхээс шууд хамаарна.
- Нөгөө талд Washington Post-ийн санхүүгийн нөхцөл байдал М.Блүүмбергийн анхаарлыг татаж байгаа бололтой. Amazon-ийг үүсгэн байгуулагч Ж.Бэйзосын эзэмшдэг уг медиа саяхан цомхотгол хийж, технологийн хөгжүүлэлт хийж байсан 2 ч нэгжээ татан буулгасан юм.
III. 190 орон эх дэлхийгээ хамгаалахад хүчээ нэгтгэнэ
- Энэ бол Канадын Монреал хотноо хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн биологийн олон янз байдлын тухай талуудын бага хурлын эцсийн үр дүн. COP15-ийн үеэр нийт 20 зорилтод хүрэх амлалтад улс орнууд нэгджээ.
- Эдгээрээс хамгийн онцлох нь 2030 он гэхэд дэлхийн эх газар, ус, эргийн 30%-ийг хамгаалалтад авах тухай нэгдэл юм. '30x30" хэмээх тодотголтой уг амлалт нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүн төрөлхтний тэмцэлд онцгой нөлөө үзүүлэх учиртай.
- Уг зорилтод хүрч чадвал 2050 он гэхэд мөхөж устаж буй амьтан, ургамлын төрөл зүйлийн тоо 10 дахин буурах боломжтой. Гэхдээ "хамгаалах" гэдэгт ямар төрлийн үйл ажиллагаа, хязгаарлалт багтаж байгааг дахин нарийвчлан тодорхойлох шаардлага байсаар байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
The Plenary: Adoption of Decisions has officially started! ???? Watch live in order to learn what is happening at… https://t.co/jC2AxgvVIw
Mon Dec 19 07:57:25 +0000 2022
4 мэдүүштэй зүйл
Крипто нэгдэл: Binance саяхан дампуурлаа зарласан крипто бирж Voyager-ийг 1 тэрбум доллараар үнэлэн эгнээндээ нэгтгэлээ. Энэ хүрээнд тэд өнгөрсөн долдугаар сараас хойш дансаа ашиглаж чадахгүй байгаа хэрэглэгчдийг хөрөнгийг чөлөөлөх ажлыг эхлүүлэх боломжтой болох гэнэ.
Шинэ эрдэс: Канадын эрдэмтэд 2020 онд Сомалигийн нутаг дэвсгэрээс олдсон солирын хэлтэрхийнээс үл мэдэгдэх хоёр төрлийн эрдэс бодисыг илрүүлснээ зарлалаа. Эрдэмтэд одоо эдгээр бодисын бүтэц, найрлага болон хэрэглээг дэлгэрүүлэн судалж байгаа аж.
Батлан даалт: Крипто ертөнцийг доргиож буй FTX-ийн үүсгэн байгуулагч С.Банкман-Фрайд АНУ-д шүүгдэх боллоо. Багамын арлаас баривчлагдсан түүнийг эцэг эх нь 250 сая долларын өртгөөр батлан дааж гаргасан байна. "Түүхэн дэх хамгийн том луйвар" тодотголтой уг хэргийн шүүх хурал хэдийнээ эхэлжээ.
Сүүлчийн жиргээ: NASA-ийн Ангараг гараг дээр ажиллаж буй Insight хөлөг ажиллагаагүй болж байгаагаа зарлалаа. Одон орончдод сүүлийн 4 жилийн турш орчны зураг, дуу чимээ зэрэг судалгааны үнэлж баршгүй материалыг илгээсэн уг хөлгийн эрчим хүчний эх үүсвэр элс, шороонд дарагдсан учир цаашид ажиллах боломжгүй болсон нь энэ юм.
My power’s really low, so this may be the last image I can send. Don’t worry about me though: my time here has been… https://t.co/VetcaH2mua
Mon Dec 19 21:43:22 +0000 2022
5 сонин хачин
1. "Avatar 2"-ийн орлого 10 өдрийн дотор дэлхий даяар 855 сая долларт хүрлээ. Энэ нь 2022 оны хувьд 5-д бичигдэх үзүүлэлт. Харин бокс оффисын 2-р байрт "Puss in Boots"-ийн шинэ анги бичигджээ.
2. Netflix Nike-тай хамтран фитнесийн хичээлийг платформдоо нэвтрүүлж байгаагаа зарлалаа. Дэлхий даяар 2 сая гаруй хэрэглэгчтэй Nike Training Club-ийн нийт 46 хичээлийн бичлэг эхний ээлжинд тавигдана. Энэ төслийн хүрээнд нийт 30 цагийн хичээлийг Netflix-ийн хэрэглэгчид хүлээн авах боломжтой болж байна.

3. Youtube контент бүтээгчдэд боловсролын болон сургалтын агуулга бүхий видео оруулах боломжийг нээсэн "Courses" цэсээ танилцууллаа. Энэ хүрээнд тэд хэрэглэгчдэд видеоны агуулгыг илүү хялбараар гүйлгэх, үсрэх функцийг нэмсэн байна.
Do you struggle with skipping to the good part of the video? ???? ▶ ──????── 19:19 We're piloting the ability to search w… https://t.co/SiywLZONqq
Mon Dec 19 07:26:22 +0000 2022
4. Youtube Хойд Америкийн хамгийн их үзэгчтэй мэргэжлийн спортын лиг NFL-ийн ням гарагийн тоглолтуудыг шууд дамжуулах эрхийг худалдаж авлаа. Тэд энэ эрхийн төлөө 7 жилийн хугацаанд жилд 2 тэрбум долларыг төлнө. Эдгээр тоглолтуудыг DirecTV 1994 оноос хойш дамжуулж байсан билээ.
NFL ???? Sunday ???? Ticket ???? is coming to YouTube Primetime Channels and @YouTubeTV in *2023*. https://t.co/c8sbA25IXw
Thu Dec 22 14:32:29 +0000 2022
5. Tesla өөрийн брэндийн утасгүй цэнэглэгчийг танилцууллаа. Нийт 3 төхөөрөмжийг нэгэн зэрэг түргэн цэнэглэх чадалтай уг төхөөрөмжийн загварыг тэд Cybertruck-аас сэдэвлэжээ. 2023 оны хоёрдугаар сараас худалдаанд гарах уг цэнэглэгчийн үнэ 300 доллар байх гэнэ.

10 уншууртай мэдээ
Үзэх: 2023 оны хамгийн их хүлээлттэй кинонууд /CNBC/
Амтлах: Улс орнууд шинэ жилээрээ юу иддэг вэ? /Chef's Pencil/
Тоглох: Хамгийн зугаатай онлайн тоглоомын эрэлд /Vice/
Аялах: Шинэ жилийн хамгийн шилдэг зогсоолууд /CNN/
Хүлээх: Google Pixel-ийн төлөвлөгөө /Android Authority/
Мэдэх: Финиксийн шинэ эзэн хэн бэ? /NYTimes/
Сонсох: Зул сарын шилдэг 40 дуу /Variety/
Сонирхох: 2022 оныг гэрэл зургаар /The Verge/
Оролцох: МХБ-ын IPO эхэллээ /Montsame/


